Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00931

 

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00931

 

 

хбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102Ш2021/00831 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч хбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.З-, Г.Э- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 26 753 504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк нь иргэн Т.З- болон Г.Э- нартай 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн 1070030947 дугаартай гэрээг байгуулж, жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар 29 000 000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн. Зээлийн мөнгө 29 000 000 төгрөгийг хариуцагчийн хбанк дахь 5001219490 тоот дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5 788 245.98 төгрөг, зээлийн хүүд 2 679 308.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15 176.69 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн зээлийн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл өгч, шаардлага тавьсан боловч зээл төлөгдөөгүй, хариуцагч нараас зээл төлөх ямар нэг арга хэмжээ огт аваагүй. Хариуцагч нар гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлдэгч Т.З-, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Э- нараас үндсэн зээл 23 211 754.02 төгрөг, зээлийн хүү 3 410 762.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130 987.92 төгрөг, нийт 26 753 504.44 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч Т.З-, Г.Э- нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: хбанк ХХК-аас зээл авсан. Одоогоор цалингийн зээлийг цаг хугацаанд төлж чадаагүйн улмаас 26 753 504 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Цаашид миний бие 2021 оны 4 дүгээр сард 4 000 000 төгрөгийн төлөлт хийнэ. Мөн эхлүүлсэн ажлаа дуусгаад 2021 оны 8 дугаар сард 4 000 000 төгрөгийн төлөлт хийж, цаашид зээлийн гэрээний хугацаанд төлбөрөө хийж гүйцээхийг хичээх болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.З-, Г.Э- нараас 26,753,504.44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хбанк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 291 717.52 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.З-, Г.Э- нараас 291 717,52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хбанк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.З-, Г.Э- нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: хбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.З-, Г.Э- нарт холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хянан шийдвэрлэж улмаар хариуцагч нараас 26 753 504 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч хбанк ХХК-д олгох тухай 102/ШШ202/00831 дугаартай шийдвэр гарсан. Хариуцагч талаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хязгаарласан, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй болсон гэж үзээд бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна. Учир нь тус иргэний хэрэг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн байсан бөгөөд миний бие өөрт холбогдох иргэний хэргийн материалтай танилцах, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, мөн хуульд заасан нотлох баримт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд харьяаллын дагуу шилжүүлэхээр хүсэлт тавьснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн боловч тус шүүхээс хэрэг шилжиж ирсэнтэй холбоотой зайлшгүй хийвэл зохих хэргийн материалтай танилцуулах, эрх үүргийг тайлбарлаж өгөх, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй мөн шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагчид олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч хбанк ХХК нь хариуцагч Т.З-, Г.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 753 504 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1070030947 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нар нь хбанк ХХК-аас 29 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдэн авсан болох нь хэрэг авагдсан бичмэл баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон. / хх-ийн 14, 15, 23, 25 /

Зээлдүүлэгч хбанк ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ зөрчиж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс зээлийн эргэн төлөх хуваарьт заасан үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүх 1070030947 тоот зээлийн гэрээг цуцлах, гэрээний үндсэн зээл 23 211 754,02 төгрөг, зээлийн хүү 3 410 762,5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130 987,92 төгрөг, нийт 26 753 504,44 төгрөгийг хариуцагч нараас банк шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй. / хх-ийн 11, 16 /

Хариуцагч Т.З-, Г.Э- нарт холбогдуулан шүүх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарган, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлжээ. / хх-ийн 17, 26 /

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, 67.1.1-т заасан хэргийн оролцогчийн нотлох баримтаа бүрдүүлэхтэй холбоотой эрх, үүргийг тайлбарлан өгснийг баримтжуулсан баримт хэрэгт авагдсан /хх-ийн 21, 22 / байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулжээ.

Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэл, тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хх-ийн 40, 46 / боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан гомдолд заасан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102Ш2021/00831 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ