Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 306/ШШ2025/00105

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 306/ШШ2025/00105

Говьсүмбэр аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2-р баг, Сангийн аж ахуйн 21-1 тоотод байрлах Өл ХХК /РД:4615271, УБД:3211003018, утас:95050622/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Баянхошууны  тоотод оршин суух, Д

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг,  тоотод оршин суух, Энхтусдэм ӨЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан ажилтай, Баяуд овогтой О

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эм, бараа дутаасан үнэ болох 13,557,381 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.       Нэхэмжлэгч ӨХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Манай компани нь Говьсүмбэр аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд тус эмийн сангийн эрхлэгчээр Б.Д-гийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилон ажиллуулсан.

Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 1.2.1, 5.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хариуцсан эд хөрөнгийг хувьдаа завшсан, үрэгдүүлсэн тохиолдолд 100 хувь нөхөн төлөх үүргийг Б.Дэ хүлээнэ. Ажил олгогч компанийн зүгээс дотоод хяналт шалгалтыг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр явуулахад эмийн сангийн эрхлэгч Б.Д г нь нийт 13,557,381 төгрөгийн эм барааг дутааж, үрэгдүүлсэн байх бөгөөд үүнийгээ зөвшөөрч, гарын үсгээ зурсан баримтыг үйлдсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 1.2.1, 5.1 дэх хэсэгт заасны дагуу Өлзийт ХХК-ийн эмийн сангийн эрхлэгч Б.Дэ-гээс эм бараа дутаасан үнэ болох 13,557,381 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2025.02.10-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

2.1. ... Үүнээс хойш мөн дахин хяналт шалгалт хийхэд тус эмийн сангийн жор баригч Д.О нь эмийн сангийн эрхлэгч Б.Дт холбогдох 13,557,381 төгрөгнөөс 5,223,824 төгрөгийн хохирол хариуцахаар тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүн дээрээ нэмж 2,269,376 төгрөгийн бараа, мөнгөний дутагдал гаргасан байгаагаа мөн адил хүлээн зөвшөөрч холбогдох баримтуудад гарын үсэг зурж баталгаажуулсан.

Иймд, Өлзийтсүмбэр фарм ХХК-ийн жор баригч Д.О-ыг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа нийт 7,493,200 төгрөг гаргуулахаар тодорхойлж байна.

Мөн хариуцагч Б.Д-гийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,557,381 төгрөгнөөс 5,223,824 төгрөг хасагдсан боловч дахин хяналт шалгалтаар 6,495,554 төгрөгийн бараа, мөнгөний дутагдал гарч өөрөө хүлээн зөвшөөрч, тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж, зөвшөөрсөн тул нийт 14,619,010 төгрөгийг гаргуулахаар нээхмжлэлийн шаарддлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь 2025.04.04-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, өөрчлөх тухай тайлбартаа:

3.1. Өл ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Дэгт холбогдох иргэний хэрэгт эмийн сангийн эрхлэгч Б.Дэ-т холбогдуулж гаргасан 14,619,010 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас санхүүгийн баримтын зөрүүгээс 1,293,524.47 төгрөгийг дутуу нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг 1,293,524.47 ихэсгэж, нийт 15,912,534.47 төгрөг болгож байна.

Үүнээс хариуцагч Б.Д нь өөрөө хүлээн зөшөөрсний дагуу цалингаас 3,673,874.1 төгрөгийг суутгуулан төлж, 12,238,660.4 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд дахин 2025 оны 03 сарын 28-ны өдрийн бараа, мөнгөний тооллогын шалгалтаар 1,097,673 төгрөгийн бараа, бүтээгдэхүүний төлбөрийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагын дүнг 12,238,660.20 болгон бууруулж, 1,097,673 төгрөгөөр ихэсгэж, нийт 13,336,333.42 төгрөг болгож гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

4.1. Өл ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Д, Д.От нарт холбогдох иргэний хэрэгт Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,223,824 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

5.1. Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Д-гт холбогдох иргэний хэрэгт зохигч талууд дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Үүнд:

Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн Өл фарм компанид хохирол учруулсанаас үүдэн хариуцагч Б.Дэ-с 13,336,333.42 төгрөгийг нэхэмжилж байна.

Б.Д нь шүүхэд нэхэмжлэх 13,336,333.42 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 306/ШЗ2025/00127 дугаартай захирамжаар битүүмжилсэн Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 28 тоот хаягт байрлах Y-1902001594 улсын бүртгэлийн дугаартай, 65 м.кв үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Б.Д худалдан борлуулж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч талд 13,336,333.42 төгрөгийг бүтнээр нь төлж барагдуулахаар харилцан тохиролцов.

Хариуцагч энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасан хуваарийн дагуу төлбөрийг Ө фарм ХХК-ийн ХААН банк ХХК-ийн 5990442172 тоот дансанд шилжүүлэхээр эвлэрэн хэлэлцэв гэжээ.

   

   ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Өл ХХК-ийн эмийн сангийн эрхлэгчээр Б.Дэ-ийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилон ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 1.2.1, 5.1-д заасны дагуу өөрийн хариуцсан эд хөрөнгийг хувьдаа завшсан, үрэгдүүлсэн тохиолдолд 100 хувь нөхөн төлөх үүргийг Б.Д хүлээнэ гэж заасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 1.2.1, 5.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Д-ээс эм, бараа дутаасан үнэ болох 13,336,333.42 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3.       Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, шүүхэд гаргаж өгсөн. 

3.1. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох эм, бараа дутаасан үнэ болох 13,336,333.42 төгрөгийг хариуцагч Б.Дэ төлөхийг хүлээн зөвшөөрч, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Говьсүмбэр аймаг дахь сум дундан анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 306/ШЗ2025/00127 дугаартай захирамжаар битүүмжилсэн Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 28 тоот хаягт байрлах Y-1902001594 улсын бүртгэлийн дугаартай, 65 м.кв үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх, төлбөрийг Өл ХХК-ийн ХААН банк ХХК-ийн 5990442172 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэснийг баримтлан эвлэрлийн гэрээг үндэслэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, зохигч сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.

 

5. Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох эм, бараа дутаасан үнэ 5,223,824 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,578 төгрөгийн тавин хувь болох 180,289 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 180,289 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 180,289 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Ө фарм ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох эм, бараа дутаасан үнэ болох 13,336,333.42 төгрөгийг хариуцагч Б.Д төлөхийг хүлээн зөвшөөрч, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Говьсүмбэр аймаг дахь сум дундан анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 306/ШЗ2025/00127 дугаартай захирамжаар битүүмжилсэн Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 28 тоот хаягт байрлах Y-1902001594 улсын бүртгэлийн дугаартай, 65 м.кв үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Б.Д худалдан борлуулж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх, төлбөрийг Ө ХХК-ийн ХААН банк ХХК-ийн 5990442172 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Өл фарм ХХК-ийн эм, бараа дутаасан үнэ 5,223,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.О биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.01.30-ны өдрийн 306/ШЗ2025/00127 дугаар захирамжаар хариуцагч Б.Дэ-гийн нэр дээрх өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 28 тоот хаягт байрлах Ү-1902001594 дугаартай, 65 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдад бэлэглэх, худалдах болон аливаа хэлбэрээр захиран зарцуулахыг хязгаарлан битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулан авсан арга хэмжээг хүчингүйд тооцсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,578 төгрөгийн тавин хувь болох 180,289 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 180,289 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 180,289 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ө ХХК-д олгосугай. 

 

5. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          П.ЦОГЗОЛМАА