Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 114/ШШ2025/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “******* *******” ХХК //

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагчид холбогдох

“2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолтой индексийн 114/2025/0020/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, хариуцагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гомдол гаргагч “******* *******” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагчид холбогдуулан “2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргаж маргасан.
  1. Хэргийн үйл баримтын тухайд:
    1. “******* *******” ХХК нь Дархан-Уул аймагт Дархан-Уул 1 гэх нэрээр эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дугаар гэрчилгээтэй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болон “******* *******” ХХК нар 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” тухай  гэрээг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байна.
    2. Хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “******* *******” ХХК-ийн Дархан-Уул 1 эмийн сан нь эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартын 5.2, 5.3, 6.3, даатгуулагчид эмийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний 2.5.5-д заасныг 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарын хооронд зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэн 2 000 000 төгрөгөөр торгож, 13 289 003,0 төгрөгийг хохирлыг эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ.
    3. Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргагч “******* *******” ХХК хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна.  
  2. “******* *******” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо болон түүний төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...манай компанийг эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартын 5.2, 5.3, 6.3, мөн “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний 2.5.5 заалтуудыг зөрчсөн гэж үзэн шийтгэл оногдуулсан. Гэвч тухайн албан бичгүүдэд дурдагдсан үндэслэлүүдийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
    1. Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартын 5.2-т “Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн үйл ажиллагааг мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан эм зүйн албаны менежмент чиглэлээр эм зүйч удирдан эрхлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. Аймаг, сумдад бол тухайн орон нутагт оршин суудаг байна” 5.3-д “Аймгийн төвийн эмийн сангийн эрхлэгч нь тухайн орон нутагт оршин сууж, эмийн санг арга зүйгээр ханган ажиллана” гэжээ.

Манай компани Дархан суманд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамаарал бүхий байцаагч нь тухайн нийтлэг шаардлагын 5.2-г зөрчсөн гэдгийг тайлбарлахдаа мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан хүнийг ажиллуулаагүй гэж үзсэн. Энэ нь нотлогдоогүй. Эмийн сан-1-д эм зүйчээр нь 2022 оноос хойш тасралтгүй 4 жил ажиллаж байгаа. Мөн дээр бид бүхнийг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн буюу гэрчилгээний дугаарын ард /ЭЗ/ гэсэн товчлол байх ёстой гэж маргадаг. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг үнэт цаасаар ч олгохоо байсан ба цахимд шилжин QR кодоор шалгадаг болсон.

 

    1. Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартын 6.3-д “Эм зүйч, эм найруулагч нь үндсэн ажиллаж буй эмийн сангаас гадна өөр эм хангамжийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа хавсран гүйцэтгэхгүй ба тухайн ажиллаж байгаа аж ахуйн нэгж нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна” гэж заасан.

2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өмнөх ажлаасаа гаран 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “******* *******” ХХК-д ажилд орох тушаал нь гарч ажилласан хугацааны цалингаар манай компани нийгмийн даатгалын хуулийн дагуу тайлагнасан. Улмаар нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

Он цагийн дарааллыг харвал сарын дундуур манайд ажиллаж эхэлсэн бөгөөд хуулийн дагуу өмнө нь ажиллаж байсан байгууллага нь ч тэр, манайх ч тэр Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй болно. Иймд өмнөх байгууллагаас үндсэн ажилтнаар нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, манайх хавсран ажилтнаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Хэдийгээр хавсран ажилтнаар Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэдий ч тухайн субъект нь хавсран ажилладаг байгаагүй болно.

    1. Мөн даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ худалдан авах гэрээний 2.5.5-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Тухайн гэрээний 2.5.5-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч байгууллагад эмийн сангийн стандарт, санхүүгийн болон хүний нөөц, бусад асуудлаар худал мэдээлэл ирүүлэх, даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх” гэж тусгагдсан байна.

Манай компанийн зүгээс даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ ямагт биелүүлж ажилладаг бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дугаартай даатгуулагчдад эмийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулахдаа 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл байгуулсан.

Улмаар тухайн гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг дүгнэсэн байдаг. Уг гэрээнд гэрээний 2.5.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэлүүд дээр манай компанийг бүтэн оноогоор дүгнэсэн. Дахин 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл байгуулсан. 2025 оны гэрээний хугацаа дуусаж гэрээ дүгнэсэн акт үйлдэгдээгүй байхад тухайн гэрээний 2.5.5-д заасныг зөрчсөн гэж үзэж буй нь тодорхойгүй байна.

    1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд эрүүл мэндийн байцаагчийн эрх, үүргийг зохицуулж өгсөн. Тухайн эрх үүрэгт байцаагч зөрчлийн хуудас бичих, мэдүүлэг авах эрх үүргийг огт хуульчилж өгөөгүй. Мөн мэдүүлэг авахдаа хуульд заасан эрхийг зөрчин хөтөлж тулгаж асуулт асуун тухайн асуултад хариулахгүй бол уурлаж хүчээр хүлээн зөвшөөрүүлэх өнгө аястай асууж байсан.

Мэдүүлэг авсан хуудсанд гарын үсэг зурах үедээ ярьсан яриануудаа бүхэлд нь оруулмаар байна гэхэд “зарим нь зүгээр л харилцан яриа шүү дээ, тийм сүртэй юм биш,” гэх тайлбарыг өгсөн байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хөтөлж, тулгаж мэдүүлэг авах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх талаар хуульчилж өгсөн байдаг.

2.5. Манай байгууллагад энэхүү зөрчлийн хэрэг үүсгэснээр бид бүхний дараах эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж байна.

-2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш цахим эрхийг хааж хөнгөлөлттэй жороор үйлчлэх боломжгүй болсон. Эмийн сангийн цахим эрх хаагдсанаар тухайн хугацаанаас хойш 3 сарын хугацаанд ойролцоогоор 15 000 000 төгрөгийн борлуулалтын орлогыг хаасан бодит хохирол үүсэж хүн ардын төлөө үйл ажиллагаа явуулдаг манай байгууллагын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна.

-Мөн 2024 оны 12 дугаар сарын хөнгөлөлттэй жороор олгосон санхүүжилт болох 7 614 947 төгрөгийг олгохгүй болсон нь санхүүгийн хувьд хохиролтой байна.

-Байцаагчийн Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газар руу өгсөн албан шаардлага нь манай байгууллага болоод Эрүүл мэндийн газар хоорондын харилцаанд үл ойлголцол үүсгэж түүгээр ч зогсохгүй эрх бүхий байгууллагын мэргэжилтнүүдийг ажлын байрны хяналт шалгалтыг хийдэггүй гэж үзэж байгаа юм. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын газраас дээр дурдагдсан санхүүжилт орж ирэхгүй байгаагийн улмаас хөнгөлөлттэй жороор үйлчлэх хүн ардад үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүссэн зөвхөн манай компанийн биш, нийтийн ашиг сонирхол хөндөгдөж, ард иргэдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна.

2.6. Иймд “******* *******” ХХК-д холбогдох ******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож, 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

  1. Хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.6-д заасан эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.
    1. “******* *******” ХХК-ийн Дархан-Уул 1 эмийн сан нь Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартын 5.2, 5.3, 6.2, “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” 04/1439 дүгээр гэрээний 2.4.1, 2.5.5 заасныг тус тус зөрчсөн.

         Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон “******* *******” ХХК хооронд 2024 онд байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” 01/1439 дүгээр гэрээний биелэлтийг цахимаар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн бичиг баримтад үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 18-20 өдрүүдэд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтнүүд дүгнэлтийн дагуу үнэлгээг өгсөн. Цахимаар ирүүлсэн материалд Эрүүл мэндийн яамнаас олгодог мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийн дугаар гэрчилгээ, эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2028 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай гэрчилгээ, эм зүйч овогтой Лашын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн /ЭЗ/ дугаартай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай гэрчилгээ бусад материалууд байсан учраас даатгалын гэрээ дүгнэх үнэлгээний хуудасны 1-д заасан хүний нөөцийн мэдээлэл дээр 30 оноогоор дүгнэсэн. / нь эрхлэгч, эм зүйчээр манай эмийн санд 12 дугаар сард ажилд орсон тул НДШ-ын тайлан 1 дүгээр сарын эхээр тайлагнана гэж нягтлан бодогч болох тайлбарласан./

    1. Хэлтсээс гэрээт эмийн сангуудын “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2024 оны жилийн эцсийн биелэлтийг дүгнэсэн тайланг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын худалдан авах ажиллагааны газарт явуулж, гэрээний биелэлтийг хангалттай гэж үзэж 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Уг гэрээ байгуулагдсаны дараа “******* *******” ХХК Дархан-Уул 1 эмийн сангийн захирал нь өөрчлөгдсөн тул 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 18/05 дугаар албан бичгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газарт хүргүүлж, уг эмийн сангийн улсын бүртгэлийн гэрчилгээнд захирлын өөрчлөлт орж ирсэн үед нэмэлт гэрээ хийхээр цахимд нэвтрэх эрхийг хаасан. Эмийн сангийн эрхлэгч, эм зүйч ажилд орсон тушаал болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хэлтэст ирүүлсэн.

Үүнээс эхлээд эм зүйч, эмийн сангийн эрхлэгчийн зөрчил илэрсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 18/06 дугаар албан бичгээр Дархан-Уул 1 эмийн сангийн цахим эрхийг хаахаар Худалдан авалт, гэрээлэлтийн газарт хүргүүлсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ДА-04/0825-002 дугаар гэрээг захирал ээр баталгаажсан тул гэрээ байгуулагдаж Дархан-Уул 2 эмийн сангийн цахим эрхийг нээсэн.

    1. “******* *******” ХХК-ийн Дархан-Уул 1 эмийн сан нь гэрээ дүгнэхэд хүний нөөцийн мэдээллийг худал мэдүүлсэн. Тус эмийн сангийн эрхлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар эрхлэгчийн албан тушаалд томилсон. нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн эм зүйчээр төгссөн. Эрүүл мэндийн яамны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2028 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатайгаар гэрчилгээг олгосон байна. Эрүүл мэндийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загварыг батлахдаа эмч зүйч гэж бичигдэхээр баталсан байна. Мөн 2022 оноос одоог хүртэл эмийн санд эмч зүйчээр 4 жил ажиллаж байгаа гэж тайлбартаа бичсэн нь үндэслэлгүй байна.
    2. ыг туршилтын хугацаагаар 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс дугаар тушаалаар эмийн сангийн эрхлэгчээр томилсон. Тэрээр Улаанбаатар хотод оршин суудаг. “Монгол эм импекс концерн” ХХК-д эм зүйчээр үндсэн ажилтнаар ажилладаг байна. “******* *******” ХХК-ийн 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд давхар ажил гүйцэтгэгч буюу 40001 кодоор түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна. Тэрээр эрхлэгчээр томилогдсоноос хойш Дархан-Уул аймагт ирж ажил хийгээгүй. Дээрх зөрчил илэрснийг Эрүүл мэндийн газарт 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 13/48 дугаар албан бичгийг явуулж, хариу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 104 дүгээр зөрчил арилгуулах үүрэг чиглэл өгч, авсан арга хэмжээг авсан талаар ирүүлсэн.
    3. Дархан-Уул 1 эмийн сангийн эрхлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тул 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 18/06 дугаартай цахим эрхийг хаах тухай дотоод албан   бичгийг   Эрүүл   мэндийн   даатгалын   ерөнхий   газрын   Худалдан  авалт

гэрээлэлтийн газарт хүргүүлж цахим эрхийг хаасны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж буй 7 614 947,0 төгрөг нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хөнгөлөлттэй жороор олгосон санхүүжилтийг хүний нөөцгүйгээр эм олгосон тул үндэслэлгүй гэж үзсэн.

    1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/160 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн ажиллах дүрмийн 1.3-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах эрхтэй талаар заасан. Дархан-Уул 1 эмийн санд холбогдох зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварын дагуу ажилласан болно. Дархан-Уул 1 эмийн сангийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэг авахдаа тулгаж шаардсан, асуултад хариулахгүй бол уурласан, хүчээр хүлээн зөвшөөрүүлэх өнгө аястай байсан гэх нь огт үндэслэлгүй юм. Мэдүүлэг авч байх хугацаанд уурласан, дарамталсан, тулгасан хүчээр гарын үсэг зур гэсэн өнгө аястай нэг ч хэлсэн зүйл байхгүй. Мэдүүлэг авах үйл ажиллагаа хүндрэлтэй байсан учраас тодруулах зорилгоор тайлбар өгснийг “ярьсан яриануудаа бүхэлд нь оруулмаар байна гэсний хариуд хариуцсан аймгийн прокуророос тодруулан асуухад шаардлагагүй гэсэн хариултыг өгсөн.
    2. Энэхүү зөрчлийн талаар аймгийн прокуророос зөвлөгөө аван Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу хохирол болон нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зөрчлийн хэрэг нээсэн. Иймд “******* *******” ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийтгэлийн хуудсыг хэвээр нь үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. “******* *******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  2. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаар гэрчилгээгээр гомдол гаргагч “******* *******” ХХК-д Дархан-Уул аймагт Дархан-Уул 1 гэх нэрээр эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар олгож, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаараа тухайн зөвшөөрлийн хугацааг 2029 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан байна.
  3. Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болон “******* *******” ХХК нар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дугаартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” тухай  гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулж, уг гэрээг 90 оноо /100 оноогоор дүгнэхээс/-гоор дүгнэж, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай мөн гэрээг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулжээ.
  4. Хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “******* *******” ХХК-ийн Дархан-Уул 1 эмийн сан нь эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартын 5.2, 5.3, 6.3, даатгуулагчид эмийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний 2.5.5-д заасныг 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарын хооронд зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэн 2 000 000 төгрөгөөр торгож, 13 289 003,0 төгрөгийг хохирлыг эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
  5. Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “******* *******” ХХК хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж, түүний үндэслэлээ “...мэргэшсэн хүний нөөцийн шаардлагыг зөрчсөн зүйл байхгүй, 2024 оны гэрээгээ дүгнэхдээ хүний нөөц дээр 30 авахаас 30 оноо өгсөн атлаа дараа жилийн гэрээ байгуулагдсаны дараа зөрчил гаргасан гэж үзсэн, хариуцагчид гэрээ болон стандарт зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулах эрх хэмжээ байхгүй” гэж, хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд гэрээ байгуулах, биелүүлэх үүрэгтэй гэж заасныг “******* *******” ХХК зөрчсөн, гэрээ болон стандартад заасан мэргэшсэн хүний нөөцтэй байх шаардлагыг зөрчиж 2024 оны 09 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох эмийн хөнгөлөлт үзсэн гэж үзсэн нэхэмжлэлийн дүн болох 13 289 003,0 төгрөгийн хохирлыг төрд учруулсан, хууль, дүрэм, журамд зааснаар Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэлийн хуудас оногдуулах эрхтэй” гэж тус тус тайлбарлан маргасан.
  6. Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,  хуулийн этгээдийг  хоёр  мянган  нэгжтэй  тэнцэх  хэмжээний  төгрөгөөр

торгоно” гэж зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага буюу эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан бол нөхөн төлбөрийг тухайн байгууллагаас гаргуулж, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх буюу 2 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.60-д зааснаар эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч оногдуулах эрхтэй.

  1. Энэхүү маргааныг шүүхээс хянан шийдвэрлэхэд Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2-т заасан эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс хэнд хохирол учирсан байхыг шаардах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.60-д заасан эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн эрх үүргийг хариуцагч эдлэх, эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандарт болон даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний заалтыг зөрчсөн нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэгт хамаарах, гэрээний дагуу 2024 оны 09 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд гомдол гаргагчийн даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн нэхэмжлэлийн дүн болох 13 289 003,0 төгрөг нь хохирол, нөхөн төлбөрт тооцогдох зэрэг асуултад хариулт өгөх зайлшгүй шаардлагатай юм.
  2. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “"эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа хариуцсан төрийн, хувийн хэвшлийн, холимог өмчийн эрүүл мэндийн байгууллагаас бүрдэнэ” гэж тус тус заасны дагуу эрүүл мэндийн байгууллага гэж нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын гэсэн 4 тогтолцоотой хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий төрийн, хувийн хэвшлийн, холимог өмчийн хуулийн этгээдийг ойлгохоор байна.
  3. Эрүүл мэндийн байгууллагын эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн тогтолцоотой холбоотой харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар нарийвчлан   зохицуулсан   байх   бөгөөд  уг  хуулийн  4  дүгээр  зүйлийн  4.1.25-д

“хангамжийн байгууллага" гэж тусгай зөвшөөрөл бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, эмийн санг;” 4.1.34-д “эмийн сан" гэж жижиглэнгийн үнээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Тусгай зөвшөөрлийг өмчлөлийн хэлбэрээс үл хамааран хуулийн этгээдэд дангаар болон хавсарсан байдлаар энэ хуулийн 7.7-д заасан тусгай зөвшөөрлийн комиссын шийдвэрийг үндэслэн дараах чиглэлээр Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д заасан хугацаагаар олгоно:”, 6.1.3-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл” гэж тус тус зааснаар эмийн сан нь хангамжийн байгууллага болох бөгөөд эм худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарджээ.

  1. Гомдол гаргагч “******* *******” ХХК нь уг тусгай зөвшөөрлийг авсан талаар энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2-т дурдсан бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.
  2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ” гэж зааснаар  даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг Эрүүл мэндийн даатгалын дарга болон “******* *******” ХХК байгуулсан болох нь мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-д зааснаар тогтоогдож байна.
  3. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/32 дугаар тушаалаар тус газрын бүтцийн нэгжүүдийн ажил, албан тушаалын жагсаалтыг хавсралтаар батлахдаа Дархан-Уул аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс дарга-1, чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн-4 гэж тусгагдсан байх бөгөөд чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод “...хууль зөрчсөн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлсэн” байна гэж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/160 дугаар тушаал, түүний хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн дүрмийн 1.3-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, тэдгээртэй холбогдон гарсан Засгийн газрын тогтоол, Улсын ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан журам болон бусад баримт бичгийн хүрээнд явуулна”, 2.1-д “Эрүүл  мэндийн  даатгалын  ерөнхий  газрын  төв,  орон  нутаг дахь нэгжид Эрүүл

мэндийн даатгалын улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллах...” гэж тус тус тусгагдсан, улсын байцаагчийн 10-20-07/002 дугаартай тэмдгийг хэрэглэдэг зэргээс хариуцагч нь эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

  1. Хариуцагчаас гомдол гаргагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн үндэслэлээ “нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартын 5.2, 5.3, 6.3, даатгуулагчид эмийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний 2.5.5-д заасныг зөрчсөн” гэж тайлбарласан бөгөөд эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартын 5.2-т “нийтийн үйлчилгээний эмийн сангийн үйл ажиллагааг мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан эм зүйч гардан удирдаж, эрхлэгчийн үүргийг гүйцэтгэнэ”, 5.3-д “аймгийн төвийн эмийн сангийн эрхлэгч нь тухайн орон нутагт оршин сууж, тухайн эмийн санг мэргэжил арга зүйгээр ханган ажиллана”, 6.3-д “Эм зүйч, эм найруулагч нь үндсэн ажиллаж буй эмийн сангаас гадна өөр эм хангамжийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа хавсран гүйцэтгэхгүй ба тухайн ажиллаж байгаа аж ахуйн нэгж нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна”, даатгуулагчид эмийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний 2.5.5-д “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч байгууллагад эмийн сангийн стандарт, санхүүгийн болон хүний нөөц, бусад асуудлаар худал мэдээлэл ирүүлэх, даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх” гэж тус тус заажээ.
  2. Хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан “******* *******” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн , 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн , 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар албан бичиг, мөн хуулийн этгээдийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *******, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн *******, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалуудаар Дархан 1 эмийн сангийн эрхлэгчийн албан тушаалд 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл , 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл , 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд тус тус ажилласан болох нь тогтоогдож байна.
  3. Гомдол гаргагч хуулийн этгээдийн Дархан 1 эмийн сангийн эрхлэгчээр ажилласан хувьд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийг эм зүйч мэргэжлээр төгсөж бакалаврын дугаартай дипломыг авсан ба Эрүүл мэндийн сайд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалаараа эм барих үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар олгосноос хойш эм зүйчээр 1 жил 3 сар ажилласан байхад эрхлэгчээр ажилласан,

хувьд Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар эм барих эрхийн зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар олгосноос хойш 3 жил 6 сарын дараа тус эмийн сангийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон ажилласан боловч тус орон нутагт оршин суудаггүй, “Монгол эм импекс концерн” ХХК-д ажиллаж байхдаа давхар тухайн албан тушаалыг эрхэлсэн, “******* *******” ХХК нь Дархан-Уул 1 гэх эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа мэргэжлийн зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгохдоо Дархан-Уул аймагт гэж олгосон, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Дархан-Уул 1 эмийн санд суманд эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон зүйл байхгүй” гэх тайлбар зэргээр хариуцагчийн шийтгэлийн хуудсанд дурдсан мэргэшсэн хүний нөөцтэй байх зохицуулалтыг зөрчсөн,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй”, 13.1.2-т “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах” гэж зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулах эрхтэй бол нөгөө талаараа гэрээний үүргээ хэрэгжүүлэх үүргийг хүлээхээр байх боловч үүнийг Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2-т заасан эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд буюу гомдол гаргагчийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.

16. Учир нь гомдол гаргагч нь мэргэжлийн хүний нөөцийн хангалтын шаардлагыг хангаагүй зөрчил гаргасан бол хариуцагч уг зөрчлийг эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартыг зөрчсөн гэж үзвэл  эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхтэй этгээд болох Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд газар руу, эсхүл “даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” тухай гэрээний заалтыг зөрчсөн гэж үзвэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Үндэсний зөвлөл дараах эрхтэй:”, 14.8.7-д “даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах;” гэж тус тус заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12  дугаар  тогтоол,  түүний  хавсралтаар  баталсан  эрүүл  мэндийн байгууллагаас

гэрээний дагуу худалдан авах тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын дагуу гэрээний нөгөө тал болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргад дүгнэлт гарган хүргүүлэх байжээ.

 17. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад”, 17 дугаар зүйлийн 17.4.3-д “холбогдох стандарт, удирдамжийг зөрчиж даатгуулагчийн эрүүл мэндэд хохирол учруулах, ... зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх” гэж тус тус зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын гаргасан зөрчлийн улмаас даатгуулагчийн эрүүл мэнд нь хохирсон бол тухайн зардлыг тухайн байгууллагаас гаргуулж, эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилсан, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “...эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс даатгуулагчид хохирол учирсан бол Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2-т зааснаар тухайн хохирлыг уг этгээдээс гаргуулж, шийтгэл оногдуулдаг” гэх тайлбарыг гаргасан зэргээс Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2-т заасан “хохирол” нь даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний талд бус даатгуулагчдад хамааралтай гэж үзэхээр байна.

18. Гэтэл хариуцагчаас хохирол гэж үзсэн 13 289 003,0 төгрөг нь “******* *******” ХХК-ийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргатай байгуулсан 2024 оны дугаартай “даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” тухай гэрээний дагуу гомдол гаргагчаас 2024 оны 09 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд даатгуулагчдад эмийн хөнгөлөлт үзүүлж, холбогдох журмын дагуу нэхэмжлэлээ явуулсны дагуу эрх бүхий байгууллагаас баталгаажуулан олгосон төлбөр байх бөгөөд гэрээний нэг тал болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нь нөгөө тал болох “******* *******” ХХК Дархан-Уул 1 гэх эмийн сан мэргэшсэн хүний нөөцийн шаардлагыг хангаагүйгээс гэрээний зөрчин 13 289 003,0 төгрөгийн хохирол учруулсан гэж маргаагүй, хариуцагчид гэрээгээр хүлээсэн ямар нэгэн эрх, үүргийг шилжүүлэн олгоогүй зэргээс хариуцлага оногдуулж буй хуулийн зохицуулалтад байх хохиролд уг 13 289 003,0 төгрөг хамаарахгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр “******* *******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

19. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн *******  дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болж, уг актаар оногдуулсан “******* *******” ХХК-ийн торгууль болон нөхөн төлбөр төлөх үүрэг шууд дуусгавар болно.

20. Гомдол гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг гаргаж, хүсэлтдээ эмнэлгийн магадалгааг хавсарган ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.3, 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй бол шүүх түүнийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулахаар зохицуулжээ.

Гэтэл гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх баримтаа ирүүлсэн боловч цахимаар шүүх хуралдаанд оролцож байх тул түүнийг шүүх хуралдаанд ирээгүйгээс үүсэх зайлшгүй байлцуулах шаардлагатай гэж шүүх хуралдааныг хойшлуулах үр дагавар үүсэхгүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.2, 17 дугаар зүйлийн 17.4, 17.4.3, Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан “******* *******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан “******* *******” ХХК-д олгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг Үндэслэх хэсгийн 19-т заасан аргачлалаар биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.МӨНХ-ЭРДЭНЭ