Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Ц.Г /өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэгээн овогт Цэнд-Аюушийн Гд холбогдох 1729000500020 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуун сухайт” хилийн боомтоор 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нордбенз маркийн 85-12 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 49-80 БЧ дугаарын чиргүүлийн тэвшинд гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 168,8 кг малын дайвар бүтээгдэхүүнийг нууж Монгол улсын илээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/255 дугаар албан бичиг, үзлэг хийсэн тухай акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17-р хуудас/

Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 18-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26 дугаар хуудас/

Хохирогч Ж.Жамъянсэнгийн өгсөн: ”...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр намайг Гашуун сухайт хилийн боомтын нүүрсний гарах триминал дээр үүрэг гүйцэтгэж байхдаа нүүрс ачсан автомашинуудад үзлэг шалгалт хийж байхад 85-12 УНО улсын дугаартай Нордбенц маркийн автомашины чиргүүлийнх нь хучлагыг хуулуулан шалгалт хийхэд чиргүүлийн урд хэсэгт нүүрсэн доор хар өнгийн 8 шуудайнд хийсэн малын дайвар бүтээгдэхүүн байсан. Дараа нь кабиныг нь онгойлгон үзлэг хийхэд суудлынх нь араар 2 шуудайг тарааж хийсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Цэнд-Аюуш овогтой Г гэх хүн авч яваад саатуулагдсан. ...Кабиндаа ганцаараа явж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 185 дугаартай албан бичэгтэй, үзлэг хийсэн тухай “ дээж №1 Урт нь 15 метр 60 м, өргөн нь 8,5-9,5 см байв. Үзлэгийн явцад тухайн дээжний урт, өргөнд ямар нэгэн залгаа ороогүй нь нэг амьтных мөн гэж үзэж байна. Уг дээж судасжилт ихтэй, гадаргуу бага зэрэг тослог, чацархайн өөхний үлдэгдэлтэй, өнгө нь шар, өөхний өнгө шаравтар, хайлмагтсан байв.

Дээж №2 урт нь 14 метр 40 см, өргөн нь 9,5-10,5 см байв. Үзлэгийн явцад тухайн дээжний урт, өргөнд ямар нэгэн залгаа ороогүй нь нэг амьтных мөн гэж үзэж байна. Уг дээж эхний дээжийг бодвол хаталт ихтэй, тослогийн хэмжээ бага, чацархайн өөхний үлдэгдэлгүй, өнгө цайвар шар байв” гэсэн хх-ийн 44-45-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №101/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн47-р хуудас/

Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн14-17-р хуудас/

Ц.Гантулгын яллагдагчаар өгсөн: “...Намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг би уншиж танилцлаа. Үндэслэлийг би хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед “Урчуул Отог” ХХК-ийн эзэмшлийн 85-12 УНО улсын дугаартай Нордбенз машинд нүүрс ачсан 49-80 БЧ дугаарын чиргүүлд 8 ширхэг ууттай, машины кабинд 2 уут нийт 168 кг хэмжээтэй адууны хатаасан өлөн гэдсийг нууж БНХАУ-руу оруулах гэж яваад Гашуунсухайтын боомт дээр баригдсан. Тэдгээр зүйлсийг Ганцмодноос Журамт гэдэг хүн оруулаад ирээч 2000 юань өгье гэсний дагуу Улаанбаатар хотоос ирсэн Стана машинаас тосч аваад /дугаарыг нь санахгүй байна/ хил гаалиар баригдахгүй гарчих байх гэсэн бодлоор явж байгаад гаалийн ажилтнуудад баригдсан. ...Би тухайн үед гялгар уутанд хийсэн байхыг нь харсан. Нийт 168,8 кг адууны хатаасан өлөн гэдэс миний машинаас хураагдсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ц.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуун сухайт” хилийн боомтоор 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нордбенз маркийн 85-12 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 49-80 БЧ дугаарын чиргүүлийн тэвшинд гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 168,8 кг малын дайвар бүтээгдэхүүнийг нууж Монгол улсын илээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/255 дугаар албан бичиг, үзлэг хийсэн тухай акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17-р хуудас/, Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 18-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26 дугаар хуудас/, Хохирогч Ж.Жамъянсэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 185 дугаартай албан бичиг /хх-ийн 44-45-р хуудас/,“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №101/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн47-р хуудас/, Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн14-17-р хуудас/, Ц.Гантулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Гантулгыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэгээн овогт Цэнд-Аюушийн Гантулгыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гантулгыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ц.Гантулгын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 168,8 кг малын дайвар бүтээгдэхүүнийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА