Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

А.*******т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

            Прокурор                                                                              Б.*******үү

            Яллагдагч А.*******ын өмгөөлөгч                       С.******* /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/177 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагч А.*******ын давж заалдах гомдол, прокурор Б.*******үүгийн бичсэн эсэргүүцлээр А.*******т холбогдох 2324000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 06-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, /******* регистрийн дугаар/ бүхий иргэний үнэмлэхтэй, *******а ******* овогт *******ийн *******

Яллагдагч А.******* нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* багт байрлах өөрийн гэртээ Покерр 2 гар утасны аппликэйшн ашиглан “Хангарьд” гэх нэртэй өрөө үүсгэн шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер тоглоом цахим орчинд зохион байгуулж өөрийн 530558053 дугаартай банкны харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч 127.000 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч А.*******т холбогдох 2324000000088 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.*******үү давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа: ...2324000000088 дугаартай А.*******т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар яллагдагчтай тохиролцож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 2023/Ш3/177 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүхээс прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгчийг ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер тоглоом цахим орчинд зохион байгуулсан, улмаар өөрийн дугаартай банкны харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авсан гэх 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд А.******* нь Pokerrr2 гар утасны аппликэйшн ашиглан Хангарьд гэх нэртэй өрөө үүсгэн шууд дамжуулалт хийж хичнээн төгрөгний бооцооны мөнгийг тоглогч нараас хуримтлуулж, түүнээс хичнээн төгрөгийг тоглогч нарт буцаан өгсөн болон хичнээн төгрөгийн ашиг орлого олсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байна. Шүүгдэгч А.*******ын мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа ашигласан банкны дугаартай дансны орлого зарлагад мөрдөгчөөс үзлэг хийж тэмдэглэл үйлдэх мөрдөн шалгах ажиллагааг хийсэн бөгөөд тухайн цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хувьдаа ашигласан нөхцөл байдал тогтоогддоггүй бөгөөд тухайн цаг хугацаанд хийсэн бүх гүйлгээ нь данснаас данс хооронд шилжүүлсэн байна. Харин шүүгдэгчийн эзэмшлийн банкны дугаартай данснаас өөрийн дугаартай данс руу 2 удаагийн үйлдлээр 600.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд буцаад дугаартай данснаас 4 удаагийн үйлдлээр 473.000 төгрөг дугаартай данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 127.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна. Шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргана гэсэн хуулийн шаардлагыг хангаж прокурортой ял албадлагын арга хэмжээг тохиролцон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана" гэж заасан бөгөөд шүүх хуралдаанаар дээрх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн дээрх хэрийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй байхад шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах" заалтыг баримтлан хэргийг прокурор буцааж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн" гэх үндэслэлээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/Ш3/177 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

Яллагдагч А.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурортой хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ял албадлагын арга хэмжээндээ тохирч хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэстэй, хууль зөрчөөгүй.  Анхан шатны шүүх тогтоолдоо гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээг нотлоогүй гэж үзсэн нь буруу байна. Миний хувьд гэм бурууд маргахгүй цахим орчинд покер тоглуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Тоглох үйл ажиллагаа оролцогч хүний сайн дурын үндсэн дээр явагдсаны зэрэгцээ 2023 оны 10 сарын 10-наас 12-ний хооронд 4 196 293 төгрөгний орлого орж мөн хэмжээгээрээ зарлага гарсан тул оролцогч нарт ямар ч хохиролгүй, надаас зарлага гарсан юм. Тиймээс надад олсон хөрөнгө орлого байхгүй байхад шүүх хөрөнгө орлого олсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 28-ний өдрийн 2023/ШЗ/177 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дугаартай прокурорын яллах дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу бичигдсэн байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын санал нь Эрүүгийн хуульд заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ бооцооны мөнгө шилжүүлсэн мөрийтэй тоглосныг, нотлох баримт гэж үзэхгүй гээд мөрдөн байцаалтад буцаасан тал дээр эсрэг байр суурьтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдалд дараах 6 зүйл дурдагдсан байдаг. Нэгт, гэмт хэрэг гарсан байдал. Хоёрт, гэмт хэргийг хэн үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Гуравт, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн хувьд мөрийтэй тоглуулсан нь нотлогдсон. Дөрөвт, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.  Тавд, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний хувьд мөрийтэй тоглосны улмаас олсон орлого 126.000 төгрөг, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гар утсыг улсын орлого болгон хураан авсан байдаг. Зургаад, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг байдал тогтоогдсон гэж үзэж байна. Прокурорын хэлсэнчлэн 4.196.292 төгрөгийн орлого шүүгдэгчийн дансанд орж, тэр хэмжээгээр мөнгө гарч үлдсэн 126.000 төгрөг үлдсэн нь шүүгдэгчийн олсон орлого гэж үзсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. *******ын үйлдсэн гэмт хэргийн тухайд нийгэмд учруулсан хор хохирол байхгүй, гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэг байх тул хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж үзэж байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг хянахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******үү нь яллагдагч А.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаажээ.

“Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжинд ”гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн нотлоогүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч А.******* нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* багийн задгайд байрлах өөрийн гэртээ Pokerrr 2 гар утасны апплекэйшн ашиглан “Хангарьд” нэртэй өрөө үүсгэн шууд дамжуулалт хийж ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер тоглоом цахим орчинд зохион байгуулсан, өөрийн дугаартай банкны харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч 127.000 төгрөгний ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд тогтоогдсон байна.

Анхан шатны  шүүх хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, хэрэгт авагдсан баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах,шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирол шаардахгүй буюу мөрийтөй тоглоом зохион байгуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.

Шүүгдэгчийн хувьд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэл хугацаанд мөрийтөй тоглоом зохион байгуулсан нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар тогтоогддог. Дансны хуулгаар шүүгдэгч А.******* нь 127.000 төгрөгний ашиг олсон гэж прокурор дүгнэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх А.******* нь 127.000 төгрөгний ашиг олсон нь эргэлзээтэй гэж шүүх үзэж буй тохиолдолд, хэдэн төгрөгний орлого олсон болохыг хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тооцож тогтоох боломжтой юм.

Энэ ажиллагааг шүүх хуралдаанаар тогтоон, нөхөн гүйцэтгэх боломжтой бөгөөд хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар А.*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасан нөхцөл байдал нь хангагдсан эсэхийг хянан шийдвэрлэхгүйгээр хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг болон /талууд урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүгч өөрийн санаачлагаар/ шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгийг явуулаагүй байж/, Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь мөрдөн шалгах болон шүүхийн үйл ажиллагааг хурдан шуурхай, богино хугацаанд хууль ёсны дагуу шударгаар явуулах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахад чухал ач холбогдолтой ажиллагаа юм.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг зөрчсөн, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-д заасан ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  яллагдагч А.*******ын давж заалдах гомдол болон прокурор Б.*******үүгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/177 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч А.*******ын давж заалдах гомдол, прокурор Б.*******үүгийн бичсэн эсэргүүцлийг тус тус хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД                                                     Б.АРИУНБАЯР

                                                                                                Ж.БАТТОГТОХ