2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/03396

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц Х ХХК холбогдох,

 

Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ану-Үжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.                   Нэхэмжлэгч Н.О ы төлөөлөгч Ц.Ану-Үжин нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Б.Лх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Н.О нь “Ц Х” ХХК-тай 2020 оны 09 дугаар сарын 01-ний өдөр №220/44 тоот Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Их Цуурайтын аманд баригдах Хадат Вилла II хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ" (“Амины орон сууцны гэрээ”)-г, мөн “Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ" (“Авто зогсоолын гэрээ”)-г тус тус байгуулсан.

Амины орон сууцны гэрээгээр гүйцэтгэгч “Ц Х” ХХК нь Улаанбаатар хот,

Баянзүрх дүүрэг, 0-р хороо, Их Цуурайтын аманд байрлах “0Вилла II” хотхоны А107 байршил бүхий, нийт 125,92 м.кв талбай бүхий амины орон сууц (“Амины орон сууц”)-ыг гэрээнд заасан стандарт, загварын дагуу барьж гүйцэтгэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор, Авто зогсоолын гэрээний дагуу “Хадат Вилла II” хотхоны А эгнээний 0 1-01 байршилд байрлах 14 м.кв талбай бүхий дулаан зогсоол (“Авто зогсоол”)-ыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь Амины орон сууцны төлбөрт 250,000,000 (хоёр зуун тавин сая) төгрөгийг, Авто зогсоолын төлбөрт 20,000,000 (хорин сая) төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон.

Н.О нь дээрх төлбөрийг зохих хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулсан бөгөөд “Ц Х” ХХК-н зүгээс захиалагчийг төлбөрийн үлдэгдэлгүй болохыг хүлээн зөвшөөрч Амины орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн. Тиймээс Н.О нь тус Амины орон сууцанд өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно", мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ." гэж заасан.

Мөн Амины орон сууцны гэрээний 2.5 дахь хэсэгт “Гэрээний зүйлийн төлбөр тооцоо энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн тохиолдолд барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.", 6.1.7 дахь хэсэгт "Захиалагч тал нь хүлээн авсан амины орон сууцыг Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал, түүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна. Үүнтэй холбогдох буюу Гүйцэтгэгч талаас шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн авах эрхтэй." гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл “Ц Х” ХХК нь захиалагчийн сүүлийн үлдэгдэл төлбөрийг хүлээн авсан 2021 оны 10 дугаар дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Амины орон сууц болон Авто зогсоолын өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн болно.

Гэвч “Ц Х” ХХК нь дээрх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, Амины орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг захиалагч Н.О д шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөөгүй.

Энэ талаар удаа дараа “Ц Х” ХХК-д хандсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй, сүүлдээ утсаар холбогдох боломжгүй болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэзээ гарах нь тодорхойгүй байдалтай байгаа бөгөөд Н.О ы өмчлөх эрх ноцтой зөрчигдсөөр байна.

Иймд Н.О ыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэг, Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.5, 6.1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, Их Цуурайтын аманд байрлах “00II” хотхоны 0байршил бүхий, нийт 125,92 м.кв талбай бүхий амины орон сууц болон тус хотхоны А эгнээний 01-01 тоот байршил бүхий 14 м.кв талбай бүхий дулаан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг “Ц Х” ХХК-д даалгаж өгнө үү.

1.1.             Нэхэмжлэгч нь 3 шаардлага гаргасан. Амины орон сууц болон авто зогсоол захиалгаар бариулах гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгох, бичиг баримт гаргаж өгөхийг даалгана. Гэрээгээр 2021.8.1-ны өдрийн дотор амины сууцыг, авто зогсоолыг 2023 онд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Төлбөрийн үлдэгдэлгүй тул эзэмшилд шилжүүлсэн. Гэрээнд зааснаар төлбөр бүрэн хийгдсэнээр өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч хариуцагч нь энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Удаа дараа энэ талаар шаардсан боловч холбогдохгүй байгаа юм. Бид гэрээ байгуулагдсан өдрөөр өмчлөх эрх үүсэж бичиг баримт гаргах үүрэг төлбөр төлж дууссанаар үүссэн гэж үзэж байгаа юм. Амины орон сууцны хаягийг улсын бүртгэлийн албан тоотод зааснаар тодруулж байна гэв.

 

2.                   Хариуцагчийн төлөөлөгч А.Пүрэвдолгор нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрнө. Амины орон сууц болон авто зогсоолыг нэхэмжлэгч эзэмшиж ашиглаж байгаа юм. Гэрчилгээ нь Бн нэр дээр гарсан байгаа болно. Зогсоолын хувьд өмчлөл бүртгэгдээгүй гэв.

 

3.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар /ХХ8-12/, авто зогсоол захиалан бариулах гэрээний хуулбар /ХХ13/, төлбөр төлсөн баримтын хуулбар 8 ширхэг /ХХ14-19, 23-24/, Хаан банк дахь Б.Баасандоржийн дансны хуулга /ХХ20/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /ХХ21/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /ХХ22/, нэхэмжлэлийн хуулбар /ХХ30/,

3.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн лавлагаа /ХХ62/, улсын бүртгэлийн байгууллагаас маргаж буй эд хөрөнгийн хувийн хэрэгт байгаа баримтуудын хуулбар /ХХ84-112/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг амины сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Н.О нь Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Улиастайн ам их цуурай гудамжны 0 тоот хаягт байрлах амины сууц болон мөн гудамжны 1/12-3 тоот хаягт байрлах авто зогсоолын  өмчлөгчөөр тогтоох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч “Ц Х” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн.

 

4.                   Зохигч 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр амины сууц, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр авто зогсоол тус тус захиалан бариулах гэрээ байгуулжээ. /ХХ8-12, 13/

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлсөн болохыг хариуцагч зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

4.1.             Амины орон сууц нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 70 хувийн гүйцэтгэлтэйгээр Ц.Б өмчлөлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрээний хуулбар тогтоогдсон. /ХХ100/

 

Гэрээний 2.5-д зааснаар төлбөрийг бүрэн төлснөөр захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүн гэх хүний нэрээр төлөгдсөн баримтаар 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр сүүлийн төлбөр төлөгдсөн байна. /ХХ14-19/

 

Энэ үед хариуцагчид өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүрэг үүсжээ. Гэвч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрх шилжих бол хэлцлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрээ байгуулснаар өмчлөх эрх үүссэн гэх тайлбар үндэслэлгүй.

 

Улмаар хариуцагч төлбөр бүрэн төлөгдсөн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийг амины сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, бүртгэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах үндэслэлтэй.

 

5.                   Нэхэмжлэгч нь сүүлийн төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр төлж, улмаар өнөөдрийн шүүх хуралдаанаар өмчлөгчөөр тогтоож байгаа тул 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. /ХХ109-112/

 

6.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О-г Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Улиастайн ам их цуурай гудамжны 00 тоот хаягт байрлах амины сууц болон мөн гудамжны 00 тоот хаягт байрлах авто зогсоолын  өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “Ц х” ХХК-д даалгасугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,578,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,578,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД