2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/03687

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, шүүгч Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Өнэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НТ ХХК холбогдох,

 

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 114,180,000 төгрөг, хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорын хохиролд 54,199,200 төгрөг, нийт 168,379,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн өмгөөлөгч Т.*******, иргэдийн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.            Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, тэрээр болон түүний өмгөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр *******ийн ******* нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолбор барилгын талбайд явган хүний зам тавих ажлыг гүйцэтгэж байгаад, ажлын байран дээрээ үдийн цайгаа уух үедээ бохир ус зайлуулах шугамыг далдалж өрсөн өрлөгийн баганад дарагдаж нас барсан.

Энэ үйл явдлыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалган тогтоохоор Баянзүрх дүүргийн прокурорын газраас 201625012523 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай Прокурорын тогтоолоор “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Уг тогтоолд шат шатны прокурорын газарт гомдол гаргаж байсан боловч хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/1365 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар хариу өгч, дээрх тогтоолыг хэвээр үлдээсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал тодорхой болсон тул гэм хорын хохирлыг хариуцагч “Нью тур” ХХК-аас нэхэмжилж байна.

-        Миний нөхөр Д.******* нь хувь хүмүүстэй нэг баг /бригад/ болж “*******” ХХК-тай харилцан тохиролцож Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолбор барилгын талбайд явган хүний зам тавих ажлыг гүйцэтгэж байсан

-        “*******” ХХК нь “Нью тур” ХХК-тай 2016.06.02-ны өдрийн 16-1382 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 3,932 м.кв талбайд явган зам, гадна тохижилтын ажил хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн “” ХХК-тай 2014.08.27-ны өдрийн 14-1470 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж талийгаачийн дарагдсан бохирын хоолойн багана өрөх буюу ариутгах татуургын шугамын ажлыг “Нью тур” ХХК гүйцэтгүүлсэн

Иймээс дээрх бүх ажлын захиалагч “Нью тур” ХХК-аас гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа ба Прокурорын тогтоол болон хариу мэдэгдэх хуудаснуудаас үзвэл захиалагч “Нью тур” ХХК-ийг “Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 37.1.9, 37.1.19, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 заасныг тус тус зөрчсөн буюу бохир ус зайлуулах шугамыг далдалсан тоосгон өрлөгийг зохиогчийн зураг зөвшөөрөлгүй, аливаа хамгаалалт бэхэлгээгүй хийлгэсэн, гүйцэтгүүлсэн, гүйцэтгэгчээс хүлээж авсан, ажлын явц, чанар гүйцэтгэлийг баталгаажуулсан барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм нормативын шаардлагын дагуу бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн.

Мөн дээрх эрүүгийн хэрэгт М.******* би хохирогчоор тогтоогдсон ба миний гаргасан гомдолд шат шатны прокурорын байгууллага хариу өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг буруутай этгээдээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан тул гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Хариуцагч “Нью тур” ХХК-аас Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг болон 511 дүгээр зүйлийн 511.5- д зааснаар нэхэмжилж байгаа болно.

Тодруулбал, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “... нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин кэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцно” гэж заасны дагуу миний нөхөр Д.******* нь 38 настайдаа нас барсан бөгөөд цаашид 34.6 жил наслах байсан гэх тодорхойлолт байгаа ба дундаж наслалтын зөрүү болох 34.6 жилийг 3,300,000 төгрөг /ХХДХэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн дүн/-өөр үржүүлбэл НИЙТ 114,180,000 төгрөг болж байна.

Иймээс хариуцагч “Нью тур” ХХК-аас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 114,180,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

1.1.        М.******* миний бие тус шүүхэд хариуцагч “Нью тур” ХХК-аас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 114,180,000 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Уг шаардлагыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-д зааснаар нэхэмжилсэн.

Харин одоо Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.1-т заасны дагуу хохирогч нас барснаас учирсан гэм хор буюу гэм хор учруулсны төлбөрийг дараахбЗайдлаар нэхэмжилж байна.

1.   Нас барснаас хойш өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа гэм хор учруулсны төлбөр 23,313,600 төгрөг гаргуулах

Хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас миний нөхөр Д.******* нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нас барсан учраас гэм хор учруулсны төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байгаа. Талийгаач нөхөр маань нас барахаас өмнө нийгмийн даатгал төлж байгаагүй тул түүний цалин хөлс, орлогыг тодорхойлох боломжгүй болоод байгаа юм. Иймээс Үндэсний статистикийн газраас Хүн амын амьжиргааны доод түвшнийг тодорхойлох тухай хуулийн дагуу жил бүр баталдаг хүн амын д амьжиргааны доод түвшний хэмжээгээр гэм хор учруулсны төлбөрийг тодорхойлж нэхэмжилж байна.

Жил бүр хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээ өөрчлөгдсөн тул доорх хүснэгтээр нас барснаас хойш өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа гэм хор учруулсны төлбөрийг тодорхойлсон болно.

Жил

Тухайн жилийн амьжиргааны доод түвшний хэмжээ

Тооцох хугацаа /сараар/

Нийт

1

2016

183,700

6

1,102,200

2

2017

185,300

12

2,223,600

3

2018

198,600

12

2,383,200

4

2019

217,900

12

2,614,800

5

2020

230,000

12

2,760,000

6

2021

238,700

12

2,864,400

7

2022

277,800

12

3,333,600

8

2023

313,400

12

3,760,800

9

2024

454,200

5

2,271,000

 

 

 

 

23,313,600

 

2.    Хүү Ш.ыг 18 нас хүртэл хугацааны гэм хор учруулсны төлбөр 30,885,600 төгрөг гаргуулах

Нөхөр бид хоёрын хүү болох Ш. нь 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн бөгөөд нөхрийг маань нас барах үед хүү маань 5 настай байсан, одоо 12 настай. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 580.2, 508.4.1-т зааснаар хохирогчоос тэтгэвэр авах эрхтэй хүүхэд нь 18 нас хүртлээ гэм хор учруулсан этгээдээс гэм хор учруулсны төлбөр авах эрхтэй байна. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.6-д Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно” гэж заасны дагуу гэм хор учруулсны төлбөрийг нэг удаагийн нөхөн төлбөр байдлаар нэхэмжилж байна.

Миний хүү Ш. нь 2030 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 18 нас хүрэх ба одоогоос 68 сарын дараа насанд хүрэх учраас энэ хугацааны гэм хор учруулсны төлбөрийг 2024 онд батлагдсан хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээгээр буюу 454,200 төгрөгөөр тооцон нийт 30,885,600 /68 сар * 454,200/ төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

Иймд төлөөгүй байгаа гэм хор учруулсны төлбөр 23,313,600 төгрөг, хүү Ш.ыг 18 нас хүртэл хугацааны гэм хор учруулсны төлбөр 30,885,600 төгрөг, нийт 54,199,200 төгрөгийг хохирогч нас барснаас учирсан гэм хор буюу гэм хор учруулсны төлбөрт нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг гэм хор учруулсны төлбөр 54,199,200 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа ба сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр 114,180,000 төгрөг нэхэмжилсэнтэй нийтдээ 168,379,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн болно.

 

1.1.             Миний хань 2016 онд барилгын тулгуур баганад дарагдаж нас барсан. Хариуцагч нь миний хохирлыг барагдуулаагүй. Нийт 168,379,200 төгрөг гаргуулна. Энэ нь хуулийн 508.2-р хүүхдийг 18 нас хүртэлх тэтгэмж 54,199,200 төгрөг, 114,180,000 төгрөг нь сэтгэцэд учирсан хохирол юм. Одоо би өрх толгойлсон эмэгтэй дандаа түрээсийн байраар амьдардаг.

 

1.2.             Нас барах үед хариуцагчийн өмчлөлийн газар дээр барилгын ажил гүйцэтгэж байсан юм. Талийгаачийн ажиллаж байсан бригад замын хавтан суулгаж байсан. Энэ үед барилгын бүтээц буюу багана нурсан юм. Эрүүгийн хэрэг шалгагдаад баганыг хэн барьсан, захиалагч хэн байсан талаар шалгагдсан. Хариуцагч болон өөр 2 компани холбогдох хууль дүрэм зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүний дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүнээс хойш хохирлыг төлөх ёстой гээд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд болон хурал дээр гаргасан тайлбараар манайх хариуцагч биш гэдэг. Бохирын хоолойг далдалсан ажлыг хийсэн болон ажил хийлгэсэн компани буруутай гэдэг. Бидний хувьд шинжээчийн дүгнэлтээр хариуцагч болон нөгөө 2 компани аль аль нь буруутай гэсэн байдаг. Хариуцагчийг барилгын тухай хуулийг зөрчсөн гэсэн байдаг. Бохирын шугам далдлах ажлыг зохиогчийн зургаар биш зөвшөөрөлгүй гүйцэтгүүлсэн гэж буруутгасан байдаг. Гэтэл одоо тайлбарлахдаа нөгөө хоёр компанийг буруутай гээд өөрсдийн бурууг тайлбарлахгүй байна. Хэрэгт байгаа гэрээгээр нөгөө 2 компаний ажил гүйцэтгэгч байсан. Үүний дагуу амь нас хохирох гол шалтгаан болсон хаалт нь захиалагчийн үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч нь гүйцэтгэгчээсээ хохирлоо нэх гэж нэхэмжлэл гаргаж байгаа юм. 2022 онд нэмэлт өөрчлөлт орсон гэж байна. Хэрэг 2016.7.4-нд гараад эрүүгийн хэрэг шалгагдсан. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон. Хэрэв эрүүгийн журмаар шийдэгдсэн бол хариуцагч нь иргэний хариуцагчаар татагдах нь тодорхой байсан. 2022 оны 6 сард эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгоод гомдлыг эцэслээд дуусгасан. Шүүхээр шийдсэн бол үүгээр л нэхэх байсан. Нас барснаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл 23,318,600 төгрөг, үүнийг амьжиргааны баталгаажуулах түвшнээр гаргасан. 30,885,000 төгрөг нь 2024 оны байдлаар тооцож 18 нас хүртэлх төлбөр юм. Барилгын тухай хуулийн 37.1.1, 37.1.3, 37.1.9, 40.1.1, 40.1.12-г хариуцагч зөрчсөн. Хариуцагчийн захирал нь эрүүгийн хэрэгт татагдаагүй. нь Энх ариун компанийн захирал юм гэв.

 

2.            Хариуцагчийн төлөөлөгч Г. нь шүүхэд, тэрээр болон хариуцагчийн өмгөөлөгч Т.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.*******ын нэхэмжлэлтэй Нью Тур ХХК-д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нью Тур ХХК нь ХХК-тай 2016 оны 05-р сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 5054.9 м нийтийн эзэмшлийн явган зам, 2310.8 м явган замын газар шорооны ажил, 2655.32 м гүйлтийн болон дугуйн өнгөт бетон зам, 419.82 м хиймэл нуурын эргэн тойрны чулуун шигтгэмэл зам, 2617с ус зайлуулах шуудуу, 1963 м хашлага угсрах, 182 ширхэг тумбэ суулгах ажил хийлгэхээр тохиролцсон болно. Манай компанийн зүгээс гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж ХХК-д гэрээний дагуу төлбөрөө төлсөн байдаг.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.4-д “Гүйцэтгэгч нь гадна тохижилтын ажлыг гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллана”, 4.2.5-д “Гүйцэтгэгч нь гадна тохижилтын ажлыг гүйцэтгэж буй талбайн дэг журам, сахилга бат аюулгүй байдлыг хангах ээлжийн харуул хамгаалалтын пост ажиллуулах үүрэгтэй”, 4.2.9-д “Гүйцэтгэгч нь барилгын талбайн ХАБЭА, галын аюулгүй байдал, зохион байгуулалтын норм стандартыг хангаж ажиллах үүрэгтэй”, 4.2.12-д “Гэрээт ажлыг гүйцэтгэх талбайд ХАБЭА хариуцсан ажилтанг томилон ажиллуулна”, 4.2.13-д “Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэх хариуцан бариулагчийг томилон ажиллуулах ба талбайд ажиллах ажилчдын өмнөөс бүрэн хариуцлага хүлээж, холбогдох хохирол, үр дагаврыг бүрэн хариуцна. Гүйцэтгэгчийн томилсон хариуцан бариулагчийн шийдвэр эцсийнх байна” гэж тус тус заасан байдаг.

ХХК нь гэтэл дээрх гэрээний заалтуудаа биелүүлээгүй, ажлын талбайд өөрийн үндсэн ажилчид биш бригад оруулж ажиллуулсан, бригад болон тус бригадын ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөр хамгааллыг сахин биелүүлээгүй, ажилчдыг нэг бүрийн тусгай хэрэгсэл ажлын багаж, хамгаалах малгай болон бусад хэрэгслээр хангаагүй, ХАБЭА-ийн инженер томилон ажиллуулаагүй зэргээс шалтгаалан нэхэмжлэгч М.*******ын нөхөр болох Д.******* амь хохирсон үйлдэл гарсан гэж үзэж байна.

Мөн Нью Тур ХХК нь 2014 оны 08-р сарын 27-ны өдөр ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Баянзүрх дүүрэг, 11 -р хороо, Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1-р ээлжийн зүүн хэсгийн 34 ширхэг барилгын 2400 м гадна ариутгах татуургын шугамын ажлыг хийлгүүлсэн байдаг. Гэтэл гүйцэтгэгч ХХК нь гэрээт ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн, бохирын шугамыг дээд болон доод талд бүрэн холбоогүй /тус ажил далдлагдсан ажил байсан тул захиалагч талаас нүдээр хараад илрүүлэх боломжгүй ажил байсан болно/ зэрэг байдлаас шалтгаалан мөн нэхэмжлэгч М.*******ын нөхөр болох Д.******* амь хохирсон үйлдэл гарсан гэж үзэж байна.

Гүйцэтгэгч ХХК болон гүйцэтгэгч ХХК нарын буруутай үйл ажиллагааны улмаас дээрх нөхцөл байдал үүссэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байдаг. Тухайлбал 2018 оны 06-р сарын 29-ны өдрийн №02-07-095/383 тоот барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, Монгол Улсын Зөвлөх инженер Л., барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г. нарын дүгнэлтээр Осолдогч, амь хохирогчийн ажил олгогч ХХК нь талийгаачтай хийсэн хөдөлмөрийн гэрээ, батлагдсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар өгсөн зааварчилгаа байхгүй, Барилгын тухай хуулийн 40.1.5-д зааснаар ажилтны хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг ажил олгогч ХХК хариуцах ёстой байсан, унасан өрөгт бүтээц бүхий бохирын хоолойг бетонон шалан дээр ямар нэгэн бэхэлгээгүйгээр өрсөн, 1 давхрын шалны гадаргууд бэхэлгээ хийгээгүй зэргээс үзэхэд ХХК болон ХХК нар буруутай тус компаниуд хариуцахаар байна гэж дүгнэсэн. Мөн 2021 оны 05-р сарын 19-ны өдрийн №05-16/15 тоот шинжээчийн гаргасан дахин дүгнэлтээр холбогдох хууль тогтоомжуудын заалтаар ажил олгогч ХХК болон шугам угсралтын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн ХХК нар хариуцахаар байна гэсэн байдаг.

Дээрх нөхцөл байдлуудаас харахад Нью Тур ХХК нь энэхүү иргэний хэргийн хариуцагч биш бөгөөд хариуцагч нь ХХК болон ХХК нар гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаар ХХК болон ХХК нарыг татах нь зүйтэй болов уу гэж үзэж байна.

Нью Тур ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

2.1.             2016 онд хүний ам нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлье. Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу сонгосон. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Бага тэнгэрт бүтээн байгуулалт хийсэн. Бид барилгын зөвшөөрөлгүй бөгөөд захиалагч компани юм. Бид явган хүний зам бариулахаар ажил гүйцэтгүүлсэн. Ренхэ жужин гэдэг компани шалгарч ажил гүйцэтгэсэн. Уг компани явган хүний болон гүйлтийн замын ажил, чулуун шигтгэл зам, ус зайлуулах шуудуу хийхээр тохиролцож гэрээ байгуулсан. Захиалагч гэрээний дагуу төлбөр төлсөн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч нь аюулгүй байдлыг бүрэн хангана гэж заасан. Мөн гүйцэтгэгч нь норм стандартыг хангана гэсэн. Улмаар гадна талбайн шаардлагыг хангаж ажиллана. Талбайд ажиллах ажилчдыг бүрэн хариуцаж хариуцлага хүлээнэ гэсэн. Гэтэл уг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй. Учир нь өөрийн үндсэн ажилтан гэсэн боловч бригад ажиллуулсан байсан. Нас барагч нь туслан гүйцэтгэгч бригадын ажилтан байсан. Бид ямар нэг гэрээ байгуулж харилцаанд ороогүй. Бригадын ажилчидтайгаа гэрээ байгуулаагүй, аюулгүй байдлыг хангаагүй байдаг. Ажлын хувцас, багажаар хангаагүй байдаг. Энэ талаар прокурорын тогтоолд тодорхой дурдсан. Үүний улмаас хүний амь нас хохирсон. Тухайн үед багана нураагүй. Харин бохирын хуванцар хоолой байсан. Энэ хоолойн ажлыг мөн адил өөр гүйцэтгэгч хийсэн байдаг. Уг компани чанарын шаардлага хангахгүй ажил хийсний улмаас салж унасан байдаг. Далд ажлыг захиалагч мэдэх боломжгүй. Иймд туслан гүйцэтгэгч 2 компанийн буруугаас осол болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр хохирлыг туслан гүйцэтгэгч нар хариуцахаар дүгнэсэн. Манайх бол зөвхөн захиалагч юм. Ажилчид ажлын талбайгаас хол зориулалтын бус газар хоол идэж байсан. Иймд бригад авч ажиллуулсан болон бохирын шугамын ажил хийсэн 2 компани хариуцах ёстой. Эрүүгийн хэрэгт тус 2 компани яллагдагчаар татагдаж явсан. Иймд эдгээр компанид холбогдуулан нэхэмжлэл гаргах учиртай. Иргэний хуулийн 497.2-т гэм хор учрахад буруугүй бол хариуцлагаас чөлөөлөх талаар заасан. Ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгч оролцуулбал туслан гүйцэтгэгчийн өмнө захиалагч болдог. Сэтгэцэд учирсан гэм хорын хувьд хуульд заасан бол мөнгөөр арилгана. Гэтэл энэ нь 2022 онд нэмэлт орсон бөгөөд уг асуудал 2016 онд болсон тул үндэслэлгүй юм. Нэхэмжлэлд хуулийн 497-г дурдсан байдаг. Энд гэм хор учруулсан бол хариуцаж арилгана гэдэг. Туслан гүйцэтгэгчийг аюулгүй байдлаар хангаагүй гүйцэтгэгч хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй шийдэж өгнө үү.

 

2.2.             Хариу тайлбарт нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлийг тайлбарласан. Нэхэмжлэлийн үндэслэлийг хуулийн 497 гэдэг. Энд санаатай буюу болгоомжгүй гэм буруу байх ёстой. Гэтэл хариуцагч нь гэм буруугийн үйлдэл байхгүй. 3 компани буруутай юм бол яагаад ганц компанийг хариуцагчаар оролцуулж байгаа юм. Энэ нь мөнгөтэй гэдэг утгаар гаргаад байна. Хариуцагч нь бусдаар ажил гүйцэтгүүлснээр буруутай болохгүй. Үүнээс үзэхэд хариуцагч нь хариуцах ёсгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг 2022 онд хуульд өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хэрэг шүүхээр шийдсэн бол үүгээр шийднэ гэж байна. Дээд шүүхээс гаргасан тайлбарт нь 2022 оноос өмнөх гэмт хэрэгт сэтгэцэд учирсан гэм хорыг гаргахгүй гэж байдаг. Тэгэхээр 2016 онд болсон үйл баримтад 2022 оны хуулиар нэхэмжлэх нь үндэслэлгүй. Хуульд өөрчлөлт орохоос өмнөхөд асуудалд хэрэглэхгүй практик тогтсон гэв.

 

3.                   Иргэдийн төлөөлөгч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч болох захиалагч компани нь бүтээн байгуулалт хийсэн. Гэрээтэй компанийн ажлыг хүлээж авахдаа хариуцлагагүй хандсанаас ам нас эрсэдсэн байна. Аюулгүй байдлыг хангаагүй, ажлыг хүлээж авахдаа хуулийн дагуу хүлээж аваагүйгээс болоод асуудал үүссэн. Энэ нь тухайн нөхцөл үүсэх шалтгаан болсон тул хариуцлага хүлээх ёстой. Хохирогчийн нөхөн олговрыг дүрэм журмын дагуу бодитоор төлөх ёстой гэв.

 

4.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

4а. Нэхэмжлэгчээс: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолын хуулбар /ХХ5-10/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 4/488 дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар /ХХ11-12/, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/1243 дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар /ХХ13/, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/1365 дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар /ХХ14-16/, Үндэсний статистикийн хорооны 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 07/88 дугаар албан тоот, хавсралт /ХХ17-18/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 00461 дүгээр шийдвэрийн хуулбар /ХХ31-32/, Ш.ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ33/,

4б. Хариуцагчаас: 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар /ХХ45-49/, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /ХХ50-55/, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /ХХ56-61/, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /ХХ62-68/, 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /ХХ69-72/, 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар /ХХ73-77/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 640 дүгээр тогтоолын хуулбар /ХХ78-81/, гэрэл зураг 4 ширхэг /ХХ120-121/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 23,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 145,279,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч М.******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 114,180,000 төгрөг, хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорын хохиролд 54,199,200 төгрөг, нийт 168,379,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч “Нью тур” ХХК нь хохирогч нас барсан үйл явдалд гэм буруугүй, гүйцэтгэгч нар гэм буруутай гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4.                   Хариуцагч “Нью тур” ХХК нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборыг захиалан бариулах ажил гүйцэтгүүлсэн болох нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, мөн оны 06 дугаар сарын 02 өдөр “” ХХК-тай, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “” ХХК-тай тус тус байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна. /ХХ50-55, 56-61, 62-68/

Энэхүү ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч “” ХХК нь туслан гүйцэтгэгчээр П.Орхон ахлагчтай бригадыг ажиллуулсан болох нь 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдсон. /ХХ69-72/

Уг туслан гүйцэтгэгч бригадын ажилтан Д.******* нь “явган хүний зам тавих ажлыг гүйцэтгэж байхдаа, ажлын байран дээрээ үдийн цайгаа уух үедээ чанар муутай ус сувгийн байгууламжийн өрлөгт 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр дарагдаж нас барсан” болох нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 640 дугаар тогтоолын хуулбараар тус тус тогтоогдож байна. /ХХ5-10, 7, 78/

Хариуцагчийн захиалан бариулсан аялал жуулчлалын цогцолборт ариутгах татуургын шугамын ажлыг гүйцэтгэгч “” ХХК гүйцэтгэсэн болох нь ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдсон. /ХХ62-68/

Улмаар дээр дурдсанаар Д.******* агсан нь амь хохироход шууд нөлөөлсөн бохирын шугамын угсралтыг “” ХХК гүйцэтгэсэн бөгөөд чанарын шаардлага хангаагүйн улмаас дахин далдлах өрлөг гүйцэтгэж, уг өрлөг нурсны улмаас осол болсон нь дээрх 16 болон 640 дүгээр тогтоол, 16 дугаар тогтоолд гэрч Ч.ийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. /ХХ6/

Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

5.                   Нэхэмжлэгч М.******* нь 2011 оны 04 дүгээр сараас 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүртэлх хугацаанд Д.*******той хамтын амьдралтай байсан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 00461 дүгээр шийдвэрээр тогтоогдсон байна. /ХХ31-32/

Цаашлаад нэхэмжлэгч болон Д.******* нарын дундаас 2012 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр овогт *******гийн төрсөн болох нь түүний төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /ХХ33/

Иймд нэхэмжлэгч нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын болон хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 511, 508 дугаар зүйлд зааснаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй юм.

 

6.                   Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолд дурдсанаар хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******т 3,900,000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна. Уг эрүүгийн хэрэг нь “” ХХК-ний захирал Б.д холбогдох хэрэг байх тул нэхэмжлэгч талын хариуцагч нь хохирлын тодорхой хэсгийг төлснөөр гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн гэх тайлбар үндэслэлгүй юм. /ХХ5/

Харин 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хүний амь хохирсон үйл явдалд тухайн төслийн захиалагч буюу энэ хэргийн хариуцагч “Нью тур” ХХК, төслийн гүйцэтгэгч “” ХХК, “” ХХК нар нь холбогдох хуулийг үйлдэл, эс үйлдэхүйгээр зөрчсөн гэм буруутай болох нь тогтоогдсон байна. /ХХ45-49, 73-77/

Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээгээр талууд харилцан үүрэг хүлээх тул ажлын үр дүнгийн чанарын доголдлын улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг гэрээний дагуу гүйцэтгэгч дангаар хариуцах ёстой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн хувьд гуравдагч этгээдийн өмнө гэрээний талууд хэн аль нь аюулгүй байдлыг хангах үүрэгтэй юм.

Иймд эдгээр хуулийн этгээд нар нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар хохирогч шаардсанаар гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй.

 

7.                   Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар буруутай этгээд нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд хариуцан арилгах бөгөөд дээр дурдсанаар хохирогч нас барсан үйл явдалд 3 хуулийн этгээд гэм буруутай байх тул энэ хэргийн хариуцагч нь хохирлыг дангаар хариуцан арилгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдүүд тэнцүү хэмжээгээр хохирлыг арилгах үүрэг хүлээнэ.

Гэвч сэтгэцэд гэм хор учрах гэдэг нь хохирогч нас барах тухайн үед үүсэх хохирол байдаг. Учир нь энэхүү хохирол нь гэмт хэрэг гарах үед хувь хүний сэтгэцийн хариу урвал байдаг.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан, цаашлаад Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дэх хэсэгт тус тус 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж уг зүйл заалтыг Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан. Иймд нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хожим тооцож нөхөн арилгуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

8.                   Нэхэмжлэгч нь хохирогч нас барсны улмаас учирсан хохирлыг амь хохирогч нь хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу орлого олдог байсан боловч татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан тул хохирлын хэмжээг жил бүрийн амьжиргааны баталгаажих доод түвшнээс тооцсон гэж тайлбарлаж байна. Улмаар энэхүү хохирлыг өөрт болон хүүхдэд учирсан хохирол гэж давхардуулан шаарджээ. Тодруулбал, нэхэмжлэлийн үндэслэл болсон амь насаа алдсан этгээдийн орлого нь нэг орлого тул энэхүү хохирлыг хамтран амьдрагч болон хүүхдэд тус тусад тооцох нь нэхэмжлэлийн шаардлагыг давхардуулсан гэж үзнэ. Иймд хохирогч нас барснаас учирсан хохирлыг хохирогчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын хүрээнд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4, 508.4.1-д зааснаар хүүхдийг 16 нас хүртэлх хугацаагаар тооцох нь зүйтэй юм. Харин уг хуульд суралцаж байвал 18 нас хүртэл гэдэг нь энэ хэргийн хувьд тооцогдох боломжгүй. Учир нь Ш. нь одоо 13 настай байх бөгөөд тэрээр 18 нас хүртэл суралцах буюу ирээдүйд болох үйл явдлыг шүүх дүгнэхгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн энэхүү зохицуулалт нь 16-18 настай бөгөөд суралцаж байгаа хохирогчийн хувьд хэрэглэгдэнэ. Цаашлаад хохирогч нас барсны улмаас учирсан хохирол гэдэг нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар олох байсан орлогод хамаарах бөгөөд орлого тодорхойлох боломжгүй байх тул хохирлын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцох нь зүйтэй байна. Энэхүү үндэслэлээр хохирогч нас барсны улмаас учирсан хохирлыг тооцвол

Үндэсний статистикийн хорооноос тогтоосноор Монгол улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 2016 онд 192,000 төгрөг, 2017 оноос 2018 онд 240,000 төгрөг, 2019 онд 320,000 төгрөг, 2020 оноос 2022 онд 420,000 төгрөг, 2023 онд 550,000 төгрөг, 2024 онд 660,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сараас 792,000 төгрөг байсан нь нийтэд илэрхий үйл баримтад хамаарна.

Нэхэмжлэгчийн хүүхэд Ш.ын төрсний бүртгэлийг гэрчилгээний хуулбараас үзэхэд тэрээр 2028 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 16 нас хүрнэ. Иймд хохирогч нас барснаас хойш хүүхэд 16 нас хүртэлх хугацаагаар хохирлыг тооцвол 2016 онд 6 сараар 1,152,000 төгрөг, 2017-2018 онд 24 сараар 5,760,000 төгрөг, 2019 онд 12 сараар 3,840,000  төгрөг, 2020-2022 онд 24 сараар 15,120,000 төгрөг, 2023 онд 12 сараар 6,600,000 төгрөг, 2024 оноос 2025 оны 04 дүгээр сар хүртэл 15 сараар 9,900,00 төгрөг, 2025 оны 04 дүгээр сараас 2028 оны 01 сарыг дуусах хүртэл хугацаанд 34 сараар 26,928,000 төгрөг, нийт 69,300,000 төгрөгийг хохирол тооцогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогч нас барахад 3 хуулийн этгээд гэм буруутай байх тул хариуцагчид хамаарах хохирлын хэмжээ нь 23,100,000 /69,300,000/3/ төгрөг юм.

 

9.                   Эдгээр үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд, иргэдийн төлөөлөгчийн хариуцагч нь ажлыг хуульд заасан журмын дагуу гүйцэтгүүлж, хүлээн аваагүй гэм буруутай тул хохирлыг хариуцах ёстой гэх дүгнэлтийг харгалзан үзээд хариуцагчаас 23,100,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

10.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна. Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар хураамжаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч “Нью тур” ХХК-с 23,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 145,279,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 273,450 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД

 

                                           ШҮҮГЧИД                                       Х.ДАШДЭЧМАА

 

                                                                            Б.МӨНХБАЯР