| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/01354/И |
| Дугаар | 191/ШШ2025/03959 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/03959
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Н холбогдох,
Баянзүрх дүүрэг, *******, *******, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаар бүртгэгдсэн, нэгж талбарын ******* дугаартай, 252 м.кв талбайтай газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* овогтой ******* нь Баянзүрх дүүргийн 37-р хороо *******-45 тоот хаягт байршилтай 252 м. кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн Э-******* дугаартай газрыг эзэмшдэг.
Хариуцагч нь иргэн Ц.*******гийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй гэрээ барьж оршин сууж байгаа бөгөөд газар чөлөөлүүлэх асуудлаар Баянзүрх дүүргийн газрын албанд албан бичгээр хандсан ба шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн урьдчилсан шийдвэрлэсэн хариу гарсан.
Ц.*******гийн өөрийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй айл амьдарч нүүхгүй, суллаж өгөхгүй байгаа тул өөрөө эзэмшлийн газартаа бууж чадахгүй, очих газар байхгүй өөр айлын эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй түр оршин сууж мөн тухайн газрын эзэд нь шүүхэд албадан газар чөлөөлүүлэхээр хандан одоо шүүхийн шатанд асуудал нь явж байгаа ба маш хүнд байдалд байна.
Иймд иргэн Ц.*******гийн өмч болох Баянзүрх дүүргийн 37-р хороо *******-45 тоот хаягт байршилтай газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь маргаж байгаа 45 тоот хаягт байрлах газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшдэг. Уг газар хариуцагч амьдардаг бөгөөд чөлөөлөх хүсэлт удаа дараа гаргасан боловч чөлөөлөөгүй. Газрын албанд хүсэлт гаргасан боловч шүүхэд ханд гэсэн юм. Иргэний хуулийн 92-д зааснаар шүүхэд хандаж байна гэв.
2. Хариуцагч Г.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чулуун овооны 1-46-д оршин суудаг. Уг газар нь манай хамаатан *******ын газар гэж буулгаж 25 жил амьдарсан. Одоо чухам хэний газар болсныг би мэдэхгүй, надад хамаагүй, зөвхөн амьдарч байгаа үнэн. Одоо нүүлгэхээр болсон бол надад татлаа байхгүй нүүхэд бэлэн.
2.1. Би энэ газар 25 жил амьдарч байна. Эзэн нь манай дүү манай газар гээд буулгасан. Надад газрын эзэмших эрх нь хамаагүй. Би зүгээр л амьдардаг. 2 сард нүү гэж бичиг ирсэн ба одоо бол нүүхэд бэлэн байгаа юм. Тухайн үед өвөл байсан. Надад татгалзаад байх юм байхгүй. Одоо бол нүүхэд бэлэн байна гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа /ХХ3/, газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт /ХХ4/, өргөдөл /ХХ6-7/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.******* нь Баянзүрх дүүрэг, *******, *******, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаар бүртгэгдсэн, нэгж талбарын ******* дугаартай, 252 м.кв талбайтай газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Г.******* нь тухайн газар амьдарч байгаа бөгөөд чөлөөлөхийг зөвшөөрсөн.
4. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн дугаар захирамжаар тус дүүргийн *******, ******* гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаар бүртгэгдсэн, нэгж талбарын ******* дугаартай, 252 м.кв талбайтай газрыг 2034 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хүртэл хугацаагаар эзэмшиж байгаа болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, кадастрын нэгж талбарын тодорхойлолтоор тогтоогдсон. /ХХ3, 4/
Уг газар хариуцагч нь оршин сууж байгаа талаар хэн аль нь шүүх хуралдаанд тайлбарласан. Улмаар хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна.
5. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар эд хөрөнгө эзэмшигч нь гуравдагч этгээдийн хувьд тухайн эд хөрөнгөний өмчлөгч гэж тооцогдоно. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, *******, *******, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаар бүртгэгдсэн, нэгж талбарын ******* дугаартай, 252 м.кв талбайтай газрыг хариуцагч Г.*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД