Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/05

 

 

 

 

 

 

 

   2024        01           18                                          2024/ДШМ/05

 

 

А.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Хохирогч О.Б-, түүний өмгөөлөгч Г.О.Б-,

Шүүгдэгч А.Ц-,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/258 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч А.Ц-д холбогдох эрүүгийн 2339000000358 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.Ц- нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг "Бурхантын булаг" гэх газарт "үхэр хөөлөө" гэх шалтгааны улмаас хохирогч О.Б-тай маргалдаж улмаар зүүн нүдний зовхи, бөөр тус газар нь гараараа цохиж, зүүн хонго, өгзөг хэсэгт удаа дараа шилбүүрээр цохин зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн гуяны урд доод хэсэг, дотор доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс шүүгдэгч А.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:   Шүүгдэгч А.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Ц- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар шүүгдэгч А.Ц-ээс 179.533 /нэг зуун далан есөн мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-д олгож,

- Эрүүгийн 2339000000358 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч О.Б- замын зардал 936.893 төгрөг, түрээсийн төлбөр 523.200 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 20.800.000 төгрөг нийт 21.460.093 төгрөгийн нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч А.Ц-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч О.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3 хуудсанд шүүгдэгч А.Ц- нь "А.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэж надад хохирол учруулаагүй юм шиг бичсэн.

А.Ц-д зодуулсны улмаас Цагдаагийн газарт дуудагдан Батноров сумаас Хэнтий аймагт өөрийн хариуцдаг "А" авто сургуулийн автомашинаар ирж, очсоны бензиний зардал 936.893 төгрөг, утасны ярианы төлбөр 51.900 төгрөг,

Тус авто сургууль нь Хэнтий аймаг дахь Монгол банкны харьяа Тэмүүжингийн гудамжинд байршилтай байшинд 21.8 м.кв талбай бүхий өрөөг сард 261.600.төгрөгөөр хөлслөн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулах байсан боловч бусдад зодуулж гэмтэл авсны улмаас 8, 9 дүгээр сард курс ажиллуулаагүй байрны төлбөр 523.200 төгрөг,

Жолооны курс ажиллаагүй олох ёстой орлого 20.800.000 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэхээр шийтгэх тогтоолд дурдсан нь үндэслэлгүй юм.

Манай курсийн данс ХААН банканд байдаг. Дансаар 2023 оны 9 дүгээр сарын 06-нд Н гэгчээс 600.000 төгрөг орсноос өөр орлого ороогүй байхад нотлох баримтгүй гэж нэхэмжлэлийг хангаж өгөөгүй.

Анхан шатны шүүх хуралдаанд миний толгойн зураг авхуулсан СД-г уншуулаагүй, шилбүүрийг нотлох баримт болгоогүй, шийтгэх тогтоолд насанд хүрээгүй гэрч Ц.М-н мэдүүлгээр намайг А.Ц-ийг зодсон болгож хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар үнэлэн ял шийтгэл халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Би А.Ц-ийг зодоогүй, гар ч хүрээгүй байхад намайг бусдыг зодсон гэж Хэнтий аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Х.Б нь надтай хамт явж байсан гэр бүлийн хүн М.А- бид хоёрыг тус бүр 100.000 төгрөгөөр торгосон ба хохирогч, гэрч нарыг торгох ёстой юм байх гэж бодоод торгуулийг өгсөн.

Эрүүгийн хэрэгт миний өгсөн баримтад жолооны курст бүртгүүлсэн хүмүүсийг хичээлд оролцсон гэж бүртгэсэн байсан нь 2023 оны 10 дугаар 04-ний өдрийн 49/384 тоот зөвлөмж ирсэн учир курс ажиллуулахаар 40 хүн авснаа ирснээр бүртгэсэн болохоос сургалтын төлбөрийг аваагүй ба ер нь сургалтын төлбөрийг дансаар авч аймгийн Татварын хэлтэст татвар төлөх ёстой юм.

Хэрэв курс ажиллуулах талаар холбогдох газарт албан ёсоор мэдэгдсэн бол хэрэв ажиллуулаагүй бол курс ажиллуулах эрхийг цуцалдаг тул ажиллуулснаар бичсэн нь олох ёстой орлогоо олсон байна гэж харагдсан байна. Үүнийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй юм. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.О.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие тус эрүүгийн хэрэгт давж заалдах шатны шүүхийн шатнаас хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх материал дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр тодорхой хэмжээний хохирлыг шүүгдэгчээс гаргуулаагүй шийдвэрлэсэн.  Бензин авсан баримтыг хэрэгт хавсаргасан тул хэргийн материалтай танилцахаар жолооны курсийн машинаар 4-5 удаа аймаг руу ирж очсон бензиний мөнгө 936.893 төгрөг гаргах боломжтой. Цагдаатай холбогдох гээд утсаар ярьсан ба утасны ярианы төлбөр 51.900 төгрөг болсон.  8, 9 дүгээр сард түрээсийн байраа хүлээлгэж өгөөгүй учир байрны төлбөр 523.200 төгрөг гарсан.  Байраа ашигласан боловч үйл ажиллагаа явуулж чадаагүй учраас түрээсээ төлж чадаагүй. 10 дугаар сард бүртгэсэн хүмүүсээ төгсгөсөн. Хоёр сар курсээ ажиллуулаагүй бол жолооны эрх олгох эрхийг нь түдгэлзүүлдэг. Олох ёстой байсан орлого 20.800.000 төгрөг нэхэмжилж байгаа үндэслэл нь орлогоо алдсан учраас нэхэмжилж байгаа юм. Хохирлын төлбөрийг шүүгдэгчээс нэг доор гаргуулахгүйгээр тодорхой хэмжээгээр хэсэгчилж төлүүлж  хохирлыг барагдуулж өгнө үү” гэв. 

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шатанд хохирогч О.Б- нь шүүгдэгчээс 22.417.793 төгрөг нэхэмжилж баримтаа бүрдүүлж өгсөн. Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 127.633,  утасны төлбөр 51.900, нийт 179.533 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Ц-ээс гаргуулж хохирогч О.Б-д олгож, бусад хохирол, төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдаж шийдвэрлэсэн.

Хохирогч бензиний төлбөр 936.893 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан. Тухайн 936.893 төгрөгөөр хэдэн литр бензин авч, ямар зориулалтаар, ямар ажиллагаанд ашигласан нь тодорхойгүй байсан.

Мөн түрээсийн төлбөр 523.200, ажиллаагүй байсан 2 сарын хугацааны олох байсан орлого 20.800.000 төгрөгийг хангаагүй. Тус хугацаанд хохирогч О.Б- ирц бүртгэж, гэрээ байгуулж, үйл ажиллагаа хэвийн явуулж буй үйл баримт хавтаст хэрэгт авагдсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд “шалгалт ирэх гээд ирц бүртгэсэн” гэх тайлбарыг өгч байна. Үүнтэй холбоотой ямар нэгэн дүрэм журам хавтаст хэрэгт байхгүй байна.

Хохирогч тухайн үед харилцан зодолдсон зүйл байхгүй, зодуулсан гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр энэ үйл баримт тогтоогддог. Үүнтэй холбогдуулан хохирогч О.Б-, гэрч М.А- нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “Хүний биед халдах” зөрчлийн шинжтэй эсэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Б нь шалгаж, шийдвэрлэсэн. Хүний биед халдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа учир зөрчлийн хэрэг бүртгэл нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд нотлох баримтаар CD-ийг шинжлэн судлуулахад гарахгүй байсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг нь харгалзан шүүгдэгч А.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан, үндэслэл бүхий шийдвэр гарсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба хохирогч О.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 107.000, унааны зардал 936.893, утасны ярианы төлбөр 51.900, түрээсийн төлбөр 523.200, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 20.800.000 төгрөг, нийт 22.417.793 төгрөгийн хохирол нь шүүгдэгч А.Ц- нь О.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас үүссэн гэх нотлох баримт хангалттай бүрдээгүй, баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж А.Ц-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгсөн, насанд хүрээгүй гэрч Ц.М-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан, уг мэдүүлэг нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг давхар нотолж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч А.Ц- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаагүй баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны өглөө баримт гаргаж байсан. Би  цагдаагийн албан хаагчийг “ир” гэсэн газар нь ирж иргэний үүргээ биелүүлж явсан.

Хохирогч надад хөдөлмөрийн чадвараа алдталаа зодуулсан гэдэг. Өргөдөлд хавсаргасан зураг шиг болтол нь зодоогүй, зургууд бүгд худлаа. Өөрийнх нь нүүр нь орсон зураг нэг ч байхгүй.

О.Б- 2023 оны 8 дугаар сарын 19-ний орой  үхрийг маань уулын ар руу цогиогоор нь элдэж байсан. “Яагаад үхэр мал хөөж байгаа юм бэ, байнга мал хөөж байх юм” гэхэд энгэр заамнаас барьж байгаад цохисон, мөн заамнаас тавилгүй уруу газар татаж буулгасан.

 М.А- шилбүүрээрээ миний гуя, ууц хоёр руу цохиж шилбүүрээ хугалсан. М.А- О.Б- бид хоёрыг салгах гэж байгаад хугархай шилбүүрнийхээ үзүүрээр О.Б-ы хөмсөг хэсэгт нь шалбарсан. Миний             өгсөн зурган дээр хөхөрсөн зүйл байхгүй. Би цохиж хугалсан шилбүүртэй эхнэрийнх нь зургийг авсан.

Би эвдэрсэн гэх тогоо, антеныг нь харахаар О.Б-ы гэрийн гадаа нь очиход үхрийн мөр байхгүй байсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 700.000 төгрөгийн торгуул, хохирогчид 179.533 төгрөг төлөх байсан. 2023 оны 12 дугаар сарын 10-ны үед  мөнгөтэй болоод О.Б-ы хөдөө байдаг утас руу нь залгахад эхнэр нь “тэр хүндээ мөнгөө өг” гээд  дансныхаа дугаарыг өгөөгүй. Буцаад шүүгчийн туслах руу холбогдож энэ асуудлын талаар хэлтэл “давж заалдах шатны шүүх хуралд оролцохдоо хэлчих” гэсэн юм. О.Б- надаас их хэмжээний мөнгө нэхэж байна. Би төлж барахгүй юм байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч А.Ц-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

4. Шүүгдэгч А.Ц- нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг "Бурхантын булаг" гэх газарт "үхэр хөөлөө" гэх шалтгааны улмаас хохирогч О.Б-тай маргалдаж улмаар зүүн нүдний зовхи, бөөр тус газар нь гараараа цохиж, зүүн хонго, өгзөг хэсэгт удаа дараа шилбүүрээр цохин зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн гуяны урд доод хэсэг, дотор доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хохирогч О.Б-ы Хэнтий аймгийн Цагдаагийн газарт 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлт, фото зураг /1 хавтаст хэргийн 01-02 хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 05 хуудас/,

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 431 дугаартай:

1. О.Б-ы биед тархи доргилт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн гуяны урд, доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 32-33 хуудас/,

- Хохирогч О.Б-ы 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багт мал маллан амьдардаг. 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчимд ... манай саахалт айл А.Ц-ийн үхрүүд нь манай хойд гэрийн гадуур бэлчээд манай гэрийн гадна байдаг зурагтын тогоо, антен шөргөөж эвдэж сүйтгээд байхаар нь би тэдний үхрүүдийг хөөж холдуулсан. Тэгтэл А.Ц- Батноров сумын төвөөс мотоциклтой давхиж ирээд “яагаад манай үхрийг хөөгөөд байгаа юм бэ, гадны хоёр цагаачид минь” гэхээр нь би “танай үхэр чинь манай гадаа ирж тогоо, антен эвдэлчихлээ, байнга ингэх юм аа” гэж хэлсэн. Тэгээд хэрүүл маргаан болоод би мотоциклоосоо бууж А.Ц-ийг заамдаж аваад “чи дандаа хүн байнга доромжилж байх юм гэж” хэлсэн чинь А.Ц- мотоциклоосоо бууж ирээд намайг татаж унагаад миний зүүн нүдний зовхи, мөн бөөрөн тус газар нэг нэг удаа өшиглөсөн. Намайг босох гэтэл дээрээс дараад босгохгүй “чамайг ална шүү” гэж 2 удаа хэлсэн. Тэгээд манай эхнэр Ариунаагийн барьж явсан малын шилбүүрийг А.Ц- булааж аваад миний зүүн хонгон дээгүүр шилбүүрний мод хэсгээр 3 удаа цохиж, өгзөг хэсэгт мөн 1 удаа шилбүүрний модыг хугартал цохиж танхайрсан. Тэгээд манай эхнэр А салгаж гэр рүүгээ явсан. Тэгээд миний бие өвдөөд байхаар нь Батноров сумын эрүүл мэндийн төвд ирж үзүүлж карт нээлгэсэн. Тэр өдрөөс хойш миний даралт ихсээд эм уугаад ч буухгүй байгаа. Мөн А.Ц-д зодуулснаас хойш толгой байнга өвдөж байгаа. ...би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 9-10 хуудас/,

- Гэрч М.А-гийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр манай хойд гэрийн гадна айлын олон тооны үхэр очсон байсан. Айлын үхрүүд гэрийн гаднах эд хогшил эвдэж сүйтгээд байдаг болохоор нь тухайн үхрүүдийг гэрээс ертөнцийн зүгээр зүүн тийш тууж холдуулаад явж байтал А.Ц- ирээд “манай үхрийг хөөлөө, та муу хоёр гадны цагаачин биз дээ, манай нутгаас зайлаарай” гэх зэргээр бид хоёрыг хэл амаар доромжлоод манай нөхөр О.Б-ыг газарт унагааж зүүн нүдний дээд хөмсөг хэсэгт, мөн хөл гуя, хэсгүүдэд хэд хэдэн удаа өшиглөсөн. ...Миний барьж явсан модыг булааж аваад манай нөхрийг модоор зүүн хөлний гуя хэсэгт нь 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 13-14 хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Ц.М-н 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр аавтайгаа үхэрт явж байсан. Тэгэхэд Бгэдэг ах, А эгч хоёр манай үхрийг хөөгөөд явж байхаар нь аав очоод “үхэр яагаад хөөгөөд байгаа юм бэ” гэхэд Баяраа ах манай аавыг мотоцикл дээрээс татаад унагаасан. ...тэгээд аав Баяраа ах хоёр хоорондоо зодолдоод байсан. ...манай аав Б ахын нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиж байсан. ...А эгч аавын гуя хэсэг рүү шилбүүрдсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 26-27 хуудас/,

- А.Ц-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн: “.... 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр намайг үхэр мал ширүүн элдэж хөөлөө гэж хэлсэн чинь намайг хүүхэдтэй минь мотоциклтой татаж унагаагаад заамдаж цохихоор нь би зөрүүлж заамдаад унагаасан. Тухайн үед уурын мунхгаар заамдалцаад барилцаж авч ноцолдсон асуудалдаа би маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 58-59 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

5. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч А.Ц-ийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн,

- хохирогч О.Б-ы  эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, бөөр тус газар нь гараараа цохиж, зүүн хонго, өгзөг хэсэгт удаа дараа шилбүүрээр цохин зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн гуяны урд доод хэсэг, дотор доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч А.Ц-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан байх бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

8. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг/ зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

9. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч А.Ц- нь хохирогч О.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч О.Б- нь эмчилгээний зардалд 107.000, унааны зардалд 936.893, утасны ярианы төлбөр 51.900, түрээсийн төлбөр 523.200, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 20.800.000 төгрөг, нийт 22.417.793 төгрөгийн хохирол нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал болох 127.633, утасны ярианы зардал болох 51.900 төгрөг, нийт 179,533 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Ц-ээс гаргуулж хохирогч О.Б-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх “хэний эзэмшлийн, ямар маркийн тээврийн хэрэгсэлд ямар зориулалтаар шатахуун хийсэн нь тогтоогдохгүй” гэх үндэслэлээр хохирогч О.Б-ы унааны зардалд нэхэмжилсэн 936.893 төгрөгийн,

-  “А” авто сургуулийн ирц, сэдвийн бүртгэлд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хичээл орж ирц бүртгэгдсэн төдийгүй багш О.Б-ы заасан сэдэв бичигдэж багш О.Б- нь гарын үсэг зурсан, мөн жолооны сургуульд бүртгүүлсэн гэх хүмүүсийн бүртгэл нь жолооны ямар нэртэй жолооны сургуульд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй, сургалтын гэрээнүүдийг хэзээ байгуулсан нь тодорхойгүй гэх үндэслэлээр хохирогч О.Б-ы 2023 оны 8, 9 дүгээр саруудад олох байсан орлого 20.800.000, 2023 оны 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 523.200 төгрөгийн хохирлуудыг хохирогч О.Б- нь хохирлоо нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч А.Ц-ээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/258 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

 

                                                                                             Б.ДЭНСМАА