| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/03973/И |
| Дугаар | 191/ШШ2025/04184 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/04184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д М П нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т А Э ХХК холбогдох,
Өмнө эрхэлж байсан ерөнхий геологичийн ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хангамжид 33,056,250 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжид 58,090,680.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Австрали улсын иргэн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлж, тодруулсан шаардлага, түүний төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхий захирал ба Ахлах геологичийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах.
Нэхэмжлэлийн үндэслэл: Австрали улсын иргэн ******* (*******) миний бие 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хуулийн этгээд "*******" ХХК-ийн Ерөнхий захирал ба Ахлах геологич албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Уг хугацаанаас хойш компанийн Монгол Улс дахь бизнес хөгжлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан бүхий л чиг үүргийг миний бие хэрэгжүүлэн ажиллаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухай бүрд нь биелүүлсээр ирсэн болно.
Гэтэл 2021 оны 07 сарын 20-ны өдөр "*******" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Австрали Улсын хуулийн этгээд "*******" Ltd нь үлдсэн 50 хувийг эзэмшигч Монгол Улсын хуулийн этгээд "*******" ХХК-д эзэмшлийн хувьцаагаа бүхэлд нь худалдахаар шийдвэрлэсэн болно. Гэвч энэхүү шийдвэрийг баталгаажуулсан "*******" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын 4 дэх заалтаар намайг хөдөлмөрийн гэрээнд дурдсан албан тушаалаас чөлөөлж Наммандах овогтой Энхтэмүүлэнийг томилж шийдвэрлэснийг миний бие тухайн шийдвэр гарах цаг үед л мэдсэн бөгөөд гагцхүү "*******" Ltd-ээс олгосон итгэмжлэлийн дагуу хувьцаа эзэмшигчийг төлөөлж шийдвэрт гарын үсэг зурах үйлдлийг итгэмжлэн хэрэгжүүлсэн болно.
Мөн хариуцагч нь ямар шалтгааны улмаас намайг ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдээгүй, үндэслэлийг огт тайлбарлаагүй хэрнээ ажлаа хүлээлгэн өгч компанийн тамга тэмдгийг шилжүүлэхийг шаардсан. Үүний дагуу нэгэнт компани ийнхүү шийдвэр гаргасан тохиолдолд албан ёсны тамга тэмдгийг томилогдсон гүйцэтгэх захиралд шилжүүлэхгүй байх нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдахад саад учруулна гэж миний бие үзсэн тул хүлээцтэй хандаж, тамга тэмдгийг хүлээлгэн өгч, болоод байгаа асуудлаар Ажил олгогчоос албан ёсны мэдэгдэл тайлбар хийхийг хүлээсэн. Гэвч хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг зөрчин надад өнөөдрийг хүртэл ажлаас халсан шийдвэрийг албан ёсоор гардуулаагүй, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэргийг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй учир ямар үндэслэл шалтгааны улмаас намайг ажлаас халсныг одоог хүртэл миний бие ойлгохгүй байгаа болно. Учир нь Хөдөлмөрийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2-т Хөдөлмөрийн гэрээг Ажил олгогчийн санаачилгаар мэдэгдэл өгөлгүйгээр цуцлах нөхцөлийг тодорхой заасан бөгөөд тус заалтад дурдсан аливаа үндэслэл огт бүрдээгүйгээс гадна тус заалт болон холбогдох хуульд заасан гэрээг цуцлахад хүргэх ноцтой зөрчлийг гаргаагүй байхад ийнхүү шийдвэр гаргасан нь ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээний 18 дугаар зүйлийн 18.2-т "Энэхүү гэрээг Монгол Улсын хуулийн дагуу тайлбарлан зохицуулах ба талууд нь Монгол Улсын шүүхийн онцгой харьяалалд хамаарна" гэж заасны дагуу нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байгаа болно.
Хариуцагч "*******" ХХК (РД:) нь 2014 оны 09 сарын 01 буюу Хөдөлмөрийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд "Траверс ресорсиз" ХХК гэх оноосон нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан болно. Үүнээс хойш хариуцагч нь оноосон нэрдээ өөрчлөлт оруулж "" ХХК болгосон байсныг дахин өөрчилж одоогоор "*******" ХХК гэх нэртэй үйл ажиллагаа явуулж байгааг олж мэдлээ. Нэхэмжлэгч миний бие 2021.08.20-ны өдөр анх нэхэмжлэл гаргах үедээ хариуцагчийн оноосон нэрээ ийнхүү дахин өөрчилсөн үйл баримтыг мэдээгүй байсан тул нэхэмжлэлд хариуцагчийн нэрийг "" ХХК гэж тусгасан байсан болно. /www.opendata.burtgel.gov.mn сайтаас 2021.09.03-ны өдрийн байдлаар татан авсан мэдээллийг хавсаргав.
Түүнчлэн миний бие уг нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд буюу 2021.08.20-ны өдөр гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2021.08.27-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" 101/ШЗ2021/13781 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Шүүгч хүлээн авахаас татгалзсан үндэслэлдээ:
"Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр ... шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй", 7.4-т "Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна" гэж тус тус заасан. Гадаад улсын иргэн, Монгол хэл мэдэхгүй этгээд өөрийн хэл болон мэддэг хэл, бичгээр итгэмжлэл олгосныг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар Монгол хэл дээр орчуулагдсан тохиолдолд шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авах боломжтой" гэжээ. Үүний дагуу миний бие итгэмжлэлийг өөрийн төрөлх хэл болох Англи хэл дээр үйлдэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасны дагуу мэргэжлийн баталгаат орчуулагчаар Монгол хэлнээ орчуулуулж, Монгол Улсаас Тайланд улсын Бангкок хотод суугаа Элчин сайдын яамаар баталгаажуулснаас гадна Монгол Улсын Гадаад харилцааны яам, Консулын газраар тус тус тамга тэмдэг даруулан хавсаргаж ийнхүү нэхэмжлэлийг дахин гаргаж байна.
Иймд "*******" ХХК-ийн Ерөнхий захирал ба Ахлах геологичийн албан тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно. Мөн хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу Ажлаас халсан тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгөөгүй байгаа тул нэхэмжлэлд хавсаргаж өгөх боломжгүй байна.
Иймд хариуцагчаас хөдөлмөрийн гэрээ, ажлаас халсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах хүсэлтэй байна. /1ХХ1-2/
1.1. Австрали Улсын иргэн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. миний бие *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч "Ти ар эм эксплорейшн" ХХК-д холбогдох хэрэгт дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу ихэсгэж байна.
Нэг. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага:
Нэхэмжлэгч нь "Ерөнхий захирал ба Ахлах геологичийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоолгох хүртэлх хугацаанд ажлын өдрийг тооцох зохицуулалттай.
Нийгмийн даатгалын газраас 2022.04.28-ны өдөр ирүүлсэн лавлагаа, түүнчлэн хариуцагч "Ти ар эм эксплолрейшн" ХХК-с 2022.04.27-ны өдөр ирүүлсэн цалингийн хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тухай мэдээлэл нь тус тус хэрэгт нотлох баримтаар авагджээ. Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчийн ажлаас халагдахаас өмнөх 3 сар буюу 2021 оны 6, 7, 8 дугаар саруудын цалингийн дундаж нь сарын 58,090,680.7 төгрөг, үүнийг ажлын өдөр 21.5-д хувааж, 1 өдрийн цалинг 2,701,892.13 төгрөгөөр тооцох нь үндэслэлтэй байна.
Дэлгэрэнгүй тооцоолол:
1. 2021/06-48,386,250 төгрөг
2. 2021/07- 80,590,000 төгрөг
3. 2021/08-45,295,792 төгрөг, эдгээрийн нийлбэр 174,272,042 төгрөг..
174,272,042/3 cap = 58,090,680.7₮
58,090,680.7/21.5 өдөр = 2,701,892.13
Иймд нэхэмжлэгчийн зүгээс ийнхүү 1 өдрийн цалин хөлсийг 2,701,892.13 гэж тодорхойлж байна. 2021.07.20-ноос 2022.04.29-ны өдрийг хүртэл хугацаанд 205 ажлын өдөр байгаа тул 2.701.892.13₮*205 өдөр = 553.887.887 төгрөгийг өнөөдрийн байдлаар хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна.
Хоёр. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага:
Хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон хангамжид 33,056,250 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжид 58.090.680.77 төгрөг, нийт 91.146.930.7 төгрөгийг гаргуулах тухай.
Ихэсгэсэн шаардлагын үндэслэл:
Талууд 2014.09.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч -ыг ажиллуулах нөхцөлийг харилцан тохиролцож, цалин хөлснөөс бусад түүнд олгох хангамжуудыг тодорхойлон заасан. Гэвч нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл эдгээр хангамжийг аваагүй, энэ эрхээ эдэлж чадаагүй байна.
Тодруулбал:
1. Гэрээний 9 (с)- "Ажил олгогч нь ажилтан болон түүний гэр бүлийн хүнд жилийн 15,000 Австрали долларын үнэ бүхий нисэх онгоцны тийзээр хангана"
Энэхүү заалт нь гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлж байгаатай холбоотой ахуйн хангамжийн асуудлыг зохицуулсан зайлшгүй хэрэгжих шаардлагатай зохицуулалт юм. Энэ заалтын дагуу ажил олгогч нь нэхэмжлэгч болон түүний гэр бүлийг жил бvр 15.000 Австрали долларын үнэ бүхий нисэх онгоцны тийзээр хангах үүрэгтэй. Гэвч ажил олгогч нь энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. ИХШХШТХ-ийн 63 дугаар зүйлийн 63.2-т "Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно" гэж заасан. Монгол банкнаас зарласан 2022.04.28-ний өдрийн Австрали долларын төгрөгтэй тэнцэх ханш нь 2203.75 төгрөг тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хэмжээ нь 33,056,250 төгрөг байна.
2. Гэрээний 14.3 - "... Ажил олгогч нь халагдсан ажилтанд нэг сарын хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно"
Хариуцагч "Ти ар эм эксплорейшн" ХХК нь 2021.07.20-ны өдөр шинэ гүйцэтгэх захирлыг томилж, нэхэмжлэгчээс ажлаа хүлээлгэн өгч компанийн тамга тэмдгийг шилжүүлэхийг шаардсан байдаг. Гэвч нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдээгүй, үндэслэлийг огт тайлбарлаагүйгээс гадна гэрээнд заасан тэтгэмжийг олгох үүргээ биелүүлээгүй, энэ талаар дурдаагүй болно.
Иймд ажилтны 1 сарын дундаж цалин хөлс 58,090,680.77 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна.
Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж байгаа Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. /1ХХ211-212/
1.2. Австрали Улсын иргэн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. миний бие *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч "Ти ар эм эксплорейшн" ХХК-д холбогдох хэрэгт дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тодруулж байна.
Нэхэмжлэгч нь хэд хэдэн шаардлага гаргасан бөгөөд тэдгээрийн нэг нь "ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах билээ. Үүний дагуу нэхэмжлэгч тал 2022.04.29-ны өдөр дундаж цалин хөлсийг тодорхойлж тухайн өдрийн байдлаарх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тооцоолон шүүхэд хүргүүлсэн. Иймээс хууль тогтоомжийн дагуу 2022.04.29-ний өдрөөс 2022.08.16 буюу өнөөдрийг хүртэл хугацаанд холбогдох олговрын хэмжээг тооцоолох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 1 өдрийн цалин хөлсийг 2,701,892.13 төгрөг гэж тодорхойлсон (2022.04.29-ны өдөр шүүхэд хүргүүлсэн дэлгэрэнгүй тооцоололд үндэслэв). Үүний дагуу 2021.07.20-ноос 2022.04.29-ны өдрийг хүртэл хугацаанд 205 ажлын өдөр байгаа тул 2,701,892.13 205 өдөр 553,887,887 төгрөгийг тухайн өдрийн байдлаар хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй гэж тодорхойлж байсан. Тус өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 70 ажлын өдөр өнгөрсөн болно. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын нийт хэмжээг өнөөдрийн байдлаар шинэчлэн тооцоолов. 2,701,892.13 төгрөг 275 өдөр 743,020,336 төгрөг.
Иймд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 743,020,336 төгрөгийг өнөөдрийн байдлаар хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна. /2ХХ56/
1.3. Австрали Улсын иргэн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. миний бие *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч "Ти ар эм эксплорейшн" ХХК-д холбогдох хэрэгт дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тодруулж байна.
Нэг. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: "Ерөнхий геологич" албан тушаалд эгүүлэн тогтоолгох
Тодруулсан шаардлагын үндэслэл: Талууд 2014.09.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч -ыг компанийн Ерөнхий захирлаас гадна давхар албан тушаалд томилохоор харилцан тохиролцож нэхэмжлэгч нь "Ерөнхий геологич" албан тушаалд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Тодруулбал хариуцагч "Ти ар эм эксплорейшн" ХХК нь дотоод бүтэц, ажил үүргийн онцлогийн дагуу нийт 3 геологич буюу "Ерөнхий геологич", "Ахлах геологич", "Төслийн геологич"-той байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болж байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь зөвхөн "Ахлах геологич", "Төслийн геологич" албан тушаал байдаг тухай хэрэг үүсгэсэн цагаас хойш тайлбарлаж байсан нь үндэслэлгүй болох нь тодорхой байна.
Гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлж байгаатай холбоотой компанийн бүхий л баримт бичгийг англи, монгол хэл дээр боловсруулдаг байсан. Англи хэлнээс Монгол хэлнээ орчуулагдахад хам сэдвээс хамаарч салаа утга илэрхийлдэг "Chief", "Senior" гэх 2 үгийг ялгаатай байдлаар орчуулах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд компанийн геологичийн албан тушаал нь дараах 3 бүтэцтэй байжээ:
1. Chief Geologist- Ерөнхий геологич ()
2. Senior Geologist- Ахлах геологич ()
3. Project Geologist- Төслийн геологич (Г.)
Иймд нэхэмжлэгчийг "Ерөнхий геологич" албан тушаалд эгүүлэн тогтоолгох нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. /2ХХ218/
1.4. Нэхэмжлэгч нь хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 2014 оны 9 сараас эхлэн Ти Ар Эм буюу тухайн үеийн өөр нэртэй байсан компанид ажилд орсон. Улмаар 2021 онд өөрийн хувьцааг Монгол улсын компанид шилжүүлсэн. Гэтэл ажлаас чөлөөлсөн боловч тушаал гараагүй. Иймд ерөнхий захирал ба ахлах геологичийн ажил эгүүлэх томилуулж, олговор гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэнэ. Цалингаа тооцож гаргасан байдаг. Сайдын тушаалаар дундаж цалин бодох аргачлал байдаг. Дундаж цалин нь сарын 58,090,680.07 төгрөг болно. Үүнийг 21.5-д хуваахад 2,701,892.13 төгрөгөөр нэг өдрийн цалингаар өнөөдрийг хүртэж тооцож өгнө үү. Шүүхэд хамгийн сүүлд тооцсоноор 734 сая болж байдаг. Гэхдээ анх нэхэмжлэл гаргахдаа олговор гэсэн тул өнөөдрийг хүртэл тооцно. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулдаггүй гэсэн баримт байхгүй. Компанийн тухай хуульд гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигч томилж, чөлөөлөх эрхтэй гэдэгт маргаагүй. Гэхдээ эрхээ хязгааргүй эдлэхгүй юм. Талуудын хооронд заавал хөдөлмөрийн гэрээ байгуулагдах ёстой. Гэрээ байгуулахгүй бол тэгш эрхийн асуудал яригдана. Гүйцэтгэх захирал гэрээ байгуулахгүй гэдэг зүйл байдаггүй. Компанийн тухай хууль бол компанийн үйл ажиллагааг зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг. Иймд гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулахгүй гэдэг нь үндэслэлгүй. Хуучин гэрээгээр бол контракт байгуулдаг. Одоогийн хуулиар онцгой нөхцөлт хөдөлмөрийн гэрээ гэж байгаа нь өмнөхтэй адил юм. Энд дуусгавар болоход үндэслэлийг заавал заахаар дээд шүүх тайлбарласан. Хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгох ёстой байсан. Нэхэмжлэгчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж байгааг мэдэж гарын үсэг зурсан гэж байна. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй талаар хэлсэн байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 71-т байгаа дотоод шилжүүлгийн баримт байдаг. Энэ мөнгөний шилжүүлгийн утга нь 7, 8, 9 сарын цалин гэж байна. Гэрч нь ажиллаагүй гэдэг боловч цалин өгсөн тул ажиллаж байжээ. 1 хавтаст хэргийн 68-69 талд байгаа баримтад нэхэмжлэгч гарын үсэг зурсан. Үүний 4 дүгээр талд хувьцаа худалдсанаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлнө гэж байна. Энэ нь хэзээ томилж, чөлөөлөх талаар яриагүй байдаг. Гарын үсгийг ажлаас чөлөөлөхийг зөвшөөрч гарын үсэг зураагүй. Харин хувьцаа худалдах асуудал яригдсан. Энд огт чөлөөлсөн асуудал байхгүй. Гарын үсэг зурахдаа Австралийн компанийг төлөөлж хуралд оролцсон тул гарын үсэг зурсан гэдэг. Харин ажлаас чөлөөлнө гэдэг нь хуульд зааснаар чөлөөлнө гэж ойлгосон байдаг юм. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ өөрөө нотолно. Хэрэгт байгаа баримтаар ажлаа хэвийн хийж байсан нь нотлогдоно. 1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар талд шаардлага нэмэгдүүлсэн. Энд 91 саяыг гаргуулахаар шаардсан. Хөдөлмөрийн гэрээний 9-д зааснаар онгоцны тийзээр хангах асуудал байдаг тул хангамж гаргуулна, мөн 13-т зааснаар ажлаас халагдсаны 1 сарын цалин шаардаж байгаа юм. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон сунгах бол захирал өөрөө барьж ирэх байсан гэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 9-д хөдөлмөрийн гэрээ эхэлж байгаа юм. Энд 1999 оны хуулийг баримтална гэдэг. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаад дуусгавар болгох талаар яригдаагүй бол анхны хугацаагаар сунгагдсанд тооцно. Иймд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, нэхэмжлэгч гэрээгээ бэлдээгүй гэдэг нь үндэслэлгүй. 2014 онд ганц гэрээ байгуулагдсан ба хуулийн 23.3-р сунгагдаж байгаа юм. Нэг удаагийн тэтгэмжийн хувьд нэг удаагийн тэтгэмжийн шаардлагаас татгалзана. Нэгэнт асуудал үүссэн тул хүндэтгэлтэй хандаад тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн гэв.
2. Хариуцагч "Ти Ар Эм Эксплорэйшн" ХХК нь шүүхэд, түүний өмгөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Австрали улсын иргэн Даниел Майкл Пауэр (Daniel Micheal Power)-ын Нэхэмжлэлтэй "Ти Ар Эм Эксплорэйшн" ХХК (цаашид "Компани" гэх)-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
НЭГ. НЭХЭМЖЛЭГЧ НЬ КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ БАЙСАН ТУХАЙ
Анх Даниел Майкл Пауэр нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр компанийн Ерөнхий захирал ба Ахлах Геологич албан тушаалд туршилтын 6 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Тухайн үед нэхэмжлэгч нь туршилтын хугацаанд ажиллаж байсан тул Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлдэггүй байсан бөгөөд Компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдоогүй байсан.
Улмаар 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгч Даниел Майкл Пауэрын туршилтын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүнийг үүрэгт ажлаас чөлөөлж, нэхэмжлэгч Даниел Майкл Пауэр Компанийн Ерөнхий захирлаар томилогдон 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн.
Тодруулбал, нэхэмжлэгчийн "Ерөнхий захирал ба Ахлах геологич" албан тушаал нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрчлөгдөж, Компанийн үйл ажиллагааг бүхэлд нь өдөр тутмын удирдлагаар хангах “Ерөнхий захирал"-ын албан тушаалд томилогдон, хуулийн этгээдийн улсын бүртгэлд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэгдсэн.
ХОЁР. НЭХЭМЖЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОЖ ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН ТУХАЙД
Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа Компанийн бизнес төлөвлөгөөг боловсруулдаггүй, Хувьцаа эзэмшигч нарт танилцуулдаггүй, батлуулалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Мөн нэхэмжлэгч нь Компанийн Хөдөлмөрийн дотоод журам батлаагүй, өөрийн Хөдөлмөрийн гэрээний төслийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулаагүйгээс Хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ байгуулагдаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь компанийг 2019 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байсан нь компанид сөрөг нөлөө үзүүлж байсан тул Гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байсан нэхэмжлэгчтэй 2021 оны 06 дугаар сард харилцан тохиролцож үүрэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэнээс хойш Нэхэмжлэгч ажилдаа ирэхээ больж, үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй байсан. Мөн Компанийн тамга тэмдгийг нэхэмжлэгч нь дур мэдэн авч явж, компанид хүлээлгэж өгөхгүй байсны улмаас нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэрийг баталгаажуулах боломжгүй болсон. Улмаар нэхэмжлэгч Даниел Майкл Пауэр 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгосон тохиолдолд үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, ажлаас чөлөөлөгдөн компанийн тамга тэмдгийг буцаан өгөх тухай харилцан тохиролцох саналаа Компанид илэрхийлсэн. Компани үйл ажиллагаагаа хугацаа алдалгүй хэвийн үргэлжлүүлэхэд тамга тэмдэг шаардлагатай байсан тул нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 75.264 (далан таван мянга хоёр зуун жаран дөрвөн) Австрали доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар /2,116.31 төгрөг/ нэхэмжлэгчид 159.281,955 (нэг зуун тавин есөн сая хоёр зуун наян нэгэн мянга есөн зуун тавин таван) төгрөгийг төлсөн.
Дээрх төлбөрийг Хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн тул 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөж, шинэ захирал томилох тухай Компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт гарын үсэг зурж, Компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн тухай акт үйлдсэн.
ГУРАВ. ХАРИУ ТАЙЛБАРЫН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ
Нэхэмжлэгч нь Ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөр Компанийн хувьцаа эзэмшигчтэй харилцан тохиролцсон бөгөөд хүлээн зөвшөөрч Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулсан.
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62.1-т “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:" гээд 62.1.16-д “энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал.” гэж заасан бөгөөд Компанийн дүрмийн 7.13 дахь хэсэгт "Компанийн хувь нийлүүлэгчдийн хурал дараах асуудлыг хэлэлцэж олонхоор шийдвэрлэнэ. Үүнд:" гээд 7.13.5-д “Компанийн Ерөнхий захирал, Гүйцэтгэх удирдлага, Ерөнхий нягтланг томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох" гэж заасан тул Компанийн Гүйцэтгэх удирдлага (Нэхэмжлэгч)-тай зөвшилцсөн эсэхээс үл хамааран хугацаанаас өмнө ажлаас чөлөөлөх эрхийг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх эрхтэй.
Мөн Компанийн тухай хуулийн 62.2-т “Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ хуулийн 62.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:" гээд 62.2.3-т "компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох" гэж заасан тул Нэхэмжлэгчийг Ерөнхий захирлын буюу гүйцэтгэх удирдлагын албан тушаалаас чөлөөлсөн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр хууль тогтоомж зөрчөөгүй болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг дурдсан боловч ажлаас чөлөөлөгдөхөөр харилцан тохиролцсон нөхцөл байдлыг орхигдуулж, Иргэний хуулийн 3.3-т "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэсний дагуу Компанийн тухай хуулийн 62.1, 62.1.16, 62.2.3 дахь заалтыг хэрэглэх тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. /1ХХ35-36/
2.1. Тус шүүхэд Австрали Улсын иргэн Даниел Майкл Пауэрийн нэхэмжлэлтэй "*******" ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг буруу тооцоолсон тухай:
Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагадаа Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтад заасан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7 дугаар зүйлд заасны дагуу дундаж цалин хөлсийг 2021 оны 6, 7,8 дугаар саруудын цалин хөлсний дунджаар тооцоолсон байна.
Тус журмын 7 дугаар зүйлд “а/ Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр:" гэж заасан боловч нэхэмжлэлийг тодруулсан шаардлагад дундаж цалин хөлсийг нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцоогүй байна.
Тодруулбал, Компанийн хувьд цалингаа сардаа 2 удаа тогтоосон хугацаанд олгодог. Тус саруудад нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байсан тохиолдолд цалингаа зохих журмын дагуу авах байсан. Гэвч нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сараас хойш ажилдаа ирэхээ больж, ажил үүргээ гүйцэтгэхгүй байсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотоос Бангкок хүртэл нэг талын нислэгийн тийзийг компаниар захиалуулж, 2021.07.20-ны нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон төлбөр болон 75,264 Австрали долларыг бүхэлд нь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж улмаар нэхэмжлэгч нь өөрийг нь үүрэгт ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрч баталгаажуулан, дараа өдөр болох 2021.07.21- ний өдөр компанийн тамгыг хүлээлгэн өгч акт үйлдсэн байдаг.
Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нар дундаж цалин хөлсийг тооцоолохдоо болсон үйл баримтыг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгээгүй хугацаа болох 2021 оны 06, 07, 08-р сараар тооцож, мөн харилцан тохиролцож нэхэмжлэгчид төлсөн төлбөр болох 75,264 /AUD/-с нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоолсон байгаа нь үндэслэлгүй байна.
Хэрэв нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байх тохиолдолд нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцохдоо 2021 оны 03, 04, 05-р сарын дундаж цалин хөлснөөс тооцох нь зөв болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тухай:
Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон эсэхээс үл хамаарч гүйцэтгэх удирдлагыг үүрэгт ажлаас чөлөөлөх бүрэн эрх хууль тогтоомжоор компанид олгогдсон байдаг.
Тодруулбал, Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62.1, 62.1.16, 62.2.3, 83.15, Компанийн дүрмийн 7.13.5-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2021.07.20-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн тогтоол нь хууль тогтоомж зөрчөөгүй шийдвэр бөгөөд нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. /2ХХ97/
2.2. Хариуцагч нь 2012 онд байгуулагдсан. Ингэхдээ Монгол болон Австрали улсын компани 50, 50 хувьтай байсан. Монгол улсанд технологи нэвтрүүлэхээр байгуулагдсан. Энэ талаар гэрээнд тодорхой заасан. Нэхэмжлэгчтэй 6 сарын хугацаатай туршилтын гэрээ байгуулсан. Энд ерөнхий захирал болон геологич гэсэн. Энэ гэрээ 2015 онд дууссан гэрээ юм. Энэ дууссан гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байдаг. Компанийн тухай хуульд зааснаар компани болон захирлын хооронд харилцаа үүссэн. Захирлын хувьд хөдөлмөрийн гэрээний харилцаа яригдахгүй. Компанийн тухай хуулийн 62.1, 62.2-д хувьцаа эзэмшигчийн хурлын эрх хэмжээ байдаг. Энд хөдөлмөрийн гэрээний харилцаа яригдахгүй юм. Хэрэв гүйцэтгэх захирал ажлаа сайн хийгээгүй бол хувьцаа эзэмшигч хэдийд ч чөлөөлж болно. Захирал нь ажилтан биш ажил олгогч буюу компанийг төлөөлдөг этгээд юм. Захирал нь ажилтанд хамаарахгүй юм. Иймд эрхийн дагуу нэхэмжлэгчийг чөлөөлсөн. Хугацаатай гэрээ дуусгавар болоод сунгаагүй. Учир нь захирал нь гэрээгээ ТУЗ-д оруулаагүй. Мөн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах албагүй. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь өөрөө зөвшөөрөөд ажлаас чөлөөлөгдсөн байдаг. ТУЗ-н шийдвэр дээр Австрали талын компани өөрийг нь чөлөөлөх эрхийг олгосон байдаг. Үүнд өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Компанийн хувьцаа худалдах асуудал 3 сар үргэлжилсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч ажилдаа ирэхээ больсон. Яагаад энэ хугацааны цалинг шилжүүлсэн бэ гэхээр урамшууллыг нь өгсөн. Үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Уг асуудлыг мэдэж хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй. 1 дүгээр хавтас хэргийн 47-д байгаа тухайн үед байсан дүрмийн 1.2-д гэрээ гэж заасан байдаг. Цаашлаад 9.5-д захирал нь гэрээнд заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ гэдэг. Уг гэрээнүүдийг хэрэгт өгсөн байдаг. Уг гэрээнд 2 захиралтай байхаар заасан. Гэхдээ 2 захирал шаардлагагүй гээд Австрали талын саналаар 1 захиралтай болсон байдаг. Улмаар 50 хувийг худалдан авснаар хамтарсан компани байхгүй болсон тул чөлөөлсөн. Үүнийг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компани биш болсон тул чөлөөлсөн юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Компанийн тухай хуульд зааснаар захирал нь компанийг төлөөлнө. Гүйцэтгэх захирлын үүргийг дүрэмд тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгч нь чөлөөлөх тогтоолд гарын үсэг зурсан. Чөлөөлнө гэхээр чөлөөлөөгүй, чөлөөлсүгэй гэхээр чөлөөлсөн болохгүй юм. 2021 оны хууль хэрэглэгдэхгүй. Гэрээ нь 2014.9.1-нд байгуулагдсан тул 1999 оны хууль хэрэгжинэ. Гэрээ 6 сараар байгуулагдсан тул нэг удаа сунгагдаад хугацаа нь дууссан. 2016.2.15-нд ерөнхий захирлаар томилсон тогтоол гарсан. Нэгэнт хугацаа дуусан гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж шилжүүлсэн нь ажилласан биш юм. 1999 оны хуулийн 69-д эгүүлэн тогтоосон бол олговор олгохоор заасан байдаг. Улмаар өөр компанид захирлаар ажилласан тул ажилгүй байсан хугацааны цалин яригдахгүй. Хариуцагч нь Аурум металс-д нэгтгэгдсэн тул нэхэмжлэлийг хангах боломжгүй. Мөн Монгол улсад байхгүй тул ирж ажиллах боломжтой юу. Ажлаас чөлөөлөх тогтоолоо мэдэж байсан юм. Хөдөлмөрийн гэрээг нэг удаа байгуулсан гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1ХХ8-14/, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1ХХ15-17/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /1ХХ18-20/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13781 дүгээр захирамж /1ХХ20-22/, итгэмжлэл /1ХХ41-42/, итгэмжлэл /1ХХ170-175/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 8/2252 дугаар албан тоот /1ХХ179/, Монгол банкны ханшийн лавлагаа /1ХХ210/, хүсэлтэд хавсаргасан баримт /2ХХ66-95/,
3б. Хариуцагчаас: Ти ар эм эксплорэйшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1ХХ29/, итгэмжлэл /1ХХ30/, “Тайтлайн ресорсие” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1ХХ46/, тус компанийн дүрмийн хуулбар /1ХХ47-63/, 2016 оны 02-р сарын 15-ны өдрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар /1ХХ64/, 2021 оны 07-р сарын 20-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр орчуулгын хамт хуулбар /1ХХ65-70/, 2021 оны 07-р сарын 20-ны өдрийн шилжүүлгийн маягтын хуулбар /1ХХ71/, 2021 оны 07-р сарын 21-ний өдрийн Тамга хүлээлцсэн акт орчуулгын хамт хуулбар /1ХХ72-73/, 2021 оны 06-р сарын 29-ны өдрийн нислэгийн тийз захиалсан шилжүүлгийн баримтын хуулбар /1ХХ74/, “Траверс ресорсиз” ХХК-ийн захирлын 2015 оны 06-р сарын 29-ны өдрийн 15/033 дугаар тушаалын хуулбар /1ХХ77/, 2015 оны 07-р сарын 28-ны өдрийн 15037 дугаар тушаалын хуулбар /1ХХ78/, Ахлах Геологич томилсон 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн 17/032 дугаар тушаалын /1ХХ79/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1ХХ151-164/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт /1ХХ200-204/, шүүгчийн захирамжид гаргасан гомдолтой холбогдох баримтууд /1ХХ235-250, 2ХХ1-24/, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан тоот, орчуулгын хуулбар /2ХХ38-40/, Ти ар эм эксплорэйшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт /2ХХ53-54/, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн албан тоот, хавсралт /2ХХ98-99/, “” ХХК-ийн дүрмийн хуулбар /2ХХ223-239/, компани нэгтгэх гэрээний хуулбар /4ХХ63-69/, “” ХХК байгуулах гэрээний хуулбар /4ХХ70-89/, татвар төлөгчийн хасалтын картын хуулбар /4ХХ90/, “Аурум металс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХЭШ-22/03 дугаар шийдвэрийн хуулбар /4ХХ91/, өөрийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХЭШ-22/04 дүгээр шийдвэрийн хуулбар /4ХХ92/, өөрийн хаалтын санхүүгийн тайлангийн хуулбар /4ХХ93-96/, “Аурум металс” ХХК-ийн нэгтгэлийн дараах санхүүгийн тайлангийн хуулбар /4ХХ97-100/, “” ХХК-ийн ТУЗ-н 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хуулбар /4ХХ101/, мөн өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /4ХХ102/
3.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03/684 дүгээр албан тоот /1ХХ190/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03/819 дүгээр албан тоот, хавсралт /1ХХ205-207/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 20/7871 дүгээр албан тоот /2ХХ137/, гэрчээр Ө.Өлзийжаргалын асуусан тэмдэглэл /шүүгч гарын үсэг зураагүй/ /2ХХ155-158/, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /2ХХ159/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/8999 дүгээр албан тоот, хавсралт /2ХХ240-250, 3ХХ1-245/, 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /4ХХ47/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/5831 дүгээр албан тоот, хавсралт /4ХХ156-169/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 26,869,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Австрали улсын иргэн ******* нь өмнө эрхэлж байсан ерөнхий захирал ба ахлах геологичийн ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хангамжид 33,056,250 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжид 58,090,680.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. /1ХХ1-2, 211-212/
Улмаар 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шаардлыг ерөнхий геологичийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох гэж тодруулжээ. /2ХХ218/
3. Хариуцагч “*******” ХХК нь туршилтын журмаар хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, өөр ажил албан тушаалд ажиллаж байсан, харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, холбогдох тэтгэмжийг олгосон гэж маргаж байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг татан авах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 106.5-д зааснаар ийнхүү татан авсныг тухайн шаардлагаас татгалзсан гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар ажлаас халагдсаны тэтгэмжид 58,090,680.70 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзсан татгалзлыг шүүх хуралдаанд бичгээр гаргасан тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
5. “” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Дэн Пауэр-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /1ХХ9-14/
Зохигч хэн аль нь дээрх гэрээнд ажилтан гэж дурдсан Дэн Пауэр нь нэхэмжлэгч Австрали улсын иргэн ******* мөн гэх үйл баримтын талаар маргаангүй.
Гэрээний 2.2-т зааснаар гэрээг 6 сарын туршилтын хугацаагаар, 3-т зааснаар ерөнхий захирал ба ахлах геологичийн албан тушаалд ажиллуулахаар байгуулсан байна.
5.1. Хариуцагч “*******” ХХК нь анх 2011 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр “Траверс ресорсиз” ХХК нэртэйгээр байгуулагдаж, улмаар 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “” ГХОХХК нэрээр, мөн өдөр буцаж “Траверс ресорсиз” ГХОХХК нэрээр, 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр “” ГХОХХК нэрээр, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “” ХХК нэрээр бүртгэгдэж, 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс “*******” ХХК нэрээр тус тус бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /4ХХ157-158/
Тодруулбал, уг хуулийн этгээд нь анх хязгаарлагдсан хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр ажиллаж, мөн өдрөөс хязгаарлагдмал хариуцлагатай компани болж өөрчлөн бүртгэгджээ.
5.2. Дээрхээс үзэхэд маргаж буй хөдөлмөрийн гэрээ байгуулагдах үед хариуцагч нь “Траверс ресорсиз” ГХОХХК нэрээр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан. Иймд нэхэмжлэгч нь “” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тухайн үеийн “Траверс ресорсиз” ГХОХХК буюу одоогийн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
6. Нэхэмжлэгч нь “” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-н 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар ажил үүргээ гүйцэтгэсээр байсан тул гэрээний хугацаа тухай бүр сунгагдан үргэлжилж байсан гэж тайлбарласан.
Хариуцагч нь уг гэрээг туршилтаар хугацаатай байгуулж, хугацаа дууссан гэж маргасан.
Түүнчлэн зохигч энэхүү гэрээнээс өөр гэрээ тэдгээрийн хооронд байгуулагдаагүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Маргаж буй хөдөлмөрийн гэрээний 3-т зааснаар ерөнхий захирал болон ахлах геологичоор авч ажиллуулсан. Уг албан тушаал нь “” ГХОХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүрэм, ажлын байрны тодорхойлолтод зааснаар байнгын ажлын байрны албан тушаал байх тул гэрээний 2.2-т зааснаар гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль \1999 он\-н 23 дугаар зүйлийн 23.2.1-д нийцэхгүй юм. /1ХХ47-63, 15/
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гэрээний хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй.
6.1. Хариуцагчийн тухайн үеийн нэршил болох “” ГХОХХК-ийн ТУЗ-н 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг тус хуулийн этгээдийн ерөнхий захирлаар томилжээ. /1ХХ64/
Энэхүү тогтоолын талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд зөвшөөрсөн болох нь гүйцэтгэх удирдлагын хувьд улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийлгэсэн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар тогтоогдож байна. /1ХХ46, 206/
Улмаар тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн англи хэл дээр бичигдэж орчуулагдсан тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэж, мөн өдөр 21/002 дугаар гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх шийдвэр гарчээ. /1ХХ65-69, 3ХХ11/
Уг шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл болон 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан аль нэг заалтыг баримтлаагүй, ажлаас чөлөөлөх үндэслэлийг дурдаагүй байх тул хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзнэ.
Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч Г. нь түүнд 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр 2 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шаардлагыг ерөнхий геологичийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох гэж өөрчилж, тодруулжээ. /1ХХ41, 2ХХ218/
Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь ерөнхий захирлын ажил албан тушаалд томилсон компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэртэй маргаагүй зөвшөөрч, уг албан тушаалд ажиллаж байгаад чөлөөлөгдсөн байх тул ерөнхий геологичийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй юм.
7. Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлөх тухай “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21/002 дугаар шийдвэрийг 21-ны өдөр мэдсэн болох нь тамга тэмдэг хүлээлцсэн актаар тогтоогдож байна. /1ХХ72-73/
Улмаар шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-н 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд мөн зүйлийн 129.3-т заасан хугацаа сэргээх үндэслэл тогтоогдоогүй. Цаашлаад энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болон түр зогссон үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр энэ хэрэгт гаргасан зарим шаардлагатай ижил шаардлага бүхий нэхэмжлэлийг “” ХХК-д холбогдуулан гаргаж байсан нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн мөн оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13781 дүгээр захирамжаар тогтоогдож байна. Гэвч дээр дурдсан үндэслэлээр тухайн цаг хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс хариуцагч нь “*******” ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин тоологдсон гэж үзээгүй болно. Учир нь нэхэмжлэгч нь энэ хэргийн нэхэмжлэлийг гаргахдаа шалгасантай адилаар хариуцагчийн оноосон нэрийг интернэт орчинд байгаа нээлттэй мэдээллээр шалгах боломжтой байсан. /1ХХ20-22, 18-19/
Иймд хариуцагчид Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэлээс татгалзах эрх үүссэн гэж үзлээ.
8. Дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж шууд үзэх боломжгүй, зохигч харилцан зөвшилцөж нэхэмжлэгч нь ерөнхий захирлын албан тушаалд ажиллаж байсан, өөрөөр хэлбэл ерөнхий геологичийн албан тушаалд ажиллаж байгаагүй, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-н 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасан үндэслэлгүй учраас ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, цаашлаад нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Хэдийгээр 2014 оны хөдөлмөрийн гэрээг хариуцагчтай байгуулаагүй боловч зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа байсан талаар маргаагүй. Иймд уг гэрээний 9-д жилд нэг удаа ажилтанд болон гэр бүлд нь онгоцны тийзэд зориулж 15,000 австрали доллар олгохоор тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-н 25 дугаар зүйлийн 25.3-т заасантай нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсанаар нэхэмжлэгчийг ерөнхий захирлаар томилсон боловч холбогдох гэрээг байгуулаагүй нь нэхэмжлэгчид хамааралгүй. Учир нь гүйцэтгэх удирдлагын хувьд компанийн хувьцаа эзэмшигч, эсхүл ТУЗ нь ажил олгогч тул Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-н 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар контракт, эсхүл хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид хамаарна.
Иймд нэхэмжлэгч нь 2014 оны хөдөлмөрийн гэрээний дагуу хангамж шаардах эрхтэй гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-н 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.
Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцоход 1 австрали доллар нь 2,116.31 төгрөг тул 15,000 австрали доллар нь 31,744,650 төгрөг болно. Хариуцагч нь нэхэмжлэгчийн онгоцны тийзэд зориулж 4,875,000 төгрөг зарцуулсан болох Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, түүнд бичигдсэн гүйлгээний утгаар тогтоогдож байна. /1ХХ74/
Үүнээс үзэхэд 31,744,650 төгрөг олгохоос 4,875,000 төгрөг олгогдсон байх тул зөрүү 26,869,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
9.1. Эдгээрээс гадна нь хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа 2021 оны 6, 7 сарын ажилласан цалин болон ажиллаагүй 1 сар болох 8 сарын цалинд нийт 55,431.93 ам доллар олгосон нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. /1ХХ71/
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны тэтгэмжид 58,090,680.70 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-н 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-с 26,869,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Австрали улсын иргэн *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ерөнхий геологичийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 292,298.25 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД