| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0258/З |
| Дугаар | 128/ШШ2025/0336 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Ш.Д*******,
Хариуцагч: Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Г*******,
Маргааны төрөл: Ш.Д*******ын гаргасан зөрчилд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Г*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05******* дугаар шийтгэлийн хуудсыг оногдуулсан нь хуульд нийцсэн эсэх зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ш.Д*******, түүний өмгөөлөгч С.О*******, хариуцагч Д.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Ш.Д*******оос Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Г*******т холбогдуулан “Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Г*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай 05******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
2.Хариуцагч Д.Г******* нь гомдол гаргагчийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн талбайд тусгаарлах хана барьсан, төлөвлөлт өөрчлөхдөө Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.9-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэн 500 нэгж буй 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
3.Гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлын үндэслэл: “…Зөрчлийн тухай хуулийн 12.1-р зүйлийн 1-ийн 1.9-д “өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх...” гэж заасан байна. Миний бие барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулаагүй, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөөгүй бөгөөд зөвхөн өөрийн сууцны хаалганы үүдний хэсгийг тусгаарлаж, хаалт барьсан болно.
Улаанбаатар хотын орон сууцанд оршин суугчдын ихэнхи нь өөрсдийн орон сууцны орох хэсгийн үүдэнд хаалт хийдэг бөгөөд энэ нь ямар нэгэн хуулийн зөрчилд тооцогдож арга хэмжээ авагддаггүй тул ганц намайг онцолж арга хэмжээ авч байгаад гомдолтой байна.
Иймд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Г******* 2025 оны 01-р сарын 23-ны 05******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийгөө хамгаалж хаалт хийсэн. Түүнээс хэн нэгэн хүнд чирэгдэл болъё гэж бодоогүй. Ц.Т******* гэдэг хүн эхлээд хаалт хийх талаар хэлэхэд зөвшөөрсөн. Мэдэхгүй учраас бичгээр хариу аваагүй болж байна гэж бодоод хийсний дараа гомдол гаргасан. Хот байгуулалтын газраас дуудаад асуугаад торгууль тавихаар нь торгуулийг нь төлөөд хаалттайгаа байж байвал боллоо гэж бодсон. Иргэн, эмэгтэй, хөгшин хүний хувьд үүд хаалгаар хүн ирж оролдоод, хогоо үүдэнд хаяад, 3, 4 дугуй тавьчхаад байхаар нь өөрийгөө хамгаалах гэж хаалт хийлгэсэн. Түүнээс хэн нэгэнд болон та бүхэнд төвөг болъё, хууль зөрчье гэдэг бодол байхгүй. Миний насны хүнд байх ч ёсгүй. Ц.Т******* гэдэг хүний ааш араншин, хүнтэй зохицож болдоггүй хэцүү байдаг талаар тайлбартаа бичсэн. Манай тэнд архичин согтуу хүмүүс их байдаг.” гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Шүүхээс үзлэг хийсэн. Үзлэгээр нийтийн эзэмшлийн талбай гэж яриад байгаа талбайд 2 айл нийлээд хаалтууд бол хийдэг. Ш.Д******* өөрийн хаалганд хаалт хийсэн нь буруудаад байна. Гэхдээ Зөрчлийн тухай хуульд өмчлөгч эзэмшигч нь барилга байгууламжийн хийц бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн гэдэгтэй таарахгүй байна. Зүгээр нэмэлт хаалт хийсэн. Төлөвлөлт зориулалтыг өөрчилнө гэдэг өөр үйл ажиллагаа байх ёстой. Барилгын тухай хууль болон, Барилгын норм дүрэм, стандарт гэдэг зүйлээр шийдвэрлэгдэж байж дараа нь энэ асуудал яригдах ёстой. Гэтэл тийм дүрмийг зөрчсөн гэдэг дүгнэлт байхгүй. Улсын байцаагч өөрөө шууд тийм зүйл зөрчигдөж байна гэдэг шинжээчийн дүгнэлт байдлаар ойлгоод арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй байна. Хаалт хийсэн болохоос барилгын зориулалт, төлөвлөлтийг өөрчлөөгүй. Тэгэхээр хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан татгалзал түүний үндэслэл:
Иргэн Ц.Т*******өөс ирүүлсэн өргөдөл, гомдол, Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 02-00/02 дугаар удирдамжийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн 47 дугар зүйлийн 47.2-д заасан чиг үүргийн хүрээнд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай орон сууцны 22 дугаар байрны давхрын нийтийн эзэмшлийн талбайн ашиглалтын төлөв байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн талбайд тусгаарлах хана барьсан, төлөвлөлт өөрчилсөн зөрчил илэрсэн нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, эсхүл тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн;” гэж заасан зөрчилд хамаарч байсан.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл. “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал”-ийн 6. “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:”-ийн 6.38.- д “барилгын техникийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх заалт, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.7 дахь заалт, 6.14 3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.13 дугаар зүйлийн 16.5 дахь заалт, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 12.1, 12.4, 12.5, 12.6 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил,”, 6.1 дүгээр зүйл. “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл”-ийн 1.д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна.”, 1.1. “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд иргэн Ш.Д*******т Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан зөрчил илэрч тогтоогдсон тул ХББОСЯ 02-00-003/02 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 05******* дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгж буюу 500000 төгрөгийн торгууль ногдуулж, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Ш.Д******* нь торгуулийг барагдуулсан.
Иргэн Ш.Д******* нь эрх бүхий албан тушаалтны даалгаврыг биелүүлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн үр дагаврыг албадан арилгуулах хүсэлтийг гаргасан.
Иймд иргэн Ш.Д*******ын гаргасан “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Г*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай 05******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу чиг үүргээ хэрэгжүүлэх явцад тодорхой зөрчил илэрсэн учраас Зөрчлийн тухай хуулиар торгосон. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар дүгнэлт гаргах, Зөрчлийн тухай хууль, Барилгын тухай хуулийг хольж хэрэглэх боломжгүй. Тиймээс Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. Шийтгэлийн арга хэмжээ өөрөө Зөрчлийн тухай хуульд заасан нийтийн эзэмшлийн төлөвлөлт, зориулалт өөрчлөх, мөн батлагдсан анх олгогдсон зориулалтаас өөрчилсөн байдал гэдэг нь газар дээр нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуусан асуултад өөрийн өмч биш нийтийн өмч гэдгийг нэхэмжлэгч тал тодорхойлсон. Тийм учраас нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Г*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.9-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Барилгын ажлын явцад төсөлд заасан тухайн барилга байгууламжийн барилгын ажлын талбайн хэмжээ, хил хязгаар, зураг төсөл, барилга архитектурын эх загвар /эскиз/ зураг, барилгын материалыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, мөн Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д “барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх;”, 46.4-д “Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэж тус тус заажээ.
2. Дээрх дүгнэвэл хариуцагч Д.Г*******ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05******* дугаар шийтгэлийн хуудас оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.
3.Учир нь нийтийн эзэмшлийн талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр зөвхөн өөрийн хаалгыг тусгаарлаж хаалт хийсэн нь хөршийн орц гарцыг хязаарлаж, том оврын ачаа, тавилга зөөх боломжгүйд хүргэжээ.
Нөгөөтэйгүүр хаалт хийнэ гэдэг нь барилгын бүтээц, зориулалтыг өөрчлөж буй хэрэг бөгөөд тухайн тохиодолд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, хөрштэй зөвшилцөж хамт хэрэглэх зорилгоор тусгаарлалт хийж болохоос бус зөвхөн өөрийн хаалгыг хааж, тусгаарласан нь хуульд нийцээгүй байна.
Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.4-д заасныг баримтлан гомдол гаргагч Ш.Д*******ын гомдолтой, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Г*******т холбогдох “Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Г*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай 05******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” -ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ