Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 08

 

 

2024      01       16                                             2024/ДШМ/08

 

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг, Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2237000000013 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Буянт-Алтай ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* суух, РД: *******, Дажуугынхан овогт *******ын Баатархүү.

 

2. Шүүгдэгч *******ын Баатархүүг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* ******* ******* багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн жолоодож явсан 15-66 улсын дугаартай Бенз маркийн автомашинд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл буюу халив отвёртка/-аар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Ховд аймгийн Прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Дажуугынхан овогт *******ын Баатархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4- т зааснаар шүүгдэгч *******д 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4.4 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж,

4.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн халив /отвёртка/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж,

4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүгдэгч ******* болон өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо хохирогч *******ийн биед халив буюу отверкаар цохиж хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ маргадаггүй мөрдөн байцаалтын шатнаас өөрийн үйлдлээ үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлсэн зүйлчлэл дээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх халив буюу отверк нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл биш юм аа гэсэн үндэслэлээр маргасан.

Учир нь энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч *******гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн боловч хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулахдаа ашигласан эд зүйл болох халив буюу отверкийг урьдчилж тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй ба хохирогчтой маргалдаж муудалцах үедээ олж барьсан үйл баримт тоогддог ба хохирогч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Д.Баатархууг хэл амаар доромжилж, агсам тавьж улмаар хоолоо нь заамдаж /манздаж/ боосон. Энэ үед шүүгдэгч ******* нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автан сэтгэхүйн хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, өөрийгөө удирдан жолоодох, хяналт тавих чадваргүй болсны улмаас гэмт хэрэг үйлдэх сэдэлт гэнэт үүссэн нөхцөл байдал тогтоогдсон байдаг.

5.2 Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль бус үйлдэл буюу заамдаж хоолойг нь боосны улмаас гарт тааралдсан эхний зүйлээрээ довтолгоог няцаах зорилгоор цохисон гэж гэрчийн мэдүүлэг анх өгөхдөө хэлсэн байдаг. Мөн хохирогч ******* ч гэсэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийг хоолойг боож манзадсан /заамдсан/ нь үнэн мөрдөн байцаалтын шатанд энэ талаар надаас асуугаагүй, би эмчилгээнд явсан байсан гэж мэдүүлдэг. /Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ Гэтэл энэ нөхцөл байдлыг бодитойгоор тогтоох талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй тогтоогоогүй байж шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулан бусдын биед гэмтэл учруулах зорилгоор халив буюу отверкийг ашигласан гэж үзэх нь үндэслэлгүй юм.

Шүүгдэгч ******* нь энэ үедээ гартаа тааралдсан хамгийн эхний зүйлээрээ хохирогчийн довтолгоог няцаах зорилгоор цохисон, тухайн үедээ уг зүйлээ халив буюу отверка гэдгийг ч мэдээгүй, аль талаар нь цохисноо ч мэдээгүй гэдэг бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэрч Далайцэрэнгээс мэдсэн талаараа мэдүүлэг өгсөн байдаг.

Шүүгдэгч Д.Баатар нь өөрөө жолооч хүн бөгөөд тухайн халив буюу отверк нь түүний өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг машинаа засахад хэрэглэдэг ажлын багаж нь юм.

Үүнээс үзэхэд ямар зорилгоор тухайн эд зүйлийг авч явсан, засаж тохируулсан эсэхээс үл шалтгаалан хүний биед гэмтэл учруулж болохуйц эд зүйл бүхнийг зэвсгийн чанартай зүйлд тооцохоор хуучин хуулийн үзэл санаагаар тайлбарлан хууль хэрэглэх нь учир дутагдалтай юм.

5.3 2002 оны Эрүүгийн хуульд зэвсгийн чанартай зүйл гэдэг ойлголтод хүний биед гэмтэл учруулахуйц ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий л эд зүйлийг хамруулан ойлгодог байсан бөгөөд тухайн эд зүйлийг тусгайлан бэлтгэсэн буюу засаж тохируулсан эсэх нь хэргийн үйлчлэлд нөлөөлдөггүй өөрөөр хэлбэл гэмт этгээд бусдын биед гэмтэл учруулахуйц эд зүйлийг урьдчилан бэлтгэсэн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тухайн эд зүйлийг ашигласан бол хүндрүүлэн зүйлчилдэг байсан.

Гэтэл 2017 он 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэдэг ойлголтыг хуульчилсан бөгөөс хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар урьдчилан бэлтгэсэн, засаж тохируулсан байхыг шаардсан байдаг.

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан халив буюу отверка нь ямар нэгэн байдлаар засаж тохируулаагүй, үйлдвэрийн анхны хийц хэлбэрийг нь өөрчлөөгүй эд зүйл бөгөөд шүүгдэгч нь тухайн үед уг отверкийг бусдын биед гэмтэл учруулах зорилгоор авто машиндаа авч яваагүй болох нь тогтоогдсон. Хэрэв засаж  тохируулсан, урьдчилан бэлтгэсэн бол ямар байдлаар хэлбэр хийцийг нь өөрчилсөн, яаж урьдчилан бэлтгэсэн, гэмт үйлдлээ хэрэгжүүлэх зорилгоор зориуд машиндаа тавьсан байсан эсэх, санаа зорилго нь юу байсан бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Гадаад хэлбэрийн хувьд халив буюу отверк нь хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулахуйц эд зүйлийн шинжийг илэрхийлж байгаа боловч уг эд бусдын биед гэмтэл учруулах, бусад гэмт үйлдлээ хэрэгжүүлэхэд хүч нэмэгдүүлэх зорилгоор олж бэлтгэсэн, засаж тохируулсан, ашиглалтын тусгай шинж чанарыг нь өөрчилсөн, үзүүрлэсэн, ирлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

5.4 Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******г тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй хууль хэрэглээ онолын хувьд "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэдэг нэр томьёоллыг практикт хэрхэн ойлгох, нэг мөр хэрэглэх талаар албан ёсны тайлбар зөвлөмж бий болоогүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ" гэсэн заалтыг анхан шатны шүүхээс хэрэглэлгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй" буюу 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дээрхи нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх. тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1 Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Гэрч Т.Далайцэрэн, Б.Баярсайхан, хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмаар хохирогч *******ийн биед хүнд гэмтэл авсан нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ялын аль нэгийг оногдуулахаар заасан байна.

Гэтэл Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт ...шүүгдэгч Дажуугийхан овогтой *******ын Баатархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******д 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна.

6.2  Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Халив /Отвёртк/ нь зэвсгийн чанартай зүйлд орохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогч *******эд гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэсэн нь тогтоогдоогүй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.

6.3 Улсын Дээд Шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолд “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримт хангалттай тодорхой, бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугүйн зарчмуудад нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах, эсхүл хөнгөрүүлэн зүйлчлэх байдлаар ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж тайлбрлажээ.Шүүгдэгч *******гийн хувьд 1985 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Буянт-Алтай" ХХК-ийн жолоочоор ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* *******, ******* баг ******* суудаг.

6.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ, мөн хуулийн 1.2. гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан ажиллагаа тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын тайлбар хэсэгт Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж хуульчилсан байх ба халив/отвёртка/ нь өөрөө үзүүртэй аливаа биетийг устгах чадвартай эд зүйлд орно. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор халив/отвёртка/-ыг зэвсгийн чанартай бусад зүйл гэх ойлголтод хамруулан тайлбарласан байна. Иймээс *******гийн хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орох боломжгүй юм гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг, Ж.Энхжаргал нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.  

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

3.Ховд аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******г 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* ******* ******* багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн жолоодож явсан 15-66 улсын дугаартай маркийн автомашинд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл буюу халив /отвёртка/-аар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч *******г “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар түүнийг 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

5.Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2237000000013 дугаартай хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Энхжаргал, Л.Түвшинжаргал нарыг томилж, шүүх хуралдаан даргалагчаар ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэлийг томилсон байна.

Тус шүүх нь 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Л.Түвшинжаргал чөлөө авсан тул тус шүүхэд шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон байна.

            Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс адил шатны өөр шүүхээс шүүгч томилуулах тухай хүсэлт ирүүлсний   дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгсийг *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилжээ.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн, ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл, шүүгч Ц.Энхжаргал, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс нарыг оролцуулахаар шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилсон байна.

Энэ шийдвэрийн дараа уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилсон шийдвэр гаргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлд зааснаар “шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх бөгөөд хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ.” Гэж хуульчилжээ.

            Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүх 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ бүрэлдэхүүнд томилогдоогүй шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь шүүх    хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул хэргийн агуулгын талаар болон давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй болно.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР

 

                                                      ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА