Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00989

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/00394 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ц-ын хариуцагч С.О-д холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөрт 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.О- нь бусдаас 50 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар тохирч үнийг төлсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүслээ гэж надаас хууль зүйн туслалцаа авсан. Талууд харилцан тохиролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж гэрээний нийт төлбөрийг 3 000 000 төгрөгөөр тохирсон. Өмгөөлөгчөөр оролцож эхэлснээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Чингэлтэй дүүргийн прокурорын газарт удаа дараа гомдол гаргасны үр дүнд эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээлгэж, цагдаагаас мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн этгээд олон давтан үйлдэлтэй оргон зугтаж, оршин байгаа газар нь тодорхойгүй байсан дахин хүсэлт, гомдол гаргасны дагуу олж тогтоон С.О-г 50 000 000 төгрөгөөр хохирсон хохирогчоор тогтоон мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж прокуророос гэмт этгээдийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 3 удаа болж миний бие хохирогч С.О-гийн хамт оролцож, шүүх хуралдаанууд шүүгдэгч нарын хүсэлтээр хойшилж байсан. Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр шүүгдэгчээс хохирол төлөх хүсэлтээ илэрхийлж С.О-тай харилцан тохиролцож дэлгүүрийг С.О- өөрийн эзэмшилд авч үлдэхээр болж талууд баримт үйлдэн нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү ажиллагаанд ч оролцож эрх зүйн талаас нь зөвлөж байсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Дээрх бүхий л ажиллагаанд өмгөөлөгчийн гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2 жил гаран хугацаанд оролцож тус эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлүүлсэн. С.О- нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр уулзахдаа өмгөөллийн хөлсийг мөн сарын 17-ны өдрөөс өмнө 2 хуваагаад шилжүүлнэ гэсэн боловч түүнээс хойш С.О- нь төлбөрийн үлдэгдлээ өгөхгүй, улмаар утсаа ч авахгүй болсон. Иймд С.О-гаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 1 500 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр н.Эрдэнэдалай, н.Оюунчимэг нарт 50 000 000 төгрөг залилуулсан эрүүгийн хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцохоор тохиролцож мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцож, гэрээний үнэ 3 000 000 төгрөгөөс 1 500 000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн. Үлдсэн 1 500 000 төгрөгийг ажил дууссаны дараа төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгч нь шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцоогүй, шүүх хуралдаанд ороогүй хохирол төлүүлэх ажиллагаа хийгээгүй, харин ч яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгчтэй миний зөвшөөрөлгүй хэлэлцэн тохирч надад ашиггүй санал тавьж байсан, өмгөөлөгч ёс зүй, мэргэжлийн дүрмээ зөрчсөн гэж үзэж арга буюу би өөрөө шүүгдэгчтэй уулзаж хохирол 50 000 000 төгрөгийнхөө оронд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж хохирол барагдуулах арга замыг шийдвэрлэсэн. Энэ ажиллагаанд өмгөөлөгч огт оролцоогүй. Иймд гэрээт ажлыг хуулийн дагуу биечлэн хийж гүйцэтгээгүй, хэрэг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр тогтоолыг надад өгөөгүй, хохирол төлж барагдуулах ямар ч ажиллагаа хийгээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.О-гаас 1 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ц-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-гаас 38 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ц-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 792 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Э -д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба уг тогтоолын 23 дугаар тапд хохирогч С.О-д 50 000 000 төгрөгийн хохирол төлбөр тус тус барагдуулсан, мөн хариуцагч С.О- нь Ц.О-тэй 2020 оны 9 сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөгийн хохирол төлбөрийг барагдуулахтай холбоотой түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээг байгуулахад өмгөөлөгч байлцсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнээд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцоогүй, шүүх хуралдаанд ороогүй болох нь 792 дугаартай тогтоолд тодорхой заасан байгаа, шийтгэх тогтоолд түүний нэр байхгүй, хохирол төлүүлэх ажиллагаа хийгээгүй, харин ч яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгчтэй миний зөвшөөрөлгүй хэлэлцэн тохирч надад ашиггүй санал тавьж байсан нь өмгөөлөгч ёс зүй, мэргэжлийн дүрмээ зөрчсөн гэж үзэж арга буюу биө өөрөө шүүгдэгчтэй уулзаж хохирол 50 000 000Т төгрөгийн оронд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж хохирол барагдуулах арга замыг шийдвэрлэсэн. Энэ ажиллагаанд өмгөөлөгч оролцсон болох нь баримтаар нотлогдоогүй байхад шүүх 792 дугаар шийтгэх тогтоол, түрээсийн гэрээгээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн, тогтоол хүчин төгөлдер болсон, гэрээт ажлаа хийж гүйцэтгэсэн байна гэж үзэж байгаад гомдолтой байна. Түүнчлэн нэхэмжлэгч гэрээт ажлаа хийж гүйцэтгэхэд биечлэн оролцоогүй, би мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгчгүйгээр оролцож байсан, бас ажлаа гүйцэд хийгээгүй байж надаас үлдэгдэл төлбөрөө шаардахдаа олон нийтийн сүлжээ фэйсбүүкэзр бичиж миний нэр төрд халдаж зохисгүй үйлдэл гаргаж байсан. Иймд гэрээт ажлыг хуулийн дагуу биечлэн хийж гүйцэтгээгүй, хэрэг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр тогтоолыг надад өгөөгүй, хохирол төлж барагдуулах ямар ч ажиллагаа хийгээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, давж заалдах гомдлыг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Ц- нь хариуцагч С.О-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөрт 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч С.О- нь бусдад 50 000 000 төгрөг залилуулсан хэрэгт эрх зүйн туслалцаа авч, үйлчилгээний хөлсийг 3 000 000 төгрөг байхаар тохиролцон гэрээ байгуулсан, миний бие эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд оролцож, буруутай этгээдээр хохирол төлүүлэх арга хэмжээг авсан боловч хариуцагч С.О- нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 1 500 000 төгрөгийг төлөөгүй гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч өмгөөлөгч Т.Ц- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцоогүй, хохирол төлүүлэх ажиллагаа хийгээгүй гэж тайлбарласан байна.

 

Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т.Ц- нь Ц.Э -, Ц.О- нарт 50 000 000 төгрөг залилуулсан гэх эрүүгийн хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэх, хариуцагч С.О- нь хууль зүйн туслалцаа авахад шаардлагатай баримт, мэдээлэл, өөрийн санаа бодлыг дэлгэрэнгүй гаргаж, үйлчилгээний хөлсөнд 3 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 4-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд тус гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Иймд хариуцагч С.О- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй юм.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч С.О- нь 2018 оны 3 сард Ц.Э -д 50 000 000 төгрөг өгч залилуулсан гэх гомдлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан боловч тус дүүргийн прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Т.Ц- нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч С.О-г залилсан гэх Ц.Э -, Ц.О- нарыг шалгуулах тухай хүсэлтүүдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон тус дүүргийн прокурорын газарт гаргасан байна. /хх-ийн 29-31-р тал/.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газар нь өмгөөлөгч буюу нэхэмжлэгч Т.Ц-ын хүсэлтийг хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр түүнд хариу мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх бөгөөд тус хариу мэдэгдэх хуудсанд Ц.Э -г яллагдагчаар татаж, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийлгэхээр прокурорын даалгавар бичиж хүргүүлсэн гэжээ. /хх-ийн 27-р тал/

 

Улмаар хариуцагч С.О- нь Ц.О-тэй 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, залилуулсан гэх 50 000 000 төгрөгтөө Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 30 гудамж, 488 тоот хаягт байршилтай, 526 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон байна. Уг ажиллагаанд нэхэмжлэгч Т.Ц- оролцсон болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 34, 41-р тал/.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/792 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Э - нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд шийтгэх тогтоолд хохирогч С.О-гийн 50 000 000 төгрөгийн хохирлыг барагдуулсан гэж дүгнэжээ. /хх-ийн 5-17-р тал/. Хариуцагч С.О- нь тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Ц-ыг оролцоогүй гэж тайлбарлаж байх боловч шүүх хуралдаанаас өмнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр талууд түрээсийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийн хохирлын асуудлыг шийдвэрлэсэн байх тул шүүх хуралдаанд оролцох шаардлага байгаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Т.Ц- нь хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хохирол төлүүлэх ажиллагаанд биечлэн оролцсон байх тул өмгөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх гэрээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч С.О-гаас 1 500 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Т.Ц-т олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/00394 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Г.ДАВААДОРЖ