Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 000079

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай  

Улсын яллагч Т.Ганзориг  

Хохирогч Б.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1725004780048 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Я овогт Б-ын Б  Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт оршин суух урьд ял шийтгэлгүй,

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6-18-69 тоотод иргэн Б.Э-ийн биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Э-ийн ...“Би 2017 оны 12 сарын 08-ны орой 21 цаг 30 минутын орчим манай төрсөн дүүгийн хүүхэд Б-гийн 6-18-69 тоотод гэрт нь охин Шүрэнцэцэг рүү утсаар ярих гэж орсон. Тэгээд ороод Б-д утсаар чинь яриадахъя гэсэн чинь уурлаж байгаад нэг удаа залгаж өгсөн. Тэгсэн манай охин утсаа авахгүй байсан. Тэгээд жаахан байж байгаад дахиад залгаад өгөөч гэж Бгаас гуйсан. Тэгсэн Б та хүүхдийнхээ хүүхдийг харахгүй яадгийн гээд загнасан. Тэгэхээр нь би хүүхдийнхээ 2 хүүхдийг өсгөсөн. Танай ээж чамайг өсгөж чадсан юм уу, танай ээж чинь шоронгоор яваад өсгөөгүй гэж хэлсэн. Тэгсэн Б “чамайг чирээд гаргачихана шүү” гэж хэлсэн. Тэгснээ намайг буйдан дээр сууж байсан чинь мөрнөөс татаад унагаад газраар чирээд үүдэндээ аваачин миний хөлөн дээр гишгээд байсан. Миний гарнаас базаж хөхөрсөн. Миний гар хөл цээж хэсгээр хөхөрсөн. Нүд хөхөрсөн. Миний толгой бас өвдөж байна. Хөл өвдөөд таяггүй явж чадахгүй болсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/ Миний хөл гарнаас базаж байсан. Миний хөлөн дээр дэвссэнийг би өөрөө мэдэж байгаа. Мөн хаалгаар гаргаад үүдний коридорт миний хөлөн дээр дэвссэн гэсэн. Ингэж дэвсэхэд нь миний зээ Анхбаатар харсан байна лээ. Миний хөлөнд цус хурсан гар бугалганд чирж гаргасны улмаас цус хуралт үүссэн. Мөн ингэж гэрээс чирэгдэж гарах үед миний самсунг Эс-2 маркийн гар утас дэлгэц нь хагарч одоо асахгүй цэнхэр туяа сууж гэмтсэн. Миний ойрын харааны шил гадаа шатан дээр унаж нэг талынх нь шил хагарч нөгөө талынх нь цайж юм харахгүй болсон байна лээ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 46 дугаартай дүгнэлтийн “Б.Э-ийн биед хоёр гарын бугалга, зүүн хөх, баруун гуяны урд, ард хэсэгт цус хуралт үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байна. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 14-р хуудас/

 

3. Гэрч Р.Сэлэнгийн “Э гэх эмэгтэй Б-д би танай ээжийг бодвол үр хүүхдээ өсгөсөн хүн гэж хэлээд хэрэлдээд байсан. Тэгсэн Б та гарч гэртээ ор гэсэн чинь Э гарахгүй байсан. Тэгэхээр нь Б Эийг буйдан дээр сууж байхад нь татаад газраар чирээд хаалгаар гаргасан. Тэгсэн чинь гадаа гарчихаад хаалга руу өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/

 

4. Гэрч П.Ш-ийн “Маргааш нь ээжээс өөрөөс нь сонсоход ээж намайг гар утсаа авахад яадаг юм бэ, чамайг дуудуулах гэж Б-гийн гэрт ороход түүнтэй маргалдаж зодуулсан гэж байсан. Б түүнийг гэрээсээ чирч гаргаад хөлөн дээр нь гишгэж дэвссэн гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-р хуудас/

 

5. Насанд хүрээгүй гэрч Г.А-ийн “Ямар ч байсан намайг хаалгаа онгойлгоод харахад эмээ Бгийн хаалганы үүдэнд хэвтэж байсан. Б эгч эмээгийн зүүн хөлнийх нь ар хэсэгт дэвсэж байсан. Тэгээд би очоод хаалгыг нь хүчтэй татаад хаасан. Би хаалгыг нь хэдэн удаа хүчтэй цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-р хуудас/

 

6. Насанд хүрээгүй гэрч Б.М-ийн “эмээг Б эгч яв гээд буйдан дээр сууж байхад нь цамцных нь мөрнөөс татаж шалан дээр унагаасан юм. Үүднийхээ тэнд аваачин биеийнх нь хөлний хавьцаа 2-3 удаа дэвсээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нараас шинэ нотлох баримт гаргаагүй байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Би Э эгчийг өшиглөж зодсон зүйл байхгүй. Намайг доромжлоод байхаар нь гэрээсээ түлхэж гаргасан. Гар утсыг нь эвдсэн гэж бодохгүй байна. Манайд орж ирэхдээ утасгүй орж ирсэн” гэв.

 

Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би их гомдолтой байна. Б намайг унагаад хөл дээр дэвссэн. Хөл маань өвдөөд явж чадахгүй байсан. Эмчилгээний зардал 165 000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Э-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөөлөгч З.Баттулга дүгнэлтдээ “Б.Бгийн үйлдэл нь гэмт хэргийн шинийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Эийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт, гэрч Р.Сэлэнгэ, П.Шүрэнцэцэг, Г.Анхтуяа, Б.Мандухай нарын мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6-18-69 тоот гэртээ нагац эгч Б.Этэй маргалдаж, гэрээсээ хүч хэрэглэн гаргах үедээ хохирогчийн хоёр гарын бугалга, зүүн хөх, баруун гуяны урд, ард хэсэгт цус хуралт үүсгэсэн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Э-т учирсан гэмлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Э нь гэм хорын хохирол 165 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт эмчилгээний зардал, нүдний шил, гар утасны засварын үнэ 88 000 төгрөгийн нэхэмжлэлийн баримт ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч хохирлыг сайн дураар нэн даруй төлөх үүрэгтэй. Сайн дураар төлөөгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсгийг үндэслэн мөн хуулийн 2 дугаар хэсэгт заасан журмын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хохирлыг албадан төлүүлэх ажиллагааг явуулна.

 

            Шүүгдэгч нарын цалин орлого, хувьд оногдох эд хөрөнгө, хохирол төлөх боломжийг нотлох ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүх тогтоох боломжгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Я овгийн Б-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гаас 88000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Э-т олгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС