Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00129

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00129

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Гашууны  тоотод оршин суух, У

 

Нэхэмжлэлийн шаардлага: 054975 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 577302 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.У, гэрч Д.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Би 1963 онд төрсөн. Хөдөлмөрийн дэвтрийг Чойрын гал командад 1985 онд харуулаар ажилд орохдоо хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байсан. Хөдөлмөрийн дэвтэр нээхэд Дашбал овогтой Ундаа гээд аавын нэрээр овоглосон байсан. Иргэний үнэмлэх дээр Бадамгарав гээд ээжийн нэрээр овоглосон байгаа. Тухайн үед гэрчилгээг нь авахгүй байсаар байгаад ээж очиж авахдаа өөрийнхөө нэрээр овоглосон байх. Би 7 дугаар сард төрсөн юм билээ, төрсний гэрчилгээг авахгүй явсаар байгаад 11 сард авсан юм билээ.

1981 оноос 1984 оны хооронд Налайхын 237 дугаар ангийн шатахуун тээврийн ангид цэргийн алба хаасан. Нийгмийн даатгалаас цэргийн батлахын тодорхойлолт хэрэгтэй гэхээр нь эхнэрийнхээ талын эгчийг хот руу явуулахдаа иргэний үнэмлэхээ хамт явуулж тодорхойлолт авсан. Цэргийн албаа 237 дугаар ангид хаасан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч бичиг баримт дээрх овог, нэр зөрчилтэй гээд хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд, Б У намайг хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 139 дүгээр албан бичиг, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж, 054975 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 577302 дугаартай цэргийн батлахын хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Д.Б-ын төрүүлсэн хүүхдийн лавлагаа, Батлан хамгаалах яам, Батлан хамхаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн лавлагаа, Д.Б-ын иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар, фото зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Шүүх: Гэрч Д.Б-ын мэдүүлгийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч Б.У дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

2.1. Б.У миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч 1985 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нээсэн 054975 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээсэн 577302 дугаартай цэргийн батлахын дэвтэрт тус тус миний овог зөрүүтэй буюу Доржбал гэж ааваар бичсэн тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй учраас хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгоно гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 139 дүгээр албан бичиг, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж, 054975 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 577302 дугаартай цэргийн батлахын хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Д.Б-вын төрүүлсэн хүүхдийн лавлагаа, Батлан хамгаалах яам, батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн лавлагаа, Д.Борын иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар, фото зураг, гэрч Д.Б-н мэдүүлэг зэргээр 054975 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 577302 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Б мөн болох тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх-ийг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэснийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

5. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.заасныг баримтлан 054975 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 577302 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь У мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагч Б.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА