Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/124

 

        2024            01              23                                       2024/ДШМ/124         

                       

Н.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

хохирогч Б.Н хууль ёсны төлөөлөгч Б.Н,

шүүгдэгч Н.М өмгөөлөгч Д.Туяа,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1501 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Туяагийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Мд холбогдох эрүүгийн 2303004800465 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

*********** овгийн Н.М, **** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа явуулын гуанз ажиллуулж хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, * дүгээр хэсэг, * дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Шүүгдэгч Н.М нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээл төвийн баруун замд 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 50 минутын үед Хюндай Портер маркийн 29-54 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.М авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаар шүүгдэгч Н.М шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Н.Мд хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н.Мэс 12.650.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н /**00000000/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад зардал болон цаашид гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1501 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7 дахь заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7-д “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мэс 12.650.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нд олгосугай.” гэж шийдвэрлэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн байна. Хавстаст хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт авагдаагүй байдаг бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэгтэй адилтган хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг зэргийг тогтоож байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь, хавтаст хэрэгт мөрдөгчөөс гаргасан хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон хүснэгт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нөхцөлийг тогтоосон байх шаардлагыг хангаагүй байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалт нь “Журам батлах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/269, А/276 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Сэтгэцийн шинжилгээ хийх журам”-ын 2.1-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тухайн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар ахлуулсан “сэтгэц судлал” үндсэн мэргэшил эзэмшсэн, шүүхийн сэтгэц судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн 2-оос доошгүй шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй баг шинжилгээ хийнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1501 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэн зөв гарсан гэж үзэж байна. Б.Н хэвийн биш, унаж татдаг болсон” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Улсын дээд шүүхийн гэм хорын зэрэглэл тогтоох хүснэгтээр хүндэвтэр зэрэг нь 23 хувь гэж шүүхээс тогтоож 12.650.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хууль ёсны төлөөлөгч нь тухайн зэрэглэлийг зөвшөөрөөд, шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М өмгөөлөгч зөвшөөрөхгүй байгаа нь шинжээч томилж дүгнэлт гаргуулах шалтгаан биш. Улсын дээд шүүхийн гэм хорын зэрэглэл тогтоох тухай журмын 2.1 дэх заалтад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрөхгүй байвал шинжээчээр дүгнэлт гаргуулна гэж заасан. Хохирогчийн өвдөж байгаа цаг хугацааг харгалзаад тухайн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоож өгч байгаа нөхөн төлбөр гэж ойлгох хэрэгтэй, түүнээс сэтгэцийн эмгэг өвчин туссан гэж үзэхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Н.МХюндай Портер маркийн 29-54 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Н.М авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ял шийтгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүйгээс гадна шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

Учир нь, шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/-дээ оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар албадлагын арга хэмжээ хэрэглэдэг өвөрмөц зохицуулалт юм.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх байдлаар хохирлыг нөхөн төлсөн байхын зэрэгцээ хор уршгийг арилгахаар илэрхийлсэн тохиолдолд цаашид хэрэгжихүйц байх нөхцлийг хангасан байх ёстой.

Хохирогч Б.Н эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, тархины хүнд гэмтлийн улмаас тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй болсон байх бөгөөд цаашид эмчилгээ хийлгэж байх нөхцөл байдал хэрэгт авагджээ.

Ийм байхад шүүгдэгч нь хохирогчид 2.695.000 төгрөг төлснөөс өөрөөр хохирол, хор уршгийг арилгахад чиглэсэн арга хэмжээ аваагүй байна. Хохирогчид учирсан гэмтэл, цаашид эмчилгээ хийлгэх нөхцөл байдал, сэтгэцэд учирсан хор уршиг зэрэгт бодитой хандаж, хэрэгт авагдсан эмчилгээний баримтаар хязгаарлагдахгүйгээр хохирол, хор уршиг барагдуулах санаа зорилго, үр дүнд дүгнэлт хийсний эцэст тэнсэх, эсхүл ял шийтгэл оногдуулах эсэхэд дүгнэлт хийвэл зохино.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Н.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Туяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1501 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

 

                     ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР