| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2025/0018/З |
| Дугаар | 114/ШШ2025/0021 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 114/ШШ2025/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *******,
Маргааны төрөл: Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн “шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлттэй индексийн 114/2025/0018/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Дүгнэлт гаргагч хяналтын прокурор: *******
хариуцагч татварын улсын байцаагч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар дүгнэлт:
1.1.Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *******ын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар ******* 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар болон Татварын газрын даргын баталсан “Акц” хэсэгчилсэн арга хэмжээ зохион явуулах төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтыг хийх ажлын хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Цагдаагийн албан хаагч, Татварын байцаагч нар хамтран дээрх удирдамжийн дагуу Дархан сумын 11 дүгээр багт байрлах г шалгахад Онцгой албан татварын тэмдэггүй 22 шил согтууруулах ундаа байсныг хураан авч, тэмдэглэл үйлдэн баримтжуулан иргэн зөрчил үйлдсэнийг илрүүлж, 37 дугаартай мэдээлэлд хариуцагч Татварын улсын байцаагч *******аас хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,
2.2. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар иргэн ******* Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаар “онцгой албан татварын тэмдэггүй 22 шил согтууруулах ундааг худалдсан, ажлын байранд байршуулсан” гэх зөрчилд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, зөрчилд холбогдогч нь 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдөр торгууль 1.000.000 төгрөгийг Төрийн банкны 100190100952 тоот дансанд бүрэн төлжээ.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Прокуророос шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* нь иргэн ******* онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Прокурорын зүгээс Онцгой албан татварын тухай хууль зөрчих зөрчил биш, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил байна гэж үзсэн учраас эрх бүхий албан тушаалтан харьяаллын бус зөрчил шалган шийдвэрлэсэн үндэслэлээр шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т зааснаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэж тусгайлан зааж өгсөн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нь согтууруулах ундааны зүйлийг импортолсон асуудал байхгүй. Сэлэнгэ аймгийн “Өсөх буудай чөлөөт бүс” ХХК-аас худалдан авсан болох нь зарлагын падаан, гэрч, холбогдогч нарын мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны 22 шил согтууруулах ундаа хураан авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон өөрөөр хэлбэл чөлөөт бүсээс авсан архиа “” д худалдан борлуулсан нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн шинжийг агуулж байна. Онцгой албан татварын тухай хуульд Гаалийн байгууллагаас зорчигчдын хувийн хэрэгцээнд зориулж татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний архи, тамхийг гаалийн татвараас чөлөөлнө гэж заасан. Согтууруулах ундааг зарж борлуулж байсан асуудлыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар холбогдох арга хэмжээг авна.
Онцгой албан татварын тухай хуулийн зорилт нь эх орны үйлдвэрийн болон импортоор авсан зарим бараа, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж зааж өгсөн. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар бүх төрлийн согтууруулах ундаанд онцгой албан татвар оногдуулна, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрд гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг төрийн сангийн дансанд шилжүүлнэ гэж тус тус зааж өгсөн. Онцгой албан татварын тэмдэггүй худалдан борлуулж буй үйлдэл нь зөвхөн импортолсон болон дотоодод үйлдвэрлэсэн архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч нарт хамаарах асуудал байгаа. Хувийн хэрэгцээнд авчирсан архиа зарж борлуулж буй үйлдэл нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил гэж үзэж байна. Иймд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан дүгнэлтээ дэмжиж байна гэв.
3.2.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн ******* онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.24 дүгээр зүйлд Онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг эсхүл худалдсан, эсхүл борлуулсан гэх зөрчилд хүн болон хуулийн этгээдийг хариуцлага тооцохоор хууль тогтоомжоор хуульчлагдсан байна.
Энэхүү Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Зөрчлийг шалган шийдвэрлэх эрхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-д заасны дагуу Татварын улсын байцаагч нь тухай зөрчлийг шалган шийдвэрлэх эрхийг олгосон.
Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа харьяалал зөрчөөгүй тул прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.Иймд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
3.3.Гуравдагч этгээд зөрчилд холбогдогч *******аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “” д ажиллаад удаж байгаа. Тухайн өдөр хураалгасан тусгай онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундаа нь цагаан сараар хөдөө гэр рүүгээ явуулах виски байсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас оруулж ирсэн. Тэр өдөр манай гэрийн хаалга эвдэрсэн байсан дотроос нь алга болох магадлалтай тул захирлыг ажлаар хот явсан үед нь “” д аваачиж байршуулсан. Хураалгасан өдөр виски дуусаж тавиур хоосон харагдаад байсан учир тавиур дээр өрж тавьсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед өгсөн миний мэдүүлэг бүгд зөв. Тухайн архи вискиг зарж борлуулах ямар ч сэдэл байгаагүй нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн ******* “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдах, ажлын байранд байршуулсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан зөрчлийн хэргийн нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.5 дахь зүйлд “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих”, 9 дэх заалтад “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус зааснаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэх асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8-д зааснаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч харьяалан тус тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахаар хуульчилжээ.
9. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болж, иргэн *******аас татварын торгуульд төлсөн 1 000 000 /нэг сая/ төгрөгийг төрийн сангийн 100190100952 тоот данснаас гаргуулж ******* буцаан олгоно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5, 1******* дугаар зүйлийн 1*******.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 9, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8, 6.12-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гээс гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА