| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0033/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-03-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Хохирогч М.Бямбаа,
Шүүгдэгч Г.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жарангууд овогт Ганбатын Чд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1829000100018 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс баруун тийш 14 км сайжруулсан шороон зам дээр 93-06 ӨМА улсын дугаартай Тоёотй Ист маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зорчигч Б.Мядагцэрэн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Бямбаа мэдүүлэхдээ: ” Өөрийн санамсаргүй, техникийн хурдыг тааруулж яваагүйн улмаас осол гаргаж хүний амь нас хохироож, 3 хүүхдийг өнчрүүлсэнд гомдолтой байна гээд нас барсан охин маань босоод ирэх биш. Хамгийн гол нь бага хүү Наранбаярыг 18 нас хүртэл нь тэтгүүлэх саналтай байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Замын хөдөлгөөнд хурдаа тааруулж явсан бол осол гарахгүй элэг бүтэн сайхан амьдрах байлаа” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-22-р хуудас/
Хохирогч М.Бямбаагийн өгсөн:”...Намжилцэрэн манайх руу утсаар яриад ээж, аав хоёр Баяраа ахынхаас хойш машинтайгаа гараад ир. Манай хэд тэнд машинтайгаа уначихсан. Дүү ухаангүй байна гэнэ гээд уйлсан. Тэгээд хөгшин бид хоёр тэнд очиход талийгаачийг эмнэлгийн машин аваад хөдөлж байсан. Намжилцэрэн 5 хүүхэд аваад эмнэлэг рүү явчихсан байсан. ...Би талийгаачийг зам тээврийн осолд нас барсан гэж үзэж байна. Ч машин жолоодохоороо их хурдтай давхидаг хүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/
Гэрч Я.Бямбасүрэнгийн өгсөн: “...Ч нилээ хурдтай давхиад байсан. Чы эхнэр “миний хань зөөлөн яваарай” гэж хэлж байсан. Би мөн “зөөлөн яв” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/
Гэрч Д.Батхүүгийн өгсөн: “...Намайг очиход тэнд олон хүмүүс цуглачихсан, талийгаач машинд байгаагүй. Газар хэвтүүлж дээрээс нь юмаар бүтээчихсэн байсан. ...Би тэр газар хэвтүүлсэн хүнийг үзэхэд хамар, чих, амнаас нь цусархаг хөөс гарсан, өмсөж явсан куртик нь урагдаж цус болсон, гар нь хүйтэн, бие нь халуун, судсанд лугшилт тэмтрэгдээгүй. Гэрэл тусгахад хамар, амнаас нь уур гарч байсан учраас би амьсгалтай байна гэж бодоод даруйхан эмнэлгийн байгууллагад хүргэе гэж бодсон. ...Тэр залуу /Ч/ замдаа эхнэрийнхээ гар хөлнөөс барьж уйлаад явсан. Юу болсон талаар асуухад урд талын дугуй хагараад онхолдчихлоо гэж байсан...“гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/
Гэрч Б.Нямжаргалын өгсөн:”...Энэ зам нь зам барилгын ажил хийхийн тулд барилгын ажилтай холбоотой өөрийн компаний ажилчид болон замын ажил хийж байгаа хүнд даацын автомашин, механизмууд зорчдог. Энэ түр зам дээр орохыг хориглосон тэмдэг, зам барилгын ажил явагдаж байна гэсэн тэмдэгээр хориглосон ...тээврийн хэрэгсэл 40 км цагаас илүү хурдтай зорчихыг хориглосон тэмдэг байрлуулсан...”гэх мэдүүлэг хх/-ийн 54-р хуудас/
Гэрч Б.Намжилцэрэнгийн өгсөн:”...Тухайн ослын өмнөхөн талийгаач маань Чд арай хурдтай яваад байгаа юм биш үү, зөөлөн яваач гэж хэлж байсан юм билээ. Үгэнд нь ороод зөөлөн явсан бол ийм юм болохгүй байсан байх гэж боддог. Ч машинаар давхих дуртай юм билээ. Тэгж яваад л осол гаргасан байх гэж боддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 -р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 6 дугаартай шинжээчийн
Замын шинжээчийн №011 дугаартай:”...а/ 93-06 ӨМА улсын дугаартай Т.Ист маркийн автомашины жолооч Ганбат овогтой Ч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн нь 2018 оны 01-р сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгт 60-70 км цагийн хурдтай явсан гэж мэдүүлсэн, мөн 2018 оны 01-р сарын 03-ны өдөр гэрч Янжмаа овогтой Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэгт хурдаа хасахыг анхааруулсан нь тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй байх үндэслэлтэй байна.
Б./ Бямбаа овогтой Мядагцэрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй.
В./ Ганбат овогтой Ч нь 2015.12.03-нд жолооч болсон 1070705 дугаарын, B, M ангилалтай тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 81-82-р хуудас/
Шүүх сэтгэц гэм судлалын 04/18 дугаартай “...а/ Магадлуулагч Ганбат овогтой Ч /ЗБ92021919/ сэтгэцийн хувьд эрүүл болно.
б/ Магадлуулагч Ганбат овогтой Ч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
в/ Магадлуулагч Ганбат овогтой Ч нь хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт /хх-ийн 86-88-р хуудас /
Г.Чы яллагдагчаар өгсөн:”... Хадмын гэрт 17 цаг өнгөрөөж очсон. Тэнд очоод нэг их удаагүй сум руу буцахдаа хадам ах Намжилцэрэнгийн 3 настай Тэгш-Эрдэнэ, 4 настай Сувд-Эрдэнэ, өөрийнхөө Нарантуяа, Ууганбаяр гэх дөрвөн хүүхдийг машиндаа нэмж суулгаад нийт наймуулаа миний машинаар /би жолоо барьсан/ сумын төв рүү буцсан юм. Манай хадмын хөдөө гэрээс Ханбогд сум руу явахад зам тавьж байгаатай холбоотойгоор хоёр замаар шаталж явж байгаад үндсэн буюу Оюутолгой, Ханбогдыг холбосон сайжруулсан зам руу ордог юм. Би тэр түр зам дээгүүр ойролцоогоор 60 орчим км цагийн хурдтай явж байтал гэнэт машины руль зөв талруугаа булаасан. Би рулээ хариулаад сандарсандаа тоормосоо гишгэтэл машин шарваж хөндөлдөөд замын хойд шороон хөмсөг рүү мөргөгдөж цохигдоод нэг мэдэхэд бид машинтайгаа онхолдсон байсан. Машин эхнэрийн сууж явсан буюу зөв талаараа хөрвөөж онхолдсон. Онхолдох үед манай эхнэр машинаас шидэгдсэн байсан. бусад хүмүүс болон хүүхдүүд онхолдсоны дараа машин дотроо байж байсан санагдаж байна. Би жолооныхоо ард суудал дээрээ сууж байсан. Бага хүүхдээ машины дотор байсан уу гадна байсан уу гэдгийг би санахгүй байна. Тэгээд би машинаас хүүхдүүдийг болон Бямбасүрэнг гаргачхаад эхнэрээ хартал эхнэрээ хартал эхнэр замын хойно замаас холгүй хэвтэж харагдсан. Хажууд нь очтол эхнэрийн хамар амнаас цус гараад тогтохгүй байсан. Эхнэр үг хэлж чадахгүй байсан ч ямарч байсан амьсгаатай байсан.Тэгэхээр нь би Бямбасүрэнг ойролцоох айл руу гүйлгээд түргэн, цагдаа дуудаатах гээд явуулсан. Удалгүй Бямбасүрэн дуудлага өгчихлөө гээд эргээд ирсэн. Тэгээд эмнэлгийнхэн эхэлж ирээд биднийг машиндаа суулгаад сум руу авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-98-р хуудас/
Шүүгдэгч Г.Чы хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Г.Чы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-р хуудас/
Шүүгдэгч Г.Чы иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 99-103-р хуудас/
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаартай тодорхойлолт /хх-ийн 104-р хуудас/
Шүүгдэгч Г.Чы арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 110-130, 134-140-р хуудас/
Шүүгдэгч Г.Чы гурван талаас харуулсан гэрэл зураг /хх-ийн 131-132-р хуудас/
“Уужим-Од” ХХК-ийн захирал Б.Эрдэнэ-Очирын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18/37 дугаартай тодорхойлолт /хх-ийн 133-р хуудас/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 143-р хуудас/
Гэрбүлийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 145-р хуудас/
Ч.Наранбаяр, М.Нарантуяа, М.Ууганбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 147-149-р хуудас/зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс баруун тийш 14 км сайжруулсан шороон зам дээр 93-06 ӨМА улсын дугаартай Тоёотй Ист маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зорчигч Б.Мядагцэрэн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч М.Бямбаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/, гэрч Я.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/, гэрч Д.Батхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/, гэрч Б.Нямжаргалын өгсөн мэдүүлэг хх/-ийн 54-р хуудас/, гэрч Б.Намжилцэрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56 -р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 6 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59-р хуудас/, Замын шинжээчийн №011 дугаартай дүгнэлт /хх-ийн 81-82-р хуудас/, Г.Чы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-98-р хуудас/ зэргээр хангалттай тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Г.Ч нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч бага хүү Ч.Наранбаярыг 18 нас хүртэл нь тэтгүүлэх саналтай байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин бага хүү Ч.Наранбаярыг 18 нас хүртэл нь эцэг Г.Чаар тэжээн, тэтгүүлэхийг хүссэн хэдий ч энэ эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жарангууд овогт Ганбатын Чг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Чд тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Г.Ч нь тэнсэгдсэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Бямбаа нь гэмт хэргийн улмаас бий болсон бусад хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Б.Мядагцэрэнгийн цогцост үзлэг шинжилгээ хийсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган, шүүгдэгч Г.Чы №1070705 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА