| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/04706/И |
| Дугаар | 191/ШШ2025/04215 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04215
2025 05 13 191/ШШ2025/04215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Б-ын Э- /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М х о ***** /РД:*******/-д холбогдох
Захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/51 тоот сэлгэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.М,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Б.Э 2020 оны 9 дүгээр сараас М х о д д багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн б/51 тоот тушаалаар сэлгэн ажиллуулсан. Салбар дугуйлангийн багшаар сэлгэн ажиллуулсан тушаалын үндэслэх хэсэгт Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2, 59.1.3, 59.1.4, 59.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам 4 дүгээр зүйлийг үндэслэж тушаал гарсан. Тушаах хэсэгт салбар дугуйлангийн сургалтын чанарыг дээшлүүлэх багш нарыг бэлтгэх мэргэшүүлэх хүүхдэд урлагийн боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд Б.Э-ийг сэлгэн ажиллуулсугай гэсэн байна. Энэ тушаал Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-тэй огт тохиролцоогүй. Ийм учраас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд сүүлийн 1 сарын дундаж цалин 2,747,512 төгрөг гарч байна. 1 өдрийн дундаж цалин 130,833 төгрөг. Ингээд 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийтдээ 11 сар 7 хоног байна. Ажилгүй байсан хугацааны нийт цалинг аваад үзвэл 31,138,473 төгрөг гарч байгаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Сэлгэн ажиллуулахтай холбоотой хууль зүйн үндэслэлийг хэлье. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар зөвхөн ажилтантай тохиролцсон тохиолдолд сэлгэн ажиллуулдаг. Нэхэмжлэгчийн хувьд 6 дугаар 3-ны өдөр гомдол гаргаж сэлгэн ажиллуулж байгаатай холбоотойгоор надтай тохиролцоогүй, иймд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 235 дугаар албан бичгээр таныг томилж байна, тийм учраас шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү? гэсэн албан бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл ажилтантай өөртөө нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тохиролцоогүй гэдэг үйл баримт нотлогдоно. Хоёрдугаарт салбар дугуйлан гээд ажил үүрэг гүйцэтгэх байршил эрс өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл ******* ******* Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа. Гэтэл салбар дугуйлан нь тухайн байрнаас хол буюу 1 дүгээр хороололд руу өөрийнх нь зөвшөөрөлгүй явуулсан. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2 дахь хэсэгт зааснаар ажил үүрэг гүйцэтгэх байршил гэдэг бол хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл. Ажил үүрэг гүйцэтгэх байршил өөрчлөгдөх нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсантай адилтгаж үзнэ. Өөрөөр хэлбэл сэлгэн ажиллуулах тушаалыг хүчингүй болгож байгаа үр дагавар нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгэм болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх ийм агуулга байгаа. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр салбар дугуйлангийн багшаар сэлгэн ажиллуулчихсан байсныгаа ажил үүрэг гүйцэтгээгүй, ажил тасалсан гэдэг үндэслэлээр шууд ажлаас нь халсан ийм үйл баримт байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Б.******* багшийн хувьд тэтгэвэрт гарах дөхөж байгаа. Нөгөө талаасаа байгууллагын удирдлагуудтай муудалцах ийм зүйлд хүрээгүй. Гэхдээ сэлгэн ажиллуулах тушаалыг анхнаасаа зөвшөөрөөгүй Яагаад вэ? гэхээр би ч гэсэнд хүүхэд байхдаа ******* ордны драмын дугуйлангаас төрж гарсан. Драмын дугуйлангийн шавь нар нь маш олон байж байдаг. Б.******* гэдэг хувь хүний хувьд энэ хүн бол Монгол улсад кино урлагийн салбарт нэлээн алдартай жүжигчин байж байгаад өөрөө ******* ордны драмын дугуйланд хүүхдүүдийг бэлтгэе гэж өөрөө зорьж ******* *******д орсон ийм багш. Нэг багш явна гэдэг чинь тэр багшийн ард талд нь хүүхдүүд бэлтгэгдэж байгаа, хүүхдүүдээ эцэг эхчүүд энэ багшид л зориулж драмын дугуйланд гарынх нь шавь болгоод явуулж байгаа. Тэгэхээр 10 дугаар хороолол руу эцэг эхчүүдийн хувьд сэлгэн ажиллуулах боломжгүй ийм нөхцөл байдал байсан учраас сэлгэн ажиллуулахыг зөвшөөрөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 59.1 дээр урьдчилж, гепотиз нөхцөлийг нь заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл харилцан тохиролцсоны улмаас гэж байгаа. Тушаал шийдвэр гарахаасаа өмнө харилцан тохиролцоно. Бодлогын баримт бичиг гэж байна. Энэ бодлогын баримт бичиг бол 2020 онд гарсан. Гэхдээ бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэдэг бол диспозитив зарчим дээр буюу зөвшилцлийн үндсэн дээр явагддаг зарчим. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийг ярьж байна. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан дээр хөдөлмөрийн тухай хуулийг баримталж байгаа хөдөлмөрийн харилцаа бол харилцан тохиролцсоны үндсэн дээр аливаа хүнийг сэлгэн ажиллуулж, түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулдаг ийм зохицуулалттай учраас 59.1-д заасан шаардлагыг хангахгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа зарим нэг зүйл дээр санал нэг байна. 5 дугаар сарын 15-наас хойш Боловсролын тухай хуулиар ээлжийн амралтаа аваад 9 дүгээр сарын 1-нээс ажил эрхэлдэг гэдгийг нь үгүйсгэхгүй. Түүн дээр би ажилгүй байсан хугацааны цалинг хэлэхдээ энэ хугацааг нь оруулаад хэлчихсэн байна. Тэгэхээр түүн дээр хүлцөл хүсье. Яагаад гэвэл Боловсролын тухай хуулиар ээлжийн амралтаа аваад явчихдаг. 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш тодорхой ажил үүрэг эрхэлдэггүй. 6 дугаар сарын 1-ний өдөр талбай дээр парад дээр үе үеийн пионерын байгууллагын хүмүүс очиж жагсдаг. Баярын үйл ажиллагаанд оролцдог. Энэ тайлбаруудыг нь үгүйсгэх зүйл байхгүй. Гол асуудал нь ажилтантай харилцан тохиролцоогүй шууд тушаалаа гаргаад өгчхөж байгаа. Тэр хүн тушаалаа авангуутаа үүнийг би зөвшөөрөхгүй л гэж байгаа. Яагаад гэвэл урьдчилаад ярилцах ёстой шүү дээ. Тийм учраас ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ******* ******* ******* 67 дахь жилдээ хүүхдийг ерөнхий боловсролоос гадуурх дугуйлан, сургалтын үйл ажиллагааг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлээд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний байгууллага. Тэгэхээр манай сургууль сургалтын төв дээр хүүхдүүдийг урлаг уран сайхны чиглэлээр, ерөнхий боловсролын мэдлэг мэдээллийг нь нэмээд сургаж хөгжүүлэх ийм ажил үүрэг гүйцэтгэдэг төрийн байгууллага. Манай байгууллага харьяаллын хувьд Нийслэлийн засаг даргын тамгын газарт харьяалагддаг. Босоо удирдлагатай ийм байгууллага. Б.******* багш өөрийг нь сэлгэн ажиллуулсанд гомдолтой, харилцан тохиролцоогүй гэдэг тайлбарыг хэлдэг. Манай байгууллагын зүгээс энэ хүнийг яагаад сэлгэн ажиллуулах нөхцөл байдалд хүрсэн бэ? Гэдэг дээр энэ нь дурын багшийг ямар нэгэн субьектив ашиг сонирхол харилцааны үүднээс сэлгэн ажиллуулаагүй. Хууль тогтоомж эрх зүйн баримт бичгийн хүрээнд нэгдүгээрт сэлгэн ажиллуулах шаардлага гарсан. Хоёрдугаарт тухайн багшийн маань өөрийнх нь нэр хүнд, ажилдаа хандах хандлага, энэ бүгдийг нь харж бусад салбар луу шингээж, сургалтын үйл ажиллагааг төрөлжүүлэх сайжруулах, хүүхдэд очих мэдлэг мэргэжлийг нэмэгдүүлэх зорилгоор багшийг сэлгэн ажиллуулсан. Зөвхөн Б.******* багшийг тухайн жил сэлгэн ажиллуулаагүй. Жил болгон 4-5 тооны багшийг сэлгэн ажиллуулаад явдаг. Сэлгэн ажиллуулахдаа бодлогын хувьд ******* ордны захиргааны зүгээс юуг баримталдаг вэ? гэхээр салбар дугуйлан дээр хичээллэж байгаа сургалтын төрлүүдийг нэмэх бодлого хамгийн түрүүнд баримталдаг. Салбарууд дээр шатар, дуу бүжиг, драмын дугуйлан гэх мэтээр хичээллээд явж байгаа. Тэгэхээр энэ багш маань өөрөө драмын багш. Салбарууд дээр ажиллаж байсан драмын сургалтын үйл ажиллагаа, хүүхдүүдэд хүрч үйлчилж байгаа үйлчилгээ маань хангалттай түвшинд биш байсан учраас энэ багшийг ажил мэргэжлийнх нь онцлог, юуны багш вэ? гэдгээс нь хамаараад үндсэндээ сэлгэн ажиллуулах нэгдүгээр үндэслэл болсон. Бодлогын бичиг баримтуудыг яагаад дурдах ёстой вэ? гэхээр бид төрийн байгууллага, Монгол улсын хууль тогтоомж, дээд байгууллагаас гарсан шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй. Тэгэхээр хамгийн эхний бичиг баримтыг дурдвал Нийслэлийн засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гардаг нийтэд илэрхий баримт болох 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 0210 дугаартай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байгаа. Энэ тогтоолын утга нь юу вэ? гэхээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай гээд энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн иргэдэд чиглэсэн ямар төрийн үйлчилгээнүүдийг хаана яаж үзүүлэх вэ? гэдэг агуулгын хувьд тогтоосон. Энэхүү тогтоолын хоёрдугаар бүлэг дээр хүний хөгжил гэсэн ийм бүлэг орж ирж байгаа. Хүний хөгжил гэсэн бүлэг нь дотроо хүний хөгжлийн бодлого гээд энэ нь дотроо 7 дэд бүлэгтэй. Тэрхүү 7 дэд бүлгийн 3-д нь боловсролын асуудал хөндөгдөж орж ирсэн. Үүний 2.3 дээр хүүхэд бүр чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн суралцагчийн хөгжлийг дэмжсэн нийслэлийн боловсрол арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр Нийслэлийн засаг даргын тамгын газраас өгч байгаа удирдамж чиглэлд юу гэж байгаа вэ? гэхээр аль болох алслагдсан дүүрэг рүү багш нарыг явж ажиллуул, алслагдсан бүс нутагт байгаа хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлэх ажил дээр бодлогын түвшинд анхаар, ерөнхий боловсролын сургалтыг бүс нутгийн хуваариараа улсын хэмжээнд үзүүлээд явчхаж байгаа. Гэвч соёл урлаг чиглэл дээр ******* дугуйлан дүүрэг болгон дээр байгуулаад ажиллах ийм нөөц бололцоо багш боловсон хүчний хүртээмж байхгүй учраас танайх үүнийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа ганц байгууллага гэдэг утгаараа танайх салбарын үйл ажиллагаагаа сайжруул гэдэг шаардлага байнга хүргүүлдэг. Тэгэхээр энэ бодлогын хүрээнд багшийг шилжүүлсэн. Түүнээс биш багшийг дургүй байхад нь хүчээр ч юм уу, хувийн ашиг сонирхол субьектив хүсэл сонирхлоор явуулсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Энэ бодлогын баримт бичиг дээ юу гэж байгаа вэ? гэхээр сургууль цэцэрлэг дугуйлангийн үйл ажиллагааг чанартай сайн багш нараар алслагдсан бүс, дүүргийн нутгуудад хүрч үйлчилье гэдэг ийм агуулгатай заалт л байгаа. Энэ бодлогын баримт бичгээ хэрэгжүүлэх зорилгоор багшийг сэлгэсэн ажиллуулсан. Бид нар төрийн үйлчилгээг хүмүүст хүргэх гэж байгаа. Тэгэхээр хүүхэд сургах хүмүүжүүлэх ажил дээр хүн болгоноос санал авч, төв дугуйлан дээр байгаа багш нарыг явуулъя гэхэд би явъя гэж дуугардаг багш үнэнийг хэлэхэд нэг ч байхгүй. Гэхдээ бид нар юу зааж байгаа вэ? гэхээр тухайн багшийн нийгмийн баталгаа, цалин хөлс, бусад урамшуулал дэмжлэгийг бууруулахгүйгээр явуулъя гэдэг зарчим баримталж байгаа. Тэгэхээр бид нар багш нарынхаа хүсэл сонирхолд нийцүүлээд тэд нарыг явуулахгүй байя гэхээр бид нарын бэлтгэж байгаа хүүхдүүдийг сургах хүмүүжүүлэх чадавхжуулах олон талын чадвартай иргэн хүн болж төлөвшүүлэх энэ ажил маань тасалдчих гээд байдаг. Тэгэхээр үүнийг зөвөөр ойлгож хүлээж авах хэрэгтэй. Багштай тухайн үед ярихдаа та ганцхан хичээлийн жил яваад ир гэсэн хоёрдугаарт та ажиллах салбараа өөрөө сонго, бид нар сургалтын үйл ажиллагаагаа олон төрөлт болгох нь чухал, эхний ээлжид бид нар юуг төлөвшүүлэх гэж байна гэхээр нэг нэг жилээр ч болтугай салбарын багшийг төв дээр, төвийн багшийг салбарт ажиллуулаад энэ нь өөрөө тухайн хүнд хүлээлгээд байгаа шийтгэл ч юм шиг тухайн хүнийг хүчээр явуулаад байгаа ч юм шиг ийм сэтгэлгээнээс нь хамгийн түрүүнд гаргахыг зорьж байгаа юм. Тэгэхгүй бол бүх багш нар намайг шийтгээд явуулчихлаа, намайг байлгахыг хүсэхгүй болохоор явуулчихлаа ч гэдэг юм уу ийм байдлаар хараад байдаг учраас эхний ээлжид ******* ордны захиргаа юуг баримталж байгаа юм гэхээр нэгдүгээрт тухайн багшийн цалин хөлс нийгмийн баталгааг бууруулахгүй байх, хоёрдугаарт тухайн хүнийг мэдээж олон жил ажиллачихсан газар, ажлын байрыг нь өөрчилж байгаа учраас удаан хугацаагаар явуулахаа больё. Гуравдугаарт тэр хүн маань өөрөө өөртөө тохиромжтой хамгийн байж болох таатай орчин, аль салбар дээр очиж ажиллах нь тэр хүнд өөрт нь нээлттэй сонгож үлдээсэн. Тэгэхээр Б.******* багшийн хувьд заавал 10 дугаар хороолол руу яв гээгүй. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгтээ байж болох байсан. Өөрөө л 6 дугаар сарын 3-ны өдрийн тушаал аваад би явахгүй гэсэн. Салбар сонголтын талаар тэр хүнд бид нар санал болгоод ингэе тэгье гээд яриа хэлэлцээ хийхийг энэ хүн хүсээгүй. Гэхдээ бид нар төрөөс баталсан эрх зүйн баримт бичиг, хүүхдүүдийн ирээдүй хойч сурган хүмүүжүүлэх асуудлаа бодоод энэ хүнийг сэлгэн ажиллуулж байгаа тушаалаа хүчингүй болгох ямар ч боломж байгаагүй. Нэг л хүнийг хүчингүй болгочих юм бол тухайн жил бид нар 2024-2025 оны хичээлийн жилд 5 багш нарыг сэлгэсэн. 2 багш салбараас төв дээр ирж ажилласан. Энэ ур чадварыг эзэмшүүлэх өөрөө өөрсдийгөө сайжруулах маш олон бодлого байгаа. Тэгэхээр ганц хүний хүлээн зөвшөөрөөгүй гомдол гаргасан гэдэг үндэслэлээр бид нар энэ ажлыг зогсоох юм бол цаашдаа бид нар байгууллагынхаа хэмжээнд төрийн бодлогын эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажил зогсох гээд байсан юм. Ямар ч байсан удирдлагаас гарсан шийдвэр, үүнийгээ биелүүлээд хэрэгжилтийг нь хангуулаад явъя гэдэг ийм байр суурийг баримталсан. Хоёрдугаарт бид нар ямар баримт бичиг баримт барьсан бэ? гэхээр байгууллагын удирдлагуудтай Нийслэлийн засаг даргын тамгын газраас хариуцлагын гэрээ хийдэг. Энэ гэрээний 1.4-дээр, энэ гэрээг дагаад олон шатлал бүхий төлөвлөгөө батлагддаг. Энэ төлөвлөгөөний 1.1.2-т юу гэж байна вэ? гэхээр салбар дугуйлангуудыг алслагдсан хороодод ажиллуулах, асрамж халамжийн төвүүдийн секц дугуйланг дэмжих замаар ******* авьяасыг хөгжүүлэх, секц дугуйланд хамрагдалтыг нэмэгдүүлэх гээд төлөвлөчихсөн. Хариуцлагын гэрээний 1.4-д төлөвлөгөө маань өөрөө энэ гэрээний салшгүй хэсэг байна. Гүйцэт гарсан үр дүн, хэрэгжүүлсэн ажлаа арга хэмжээ тус бүрээр хэрэгжүүлэн журамд заасан хугацаанд, хуульд заасан хугацаанд тайлагнаж ирүүлнэ үү гэж 2.1.4 дэх заалт байгаа. Тэгэхээр энэ заалтыг хэрэгжүүлэх ажлаа бид нар хийсэн. Эдгээр баримт бичгүүдийн хүрээнд багшийг сэлгэн ажиллуулсан. Манай багш нар төрийн албан хаагчийн эрх зүйн харилцаанд оролцогчдынхоо хувьд хэд хэдэн хуулиар тусгайлсан үүрэг хүлээдэг субъект. Нэгдүгээрт төрийн албаны тухай хуулиар төрийн үйлчилгээний албан хаагч. Тэгэхээр төрийн үйлчилгээний албан хаагч учраас Төрийн албаны тухай хуульд заасан хуулиар олгогдсон эрхийг ч эдэлнэ үүргийг ч хүлээнэ. Мөн нийгмийн баталгааг ч эдэлдэг. Түүнчлэн манай багш нар багш гэдэг статустай учраас Боловсролын ерөнхий хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлдэг. Тус хуульд заасан үүрэг юу гэж байна вэ? гэхээр тухайн суралцагчийг сурган хүмүүжүүлэх үйл явцад бүхий л хүчин чармайлтаа гарга гээд заачихсан. Хүүхдийг алагчлахгүй байх, ижил тэнцүү харьцах, байгаа байдлаар нь ялгаварлахгүй байх гээд маш олон төрлийн үүргүүдийг хүлээж байгаа. Тэгэхээр бид нар нийт энэ дугуйлангийн сургалтад хамрагдах хүсэл сонирхолтой хүүхдүүдийг өнөөдөр төвийн бүсийн хүүхэд алслагдсан дүүрэг бүс нутгийн хүүхдүүд, төвийн бүсийнхэн нь Б.******* багшаар, Чингэлтэйн 7-н эцэст байгаа хүүхдийг шинэ багшаар заалгая ч гэдэг юм уу? ийм ялгавартай байдлыг тогтоох ямар ч эрх байхгүй. Багш маань өөрөө бас ур чадвартай сайн багш. Энэ багшийн хичээлээ зааж байгаа арга барил, ажилдаа хандаж байгаа хандлага, хүүхдүүдтэй харьцаж байгаа харьцаа энэ бүгдийг нь салбар дээр ажиллаж байгаа багш нар үлгэр жишээ аваасай, энэ хүн шиг ажиллаж, ажил үүргээ гүйцэтгээсэй гэдэг байдлыг давхар харуулсан байгаа. Тэгэхээр энэ багшийг сэлгэн ажиллуулах үндэслэл нь ерөөсөө л энэ байсан . Өөрөө гомдол гаргаад уулзалт хийхдээ та нар намайг ингэсэн болохоор тэгж байна уу тэгсэн болохоор ингэж байна уу? гээд хүн хоорондын харилцааны, багш нар хоорондын үүссэн харилцаанаас дүгнэлт хийдэг. Тэгэхээр бид нарын зүгээс таны наадах чинь бид нарт хамааралгүй, та ямар ч байсан өөрийнхөө сонгосон дүүрэг, газарт очоод хүүхэд сургах ажлыг хийгээд өгөөч ээ гэдэг ийм шаардлага тавиад явуулсан. Ажлаас халагдсан тушаал 10 дугаар сард гарсан. Бид нар энэ багшийг 6 дугаар сарын 3-ны өдөр сэлгэн ажиллуулсан. Хүүхдийн ордны сургалтын үйл ажиллагаа жил болгоны 5 дугаар сарын 15 гэхэд бүгд албан ёсоор хаагддаг. 6 дугаар сарын 1-нд ******* ******* ******* нэгдсэн парад арга хэмжээг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг. Үүнд бүх суралцагч дугуйлангийн хүүхдүүд оролцдог, бүх багш сурган хүмүүжүүлэгчид оролцож нэгдсэн парадаараа ажиллаад, ажил дууссаны дараа тухайн өдөр ажилласан илүү цагийн хөлс мөнгө Боловсролын тухай хуульд заасан олон хоногийн амралтын мөнгө төгрөг бүх юм нь бодогдоод орж байгаа. Тэгэхээр 6 дугаар сарын 3-наас цалин тоолно гэдэг нь үндэслэлгүй. Энэ хүн маань Боловсролын тухай хуулиар амралтаа аваад тооцоо тооллогоо хийгээд 2024-2025 оны хичээлийн жил эхлэхэд бэлэн болоод 9 дүгээр сарын 1-нд цуглаж байгаа. 2024 оны 9 дүгээр сарын 1-н болсон. Бид нарын хооронд дахиад ямар харилцаа үүссэн бэ? гэхээр багш би ямар ч дугуйлан дээр ажиллахгүй, би нэр хүндээ бодож байна. Надад салбар луу явах нь хувь хүний хувьд хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлээд түүнээс хойш 9 дүгээр сарын 1-нээс хичээлдээ огт ирээгүй. Бид нар 2024 оны 10 дугаар сарын 10 гээд үндсэндээ хичээл сургалтын үйл ажиллагаа 40 хоног үргэлжилсний дараа энэ багшийг ажлаас халсан. Энэ хугацаанд багшийг ирж ажиллаасай, хүүхдүүд бүртгэгдчихсэн байдаг. Өмнө 4 жил энэ хүн ******* *******д ажиллачихсан. Шинэ суралцагчид бүрдчихсэн эд нарыгаа бодоод ирээд хичээл номоо заагаад явчихдаггүй юм болов уу гэдэг ийм хүлээлт байсан. Өөртэй нь утсаар ярьж, учир байдлыг нь тайлбарласан. Бүтэн нэг жилийн асуудал яриад байгаа болохоос биш хичээл сургалтын үйл ажиллагаа 9 дүгээр сараас 12 сар хүртэл 4 сар. Сурагчдын улирлын амралт эхлэхээр багш нар бас дагаад амарчихдаг. Тэгээд 2 дугаар сараас 5 дугаар сарын 15-нд гэхээр үндсэндээ 7 сарын хугацаанд салбар дээр ажиллах тухай л асуудал яригдсан. Бид нар буцаад ирэхэд нь таныг авна, та тэнд яаж ажил хийдэг вэ? тэрийг үзүүлчхээд хүрээд ирээч ээ л гэдэг ийм юм ярьсан. Ингээд багш маань ирээгүй. 10 дугаар сарын 10-н хүртэл ажил тасалсан. Хөдөлмөрийн дотоод журам, гэрийн контрактад 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан тохиолдолд гэрээг цуцлах ийм зохицуулалттай. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлыг харахад бид нар багшийг ажиллуулах сонирхол байсан. Бодлогын бичиг баримт хууль дүрмийнхээ хэрэгжилтийг хангах гэж зорьсон. Нөгөө талаасаа бид нар энэ ажлыг хийхийн тулд бүх хүний хүсэл сонирхолд нийцүүлээд би явна, би явахгүй гэсэнд нь захирагдах юм бол хүүхэд сурган хүмүүжүүлэх энэ ажил маань тасалдах хэмжээнд очихоор байсан учраас энэ багшийг буцаагаад төв дээр нь энэ жилийн тухайд аваагүй юм. Хэрвээ ганцхан багш сэлгэсэн байгаад тэр багш маань зөвшөөрөхгүй гэсэн магадгүй бид нар авч болох байсан байх. Тэгэхээр олон багш сэлгэчихсэн байхад нэг хүнийг нь аваад үлдчихээр бүгд барьцах асуудал даамжрах учраас бид нар сургалтын үйл ажиллагаагаа бодоод энэ хүний маргааныг шүүхээр шийдвэрлүүлье гэдэг байр суурийг баримталсан. Тэгэхээр энэ хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд багшийг сэлгэн ажиллуулсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Тэтгэвэрт гарах тухай асуудал яригдсан. Бид нар тэтгэвэрт гарах гэж байгаа хүнээ юу юугүй салбар луу явуулчихгүй. Багшаасаа асуусан. Хэд хэдэн багш нар байсан. Хүүхдийн ******* 110 гаран багш нартай. Тэгэхээр тэд нараас жилд 3-4 багш өндөр насны тэтгэвэр тогтоолгодог. Төрийн албаны тухай хуульд заасан тэтгэвэр тэтгэмжийн асуудал яригдаад явдаг. Тэгээд төсвийн санал авах үед Б.******* багшаас та тэтгэвэртээ гарах уу? саналыг чинь явуулах уу? тэтгэмж хэдэн сар авах вэ? гэж ярихад багш өөрөө юу гэсэн бэ? гэхээр миний бүрэн тэтгэвэр авах шаардлагыг би одоогоор хуулиараа хангаагүй байгаа. Тэгэхээр үргэлжлүүлж ажиллана. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах бодол алга. Залуу насанд энд тэнд драм театрт ажилласан нь шимтгэл төлөгдөлгүй явчихсан он жилүүд байна. Тэгэхээр тэтгэвэрт гарахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ дээр бид нар хүнээ бодохгүй биш бодоод саналыг нь аваад шийдээд явсан байгаа. Бодлогын баримт бичиг маань 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг байсан. Боловсролын асуудал, тэр тусмаа алслагдсан бүс дүүргийн асуудал. Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр бид нар юу гэж загнуулж байна вэ? гэхээр та нар нарангийн гол, чингэлтэйн 7-н буудал ийшээ яагаад багш нар явуулахгүй байгаа юм бэ? хүүхдүүдийг ялгаад байгаа юм уу? аль болох олон тооны өөр өөр төрлийн багш нар явуул гэдэг. Соёл урлагийн чиглэлээр дугуйлан, төрийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага нь ******* ******* учраас бид нараас энэ шаардлагыг байнга л тавьж байдаг. Тэр байтугай бид нар хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлийн хуралд орсон. Тэнд байсан төлөөлөгчид багшид юу гэж хандаж хэлсэн бэ? гэхээр үнэхээр тийм мундаг багш юм бол Чингэлтэйн 7-н буудалд очоод 100 хүүхдэд бүтэн 6 сар хичээл заагаад ирэх зүрх сэтгэл та гаргаж болохгүй юу? та чинь багш хүн шүү дээ, та хуулиар хүлээсэн үүрэгтэй шүү дээ гэдэг асуудлыг хүртэл төлөөлөгчид нь хандаад хэлээд явуулж байсан. Бид нар багш нараасаа тэр зэргийн зүрх сэтгэл гардаг байгаасай, тэр зэргийн харилцаа бид нарын хооронд үүсдэг байгаасай гэдгийг хүсдэг. Тэгэхгүй бол зөвхөн Улаанбаатарын Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уулын хүүхдүүд л боловсроод байдаг хөгжөөд байдаг. Бусад Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүүхдүүд яах аргагүй орхигдоод байдаг. Судалгаа шинжилгээ гэмт хэргийн үзүүлэлт бүх тайлан мэдээллүүд ******* байгууллагуудаар явагддаг. Эндээс харагддаг. Тэгэхээр энэ багшийг бид нар зайлшгүй шаардлага нөхцөлийн улмаас сэлгэж ажиллуулсан. Ажлын байрны байршил эрс өөрчлөгдөх зүйл байгаагүй. Өөрөө сонголт хийх нөхцөлийг тавьсан гэдгийг давхар хэлье гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б.*******д олгосон итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, ******* ******* ******* НӨТБ-н 2024 оны 060 дугаар сарын 03-ны өдрийн Б/51 дугаартай *******ын *******ийн сэлгэн ажиллуулах тухай тушаал, -ны захиргаа, сургалтын албанд гаргасан Б.*******ийн өргөдөл, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 235 дугаартай Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/82 дугаартай *******ын *******тэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 348 дугаартай Б.*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2024-2024 оны хичээлийн жилийн ******* ******* ордны салбар дугуйлангуудын байршил, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай Б.*******д олгосон итгэмжлэл, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/55 дугаартай гийн г сэлгэн ажиллуулах тухай тушаал, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/65 дугаартай Япон хэлний дугуйлангийн багш гийн ыг сэлгэн ажиллуулах тухай тушаал, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/64 дугаартай ийн ыг сэлгэн ажиллуулах тухай тушаал, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/66 дугаартай Англи хэлний дугуйлангийн багш ын г сэлгэн ажиллуулах тухай тушаал, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/48 дугаартай Чулуунбаатарын Хэрлэн-Ундрагыг сэлгэн ажиллуулах тухай тушаал, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/73 дугаартай Мандахын Болоргэрэлийг сэлгэн ажиллуулах тухай тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/62 дугаартай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын удирдлагатай байгуулах хариуцлагын гэрээ, ******* ******* ******* НӨТБ-ийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай албан бичиг, Налайх дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах тухай албан бичиг, Нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай Талархал илэрхийлэх тухай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор УТҮГ-ын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 69, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай албан бичгүүд, Нийслэлийн ерөнхий боловсролын 140 дүгээр сургуулийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дугаартай албан бичиг, Нийслэлийн ерөнхий боловсролын 159 дүгээр сургуулийн 2022 оны 09 дүгээр сарын 79 дугаартай албан бичиг, Нийслэлийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, Нийслэлийн Налайх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаартай албан бичиг, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06/445 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичиг, ******* ******* ******* НӨТБ-н 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай албан бичиг, ******* ******* ******* НӨТБ-н хөдөлмөрийн дотоод журам, 2024 оны 04 д үгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/51 тоот сэлгэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие нь 2020 оны 09 сараас эхлэн Хариуцагч ******* ******* ******* НӨТБ-д драмын дугуйлангийн багшаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. ******* ******* ******* НӨТБ-н захирлын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/82 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргасан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1.3 дахь хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, миний бие хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй, ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хариуцлагадаа хайхрамжгүй хандах, ёс зүйгүй үйлдэл, санаатайгаар хайхрамжгүй хандах зэрэг зөрчлүүдийг гаргаж байгаагүй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ******* ******* ******* НӨТБ нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажил бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулдаг бөгөөд 2024 оны төлөвлөгөөний 1.1.2-т заасны дагуу Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороо, сургуулиас салбар дугуйланг өөрийн байршилд хичээллүүлэх тухай хамтран ажиллах хүсэлт албан бичиг болон аман хэлбэрээр манай байгууллагад ирдэг. Үүний хүрээнд драмын багш Б.*******ийн сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, ингэхдээ багшийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, өөрөөр хэлбэл салбар дугуйланд ажиллах нь зөвхөн ажлын байрны байршил өөрчлөгдөхөөс өөрөөр багшийн өөр хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж, хууль тогтоомжийг илтэд зөрчиж бусдын эрх ашгийг хохироосон үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Б.******* ******* ******* ******* НӨТБ-н драмын багшийн албан тушаалаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ******* ******* ******* НӨТБ-н захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/51 дугаар *******ын *******ийг сэлгэн ажиллуулах тухай тушаалаар сэлгэн ажиллуулж, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/82 дугаар *******ын *******тэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хөдөлмөрийн гэрээний хуулбар, захирлын Б/82 дугаар тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-6-5, 22, 89-90/
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заажээ.
4.3. Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 72 тоот хурлын тэмдэглэл тогтоогдож байна. /хх-9-11/
4.4. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 72 тоот хурлын тэмдэглэлээр 2 тал харилцан тохиролцоогүй, маргаанаа шийдвэрлүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан байх тул шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
5. Б.******* ******* ******* ******* НӨТБ-н захирлын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс драмын багшаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсныг 2024 оны 06 дугаар сарын 03-ны сэлгэн ажиллаж тушаал гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, ******* ******* ******* НӨТБ-н захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/51, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/82 дугаар тушаалууд зэргээр тогтоогдож байна. /хх-5, 22, 89-90/
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг гаргахдаа надтай харилцан тохиролцоогүй, надад урьдчилан мэдэгдээгүй, миний саналыг сонсоогүй. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хууль бусаар гаргасан, сэлгэн ажиллуулах тушаалыг эс зөвшөөрсөн учир ажилдаа очоогүй, зөрчил гаргаагүй, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/51, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/82 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Б.*******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх гэж тайлбарлаж байна.
5а. 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ийг сэлгэн ажиллуулахаар томилсон болох нь зохигчийн тайлбар, ******* ******* ******* НӨТБ-н захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/51, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/82 дугаар тушаал зэргээр тогтоогдож байна./хх-5, 22/
6. Б.Цэнгэлмаа нь 2022 оны 04 сарын 15-ны өдөр ******* ******* ******* НӨТБ-н захирлаар томилогдсон болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
6а. ******* ******* ******* НӨТБ-н захирал 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/51 дугаар тушаалд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2, 59.1.3, 59.1.4, 59.3, 59.1.4, 59.3 дахь заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтуудыг баримтлан,
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/82 дугаар тушаалд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1.3 дахь хэсэг, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.1.3 дахь заалтуудыг удаа дараа зөрчсөн, үүрэгт ажилдаа хайнга хандсан, ёс зүйн зөрчил гаргасан гэжээ. /хх-5, 22/
6б. Б/51 дугаар тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасан байна. Гэвч ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцоогүй буюу шилжүүлэн ажиллуулах талаар ярилцаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй.
7. ******* ******* ******* НӨТБ-н захирал 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/82 дугаар дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтан Б.*******ийг драмын багшийн албан үүргээс чөлөөлсөн байх ба сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, ноцтой зөрчил гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх тушаал бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүгээр зүйлийн 80.1.4-д заасныг үндэслэсэн байсан. Нэгдүгээрт нь ажилтныг өөр ажилд сэлгэн ажиллуулах тушаал 6 дугаар сарын 3-ны өдөр гарсан. Хоёрдугаарт ажлын байрны тодорхойлолтууд танилцуулж гарын үсэг зурагдаагүй, гуравдугаарт хөдөлмөрийн дотоод журам 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан байна. Хөдөлмөрийн дотоод журмыг ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар танилцуулах ёстой байтал танилцуулаагүй. Үүнд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй. Нэгэнт ажилтны эрхийг нь зөрчиж, 59.1 дэх хэсэгт зааснаар шууд ажил үүрэг гүйцэтгэх байршил буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1.2 дахь хэсэгт заасан гол нөхцөлийг өөрчилж байгааг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай адилтгаж үзнэ. Тийм учраас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл ажилтантай тохиролцоогүй гэдэг нь үйл баримтуудаар харагдаж байгаа. 10 дугаар сарын 10-ны өдрийн тушаал хууль зүйн үндэслэлгүй. 81.4 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлт харилцааг шууд цуцлах, ноцтой зөрчил, ажил тасалсан гэж үзэх үндэслэл болохгүй. Яагаад гэвэл 8 дугаар сараас эхлээд хөдөлмөр эрхлэлтийн маргаан үүсээд явж байсан үйл баримттай давхцаж байгаа гэх тайлбар гаргасан нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Иймд ажил олгогч ******* ******* ******* НӨТБ-н захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/51 дугаар, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар ажилтан Б.*******ийг сэлгэн ажиллуулж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.*******ийг урьд эрхэлж байсан ажил буюу ******* ******* ******* НӨТБ-н драмын дугуйлангийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажилтны 2024 оны 3, 4, 5 дугаар сарын цалинг тооцож 1 сарын дундаж цалин 2,747,512 төгрөг, нэг өдрийн цалин 130,833 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 8 сар, 9 хоног ажилгүй байсан хугацааны цалинг тооцож хариуцагчаас 23,157,604 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
9. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй,
21 дүгээр зүйлийн 21.7-д Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, ... ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ******* ******* НӨТБ-д даалгах нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч ******* ******* ******* НӨТБ-аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хангалттай хугацаанд явагдсан байх ба нэхэмжлэгч мэргэжлийн өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын дагуу ******* ******* ******* НӨТБ-н захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг ИХШХШТХ-ийн 38.9-д зааснаар гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийг урьд эрхэлж байсан ******* ******* ******* НӨТБ-н драмын дугуйлангийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ******* ******* НӨТБ-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,157,604 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ******* ******* НӨТБ-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч ******* ******* ******* НӨТБ-аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХБАЯР