Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/123

 

     2024            01              23                                       2024/ДШМ/123         

                       

Н.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сүрмандах,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Солонго,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/735 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Солонго нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Мт холбогдох эрүүгийн 2310014421270 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

*********** овгийн Н.М, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын усан хангамж ариутгал татуургын инженер мэргэжилтэй, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дунд Дарь-Эх гудамжны **-*** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ****** хотхоны ** дугаар байрны ** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Шүүгдэгч Н.М нь АБТ ХХК-ийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар У.Эийг төөрөгдөлд оруулж, 2022 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бадрангуй центр төвийн 408 тоотод байхдаа нийт 10.698.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 457032397 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Маас 10.698.000 /арван сая зургаан зуун ерэн найман мянга/ төгрөг гаргуулан хохирогч У.Эт олгож, эрүүгийн 2310014421270 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч талын санал гомдлыг бүрэн барагдуулж дууссан ба хохирогч талаас гомдолгүй. Гэр бүлийн байдлын хувьд эхнэр болон бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг ба ар гэрийн халамж, амьжиргааг залгуулж өдөр тутмын хэрэглээнд тус дэм болдог. Иймд миний бие өөрийн гэм бурууг ойлгон үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа тул миний ар гэрийн байдал болон бусад шалтгааныг харгалзан хорих ялыг өөр ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.М нь “тусгай зөвшөөрөл сунгуулж өгнө” гэж хохирогч У.Эээс 10.698.000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болно. Мөн тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, ар гэрийн хувьд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, эхнэр хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг юм.

Иймд манай үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол мөнгөө төлж барагдуулсан нөхцөл байдал болон эхнэр 2 хүүхдээ тэжээн тэтгэдэг, тэрээр хоригдсоноор өрх гэр нь орлого олох эх үүсвэргүй байгаа нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах шатны шүүх хуралд томилолтоор оролцож байна. Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Солонго нарын гаргасан гомдолтой танилцаад шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзээд эрүүгийн хариуцлага оногдуулсан. Хуульд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шүүх хуралдаан болтол учруулсан хохирлоо төлөөгүй байдал зэргийг харгалзаад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Б.Солонгын гаргаж өгсөн баримтуудаар гар бичмэл, дансны хуулгыг хавсаргасан байна. Энэ нь мөрдөн байцаалтын явцад хохирогч У.Эийн данснаас шүүгдэгч Н.Мын данс руу 2 удаагийн гүйлгээ хийж байсан хохирогчийн данс мөн байна. Н.Мын хувьд мөрдөн байцаалтын шатанд 2018 оноос сантехникчийн инженерээр ажиллаж орлого олдог гэдгийг нотолж байсан. Шүүгдэгч Н.Мын гомдлыг хүлээн аваад хорих ялыг торгох ялаар солих нь үндэслэлгүй байна. Харин нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжтой байна гэж харж байна. Иймд шүүгдэгч Н.Мт хорихоос өөр төрлийн ялыг хөнгөрүүлэн оногдуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ хорих болон торгох ялаас өөр төрлийн ялыг оногдуулахад татгалзах зүйлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Н.М нь АБТ ХХК-ийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар У.Эийг төөрөгдөлд оруулж, 2022 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бадрангуй центр төвийн 408 тоотод байхдаа нийт 10.698.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 457032397 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч У.Эийн “...фэйсбүүк зар харж байгаад “тусгай зөвшөөрөл гаргана, сунгана, бичиг баримт бүрдүүлнэ” гэсэн зарын дагуу холбогдоход Нэргүйн Н.М гэсэн эрэгтэй хүнтэй нэг сарын дотор 11.000.000 төгрөгөөр тусгай зөвшөөрөл сунгуулж өгнө гэж тохиролцсон. ...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ... гэрээ байгуулаад 3 удаагийн гүйлгээгээр 8.000.000 төгрөгийг өөрийн 5114064404 дугаартай Хаан банкны данснаас Нэргүйн Н.М гэх нэртэй Худалдаа хөгжлийн банкны 57032397 дугаартай дансанд шилжүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ... мөн өөрийн дансаараа Нэргүйн Н.М гэх нэртэй Худалдаа хөгжлийн 457032397 дугаартай дансанд 2.500.000 төгрөг шилжүүлсэн, ...бэлнээр 198.000 төгрөг өгсөн. ...” /хх 13, 15/,

гэрч Ч.Бийн “...У.Э 2 сарын өмнө надад “зөвшөөрөл гаргаж өгнө гэж мөнгө авсан хүн утсаа авахгүй байна, залгахаар утас нь холбогдохгүй байж байгаад шалтаг тоочсон мессеж бичээд байна” гэж хэлээд Н.М гэх хүний утасны дугаарыг надад өгсөн. ... Н.Мын утас руу залгахаар “өнөө маргаашгүй болгоод өгнө” гээд хойшлуулсаар байгаад өдийг хүрээд байна. ...” /хх 17/,

яллагдагчаар Н.Мын өгсөн “...У.Эээс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 457032397 дугаартай дансаар 8.000.000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр мөн 457032397 дугаартай дансаар 2.500.000 төгрөг шилжүүлж авсан, хэд хоногийн дараа 198.000 төгрөг бэлнээр авч, У.Э гэх хүнээс нийт 10.698.000 төгрөг авсан. ...би “Хишиг намжил” ХХК-ийн сантехникийн инженер хийдэг, надад ямар нэг аж ахуй нэгжийн зөвшөөрөл сунгуулах эрх мэдэл надад байхгүй. ...” /хх 32/ гэсэн мэдүүлгүүд,

Худалдаа хөгжлийн банкны 457032397 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 81-87/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Н.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Н.Мын хохирогч У.Эээс “үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл сунгуулж өгнө гээд 10.698.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.М “хорих ялыг өөр ялаар сольж өгнө үү” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар албадлагын арга хэмжээ хэрэглэдэг өвөрмөц зохицуулалт юм.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэргээр илэрнэ.

Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

          Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тус тус гаргасан “...ял хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/735 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Мт мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж,

3 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Мт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, ... бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нийт 70 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР