| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0036/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: Б.Батцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Борягийн Батцэцэгт холбогдох 1729001120030 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Батцэцэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө иргэн Г.Амгалангийн цүнхнээс хэтэвчтэй 200,000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 5000 юань буюу 1,839,900 төгрөг, иргэний үнэмлэх, банкны карт зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2,121,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батцэцэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8-9-р хуудас/,
Хохирогч Г.Амгалангийн өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн дүү Өлзий-Утас болон түүний найз Мөнхөө нарын хамтаар Цагаан хадны төвд байрлах Баялаг дэлгүүрт очиж хүнсний зүйл худалдан авсан. Тэгээд тэндээсээ гараад Цагаан хадны зүүн урд зүгт байрлах зочид буудалд очиж Бямбажав Батцэцэг нартай уулзсан юм. Тэр үед Бямбажав, Батцэцэг нар нь архи согтууруулах ундааны зүйл уугаад сууж байсан. Харин манай 2 дүү түлш худалдаж авна гэж хэлээд таксигаар явсан байсан. Тухайн үед Бямбажав, Батцэцэг 2 намайг архи уу гээд ууж байсан архинаасаа аягалж өгөхөөр нь би нэг удаа татсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараагаар Батцэцэг нь Бямбажав бид хоёрын голд орон дээр сууж байснаа гэнэт босоод миний арааар тойрч орон дээр гуталтайгаа хөлөө нугалж сууснаа хөнжлөөр хөлөө хучаад байсан. Тэр үед би өөрийн цүнхээ нурууныхаа ард орон дээр тавьсан байсан юм. Харин Бямбажав надтай юм яриад сууж байсан. Яг тэр үед Батцэцэг нурууныхаа араар юм ивж байгаа юм шиг нуруугаараа хананд тулаад сууж байсан ороо жийх шиг болсон. Би тухайн үед цүнхнээс түрийвч алдагдана гэж огт санаанд ороогүй сууж байсан. Түүний дараагаар удалгүй манай 2 дүү ирээд явъя гэхээр нь би цүнхээ аваад машинд суусан. Тэгээд очирт зогсож байсан жолооч дээр очоод таксины мөнгө өгөх санаатай түрийвчээ үзтэл байхгүй байсан. ...миний түрийвчинд 5000 юань, 200,000 төгрөг бэлнээр байсан. ...Надад одоогоор ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Учир нь тухайн хэрэг гарсан өдрийн маргааш нь буюу цагдаад мэдэгдсэний дараагаар Батцэцэг надад хулгайлсан түрийвчээ эргүүлж өгсөн. ...түүний дараагаар Батцэцэг нь 2018 оны 02 дугаар сард миний түрийвчээс зарцуулсан мөнгөө бүрэн эргүүлэн өгч миний хохирлыг барагдуулсан...” /хх-ийн 12-13-р хуудас/
Гэрч Б.Хатантөмөрийн өгсөн: “...Батцэцэг тухайн шөнийн 01 цагийн үед таксигаар над дээр ганцаараа ирсэн. ...тухайн шөнө над дээр ирэхдээ өөр хүний бололтой нэг түрийвчтэй ирсэн. Тэгээд би тухайн үед наадах чинь юу юм гэхэд би бэлэн мөнгөнд тээвэр хийчээд ашгаа хуваасан юм гэж хэлж байсан. Тэгээд би тэр үед ямар нэгэн зүйл бодолгүй шууд унтаад өгсөн... /хх-ийн 19-р хуудас/
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай “...иргэний цахим үнэмлэхийг дахин захиалах 18,300 төгрөг, голомт банкны виза карт 9900 төгрөг, хаан банкны виза карт 3000 төгрөг, хаан банкны алтан карт 50,000 төгрөгөөр тус тус үнэлж, эмэгтэй хэтэвчийг үнэлэх боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/
Б.Батцэцэгийн яллагдагчаар өгсөн: ”...Манай нөхөр Хатантөмөр Цагаан хад орчимд нүүрс тээврийн машин барих ажил хийдэг юм. Би нөхрөө дагаж ирсэн бөгөөд энэ орчимд Амгалан /хохирогчийг хэлж байна/ гэдэг эмэгтэйг зүс мэдэх болсон. Амгалан өөрийгөө хөтөч гэж танилцуулж байсан. Тэгээд Цагаан хадны төвд сэндвичэн буудалд танил Бямбажавтай нэг шил архи задлаад сууж байтал Амгалан гаднаас орж ирсэн. Тэгээд бид бэлэн мөнгөний тээвэрт явсан талаараа ярилцсан. Тэгэхэд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Амгалан бид гурав нэг орон дээр сууцгааж байсан. Би ханаруу налаад сууж байсан. Амгалан дүү гэх хоёр залуутай орж ирсэн. Тэр хоёр хүндээ Амгалан түрийвчээсээ мөнгө гаргаад өгөх үед нь би түүний түрийвчинд боодолтой юань байгааг харсан. Амгалан цүнхнийхээ цахилгааныг таталгүй онгорхой орхихоор нь би мөнгөтэй түрийвийг цүнхнээс нь мэдэгдэлгүй авчихсан. Тэгээд бие засах гээд би ганцаараа гарахдаа түрийвчийг авч гараад тэр чигтээ такси бариад 175 дахь км-т машиндаа хонож байсан нөхөр дээрээ очоод тэндээ хоносон. Маргааш өглөө нь Амгалан, Бямбажав нар ирээд уулзсан. Би түрийвчтэй мөнгийг нь Амгаланд буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкнаас зарласан валютын ханшны лавлагаа /хх-ийн 54-р хуудас/
Шүүгдэгч Б.Батцэцэгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Батцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хх-ийн 32-33-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний 233 дугаартай тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/
Шүүгдэгч Б.Батцэцэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/,
Шүүгдэгч Б.Батцэцэгийн арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 37-42-р хуудас/,
Шүүгдэгч Б.Батцэцэгийн гурван талаас нь харуулсан гэрэл зураг болон түүний товч мэдээлэл /хх-ийн 46-47-р хуудас/
Хохирогч Г.Амгалангийн гараар бичсэн “...Г.Амгалан би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн эргүүлж авсан тул Б.Батцэцэгт гомдол, санал байхгүй...” /хх-ийн 55-р хуудас/,
М.Ирмүүн, Б.Цэлмүүн, Б.Тайванбаяр, М.Эгшиглэн нарын төрсний гэрчилгээниий хуулбарууд /хх-ийн 48-50-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Батцэцэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө иргэн Г.Амгалангийн цүнхнээс хэтэвчтэй 200,000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 5000 юань буюу 1,839,900 төгрөг, иргэний үнэмлэх, банкны карт зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2,121,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.Батцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Амгалан нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Батцэцэгт ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал буюу дөрвөн хүүхэдтэй мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оноохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Борягийн Батцэцэгийг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батцэцэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Батцэцэг нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.
4.Шүүгдэгч Б.Батцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Амгалан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримт байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Батцэцэгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Батцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА