| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00339/И |
| Дугаар | 305/ШШ2025/00303 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2025/00303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ************************ тоотод оршин суух С овогт Р-н О-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.О оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн ********** сумын дунд сургуульд 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эрэгтэй байрны хүмүүжүүлэгч багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1970 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн *********** сумд төрсөн. Одоо 55 настай. Би 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд эрэгтэй байрны хүмүүжүүлэгч багш, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байна. Учир нь энэ үеийн №********* хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг Р гэхийг Р гэж бичсэн тул уг хөдөлмөрийн дэвтрийн үндсэн эзэмшигч нь Р-н О гэдгийг шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн. Миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ************* сумын 8 жилийн дунд сургуульд эрэгтэй байрны хүмүүжүүлэгч багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уг сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилласан жилээ тогтоолгоно. 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн албан тушаалд ажиллаж байсан болохыг тогтоолгох гэв.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хөдөлмөрийн дэвтэр 2 ширхэг /Р.О/
- Төрсний гэрчилгээ /Р.О/
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15/318 дугаартай албан бичиг/төрөлтийн болон үрчлэлтийн бүртгэлгүй/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа/Р.О/
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03-02/2670 дугаартай архивын лавлагаа /1989 оны хүн амын тооллого/
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03-02/2668 дугаартай архивын лавлагаа /2000 оны хүн амын тооллого/
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 254 дугаартай лавлагаа, түүний хавсралт/Д-н Ц-г алдарт эхийн одонгоор шагнах тухай/
-Говь-Алтай аймгийн *********** сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 91 дугаартай тушаалын хуулбар
- Говь-Алтай аймгийн ********** сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79/б дугаартай тушаалын хуулбар
- Говь-Алтай аймгийн *********** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай тодорхойлолт. /1992-1994 оны санхүүгийн баримт байхгүй/
4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Р.О нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Р-н О нь Говь-Алтай аймгийн *********** сумын дунд сургуульд 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эрэгтэй байрны хүмүүжүүлэгч багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь:
2.1.Архангай аймгийн Багшийн сургуулиас 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Р-н О-т олгосон "... төрсөн он 1970 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ... Говь-Алтай аймгийн ******** сумын дунд сургуулийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79/б тоот тушаалаар 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс ********* сумын дунд сургуулийн эрэгтэй байрын багшаар авч ажиллуулав ... 1992 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 91/А тоот тушаалаар 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ********** сумын дунд сургуульд бага ангийн багшаар үргэлжлүүлэн авч ажиллуулав ..." гэсэн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр.
2.2.Говь-Алтай аймгийн ****** сумын дунд сургуулиас 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Р-н О-т олгосон төрсөн он 1970 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ... ******** сумын дунд сургууль бага ангийн багш захирлын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 91/А тоот тушаалаар гэсэн бичиглэлтэй 1993 оны 08 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хөдөлмөрийн хөлсний мэдээ бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр.
2.3. "...Р О 1970 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* сумыын төрөх газар төрснийг 1970 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэв ... Төрүүлсэн эцэг Г Р, эх С Д ...бүртгэсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын АДХ-н гүйцэтгэх захиргаа ..." гэх бичиглэл бүхий төрсний гэрчилгээ.
2.5. "... С овогт Р-н О ... 1970 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн ..." гэх мэдээлэл бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа.
2.6.Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03-02/2670 дугаартай Өрхийн тэргүүлэгч Г-н Р, эхнэр С-н Д гэх мэдээлэл бүхий 1989 оны хүн амын тооллогын архивын лавлагаа.
2.7.Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03-02/2668 дугаартай Өрхийн тэргүүлэгч Ө-н Г, эхнэр Р-н О, охин Г-н О, хүү Г-н О гэх мэдээлэл бүхий 2000 оны хүн амын тооллогын архивын лавлагаа.
2.8.Говь-Алтай аймгийн ***** сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 91/А тоот "... Р.О-г 2 дугаар ангийн багшаар ажиллуулах ..." агуулга бүхий тушаал.
2.9.Говь-Алтай аймгийн ********** сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79/б тоот "... Р.О-г 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эрэгтэй байранд хүмүүжүүлэгч багшаар ажиллуулах ..." агуулга бүхий тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх дээрх хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, хүн амын тооллогын баримтууд, бусад бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биеэ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Шүүх хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож буй нэхэмжлэгч С овогт Р-н О-н Говь-Алтай аймгийн ********* сумын дунд сургуульд 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эрэгтэй байрны хүмүүжүүлэгч багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
Шүүхээс нэхэмжлэгч Р.О-н ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
Нэхэмжлэгч Р.О-н 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох хөдөлмөрийн дэврүүдэд түүний эцгийн нэрийг зөрүүтэй /Р/ бичсэний улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн нь нотлогдож байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар С овогт Р-н О-г Говь-Алтай аймгийн ********* сумын дунд сургуульд 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эрэгтэй байрны хүмүүжүүлэгч багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА