Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ***************** оршин суух, Д овогт Д-н Б-н нэхэмжлэлтэй,

мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******* сумын ********** багт эцэг эхийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1975 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *********** сумд төрсөн. Би 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллах болсон. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1992-2000 оны малын А данс өрхийн тэргүүний буюу аав Д-н нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал Говь-Алтай аймгийн *********** сумын ************** багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Төрсний бүртгэлийн лавлагаа /Д.Б/

-Иргэний үнэмлэхийн хуулбар /Д.Б/

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /Д.Б/

-Говь-Алтай аймгийн ********** сумын *************** нэгдлийн ерөнхий хорооноос олгосон үнэмлэх

- Говь-Алтай аймгийн ************ сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/160 дугаартай тодорхойлолт

-Говь-Алтай аймгийн ************** сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаартай албан бичиг, түүний хавсралт

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт тус аймгийн ********** сумын **************** багийн малчин өрхийн тэргүүлэгч Р-н Д-н 1992-2000 оны мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03-08/866 дугаартай архивын лавлагаа /2000 оны хүн амын тооллого/

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03-08/865 дугаартай архивын лавлагаа /1989 оны хүн амын тооллого/

4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар  шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Д.Б нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******** сумын ********** багт эцэг эхийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3.Нэхэмжлэгч Д-н Б нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******** сумын ************* багт эцэг эхийн хамт мал маллаж байсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

3.1.Нэхэмжлэгч Д.Б нь 1992-2000 онуудад эцэг Р-н Д-н өрхөд харьяалагдаж байсан болох нь:

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03-08/865 дугаартай 1989 оны хүн амын тооллогоор Говь-Алтай аймгийн ************* сум ... өрхийн тэргүүн Р-н Д 44 настай, эхнэр С-н Ц 37 настай ... Д-н Б 13 настай ... гэх мэдээлэл бүхий архивын лавлагаа.

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03-08/866 дугаартай 2000 оны хүн амын тооллогоор Говь-Алтай аймгийн ********** сумын ************ баг, байршил хөдөө ... өрхийн тэргүүн Р-н Д 55 настай, эхнэр С-н Ц 48 настай ... Д-н Б 24 настай ... гэх мэдээлэл бүхий архивын лавлагаа.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай ... Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1986 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай зарлигаар ******** сумын харьяат С-н Ц-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай ... С-н Ц нөхөр Д хүүхдүүдэд ... Б 11 настай ... гэх мэдээлэл бүхий лавлагаа, түүний хавсралт.

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар Д-н Б нь М-н Т-тэй гэр бүл болж 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байдлаар нотлогдож байна.

3.2.Нэхэмжлэгч Д.Б нь эцэг, эхийн хамт 1992-2000 онуудад Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багт мал маллаж байсан болох нь

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн ********* сумын ************* багийн малчин өрхийн тэргүүлэгч Р-н Д-н /1992 онд Р.Д, 1994 онд Р.Д/ 1992-2000 оны мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.

-Нэхэмжлэгч Д.Б-н эцэг Р.Д-н 1992-2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар.

- Говь-Алтай аймгийн ********** сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/160 дугаартай ... Д-н Б нь 1991-2005 онд аав ээжийн хамт мал маллаж байсан нь үнэн болно... гэх агуулга бүхий тодорхойлолт.

-Говь-Алтай аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаартай ... Д-н Б нь 1991 онд тус сургуулийн 8 дугаар ангийг төгссөн нь үнэн болно. Журналын дүнг хавсаргав... гэх тодорхойлолт, түүний хавсралт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

4.Иймд Д овогт Д-н Б-н 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *********** сумын ************** багт мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д овогт Д-н Б-г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *********** сумын *********** багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА