МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “*******” ХХК /РД:*******/
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч д холбогдох
Гуравдагч этгээд: овогт /РД:*******/-ыг оролцуулан
“2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолтой, индексийн 114/2025/0024/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Гомдол гаргагч “*******” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчид холбогдуулан “2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргаж маргасан.
- Хэргийн үйл баримтын тухайд:
- Гуравдагч этгээд ******* 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт “...“*******” ХХК-аар 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай гомдол гаргасныг тус газар хүлээн авч хянаад 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эрх бүхий албан тушаалтны санал болон удирдах албан тушаалтны тогтоолоор уг гомдлыг харьяаллын дагуу шалгуулахаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт шилжүүлсэн байна.
- Хариуцагч дээрх гомдлыг хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эрх бүхий албан тушаалтны ******* дугаар тогтоолоор зөрчлийн хэргийг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар ******* 2019 оны 12, 2021 оны 05 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны цалин, хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй, шимтгэл ногдох орлогыг нуусан гэх үндэслэлээр “*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж, нийгмийн даатгалын шимтгэл 8 182 980 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
- Үүнийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “*******” ХХК гомдол гаргасныг тус шүүх хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
- Эрх бүхий албан тушаалтнаас дээрх шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг явуулж 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* дугаар шийтгэлийн хуудсаар “... “*******” ХХК нь ажилтан ******* 2019 оны 12 дугаар сар, 2021 оны 05 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, шимтгэл ногдох орлогыг нуусан зөрчлийг гаргасан гэж үзэн түүнд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж, 5 503 320 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэх”-ээр шийдвэрлэснийг гомдол гаргагч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
- “*******” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Хяналт, шалгалтын улсын байцаагч нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “*******” ХХК-д шимтгэл ногдох орлого нуусан зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн төлөгдвөл зохих орлого 5 503 320 төгрөг, торгууль 2 000 000 төгрөг, нийт 7 503 320 төгрөгийн шийтгэлийн хуудас үйлджээ.
- Зөрчлийн хэргийн хохирогч Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “...“*******” ХХК нь 2015-2024 оны ажилласан хугацааны шимтгэл төлөөгүй...” гэх гомдлыг гаргасан бөгөөд нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн билээ. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэн цагаас хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 1.1-д “энэ хуульд хүнд арваас дээш таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн цагаас хойш зургаан сар өнгөрсөн”, 3-д “зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ хуулийн 1-д заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэжээ. “*******” ХХК-ийн холбогдсон Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасан зөрчлийн торгуулийн шийтгэл 2 000 000 төгрөг бөгөөд хуулийн этгээдэд 100 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар заасан зөрчил үйлдсэн, үйлдсэн цагаас хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар хуульчилжээ.
- Мөн даатгуулагч гэдэг нь ажилтан, ажил олгогчоос нийгмийн даатгалын санд урьдчилан төлж байгаа мөнгөн хөрөнгө бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээг зааж өгсөн. Гэтэл улсын байцаагч “*******” ХХК-д шийтгэл ногдуулахдаа төлөгдөөгүй, нуусан шимтгэлийн хувь хэмжээг 24 хувиар тооцож, ажилтны өөрийн цалингаас төлөх ёстой шимтгэлийг давхар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар ажил олгогч ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч, ажилтны төлөх шимтгэлийн хамт нэгтгэн нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй бол нөхөн төлбөр 5 503 320 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнтэй маргаж буй дээрх үндэслэлээсээ татгалзаж байна. Мөн уг мөнгөн дүнг тооцсон тооцоололтой маргаан байхгүй. Тухайн төлөх ёстой байсан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд дараа нь гуравдагч этгээд ******* иргэний журмаар нэхэмжлэн өөрийнх нь төлөх байсан хэмжээгээр төлбөрийг гаргуулахаар маргах боломжтой гэж үзсэн.
Иймд хууль зөрчин шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
- Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “*******” ХХК-д холбогдох торгох шийтгэлийн хэмжээ хоёр мянган нэгж тул Зөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-д зааснаар торгох шийтгэлийн хэмжээг нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцоход Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хугацаа хамаарч байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлгүй байна.
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.2-т нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон шимтгэл, алдангийг төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаагүй байна гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 21.1.1-д ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэж заасан тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шимтгэлийг нөхөн төлүүлэхээр зөрчлийн хэрэг нээн шийтгэл оногдуулсан.
- Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 5 503 320 төгрөг нөхөн төлбөртэй маргахгүй, тооцооллын маргаангүй, 24 хувиар төлүүлэхээр шийдвэрлэсэн гэх үндэслэлээр маргаж буй үндэслэлээсээ татгалзаж байгаа шүүх хуралдаанд хэлсэн тул дахин тайлбар гаргах шаардлага байхгүй.
- Нэгэнт холбогдогч зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
- Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.2-т нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон шимтгэл, алдангийг төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаагүй гэж заасан.
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө”, 32 дугаар зүйлийн 32.2.5-д “нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон акт, шийтгэлийн хуудас, тавьсан албан шаардлага, өгсөн мэдэгдлийг хугацаанд нь бүрэн биелүүлэх”, 32.2.6-д “ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх” гэж тус тус заасан. Би тухайн байгууллагад 2015 оноос хойш ажиллахдаа нэг биш дөрвөн хүний ажлыг хийдэг байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхгүй гэж огт ярьж байгаагүй, хариуцагчаас миний нийгмийн даатгалын шимтгэлийг 2019 оны 12 дугаар сар, 2021 оны 05 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг би хүлээн зөвшөөрч байгаа тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
- Эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* дугаар шийтгэлийн хуудсаар “*******” ХХК нь ажилтан ******* 2019 оны 12 дугаар сар, 2021 оны 05 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, шимтгэлд ногдох орлогыг нуусан зөрчлийг гаргасан гэж үзэн түүнд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 000 000 төгрөг торгох шийтгэлийг оногдуулж, 5 503 320 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
- Гомдол гаргагч уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар “...шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 5 503 320 төгрөгийг тогтоохдоо ажилтны төлөх шимтгэлийн хувь хэмжээг хасахгүйгээр шууд 24 хувиар ажил олгогчоор төлүүлэхээр шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх явцад “...төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 5 503 320 төгрөгийг тогтоохдоо ажилтны төлөх шимтгэлийн хувь хэмжээг хасахгүйгээр шууд 24 хувиар ажил олгогчоор төлүүлэхээр шийдвэрлэсэн...” гэх үндэслэлээр маргахгүй гэдгээ гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд илэрхийлсэн.
- нь “*******” ХХК-д 2015 оноос 2024 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөөгүй” гэж гомдол гаргасныг хариуцагч хүлээн авч хянан шалгаад ажил олгогч “*******” ХХК нь ажилтан ******* 2019 оны 12 дугаар сар, 2021 оны 05 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, шимтгэл ногдох орлогыг нуусан зөрчлийг гаргасан болох нь баримтаар тогтоогдсон гэж үзсэнийг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн ба тухайн үйл баримттай хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар маргаагүй.
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ:”, 32.2.2-т “орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх” гэж тус тус зааснаар ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй байна.
- Дээрх хуульд заасан үүргээ ажил олгогч буюу “Дархамзам” ХХК зөрчсөн талаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр шийдвэрээр дүгнэсэн, уг шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч хуульд заасан хугацаанд давж заалдах журмаар гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг шүүх дахин нотлохгүй” гэж заасны дагуу тухайн үйл баримтыг шүүх дахин нотлохгүй юм.
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ:”, 24.1.1-д “ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Дараах зөрчилд нийгмийн даатгалын улсын байцаагч акт тогтоосон бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг ажил олгогчоор нөхөн гаргуулна”, 25.2.1-д “нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, хэмжээг нь санаатайгаар бууруулсан, буруу тодорхойлсон”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна:”, 31.1.1-д “энэ хуулийн 24.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж тус тус зааснаар ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан бол нийгмийн даатгалын улсын байцаагч акт тогтоон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх бөгөөд ийнхүү нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар зохицуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн байна.
- Хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, гомдол гаргагчид Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг оногдуулсан хэргийн энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаатай хамааралтай Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан зохицуулалт нь ерөнхий зохицуулалт болж, Зөрчлийн тухай хуульд заасан зохицуулалт нь нарийвчилсан зохицуулалт болох юм.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан бол нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар зохих шимтгэлийг нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болохоос эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсаар торгох шийтгэлийг оногдуулахад уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой гэж үзэхгүй.
- Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, 3-д “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тус тус зааснаар хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг арав дахин нэмж дүйцүүлэн үзэхэд хуулийн этгээдэд зуугаас таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийтгэл оногдуулж болохгүй байхаар зохицуулжээ.
- Гэтэл зөрчил тодорхой хугацаанд үргэлжилж дууссан буюу 2024 оны 04 дүгээр сараас хойш зургаан сарын хугацааг тоолоход 2024 оны 10 дугаар сард хариуцагч шийтгэл оногдуулах байтал анх 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-ийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.3-д заасан шударга ёсны зарчимтай нийцээгүй төдийгүй уг алдааг засахгүйгээр дахин маргаж буй 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан нь хууль бус юм.
- Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар “*******” ХХК-аас шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгуулахаар шийдвэрлэв.
- Шүүхийн шийдвэр биелүүлэх аргачлал: Анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаж буй 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагч “*******” ХХК нь уг шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгууль 2 000 000 төгрөг, нөхөн төлбөр 5 503 320, нийт 7 503 320 төгрөгийг төлөхгүй ба
Эрх бүхий албан тушаалтан нь холбогдох мэдээллийн системд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон талаарх мэдээллийг оруулах бол,
Гуравдагч этгээд нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт хандаж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан зөрчилд холбогдох ажиллагааг явуулж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар зохих шимтгэлийг нөхөн төлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 3, 10.17 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 25 дугаар зүйлийн 25.2.1, 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг Үндэслэх хэсгийн 12-т заасан аргачлалаар биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ