Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 000107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Т.Ганзориг

           Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1825000000087 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, М овгийн Б-ын Б, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын зургийн инженер мэргэжилтэй, Миний дэлгүүрт худалдагч ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

 Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 сарын 31-нээс 2 сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт Д.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.А-ны... “Цагаанчулуут багийн 46-02 тоот орно гэхэд 2500 гэж хэлсэн. Ингээд явж байхад FM-р гадаад дуу явж байсан бөгөөд манай дүү Д дагаж дуулаад явж байсан. Тэгсэн жолоочийн хажууд сууж байсан залуу дооглосон маягтай инээсэн. Тэгсэн Д та нар энэ ямар нэртэй дуу гэдгийг мэдэхгүй гэхэд нэг нэр хэлээд хариулаад байсан. Тэгсэн Д та нар утгыг нь мэдэх үү энэ чинь ийм учиртай дуу гээд орчуулаад та нар шиг мальчик үе мултарсан эгчийгээ гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд манай гудамж руу эргэх гээд явж байсан чинь Д орос хэлээр нэг хараалын утга бүхий үг хэлсэн. Тэгсэн жолоочийн хажууд сууж явж байсан залуу дуугай байгаарай муу балай авгай минь гэж хэлсэн. Тэгсэн Д чамайг бодвол боловсролтой муу бацаан минь гэсэн. Тэгсэн яг энэ үед манай гэрийн гадаа ирж зогссон. Ингээд эхлээд Д машинаас буусан бөгөөд араас нь манай эхнэр Пүрэвдулам буусан. Тэгсэн Д машины жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгосон чинь жолоочийн эсрэг талд сууж явж байсан залуу суудал дээрээсээ Д-ын гэдэс рүү хоёр хөлөөрөө жийгээд унагаасан. Тэгэхээр нь би очоод чи яаж байгаа юм бэ энэ хүн жирэмсэн байсан бол яах юм бэ хүн амины хэрэгт орох нь байна ш дээ гэсэн. Энэ үед би машин түшээд зогсож байсан бөгөөд нөгөө жолоочийн хажууд сууж явж байсан залуу ахаа та наашаа хүрээд ир гээд машинаас жаахан холдуулаад шууд миний хамар руу цохисон. Тэгээд би газар унасан. Тэгсэн найзыгаа машинаа асаа гээд машинаа асаагаад яваад өгсөн. Тэгсэн миний хамраас цус гараад нүүр хавдаад ирсэн. Тэгсэн өөрсдөө цагдаа дуудсан байсан бөгөөд манай гудамжинд цагдаа ирээд юу болсон талаар асуусан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18-р хуудас/

 

2.Гэрч Л.Дын ... “Тэгээд машинаас буугаад жолоочийн эсрэг талын хаалгыг очоод татсан чинь шууд суудал дээрээсээ тийрээд унагаасан. Би хойшоо газар савж унаад босоод ирсэн чинь жолооч бууж ирсэн бөгөөд Пүрэвдулам эгч та хоёр ингээд явчих гэж хэлсэн. Тэгсэн жолоочийн хажуу талын сандал дээр сууж явсан залуу А ахыг дагуулаад явж байсан бөгөөд жолооч нь эгч бид хоёрын хажууд байсан. Тэгсэн хэсэгхэн хугацааны дараа нөгөө банди жолоочийг машинаа асаагаад хурдан хүрээд ир гэж дуудаад байсан. Тэгсэн А ахын хамарнаас цус гараад доошоо тонгойгоод өвдгөөрөө газар суучихсан байсан бөгөөд намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь машины араас явсан чинь зам нь хаалттай, нөгөө 2 машинаа эргүүлж байхад урд нь очоод зогссон. А араас ирсэн бөгөөд би та нар хүнийг зодож хаячихаад зугтаж болохгүй гэсэн чинь 2 банди урд өмнө нь ийм байсан юм бил үү яаж мэддэг юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

 

3.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаартай дүгнэлтийн “Д.А-ны биед хамрын ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хамрын хуруунд зөөлөн эдэд цус хуралт, хамрын хуруунд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Н.Б нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эмчилгээний төлбөр болон хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байна” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

 

   Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Д.А-ны мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт, гэрч Л.Д-ын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 сарын 31-нээс 2 сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 46 дугаар гудамжинд Д.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Д.А-д учирсан гэмлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М тайж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС