Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00990

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00790 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ц-гийн хариуцагч А- ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 11 513 484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө, Элит хотхоны 14 дүгээр байрны 15 давхарт байрлах, 71 тоот 3 өрөө байрыг өмчилдөг. Өөрийн өмчлөлийн уг байраа гадаад болон дотоодын иргэдэд түрээслүүлдэг бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс бороо орж дээврээс ус нэвтэрч тааз болон хана усанд нэвчиж, тэр цагаас бусдад түрээслүүлэх боломжгүй болсон. Дээврээс ус нэвтэрч байгаа нь уг орон сууцны бүрэн бүтэн байдал хангалтгүй, мөн орон сууцны тохижилт үйлчилгээ, засвар арчилгааг хариуцсан СӨХ-ны хийх ажил тул тус орон сууцны СӨХ болох А- ХХК-д мэдэгдсэн. Гэсэн ч тус СӨХ орон сууцны дээврээс борооны ус нэвтэрч байгаа тухайд тодорхой арга хэмжээ авахгүй байсаар 2019 оны зуны улирал дууссан. Иймээс би байраа дахин түрээслүүлэхийн тулд өөрийн мөнгөөр ус нэвтэрсэн хана, таазандаа урсгал засвар үйлчилгээг хийлгэсэн. Түүнээс хэсэг хугацааны дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 23-наас бороо орж эхлэхэд мөн л өмнөх жилийнхтэй адил дээврээс ус нэвтэрч хана, таазаар зогсохгүй цахилгааны монтаж гэмтэж, паркетан шал хүртэл усанд нэвтэрсэн тул дахин СӨХ-доо буюу А- ХХК-д мэдэгдэн яаралтай засвар хийж борооны ус нэвтрэхийг зогсоож өгөхийг хүссэн боловч арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрлээ. Уг байрыг маань 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай түрээслэхээр гэрээ хийж түрээсэлж байсан иргэн Б.Ганбат нь бороо орж, дээврээс ус нэвтэрч амьдрахын аргагүй болсны улмаас 2020 оны 9 дүгээр сарын16-ны өдөр дуусгавар болох байсан гэрээгээ 2020 оны 7 дугаар сарын 11-ны өдөр цуцалж байрнаас гарсан. А- ХХК нь оршин суугчдаас СӨХ-ийн мөнгө авдаг хэрнээ оршин суугчдын тав тухтай байдал, орон сууцны бүрэн бүтэн байдлаа хариуцаж ажиллаагүйн улмаас иргэн Б.Ц- би өөрөөс шалтгаалахгүй асуудалд засварын зардал гаргаж, мөн банкнаас зээл авч авсан байраа түрээслүүлж зээлээ төлдөг байхад түрээснээс олох орлогоо хүртэл уг нөхцөл байдлаас үүдэн алдаж хохирч байна. Иймээс 2020 оны 6 сард бороо орж эхэлснээс үүдэн дээврээс ус нэвтэрч миний байранд учирсан хохирлын засварын үнэ болох 7 213 484 төгрөг, мөн иргэн Б.Ганбаттай 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай түрээслүүлэхээр байгуулсан гэрээг уг асуудлаас үүдэн хугацаанаасаа өмнө буюу гэрээ дуусах хугацаанаас 2 сарын өмнө цуцалсан тул 2 сарын түрээс болох 4 300 000 төгрөг, нийт 11 513 484 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Сүхбаатар дүүргийн 1 хороо, 5 хороолол, Чингисийн өргөн чөлөө, Элит хотхон нь Алтай констракшн ХХК-ийн захиалгаар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2012 онд ашиглалтад орсон 15 давхар орон сууцны барилга бөгөөд манай компани тус 72 хотхоны ашиглалт, менежмент аюулгүй байдлыг хариуцан үйл ажиллагаа явуулж байна. Бид оршин суугчдынхаа эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломж нөхцөлийг ханган олон арван ажлуудыг хийж гүйцэтгээд байгаагийн нэг нь тус барилгын Б блокийн дээврийн заслын ажил байсан. Тухайлбал 2019 оны зун дээврээс гэнэт ус гоожсон нь барилгын насжилттай холбоотой бөгөөд бидний буруугаас сантехниктэй холбоотой ч юмуу нийтийн эзэмшлийн босоо шугамнаас ус алдаагүй юм. Гэхдээ бид ашиглалт менежментийг хариуцаж ажиллаж байдгийн хувьд тэр даруй компаниудын сонгон шалгаруулалтыг хийж, Алтай констракшн ХХК-ийн харилцагч компани болох ЛСБО ХХК-тай ажил гүйцэтгэх 19/02 тоот гэрээг байгуулан 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн сарын 08-ны өдрийн хооронд дээвэр засварлуулсан, мөн дараа жил буюу 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хас Арслан ХХК-иар PVC мембрамаар дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч Б.Ц-гийн тухайд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ашиглалт үйлчилгээний төлбөрийг төлөөгүй буюу компанид 2 005 335 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй тул дээрх агуулга бүхий шаардлагыг гаргах эрхгүй учраас нэхэмжлэхийн шаардлагад дурдсан төлбөрийг төлөхгүй, төлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч А- ХХК-иас 11 513 484 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 166 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 199 166 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №182/ШШ2021/00790 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Ц- болон А- ХХК-ийн хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн талаар дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтад нийцэхгүй байна. А- ХХК нь иргэн Б.Ц-той байгуулсан ямар нэгэн гэрээгүй бөгөөд А- ХХК нь СӨХ-ийн гэрчилгээгүй бөгөөд СӨХ биш юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч талтай эрх зүйн ямар статустай, ямар харилцаанд байгааг дүгнэлгүйгээр СӨХ-ийн тухай холбогдох хууль тогтоомж болон Иргэний хуулийн СӨХ-д холбогдох заалтыг баримтлан А- ХХК-иас Б.Ц-д 11 513 484 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 сарын 07-ны өдрийн №182/ШШ2021/00790 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 11 513 484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч А- ХХК-иас 11 513 484 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгчээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд Б.Ц-гийн нэхэмжлэлтэй А- ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд 7 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч байна. Хариуцагч А- ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хаан банк-ны Б.Ц-гийн 5128002350 дансанд 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 3 000 000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 199 166 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.Ц-гийн дансанд шилжүүлэх, Б.Ц-гийн хуримтлагдсан СӨХ-ийн төлбөр 2 323 338.48 төгрөгийг тэглэж байгааг тооцоо нийлсэн актаар баталгаажуулав гэсэн байна.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Б.Ц-, хариуцагч А- ХХК-ийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт заасанд нийцсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00790 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.Ц-гийн нэхэмжлэлтэй А- ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд 7 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч А- ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хаан банк-ны Б.Ц-гийн 5128002350 дансанд 4 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 3 000 000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 199 166 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.Ц-гийн дансанд шилжүүлэх, Б.Ц-гийн хуримтлагдсан СӨХ-ийн төлбөр 2 323 338.48 төгрөгийг тэглэж байгааг тооцоо нийлсэн актаар баталгаажуулж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 165.74 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Г.ДАВААДОРЖ