| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/03935/И |
| Дугаар | 191/ШШ2025/04222 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04222
2025 05 13 191/ШШ2025/04222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............... аймаг, .......... сум, ..... баг, ..... байр, ..... тоот хаягт оршин суух, Т овогт С Б /РД:.................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............. дүүрэг, ..... хороо, ............... гудамж 31, ............ тауэр, .... давхарт байрлах, М ХХК /РД:............/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 83,365,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 83,365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... миний бие 2019 оны сүүлээс 2024 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсад сурч, амьдарсан. Ийнхүү сурч байх хугацаандаа би Солонгос улсын хууль, дүрэм, журмын хүрээнд гадаад оюутанд зөвшөөрөгдсөн цагийн хязгаарын дагуу цагийн ажил, хөдөлмөр эрхэлж, түүнээс олсон орлогоороо Монгол Улсдаа байр худалдан авч, амьдрахаар зорьж, ажил хийж олсон мөнгөө хадгалж цуглуулан Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 471025215 тоот төгрөгийн хугацаатай хадгаламжийн дансандаа хуримтлуулж байсан юм.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр .............. дугаар бүхий Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, захиалагч тал болох нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ........... дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт баригдах хариуцагчийн ................. хотхоны .... блокийн .... орцны .... давхрын ..... тоот, .... м.кв талбайтай, .... м.кв бүр нь 1,700,000 төгрөг буюу нийт 65,365,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг захиалж, төлбөрийг нь гэрээ байгуулмагц бүрэн /100 хувь/ төлөх, гүйцэтгэгч тал буюу М ХХК нь уг орон сууцыг 2023 оны 4-р улиралд багтаан ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон байдаг.
Нэхэмжлэгч миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, орон сууцны нийт үнэ болох 65,365,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүрэн 100 хувь төлж барагдуулсан. Ингэхдээ уг мөнгийг нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 471025215 тоот төгрөгийн хугацаатай хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцлан мөнгөө хариуцагчид төлсөн юм.
Тодруулбал гэрээний гол нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасанчлан, хариуцагчийн өгсөн №НЭ290002 тоот нэхэмжлэхийн дагуу орон сууцны нийт үнэ болох 65,365,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Голомт банк дахь "Мн ХХК-ийн 3205-10-5508 тоот төгрөгийн дансанд шилжүүлэн төлсөн байдаг.
Талууд 2023 оны 03 сарын 27-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үйлдэж, нэхэмжлэгч 65,365,000 төгрөгийг бүрэн төлсөн, төлбөр тооцооны үлдэгдэлгүй болохыг харилцан баталгаажуулсан.
Гэрээний гол нөхцөлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт: "... Гүйцэтгэгч тал нь барилга угсралтын ажил графикийн дагуу хэвийн явагдсан нөхцөлд орон сууцны барилгыг 2023 оны 4 улиралд багтаан ашиглалтад оруулна..." гэж заасан боловч хариуцагч М ХХК нь уг үүргээ огт биелүүлээгүй, барилгын ажлыг ч эхлүүлээгүй байна.
Хариуцагчаас энэ талаар тодруулахад ... танай блокийн ажил болоогүй, танай өгсөн мөнгийг хажууд нь баригдаж байгаа өөр блокийн ажилд зарцуулчихсан, байрыг чинь хэзээ барих, хэзээ ашиглалтад оруулахыг нь мэдэхгүй байна ... гэх мэт ойлгомжгүй, үндэслэлгүй, байж боломгүй, ёс зүйгүй хариуг хэлж, харилцагч, үйлчлүүлэгч, хэрэглэгчийг үл хүндэтгэж байна. Нэхэмжлэгч би гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ хугацаанд нь шударгаар, зохих ёсоор, бүрэн биелүүлсэн атал хариуцагчаас гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад маш их гомдолтой байна.
Ийнхүү хариуцагчаас үүргийн зөрчил гаргасан бөгөөд цаашид ямар нэгэн үр дүн гарахгүй нь нэгэнт тодорхой болсон тул нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №01 дугаар бүхий Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлдээ гэрээг хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас нэг талын санаачилгаар цуцалж байгаа буюу гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэж, гэрээний дагуу төлсөн төлбөр болох 65,365,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор буцаан олгохыг шаардсан болно. Гэвч хариуцагчаас нэхэмжлэгч надад ямар нэгэн хариу өгөөгүй, төлсөн мөнгийг минь буцаан өгөхгүй өнөөдрийг хүрч байгаа тул миний бие арга буюу ийнхүү шүүхэд хандаж байна.
Дээр дурдсанчлан хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул хариуцагч нь Иргэний хуульд заасны дагуу авсан зүйлээ буюу нэхэмжлэгчээс хүлээн авсан 65,365,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч миний бие 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны үнэд төлсөн нийт 65,365,000 төгрөгөө хариуцагчаас нэхэмжилж байна.
Түүнчлэн хариуцагч нь гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч би гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцаа хүлээн авч, амьдарч чадаагүй ба миний бие 2024 оны 07 дугаар сард БНСУ-аас эх орондоо ирж, эндээ амьдрах болсон тул бусдын орон сууцыг хөлслөн амьдарч, орон сууцны хөлсийг төлж байна. Хэрэв хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол нэхэмжлэгч миний бие ингэж орон сууц хөлсөлж хохирохгүй нь ойлгомжтой бөгөөд хариуцагч гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн тул тэрээр миний энэхүү хохирлыг хариуцан төлж барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна.
Миний бие орон сууцны хөлсөнд нэг сар тутамд 1,500,000 төгрөг төлж байгаа бөгөөд цаашид нэг жилийн хугацаанд орон сууцыг хөлслөхөөр байгаа тул нийт 18,000,000 төгрөгийг орон сууцны хөлсөнд төлөх юм. Нэхэмжлэгч би энэхүү орон сууцны хөлс буюу өөрт учирсан хохирол болох 18,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн хариуцагч М ХХК-иас орон сууцны үнэд төлсөн 65,365,000 төгрөг, орон сууцны хөлс буюу хохирол болох 18,000,000 төгрөг, бүгд 83,365,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б надад олгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбар өгөөгүй.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар, БНСУ-д оршин суух үнэмлэх хуулба, 2023.03.27-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, итгэмжлэл, №НЭ290002 тоот нэхэмжлэх, Голомт банкны орлогын мэдүүлэг, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2024.06.14-ний өдрийн №01 мэдэгдэл, Шуудангийн баримт, 2022.05.12-ны өдрийн Хадгаламжийн гэрээ, 2024.07.08-ны өдрийн №1 тоот Түрээсийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны дансны хуулга, барилгын фото зураг зэргийг нотлох баримтаар өгсөн байна. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023.03.27-ны өдөр М ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн боловч барилгыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, хэзээ орох нь тодорхойгүй байгаа тул төлсөн 65,365,000 төгрөг, мөн орон сууц хөлслөж хохирсон 18,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч хариу тайлбар өгөөгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд 2023.03.07-ны өдөр ............. тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч нь .......... дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт баригдах ................. орон сууцны хотхоны .... блок, ..... орц, ..... давхар, .... тоот хаягт байрлах .... м.кв, .... өрөө орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч гэрээний төлбөр 63,365,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсноор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
6. Хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулж өгөөгүйгээс нэхэмжлэгч гэрээний дагуу төлсөн 63,365,000 төгрөг, хохирол 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч үгүйсгэж, маргаагүй байна.
7. Дээрх тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
8. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
9. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ажлын хөлс 63,365,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд нэхэмжлэгч С.Б нь гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу 2023.03.27-ны өдөр М ХХК-д 65,365,000 төгрөгийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн бол хариуцагч гэрээний 3.2 дахь хэсэгт заасан хугацаанд орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.
10. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж, 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.
11. Хариуцагч М ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч 2024.06.14-ний өдөр гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 65,365,000 төгрөгийг буцаан өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд хариуцагчаас хариу өгөөгүй байна.
12. Иймд нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцааж өгөхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул хариуцагч М ХХК-иас 65,365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангана.
13. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус заасан.
14. Хариуцагч орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад хүлээлгэх өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч 2024.07.08-ны өдрөөс бусдын орон сууцыг хөлслөж, нийт 18,000,000 төгрөг төлж хохирсон болох нь хэрэгт авагдсан 2024.07.08-ны өдрийн №1 тоот Түрээсийн гэрээ, банкны дансны хуулгаар тогтоогдсон.
15. М ХХК-ийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас талууд гэрээнээс татгалзсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч С.Б орон сууц хөлслөх гэрээний үүрэгт төлсөн 18,000,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч М ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
16. Шүүх хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
17. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч Марч констракшн ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
18. Дээрх үндэслэлээр хариуцагч М ХХК-иас нийт 83,365,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б олгохоор шийдвэрлэв.
19. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547,775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 547,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 83,365,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 574,775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 574,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
Шүүхийн шийдвэр:191/ШШ2025/04222