Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

  М.*******т холбогдох

  эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Э.*******

          Яллагдагч                                                                               М.*******

          Яллагдагчийн өмгөөлөгч                                                    Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/300 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагчийн өмгөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлоор М.*******т холбогдох 2323000000170 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч М.******* нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн “*******ын ам” гэх газарт жалганы хажууд хэвтчихсэн байсан хохирогч Х.*******ийн өмчлөлийн алдуул мал болох хүрэн зүсмийн 1 тооны даагыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж иргэн Б.*******эд худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч Х.*******т 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Прокуророос яллагдагч М.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч М.*******т холбогдох 2323000000170 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ...М.******* нь нь сульдсаны улмаас босож чадахгүй хэвтсэнээсээ болж ижил сүргээсээ тасарч гээгдэн үлдсэн сульдаатай даагыг амийг нь аврах зорилгоор гэртээ аваачин сульдаанаас нь гаргах зорилгоор өвсөн тэжээл, хүчит тэжээл, тэнхрүүлэх тариа хийж тэжээсэн боловч тэжээлийг нь хүчрэхгүй болохоор нь зарцуулсан тэжээлийн үнэ гаргахаар хүнд тухайн үеийн зах зээлийн үнээр буюу 100,000 төгрөгөөр зарсан байдаг. Тухайн сульдаатай даага нь дараачийн хүнд очсон ч гэсэн сульдаанаасаа гаралгүй үхсэн нөхцөл байдал хангалттай тогтоогддог. Тухайн жил өвөл хавар зут руу зарим малчдын ихэнх мал хоол тэжээлийн дутагдлаар их хэмжээгээр үхсэн ба эрүүл даагийн ханш нь тухайн сумд 200000 төгрөгөөр зарагдаж байсан талаар баримтууд пейсбүүк зар нь шүүгдэгчид байдаг. Хүний оролцоогүйгээр ижил сүргээсээ /хоол тэжээлийн дутагдлын улмаас/ тасарч хэвтэрт орсон байсан даагыг гэртээ авчирч тэжээсэн хүүг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэсэн анхан шатны шүүгчийн захирамжийн хэсгийг эс зөвшөөрч байна. Алдуул мал завших гэмт хэргийн шүүхийн практикт нэгэнт тогтсон ойлголт байдаг бөгөөд өмнө шийдвэрлэсэн бүх алдуул мал завших гэмт хэргийн субьект нь цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөлд мэдэгдээгүй байдаг. Хэргийн нөхцөл байдалд нотолбол зохих байдал буюу шинжээчийн дүгнэлт болон тухайн нутгийн захиргааны байгууллагаас мэдсэн эсэх талаар тодруулаагүй байна. Насанд хүрээгүй шүүгдэгч нь манай сумын бүх хүмүүс сульдсан даага олж тэжээж байгааг мэддэг, сумын захиргааны хүмүүс, сумын засаг дарга, иргэдийн хурлын дарга хүртэл мэддэг гэж байгаа тул тухайн албан байгууллагын төлөөллөөс насанд хүрээгүй М.******* нь сульдсан даага олж ирсэн, тэжээн тэтгэсэн талаар асуух шаардлагатай гэж үзэж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/300 тоот "хэргийн прокурорт буцаах тухай" захирамжийн "хэргийн зүйлчлэлд дүгнэлт хийсэн хэсгийг" хүчингүй болгон, тухайн үеийн сумын сульдсан даагийн зах зээлийн үнэлгээг гаргуулах, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас гэрчээс асуулгахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Яллагдагч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хэвтсэн даагыг 2 найзаараа босгуулаад, гэртээ авчирч тэжээсэн. Зудтай өвөл байсан. Даагыг анх харахдаа өөрийнхөө даага байна гэж бодоод очсон. Очоод харахад өөр хүний даага байсан. Үхэх гэж байсан даагыг орхиж чадалгүй гэртээ аваачиж тэжээсэн. 14 хоног тэжээсэн. Тэжээл өвс нь хүрэлцэхгүй байхаар нь хүнд өгсөн. Эзэн нь даагыг хүнд өгсний дараа надтай ирж уулзсан. Муудсан даага байсан. Хойтон өвөл надаа нэг даага өгчихгүй юу? гэж ярьж тохиролцсон гэв.

Прокурор Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Яллагдагч М.*******т холбогдох хэргийг Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 299 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь Прокурорын зүгээс шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12  дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллагдагчаар татсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан. Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. М.******* нь тухайн гэмт хэрэг үйлдэхдээ 14 настай, 18 насанд хүрээгүй, өсвөр насны яллагдагч юм. М.******* нь тохиолдлын шинжтэй цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас ижил сүргээсээ тасарсан, тараг тэвээрэг нь муудаад хээр хэвтэж байсан даагыг өргөж босгож аваачаад зарсан үйлдэл нь бусдын өмчлөлд байгаа малыг нууц далд аргаар шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчлөлд захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн гэх гэх нөхцөл байдал нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл өсвөр насны яллагдагч болон малчин иргэд нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан үүргээ мэдэж байгаа эсэхэд дүгнэлт хийж үзэх байх гэж бодож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн ажиллагааг хийж мөрдөн шалгах ажиллагааг хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Шүүгчийн захирамжид ямар ажиллагааг хийгээгүй талаарх дүгнэлтийг шүүх хийгээгүй. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ...шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүний биелэлтэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байна гэсэн заалтыг буруу хэрэглэсэн байна. Хэрвээ давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл байсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дахь заалтад зааснаар оролцогчдоос гомдол гаргаагүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

Яллагдагч М.******* нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн “*******ын ам” гэх газарт жалганы хажууд хэвтчихсэн байсан хохирогч Х.*******ийн алдуул мал болох хүрэн зүсмийн 1 тооны даагыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж иргэн Б.эд худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч Х.*******т 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх, дээрх хэрэгт хэргийн бодит байдал бүрэн нотлогдоогүй шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн, яллагдагч М.******* нь хүрэн зүсмийн 1 тооны даагыг алдуул гэдэг талаар тухайн орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэвч энэ үүргээ эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй даагыг өөрийн өмчийн адил хууль бусаар шунахайн сэдэлтээр бусдад зарж борлуулан захиран зарцуулсан үйлдэл нь “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг.

 Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Тодруулбал, Алдуул мал гэдэг нь өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг, байнга идээшиж дассан нутаг бэлчээр, хашаа, хороогоо орхин алслагдаж, хэний ч эзэмшил, хараа хяналтгүй болсон малыг ойлгохоор байна.

Яллагдагч М.******* нь хохирогч Х.*******ийн хүрэн зүсмийн 1 тооны адууг  Завхан  аймгийн ******* сумын ******* багийн “*******ын ам” гэх газарт жалганд хэвтэж  байхад нь олж, тэжээж байгаад бусдад худалдсан  гэх үйл баримт нь

Хэрэгт авагдсан яллагдагч М.*******ын ..2023 оны   01 дүгээр сарын 10-ны өдрийн үед байх. Манайх тухайн үед ******* сумын Олонтүрүү багийн нутаг төлөгний “Магнай” гэх газар өвөлжиж байсан юм.  Манай адуу “*******ын ам” гэх газраар бэлчээрлэж байсан ба би гэрээсээ адуундаа явчихаад адуугаа гэр рүүгээ ойртуулчихаад тэр хавиар өөр адуу мал үлдсэн эсэхийг шалгаж дурандахад “*******ын амны” жалганы хажуу талд хүрэн зүсмийн даага байхлаар нь  өөрийнхөө даага юм бол уу гэж бодоод очоод үзтэл нэлээн муудсан, им тамга нь сайн мэдэгдэхгүй туранхай, эр зүсмийн даага байхлаар нь үхүүлэлтэй нь биш гээд нөгөө даагыг тууж явсаар байгаад гэрийнхээ хаяанд авч очсон.Тэгээд нөгөө дааганд тэжээл өгч тэжээж байтал манай ах надаас энэ юун учиртай даага юм бэ одоо тэжээл муудаад байна гэхлээр нь даагыг тэжээлээс болов өгчихгүй юу даа гэж хэлээд тухайн даагыг гэгчид манай ах аваачиж өгсөн гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч А., Г. нарын “...2023 оны 1 сарын эхээр байх. Бид хоёрын малд явж байхад даага муудчихаад босгож чадахгүй байна. Та хоёр ирээд босголцоод өгөөч гэсэн тэгээд  бид хоёр тэдний ойролцоо байх “*******ын амны” жалганд яваад очиход хэвтчихээд босож чадахаа болчихсон хүрэн зүсмийн даагыг босгож чадахгүй байна гээд байж байсан. Бид хоёр тэр хүрэн зүсмийн даагыг нь босгож өгчихөөд явсан. ******* цаашаа даагаа туугаад гэрийнхээ зүгт явсан. ******* бид хоёрт дааганы талаар юу ч яриагүй бид 2  өөрийнх нь даага муудчихаад өргүүлж байгаа юм байна гэж бодсон...гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Хэргийн нөхцөл байдлаас харахад яллагдагч М.******* нь эцэж турсан даагыг тэжээж онд оруулах зорилготойгоор өөрийн эзэмшилд аваачиж, улмаар тэжээл хүрэхгүй нөхцөл байдлын улмаас  захиран зарцуулсан нь даагыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч захиран зарцуулсан гэх мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Алдуул  мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлгах буюу орон нутгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” байхаар заажээ.

Гэвч яллагдагч М.*******ын хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байх ба Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “ насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна” гэж  заажээ.

Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд яллагдагч М.******* нь насны хувьд Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан ...иргэний үүргийг мэдэх боломжгүй, мэдсэн ч уг үүргийг хэрэгжүүлэх чадамжийн хувьд хязгаарлагдмал байх ба түүнийг  хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэн, мал хулгайлах гэмт хэргээр зүйлчлэхээр хэргийг прокурорт буцаах нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

 Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой байх ба анхан шатны шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хууль зүйн үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна гэж үзэн, анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М.*******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/300 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М.*******ын өмгөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД                                                     Ж.БАТТОГТОХ

                                                                        Б.НАМХАЙДОРЖ