| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/09397/И |
| Дугаар | 191/ШШ2025/03795 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03795
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б
Нэхэмжлэгч: Б.Т
Нэхэмжлэгч: Б.Т
Хариуцагч: Ч.П/,
Хариуцагч: П.Б
Хариуцагч: Г.Н,
Хариуцагч: П.М
Хариуцагч: Б.Д нарт холбогдох,
Баянзүрх дүүргийн , , 11 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Г- дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 342 м.кв талбайд баригдсан хариуцагч Ч.*******, П.*******, П.*******, Г.******* нарын өмчлөлийн 3 давхар орон сууц болон авто угаалгын газрыг буулгаж, газрыг кадастрын хэмжээнд албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Байгалмаа, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.*******, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагч Б.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Байгалмаа, Б., Б.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, өөрчилсөн шаардлага, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Байгалмаа, Б.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 174,000,000 төгрөг гаргуулах тухай.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 230 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 375 кв.м бүхий газрыг өмчлөх шийдвэрийг 2006 оны 05-р сарын 16-ны өдөр гаргуулж, дээрх газар нь нэр бүхий 7 хүний нэр дээр өмчлөлтэй эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартайгаар газар өмчлөх гэрчилгээ гарсан. Уг газар дээр хамтран байшин барьж, газрын өмчлөгчид тус тусдаа өрөөнд амьдрахаар тохирсон боловч уг байшинд ус, сан зэрэг тухтай амьдрах зүйл холбогдоогүйн улмаас ээж болох Л Байгалмаа, түүний хүү Б., Б.******* нар өөр газар амьдарч байсан. Энэ хугацаанд бусад өмчлөгчид уг байшингийн мансардыг буулгаж, 3 давхар болгож, өөрсдөө дээд давхарт нь амьдарч байгаагаас гадна бусад
өрөөнүүдийг түрээсэлж, мөн зам дагуу харсан авто угаалгын газар нээж, бизнес хийн, их хэмжээний орлого олж байсан байна. Үүнийг мэдмэгцээ нэхэмжлэгч нар удаа дараа очиж уулзсан боловч үр дүнд хүрээгүй учраас Л.Байгалмаа нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өмчлөгч хасагдах хэлцлээр маргаан бүхий газрын өмчлөгчөөс нэр нь хасагдсан тухай мэдээлэл гарч ирсэн байна.
Нэхэмжлэгч нар газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, маргаан бүхий газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч Л.Байгалмааг дээрх хаягт байрлах амины орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн , , 11 тоотод байрлах Улсын бүртгэлийн г дугаартай газрын хууль ёсны хамтран өмчлөгчөөр Л.Байгалмаа, Б., Б.******* нарыг тогтоож, тус шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 271 дүгээр магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Тухайн маргаан бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 230 дугаар захирамжаар 375 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр 2006.05.16-ны өдөр гарч, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай гэрчилгээ гарсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын лавлагаагаар 342 м.кв гэж гарсан. Уг газрын ертөнцийн зүгээр зүүн талд амины орон сууц байгаа ба өмчлөгчөөр нь Ч.*******, П.*******, П.*******, Г.******* нар тогтоогдсон шүүхийн шийдвэр, магадлал /нотлох баримтаар хавсаргасан/ бий.
Маргаан бүхий 342 м.кв газрыг 7 өмчлөгчид хуваахад нэг өмчлөгчид 48,85 м.кв ногдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглах нийт газар 146.57 м.кв байна. Нийт 342 м.кв газрын 195.43 м.кв газарт бусад 4 өмчлөгчийн нэр дээр бүртгэгдсэн орон сууц байрлаж байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар ашиглаж болохуйц талбай 146.57 үлдэж байна. Энэхүү талбайг нэхэмжлэгч нар эрхийн хүрээнд эзэмшиж, ашиглах гэхээр тухайн талбай дээр бусад 4 өмчлөгч нар авто угаалгын газар барьж ашиглаж байгаа ба нэхэмжлэгч нарын шаардлага зөвшилцлийг хүлээж аваагүй.
Маргаан бүхий газрыг нийтэд нь хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний "Ашид билгүүн” ХХК-нд хандан үнэлгээ хийлгэхэд 2024.05.30-ны өдрийн №ҮХХ-1711-1 дугаартай Хөрөнгө үнэлсэн тухай албан тоотоор 2024 оны 05-р сарын байдлаар Баянзүрх дүүргийн 25-р хороо, , 11 тоотод байрлах, Улсын бүртгэлийн г дугаартай, ******* газрын нэгж талбарын дугаартай 342 кв.м талбайтай газрыг 406,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан гарсан байгаа ба нэхэмжлэгч нарт ногдох 146.57 м.кв талбай бүхий газрын үнэлгээ 174,000,000 төгрөг байхаар гарсан байна.
Иймд хариуцагч Ч.*******, П.*******, П.*******, Г.******* нараас 174,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч Л.Байгалмаа, Б., Б.******* бид нарт мэдэгдээгүй, бас зөвшөөрөл өгөөгүй байхад буюу Баянзүрх дүүргийн , , 11 тоотод байрлах, Улсын бүртгэлийн г дугаартай, ******* газрын нэгж талбарын дугаартай 342 кв.м талбайд баригдсан хариуцагч Ч.*******, П.*******, П.*******, Г.******* нарын өмчлөлийн 3 давхар орон сууц болон авто угаалгын газрыг буулгаж, газрыг кадастрын хэмжээнд чөлөөлүүлэх:
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн үндэслэл:
Анх нэхэмжлэгч Л.Байгалмаа, Б., Б.******* нар маргаан бүхий 342 м.кв талбайтай газар нь 7 өмчлөгчтэй бөгөөд өмчлөгч тус бүрд 48.857 м.кв газар ногдож байх бөгөөд түүнийг 3 нэхэмжлэгчид үржүүлэхээр 146.57 м.кв газар болж өөрсдөдөө ноогдох талбайн газрын үнэ болох 174 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага
л гаргасан.
Гэтэл хариуцагч Ч.*******, П.*******, П.*******, Г.******* нар хариу тайлбараа 2025.01.20-ны өдөр гаргахдаа нэхэмжлэгч нарын газрын өмчлөх эрхийг хасуулна, мөн 174 сая төгрөг төлөхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байна. Үүнд:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн -ны өдрийн 101\ШШ2018\03651 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Л.Байгалмаа, Б., Б.******* нарыг эрхийн улсын бүртгэлийн эрхийн Г- дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн , , 11 тоот газрын хамтран өмчлөгч болохыг тогтоосон.
Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.02.13-ны өдрийн 271 дугаартай магадлалаараа анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Энэ газар 7 хүний өмч бөгөөд газрын хэсэг тус бүрийг өмчлөгч нар дундаа тэгш эрхтэйгээр хамтран өмчлөх бөгөөд хэн нэг нь өөрийн хүсэл зоригийн дагуу аль нэг хэсгийг салган өмчлөх боломжгүй юм. Харин өмчлөгч нар харилцан тохиролцож хэлцэл хийх замаар өмчлөх эрхийг салган Баянзүрх дүүргийн газрын албанд хандаж бүртгүүлэх боломжтой.
Гэтэл хариуцагч нар болох Ч.*******, П.*******, П.*******, Г.******* нар нь энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд улмаар нэхэмжлэгч Л.Байгалмаа, Б., Б.******* бид нарт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн 3 давхар орон сууц барьж, өөрсдөө дээд давхарт нь амьдарч, бусад өрөөнүүдийг хөлслүүлэх, мөн зам дагуу харсан авто угаалгын газар нээн ажиллуулж, нэхэмжлэгч нарт оногдох хэсэгт ногдох үр шимийг хүртэж байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д “Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй.”, мөн зүйлийн 108.4-д “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно”, Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй ”, мөн зүйлийн 488.3-д “Дундаа хэсгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж үл болно.” гэж заасан байна.
Эндээс үзэхэд маргаан бүхий газар нь 7 хүний өмч бөгөөд тэд нарын нэр дээр бүртгэлтэй тул хариуцагч 4 хүн гурван давхар орон сууц болон авто угаалгын газар барихдаа бусад өмчлөгч буюу нэхэмжлэгч 3 хүнд энэ талаар мэдэгдэж, зөвшөөрлийг нь авах ёстой, мөн өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй, оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж үл болно гэж нэрлэн зааж, хуульчилсныг зөрчсөн гэж нэхэмжлэгч нарын зүгээс үзэж байна.
Иймд нэхэмжлэгч Л.Байгалмаа, Б., Б.******* бид нарт мэдэгдээгүй, бас зөвшөөрөл өгөөгүй байхад буюу Баянзүрх дүүргийн , , 11 тоотод байрлах, Улсын бүртгэлийн г дугаартай, ******* газрын нэгж талбарын дугаартай 342 кв.м талбайд баригдсан хариуцагч Ч.*******, П.*******, П.*******, Г.******* нарын өмчлөлийн 3 давхар орон сууц болон авто угаалгын газрыг буулгаж, газрыг кадастрын хэмжээнд чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байна.
1.2. Газрын маргаан үүсгэж байгаа юм. Газар дээр байгаа зүйл нь тодорхой болгосон тул *******ыг хамтран хариуцагчаар татсан. ******* нь нас барсан аавын минь бүтээсэн зүйлийг үгүйсгэж байгаад харамсаж байна. Нас барсан ахынхаа нэр төрд халдаж байна. Байшин барих болсон шалтгаан нь тэр үед зөвшөөрөлгүй хүмүүс байсан. Ганди гишүүн болох үедээ шаардлага хангасан барилга баривал амьдрах зөвшөөрөл гаргана гэснээс манай аавтай уулзаад байшин барьж эхэлсэн. Миний хөрөнгө тодорхой хэмжээгээр байшин барихад орсон. Манай бага хүүхэд өвчтэй байхад бидний гарын үсгийг хуурамчаар үйлдээд нэр хасуулчихсан байсан. Улмаар шүүхээр буцааж тогтоосон. Энэ үед нотолж чадаагүй тул барилгад нэр оруулж чадаагүй. Бид барилга дээр маргаж байгаа зүйлгүй. Ашигтай байрлалд байгаа тул өгөхгүй гээд байна. Газар нь дундын өмчлөлийнх юм. Хамтран ашиглах эрхтэй тул энэ шаардлагыг тавьж байгаа. Анх 2000 онд аав над уруу яриад 2003 онд намайг ирэхэд ерөнхий барилга нь баригдчихсан байсан. Газрын өмчлөгчөөр анх 2006 бүртгэгдсэн.
1.3. Нэхэмжлэгч нарын маргаан бүхий газар нь 7 өмчлөгчтэй. Тус бүрд ногдох хэсгийг 174 сая төгрөг гаргуулахаар шаардсан. Улмаар хариуцагч нар нь өмчлөх эрхийг хасуулна гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарыг хамтран өмчлөгчөөр тогтоосон. Газрыг тэгш эрхтэйгээр хамтран өмчлөх бөгөөд хэн нэг нь салгаж өмчлөхгүй юм. Харин тохиролцвол салгаж бүртгүүлэх боломжтой боловч хариуцагч нар зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн дур мэдэн 3 давхар барилга болон угаалгын газар барьсан. Ингэснээрээ нэхэмжлэгч нар газраа эзэмших боломжгүй байгаа юм. Иймд бусад өмчлөгч буюу нэхэмжлэгч нарт мэдэгдэж зөвшөөрсний дагуу барилга барих байсан. Гэвч зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүй баригдсан орон сууц болон авто угаалгын газрыг буулгаж газар чөлөөлүүлнэ. Авто угаалга нь *******ынх гэсэн тул хамтран хариуцагч татсан. Намайг 84 сургуульд орох гэж нэр оруулсан гэж байна. Би 1994 онд төрсөн 6 настайдаа сургуульд орсон бөгөөд 2000 онд сургуульд орсон. Манай ах надаас 4 ах тул өмнө нь 84-р сургуульд орсон тул хариуцагчийн хэлээд байгаа хугацаатай тохирохгүй байна. Газрын гэрчилгээ гарахад би 6-р ангид байсан. Бид газрын гэрчилгээг ашиглаж сургуульд ороогүй. Бид газрын маргаан хийж байгаа юм. Өөрийн өмчлөлийн газар дээр л маргаж байгаа юм. Иймд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь хамааралгүй юм.
1.4. Хурал үргэлжлэх боломжтой. Иргэний хуулийн 108.2, 108.4, 106.1-р нэхэмжлэл гаргаж байгаа. Газар 7 хүний өмч тул хэсэг тус бүрийг дундаа өмчилнө. 108.4-т зааснаар бусад өмчлөгч нараас заавал зөвшөөрөл авах ёстой. Нэхэмжлэгч Байгалмаад хүнд үе тохиолдсон. Хариуцагч , нар барилга барихдаа нэхэмжлэгч нараас зөвшөөрөл аваагүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч нар газрын өмчлөгч мөн боловч газраа ашиглаж чадахгүй байна. Авто угаалгыг ганц сарын дотор л барьдаг тул өмчлөлийн гэрчилгээ гардаггүй. Хэрэв ******* хохирч байгаа бол *******гээс нэхэх эрх нээлттэй гэв.
2. Хариуцагч Ч.*******, П.*******, П.*******, Г.******* нар нь шүүхэд, хариуцагч бөгөөд хариуцагч нарын төлөөлөгч Ч.*******, Б.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Г.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Байгалмаа, Б., Б.******* нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч нар хүлээж авч танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалтай огт нийцэхгүй, хууль бус, үндэслэлгүй байна. Тухайлбал:
1. Газар эзэмшиж, өмчилсөн бодит нөхцөл байдал, оруулсан хөрөнгө оруулалтын тухайд:
Хариуцагч Ч.*******, нөхөр Л.тэй 1998 онд хог шороотой, тэгш бус гадаргуутай газар байсныг цэвэрлэж, тэгшлэн хашаа барьж эзэмшиж эхэлсэн. Тухайн газар дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгдөггүй байсан бөгөөд 2004 онд анх цагаан хуудастай болж, 2006 онд өмчлөх эрхийг гэрчилгээтэй болсон юм.
Нийслэлээс өмчлөх эрхийн гэрчилгээ авах дээрх үед хамаатны хүн болох Г. өөрийн охины хүүхдүүдийг ойролцоох 84 дүгээр сургуульд суулгах зорилгоор “...харъя хаягт байхгүй бол бүртгэхгүй байна...” гэх шалтгаан хэлж, харьяалах хаягт буюу одоогийн Баянзүрх дүүргийн , 11 тоотод өөрийн эхнэр хүүхэд болох Л.Байгалмаа, Б., Б.******* нарын нэрийг оруулж өгөхийг Ч.******* надаас хүсэхэд нь миний бие зөвшөөрч өөрийн гараар нэрсийг нь бичиж өмчлөгчөөр бүртгүүлсэн нь энэхүү маргааны эхлэл болчихлоо. Тухайн үед хожим ийм зүйл болохыг огт төсөөлсөнгүй.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан “...Уг газар дээр хамтран байшин барьж, газрын өмчлөгчид тус тусдаа өрөөнд амьдрахаар тохирсон боловч уг байшинд ус, сан зэрэг тухтай амьдрах зүйл холбогдоогүйн улмаас ... өөр газар амьдарч байсан...” гэх тохиролцоо, үйл явдал огт болоогүй бөгөөд нэхэмжлэгч нар энэ хаягт амьдарч байгаагүй юм. Тухайн байшинг хамт барьсан мэтээр бичсэн нь худал бөгөөд байшин барьсан бол тодорхой хэмжээний хөрөнгө, хүч орсон байх байсан нь илт ойлгомжтойн дээр газар эзэмших, өмчлөхтэй холбоотойгоор ямар нэгэн идэвх, бодит эзэмшил, татвар хураамж төлсөн, гэрээ, хэлцэл байгуулж байсан зүйл байхгүй. Бид цаашид дээрх асуудлыг илүү судалж, тодруулан нэхэмжлэгч нарыг өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасуулах талаар арга хэмжээ авах болно.
2. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тухайд:
Иргэний хуульд заасан дундаа хэсгээр өмчлөх, дундаа хамтаар өмчлөх тухай ойлголтын аль нь болох, түүнээс шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл журам тодорхой байхаар байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т” шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бөгөөд ойлгомжтой байх ёстойг хуульд заасан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч нар өөрсдөө үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж, хийлгэсэн үнэлгээгээр гарсан үнийн дүнгээс 3 өмчлөгчид ногдсон гэх 174.000.000 /зуун далан дөрөв/ сая төгрөгийг шууд нэхэмжилж байгаа нь тухайн газрын хохирол төлбөрийн нэхэмжлэлийн шаардлага уу, шууд худалдан авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага уу гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1. Иргэн Л.Байгалмаа, Б., Б.******* нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагч нар хүлээж авч танилцаад, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Өмнө нь гаргасан тайлбараас гадна нэхэмжлэлийн шаардлага нь хэт нэг талыг барьсан, хууль бус, үндэслэлгүй байна. Тухайлбал:
1. Нэхэмжлэлийн шаардлага хэт нэг талыг барьсан, хууль бус, үндэслэлгүй байгаа
тухайд:
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ дурдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч нар “...Одоогоос 10 гаруй жилийн өмнө Л.Байгалмаагийн /Б.Болормаа, Т. нарын хувьд өвөө болох/ Г. амьд байхдаа, өөрийн эгчийн охин Ч.*******, түүний нөхөр Л. нартай тохиролцон одоогийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ойн 11 тоот, 6 айлын 2 давхар мансардтай байшинг барьж, дараах айлуудыг амьдруулахаар Г.д 2 өрөө, Ч.*******д 2 өрөө, Л.Байгалмаад 2 өрөө, Т.ид 2 өрөө, Д.Баттогтоход 2 өрөө, аав Г. өөрөө эзэмшин, юм хийхээр төлөвлөсөн 2 өрөөг тус тус хуваарилан өгсөн...” /хавтаст хэргийн 8-р тал/ гэж дурджээ.
Гэтэл нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ “...маргаан бүхий газар нь 7 хүний өмч бөгөөд тэд нарын нэр дээр бүртгэлтэй тул хариуцагч 4 хүн гурван давхар орон сууц болон авто угаалгын газар барихдаа бусад өмчлөг буюу нэхэмжлэгч 3 хүнд энэ талаар мэдэгдэж, зөвшөөрлийг нь авах ёстой...” гэхчлэн илт зөрүүтэй тайлбаруудыг удаа дараа гаргаж байгаа бөгөөд нөхцөл байдлыг өөрт ашигтай л бол үнэт бодит эсэхийг үл тоон нэг талыг барьж, шүүхэд худал тайлбар, үндэслэлийг гаргаж байна.
2. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тухайд:
Иргэний хуульд заасан дундаа хэсгээр өмчлөх, дундаа хамтаар өмчлөх тухай ойлголтын аль нь болох, түүнээс шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл журам тодорхой байхаар байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т” шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бөгөөд ойлгомжтой байх ёстойг хуульд заасан байдаг.
Гэтэл хариуцагч нарын 360.000.000 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 3 давхар орон сууц болон авто угаалгын гадрыг буулгаснаар нэхэмжлэгч нарын яг ямар хуульд заасан зөрчигдсөн эрх, хэрхэн сэргэх нь тодорхойгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ нэг бол дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж бичээд нэг бол дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгө гэж бичээд байгаа нь агуулгын хувьд илт зөрчилтэй байна. Мөн дундын өмчийн газрыг кадастрын хэмжээнд хэрхэн чөлөөлөх талаар, хариуцагч нарын газар өмчлөх эрх хэрхэн хөндөгдөх талаар огт дурдаагүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Газар анхнаасаа манай нөхрийн нэр дээр байсан юм. Үл хөдлөхөөр ороход Байгалмаа байгаагүй. 2 хүүхэд нь ах дээрээ байсан юм. Над дээр ирээд *******, нар нь харьяаллын биш гээд газар дээр авчих гэсэн юм. Тэгээд би нэрийг нь оруулсан юм. Нэрийг нь нэмж бичээд өргөдөл өгсөн юм. Ингээд 7 хүнийх болгоод нэр нэмүүлсэн юм. Үүний дагуу 2016 оноос шүүхээр яваад байгаа юм. Би хойшдоо ийм юм болно гэж мэдээгүй нэрийг нь оруулчихсан юм. Энэнээс болоод ийм юм болж байна. Одоо ингээд мөнгө газар нэхээд байгаа юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би Байгалмаатай ярьсан зүйл байхгүй. Хамгийн гол нь 2 хүүхдийг сургуульд харьяалалтай болгох гээд нэрийг нь оруулчихсан бөгөөд нагац ахыг үхсэний дараа ийм юм яриад эхэлсэн. Нагац ахын хөрөнгийг хурааж авчхаад одоо миний юмыг хурааж авах гээд байна. Барилгын 1-2 давхрыг хуучин тоосго болон өөр хүний өгсөн модоор барьсан юм. Барилгыг 2000 онд суурь тавиад 2001 оноос өрлөг хийж эхэлсэн. ******* нь манай нөхрийн эгчийн хүүхэд. Авто угаалгыг манай нөхөртэй яриад барьсан юм. 2014 онд барьсан юм.
2.3. Байшин 2001 оноос баригдаж эхэлсэн. 2 давхар болгоод цахилгаангүй байсан. Улмаар засаж сайжруулсан. Ингэхдээ зээл авч байшинг 3 давхар болгоод дэд бүтцэд холбуулсан юм. Угаалгыг 2014 онд банк бусаас зээл авч барьсан юм. Өмнөх хурлаар газар болон байшин дээр нэр байсан боловч газраас нэр хассан. Авто угаалга нь үл хөдлөхийн гэрчилгээгүй. Нэхэмжлэгч нар нь нэр түр орсон гэж бодож байсан. Авто угаалгыг 2014 онд барьсан.
2.4. Хамтран хариуцагч татагдсантай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримтыг гаргаж байна. Мөн газартай холбоотой баримт нийт 34 хуудас баримт гаргаж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар Иргэний хуулийн 106-р үүсэж байна. Энд хууль бус эзэмшлээс чөлөөлөх асуудал яригдаж байна. 4 хүнээс зөвшөөрсөн тул хууль бус эзэмшил биш юм. Дундаа хамтран болон хэсгээр өмчлөх гэж ойлголт байдаг. Дундаа хэсгээр өмчилсөн бол энэ нь зөв юм. Гэтэл дундаа хамтран өмчилж байна. Нэхэмжлэгч нар нь хамтран өмчлөх эрхийг хэт нэг талыг барьсан шаардлага гаргаад байна. Иймд нураах урьдчилсан нөхцөл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03651 дүгээр шийдвэрийн хуулбар /ХХ717/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 271 дүгээр магадлалын хуулбар /ХХ18-25/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа 4 ширхэг /ХХ26-29/, кадастрын зураг 2 ширхэг /ХХ31, 54/, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас /ХХ32/, үнэлгээний тайлбар /ХХ33-53/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /ХХ47/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 06/1529 дүгээр албан тоот /ХХ56/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14030 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17467 дугаар, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 19414 дүгээр захирамжийн хуулбар /ХХ57-59, 60-61, 62-64/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 23926 дугаар захирамж /ХХ65-68/, гэрэл зураг 4 ширхэг /ХХ191/, кадастрын зураг /ХХ192-194/
3б. Хариуцагчаас: Газар өмчлүүлэх тухай шийдвэрийн хуулбар /ХХ215-216./, газар өмчилж авах өргөдлийн хуулбар /ХХ217-218/, газар эзэмших гэрчилгээний хуулбар /ХХ219220/, тодорхойлолтын хуулбар /ХХ221/, өргөдлийн хуулбар /ХХ222-223/, П.*******ий төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ224/, Г.*******ааагийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ225/, П.Мөнхтулгын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ226/, Л.Байгалмаагийн иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ228/, Б.ий төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ229/, Б.*******ы төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ230/, кадастрын зургийн хуулбар /ХХ231/,барилгын гадна дулаан, халуун ус, цэвэр усны шугамын ажлын төсөв /ХХ232-238/, үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ /ХХ238-240/, гараар бичсэн баримт /ХХ241/, улсын байцаагчийн дүгнэлт /ХХ242-243/, техникийн нөхцөлийн тодруулах хуудас /ХХ244/, “Гангар од” ХХК-ийн албан тоот /ХХ245-246/, техникийн нөхцөл /ХХ247/, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-н албан тоот /ХХ248/,гэрэл зураг 3 ширхэг /ХХ249-250/,
3.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, , 11 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дүгээрт бүртгэгдсэн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа болон уг газар, эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох баримтууд /ХХ165-178/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Л.Байгалмаа, Б., Б.******* нар нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, , 11 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаар бүртгэгдсэн, 342 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газраас өөрсдөд ногдох хэсэгт 174,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөх эрх хэрэгжүүлэх боломжгүй байгаа, бусад өмчлөгч нар маргаж буй газар дээр зөвшөөрөлгүйгээр орон сууцны зориулалттай 3 давхар барилга болон авто угаалгын газар барьсан тул уг 2 үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж, газрыг чөлөөлөх гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. /ХХ130-131/
3. Хариуцагч Ч.*******, П.*******, П.*******, Г.******* нар нь маргаж буй газар нь нэхэмжлэгч нарын өмчлөлд байгаагүй бөгөөд нэхэмжлэгч Л.Байгалмаагийн хүүхэд болох нэхэмжлэгч Б., Б.******* нарыг дунд сургуульд бүртгүүлэх зорилгоор өмчлөгчөөр бүртгүүлсэн. Уг газар нь анхнаасаа хариуцагч нарын өвлүүлэгчийн өмчлөлийг газар байсан. Хариуцагч Б.******* нь газар дээр байсан 2 давхар барилга нь ашиглах боломжгүй байсныг бусдаас зээл авах замаар 3 давхар болгон нэмж барихдаа дэд бүтэцтэй холбож ашиглах боломжтой болгосон, мөн зээлийн мөнгөн хөрөнгөөр авто угаалгын газар барьсан, энэ үед газрын өмчлөгч байсан гэж маргаж байна.
4. Нэхэмжлэгч нар нь 2006 онд маргаж буй газрын өмчлөгчөөр бүртгэгдээд 2014 онд өмчлөгчөөс хасагдсан боловч ийнхүү өмчлөгчөөс хассан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсон нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03651 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна. /ХХ7-17/
Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 271 дүгээр магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /ХХ18-25/
Дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтын талаар зохигч маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байдаг.
Иймд нэхэмжлэгч нарыг 2006 оноос эхлэн маргаж буй газрыг өмчлөх эрхтэй байсан гэж үзэх үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч нар нь маргаж буй газар дээр байгаа орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон авто угаалгын газрыг буулгаж, газрыг чөлөөлөх гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар "газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг ойлгоно.
Цаашлаад нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан үндэслэл, эрхийн дагуу мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тайлбарлаж байна.
Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нар нь өөрийн өмчлөлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс шаарджээ.
6. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 10-3/334 дүгээр албан тоотоос үзэхэд уг газар дээр эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 420 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байна. /ХХ165/
Энэхүү хувийн сууц нь хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /ХХ175/
Уг барилгыг 2000 оноос эхэлж барьсан, улмаар 2003 онд барилгын дийлэнх хэсэг баригдсан байсан талаар зохигч хэн аль нь маргаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч Л.Байгалмаа нь дурдсан хугацаанд БНСУ-д оршин байх үед өөрийн эцгийн санал болгосноор барилга барихад тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө дамжуулан зарцуулсан гэж тайлбарлаж байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Л.Байгалмаа нь уг барилгыг барихыг зөвшөөрсөн, зөвшөөрч байсан гэж үзнэ. Түүнчлэн энэхүү 3 давхар барилгыг барьж эхлэх үед дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нар нь маргаж буй газрын өмчлөгч байгаагүй. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03651 дүгээр шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч нарт 2006 оноос газар өмчлөх эрх үүссэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нарын уг барилгаас ногдох хэсгийг эзэмшүүлээгүй гэх тайлбар нь уг барилгыг хууль бусаар барьсан гэж үзэх үндэслэл болохгүй.
7. Маргаж буй газар дээр байгаа авто угаалгын газрыг 2014 онд хариуцагч Б.******* барьж ашиглалтад оруулсан үйл баримтын талаар зохигч маргаагүй. Тухайн үед нэхэмжлэгч нар нь газрын өмчлөгч байсан боловч өөрийн эрхийг хэрэгжүүлэх буюу барилга барих үйлдлийг зогсоох талаар эрхээ хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна. Мөн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Иймд нэхэмжлэгч нар нь эс үйлдэхүйгээр авто угаалгын газар барихыг зөвшөөрсөн гэж үзлээ.
Улмаар маргаж буй газрын бусад өмчлөгч буюу хариуцагч нар нь авто угаалгын газар барихыг зөвшөөрсөн байх тул Б.*******ыг нь хууль бусаар газрыг эзэмшиж байна гэж шууд үзэхгүй.
Эдгээрийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл орон сууцны зориулалттай барилга нь нэхэмжлэгч нарт газар өмчлөх эрх үүсэхээс өмнө дийлэнх хэсэг нь баригдсан, өөрөөр хэлбэл барилга бүхий газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн, улмаар барилга барихыг хожим зөвшөөрсөн, харин авто угаалгын газрын хувьд маргаж буй газар нь 7 өмчлөгчтэй бөгөөд үүнээс 4 өмчлөгчийн зөвшөөрлөөр баригдсан байх тул хариуцагч нарыг маргаж буй газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үндэслэлгүй.
8. Харин нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх тайлбарын хувьд өмчлөх эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс өөрөөр жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Нэхэмжлэгч нар нь анх нэхэмжлэл гаргахдаа маргасан газраас өөрсдөд ногдох хэсгийн үнэлгээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө уг газрыг бүхэлд нь чөлөөлөх шаардлагын дагуу улсын тэмдэгтийн хураамжийг нэмж төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул анх нэхэмжлэл гаргахдаа болон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө төлсөн хураамжийг бүхэлд нь улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Ч.*******, П.*******, П.*******, Г.*******, Б.******* нарт холбогдох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, , 11 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаар бүртгэгдсэн, 342 м.кв талбайтай газар дээр байгаа эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 420 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон авто угаалгын газрыг буулгаж, газрыг чөлөөлөх тухай нэхэмжлэгч Л.Байгалмаа, Б., Б.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,187,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД