| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2025/00130/И |
| Дугаар | 192/ШШ2025/01695 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/01695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Ц.Т,
Нэхэмжлэгч Х дүүрэг, ** тоотод оршин суух, Ч.Д нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, *** тоотод оршин суух, Т.Д-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т.Д*******д шилжүүлсэн Г******* ХК-ийн 80 935 ширхэг хувьцаа, 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн Г******* ХК-ийн 161 868 ширхэг хувьцаа, нийт Г******* ХК-ийн 242 803 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай
нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Т*******, Ч.Д*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Т*******, Ч.Д******* нар нь хариуцагч Т.Д*******д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т.Д*******д шилжүүлсэн Г******* ХК-ийн 80 935 ширхэг хувьцаа, 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн Г******* ХК-ийн 161 868 ширхэг хувьцаа, нийт Г******* ХК-ийн 242 803 ширхэг хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Ц.Т*******, Ч.Д******* бид өөрсдийн төрсөн охин болох Т.Д*******д 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Т******* нь Г******* ХК-ийн 161 868 ширхэг, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Д******* нь Г******* ХК-ийн 80 935 ширхэг хувьцаа, нийт 242 803 ширхэг хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу буюу бэлэг болгон үнэ төлбөргүй шилжүүлсэн байдаг. Гэтэл бидний охин болох Т.Д******* нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Г******* ХК-ийн хувьцаатай холбоотой маргаан үүсгэж эхэлсэн билээ. Тэрээр өөрийн төрсөн дүү болох Т.Б*******тэй Г******* ХК-ийн хувьцаатай холбоотой маргаан үүсгэж, улмаар түүнийг шантаажилсан үйлдэл гаргаж байсан. Мөн өөрийн төрсөн эцэг, эх болох Ц.Т******* болон Ч.Д******* бид хоёртой мөн адил Г******* ХК-ийн хувьцаатай холбоотой маргаан үүсгэсэн бөгөөд янз бүрийн аргаар шантаажилж, сэтгэл санааны хувьд дарамтад оруулж, ноцтой гомдоох үйлдлийг удаа дараа гаргасаар ирсэн. Т.Д******* нь насанд хүрсэн хүний хувьд төлөвшөөгүй бөгөөд өөрийн төрсөн хүүхдүүдийн сургалтын төлбөр, мөн өөрийн хэрэгцээнд хэрэглэх мөнгө зэргийг удаа дараа эцэг, эхээсээ нэхэж дарамт учруулж, сэтгэл санааны хувьд байнгын тогтворгүй байдалд оруулдаг. Бид төрсөн эцэг, эхийн хувьд ач, зээ нарынхаа сургалтын төлбөр болон нэхсэн мөнгийг нь өгдөг байсан хэдий ч үүнийгээ цэвэр бидний заавал биелүүлэх ёстой үүрэг мэтээр хэлж, мөнгө нэхэж, удаа дараа биднийг сэтгэл санааны хүнд байдалд оруулж, ноцтой гомдоосоор ирсэн ч бидний хувьд төрсөн охин минь болохоор өдийг хүртэл тэвчсээр ирсэн. Дээрх асуудлуудаас үүдэн манай гэр бүлийн дотоод уур амьсгал эрс муудаж, хоорондоо таарамжгүй харилцаатай болох зэрэг асуудал үүссээр ирсэн. Т.Д******* нь өөрийн төрсөн дүү, эцэг, эх нартайгаа мөнгөнөөс болж удаа дараа маргаан үүсгэж, шантаажлан мөнгө нэхэж дарамталдаг зэрэг үйлдлүүд нь биднийг маш ноцтойгоор гомдоосоор байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсгийн 280.1.1-д "280.1.1.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн" гэж заасан бөгөөд бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Иймд Т.Д*******гийн хувьд дээр дурдсанчлан гэр бүлээ шантаажилж байнга мөнгө нэхэх, хувьцаатай холбоотой маргаан үүсгэж биднийг удаа дараа ноцтой гомдоосон үйлдэл хийсэн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн Г******* ХК-ийн 161 868 ширхэг хувьцаа, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу буюу бэлэг болгож үнэ төлбөргүй шилжүүлсэн Г******* ХК- ийн 80 935 ширхэг хувьцаа, нийт Т.Д*******д шилжүүлсэн Г******* ХК-ийн 242 803 ширхэг хувьцааг буцаан гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгч Ч.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би охиноо оюутан байхад нь хүү, охин хоёртоо хувьцаа өгөх талаар ярилцсан юм. Дараа нь Т.Д******* надад өөрийн хувьцаагаа бүрэн зарцуулах, ногдох ашгийг зарцуулаад явах итгэмжлэл өгсөн, энэ хугацаанд ямар ч хэл ам гараагүй байсан. 2011 онд охин маань Монголд ирсэн юм. Бид компанидаа маргаантай байсан. Гэтэл тухайн үед Т.Д******* н.Б*******тай гэрлэсэн. Их хэцүү байсан. Манай гэрт Авлигатай тэмцэх газраас хүртэл нэгжлэг хийж байсан. 2015 оны сүүлээр Т.Д******* нь Монголд амьдрахгүй гээд явсан. Манай нөхөр бөөрний архаг дутагдалтай явж байсан. 2016 онд бөөр шилжүүлэн суулгах хэрэгтэй юм байна гээд намайг донороор авах талаар ярилцаж байсан. Т.Д******* гадаадад гарсан, хүү оюутан байсан. Тэгээд бид 2 ярьж байгаад компанийхаа бүх хувьцааг хүүдээ шилжүүлээд охиндоо мөнгийг нь өгье гээд энэ талаар охиндоо утсаар хэлсэн, надад охиныг төлөөлөх итгэмжлэл байсан боловч би охиноосоо өөрөөс нь асуусан, зөвшөөрлийг нь авсан. Тэгээд хүүдээ хувьцаагаа шилжүүлсэн. Энэ талаар шүүгчийн захирамж гараад эвлэрлийг баталгаажуулсан. Гэтэл охин маань бүгдийг мэдэж байсан атлаа мэдээгүй юм шиг аашилсан, намайг блоклосон. Надтай ярилцаагүй, уулзаагүй, төрсөн ээжийгээ ч тоохгүй байгаа. 1 жилийн өмнө шүүхэд хандаад хууль бусаар хувьцаа шилжүүлсэн гээд шүүхэд хандсан бөгөөд үүнийг сонсоод бид шоконд орсон. Харилцан тохиролцоод хийсэн захирамжаа хүртэл хүчингүй болгочихсон. Хүүг маань хууль бусаар хувьцаа шилжүүлсэн болгочихсон. Тэгээд одоо Т.Д******* бидэнтэй холбоо барихаа больсон. Хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Тиймээс түүнд өгсөн хувьцаагаа буцаан авах нь зүйтэй гэж үзсэн гэв.
1.3.Нэхэмжлэгч Ц.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Гомдоосон гэдгээр өгсөн хувьцаагаа буцаан авахаар шүүхэд хандсан. Гомдоно гэдгийг нь өөрийнхөөрөө хэлмээр байна. Би бөөрний өвчтэй болсон, энэ талаар хүүхдүүдээ хэлсэн. Хүү, охин 2 гадаадаас ирсэн. Хүү миний бөөрийг авах боломжтой юу гэсэн, охин эрүүл мэндийн талаар огт яриагүй, нэг гадаад хүн дагуулаад ирсэн, энэ хүнтэй суух гэж байгаа гэсэн, аавынхаа биеийн байдлын талаар болон хагалгааны талаар асуугаагүй. Өмнө нь Г******* ХК-ийн хувьцааг маань хог гээд тоодоггүй байсан. Гэтэл уг хог гэдэг компанийхаа хувьцааг дүүгээсээ хүртэл авчихсан. Бид 2 хүүхдүүддээ өөрсдийнхөө хувьцаагаа өгөхдөө цаашид дэмжүүлнэ гэж бодоогүй. Биднийг хайрлах, хоорондоо нэг айлын хүүхдүүд учраас ханьтай амьдрах байх гэж бодсон. Гэтэл энэ нь бүүр гай болсон, охин маань дүүгийнхээ хувьцааг дээрмийн маягаар луйвардаад авсан байгаа. Мөн ээжтэйгээ муухай харьцдаг, ээжийгээ маш их гомдоож байгаа. Би энэ бүхнийг харахад үнэхээр хэцүү байна. Иймд охин Т.Д*******д өгсөн хувьцааг буцаан авмаар байна гэв.
1.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл бол бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж шаардлага гаргасан. Хувьцааг 2018 онд нэхэмжлэгч нар хүүхдүүдтэйгээ хамт харилцан тохиролцсон. Тэгээд Т.Д******* өөрөө Лондон хотод очиж итгэмжлэл хийж өгөөд хувьцааг шилжүүлсэн байдаг. Тухайн үедээ өөрөө мэдээд итгэмжлэл хийж өгсөн, хувьцааны төлбөрөө хүртэл авсан байдаг. Гэтэл 2023 онд гэнэт л мэдлээ гээд шүүхэд болон нотариатын танхимд өргөдөл, хүсэлт гаргасан. Энэ нь баримтаар тогтоогдоно. Уг нь бүхий л үйл баримтыг өөрөө мэдэж байсан байдаг юм. Түүнээс хойш байнга компаниас төлбөр нэхэж бэлэглэгч нарыг гомдоож байгаа. Нэхэмжлэгч, хариуцагч нар нэг гэр бүлийн хүмүүс учраас маргааныг аль болох эвийн журмаар шийдвэрлэхээр өмгөөлөгч нар хоорондоо харилцсан гээд байна, бид үйлчлүүлэгч нарын хүсэл зоригийг л илэрхийлсэн байдаг. Гэтэл хариуцагч нь өөрөө байнга ногдол ашиг, төлбөр шаардаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Уг маргаан нь хэзээ өгсөн гэхээр өөрийн төрсөн дүү болох Т.Б*******тэй маргаан үүсгэсэн гэсэн байдаг. Түүнийг Монголд байхгүй байх үед нь түүний төрсөн дүү Т.Б******* нь шилжүүлсэн байсан учраас маргаан үүсгэсэн. 2000 оноос хойш л гадаадад амьдардаг. 2023 оны 8 сард орж ирээд Хаан банкнаас зээл авахаар орлогын эх үүсвэрээ нотлохоор лавлагаа авахад огт лавлагаа эзэмшдэггүй гэсэн байсан. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэл, эвлэрлийн гэрээг үндэслээд Б******* гэдэг хүнд шилжсэн байсан, үүнийг хариуцагч огт мэдээгүй. Хил хамгаалах лавлагаагаар тогтоогдоно. Ингээд хуульчаас зөвлөгөө аваад итгэмжлэл гэрчилсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгуулахаар сахилгын зөвлөлд хандаад тогтоол гарсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцээд эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж хүчингүй болгосон. Тиймээс хувьцааны бүртгэлийг шинэчлэхээр хандсан байдаг. Энэ үйлдэл нь хууль ёсны эрхээ хамгаалахаар хийсэн үйлдэл бөгөөд ноцтой гомдоосон, шантаажилсан үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгч нарт холбогдуулсан ямар нэгэн маргаан байгаагүй. 2023 оноос хойш Т.Б*******тэй холбоо тогтоосон, өмгөөлөгчтэй нь ярилцаад эвийн журмаар шийдвэрлээ гэдэг асуудал үүссэн гэв.
2.1.Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар нь хувьцааг буцаан авах маргаан нь хэзээ үүссэн гэхээр өөрийн төрсөн дүү болох Т.Б*******тэй маргаан үүсгэсэн гэсэн байдаг. Хариуцагчийг Монголд байхгүй байх үед нь түүний төрсөн дүү болох Т.Б******* нь хувьцааг нь шилжүүлж авсан байсан учраас маргаан үүсгэсэн. Хариуцагч нь 2000 оноос хойш л гадаадад амьдарч байгаа. 2023 оны 8 сард Монголдоо ирээд Хаан банкнаас зээл авахаар орлогын эх үүсвэрээ нотлохоор лавлагаа авахад огт хувьцаа эзэмшдэггүй гэсэн лавлагаа гарч ирсэн байдаг. Үүнийг тодруулахад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэл, эвлэрлийн гэрээг үндэслээд Б******* гэдэг хүнд түүний хувьцаа нь шилжчихсэн байсныг хариуцагч огт мэдээгүй гэдэг. Тухайн хувьцааг шилжүүлж байх үед хариуцагч нь мэдээгүй, Монгол улсад ч байгаагүй болох нь Хил хамгаалах газрын лавлагаагаар тогтоогдоно. Ингээд хуульчаас зөвлөгөө аваад итгэмжлэл гэрчилсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгуулахаар Нотариатын сахилгын зөвлөлд хандаад гомдол гаргасан бөгөөд үүнийг хянаад тогтоол гарсан. Тогтоолд итгэмжлэл гэрчлэхдээ нотариатчийг хууль зөрчсөн гэсэн боловч сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжийг хүчингүй болгосон. Тиймээс хувьцааны бүртгэлийг шинэчлэхээр холбогдох байгууллагад нь хандсан байдаг. Энэ үйлдэл нь хууль ёсны эрхээ хамгаалахаар хийсэн хариуцагчийн үйлдэл бөгөөд энэ үйлдлээрээ бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон, шантаажилсан үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгч нарт холбогдуулсан ямар нэгэн маргаан байгаагүй. Компанид хандаж хууль ёсны хүсэлтээ л тавьж байсан нь нэхэмжлэгч нарыг гомдоох үйлдэл болохгүй. Мөн хариуцагч нь 2023 оноос хойш Т.Б*******тэй холбоо тогтоож, өмгөөлөгчтэй нь ярилцаад эвийн журмаар шийдвэрлэхээр ярилцаж байсан. Иймд нэхэмжлэгч нарын шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.2.Хариуцагчийн өмгөөлөгч Ж.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл ойлголцол байгаа, манай охин огт бидэнтэй холбогдохгүй байгаа гэж хэлсэн нь үнэн. Гэтэл хувьцаа бэлэглэсэн асуудал яриад гомдоосон гэж байна, хуульд бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан. Энэ 1 жилийн хугацаанд хоорондоо ч холбоо харилцаа тогтоогоогүй хүн хүнийг ноцтой гомдоох үйлдэл хийнэ гэж байхгүй, хийгээгүй. Дүүгийнхээ хувьцааг луйварын журмаар авсан зүйл байхгүй. Хариуцагч нь өөрийн эрх ашгийг зөрчигдсөн талаар мэдээд шүүхэд хандаад шүүхийн шийдвэрийн дагуу хувьцааны шилжилт буцсан асуудал байгаа. Хариуцагч Т.Д******* бол ээж, аавдаа хайртай, энэ талаараа ч хэлдэг, ямар ч гэр бүлд хоорондоо буруу, зөрүү ойлголцсон, ойлголцоогүй асуудлууд байдаг. Энэ шаардлага нь өмнөх хувьцааны маргаанаас болсон юм байна гэж ойлгож байна, гэтэл тэр асуудал нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргаан биш юм гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.12.17-ны өдрийн албан бичиг, Монголын хөрөнгийн бирж ХК-ийн 2024.07.03-ны өдрийн 03/520 тоот албан бичиг, төлбөрийн даалгавар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хэргийн 3-21, 70, 90-р хуудас/,
хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11085 дугаар шүүгчийн захирамж, Хаан банк ХК-ийн 2024.12.27-ны өдрийн тодорхойлолт, зарлагын мэдүүлэг, MDSKhanlex-ийн мэдээлэл хүсэх тухай албан бичиг, Г******* ХК-д гаргасан ногдол ашиг шаардах тухай албан бичиг, мэдэгдэд хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 33-35, 38-49, 72-75, 86-89-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Т.Д*******г өөрийн дүү Т.Б*******тэй хувьцааны маргаан үүсгэж, хэлэлцэн тохиролцсоноос буцаж, өөрийн эцэг, эхтэй уулзахгүй, байнга ногдол ашиг шаардаж бэлэглэгч нарыг удаа дараа ноцтой гомдоосон үйлдэл хийсэн тул түүнд компанийн хувьцааг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2003 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн Г******* ХК-ийн 161 868 ширхэг хувьцаа, 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн Г******* ХК-ийн 80 935 ширхэг хувьцаа, нийт 242 803 ширхэг хувьцааг буцаан гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Т*******, Ч.Д******* нараас Г******* ХК-ийн 242 803 ширхэг хувьцааг шилжүүлэн авч эзэмшиж байсан боловч надад мэдэгдэлгүйгээр хувьцааг шилжүүлсэн, 2018 онд өөрийн хувьцааг бусдад шилжүүлэхээр харилцан тохиролцсон зүйл байхгүй, энэ талаар мэдээгүй, шүүгчийн захирамжийн дагуу дүү Б.Б*******эд хувьцаа шилжсэн болохыг 2023 онд Монгол улсдаа ирэхдээ мэдэж, шүүхэд хандаж эрхээ хамгаалсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нараас ногдол ашиг шаардсан зүйл байхгүй, нэхэмжлэгч нарыг ноцтой гомдоосон үйлдэл хийгээгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ц.Т******* нь 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Г******* ХК-ийн 161 868 ширхэг, нэхэмжлэгч Ц.Д******* нь 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 80 935 ширхэг хувьцааг тус тус хариуцагч Т.Д*******д хариу төлбөргүйгээр шилжүүлсэн болох нь хэрэг авагдсан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн харилцагч Ц.Т*******, Ц.Д*******, Т.Д******* нарын дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
5.Талууд бэлэглэлийг хүчингүй болгохоор буюу хариуцагч нь нэхэмжлэгч нарыг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн эсэх талаар маргаж байна, хувьцааг бэлэглэсэн үйл баримтын талаар маргаагүй.
6.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276.2-д эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд хувьцааг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
6.1.Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан тул бэлэглэлийг хүчингүй болгож, түүнд бэлэглэсэн нийт 242 803 ширхэг хувьцааг буцаан гаргуулахаар шаардаж, хариуцагч нь өөрөө зөвшөөрч хэлэлцэн тохиролцсон атлаа дүүтэй Т.Б*******эд шилжүүлсэн хувьцааг буцаан авч, ногдол ашиг шаардаж дарамталсан үйлдэл нь нэхэмжлэгч нарыг ноцтой гомдоосон гэж тайлбарласан.
6.2.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй, 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол гэж заажээ.
6.3.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/02268 дугаар шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч Т.Б******* нь тайлбар гаргагч Т.Д*******д холбогдуулан 1 000 000 000 төгрөг гаргуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулахаар ирүүлснийг хянаад Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан, уригдсан тал Т.Д******* нь 1 000 000 0000 төгрөгийн төлбөрт өөрийн эзэмшлийн Г******* ХК-ийн 242,803 ширхэг хувьцааг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, 2018 оны 3 дугаар сарын 01-ний дотор төлж, улсын тэмдэгтийн хураамжийн 30 000 төгрөгийг уригдсан тал Т.Д*******гаас гаргуулахгүй гэж тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн, эвлэрлийн гэрээг талууд харилцан тохиролцсон байгуулсан байсан боловч хариуцагч Т.Д******* нь энэ эвлэрлийг мэдээгүй, тохиролцоогүй гэж хүчингүй болгосон нь бэлэглэгч нарыг гомдоосон үйлдэл болсон гэж тайлбарласан.
6.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь тус дүүргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/02268 дугаар захирамжийг хариуцагч Т.Д******* нь мэдээгүй, харилцан тохиролцоогүй учраас эрхээ хамгаалахаар шүүхэд гомдол гаргасан нь бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон үйлдэлд хамаарахгүй гэж мэтгэлцсэн.
7.Хэрэгт авагдсан баримт талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/02268 дугаартай Талуудын эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамжаар Т.Д******* нь 1 000 000 0000 төгрөгийн төлбөрт өөрийн эзэмшлийн Г******* ХК-ийн 242,803 ширхэг хувьцааг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн гэж тайлбарласан.
7.1.2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 36 дугаартай тогтоолоор Т.Д*******гийн Нийслэлийн тойргийн нотариатч С.Тд холбогдуулан гаргасан гомдлыг хянан хэлэлцээд нотариатч С.Т 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлийн бүртгэлийн 78 дугаарт төлөөлүүлэгч Т.Д*******гаас төлөөлөгч Б.О эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлөөлөх эрхийг нэг жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг гэрчилжээ. Гэвч төлөөлүүлэгч Т.Д******* тухайн цаг хугацаанд Монгол улсад байгаагүй нь Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №2-4в/3079 албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн баримт, талуудын тайлбараар нотлогдож байна. Гэвч дээр үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1 хуурамч баримт бичгийг гэрчлэх, 21.3.3 нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийхийг хориглосон хуулийн хэмж хэмжээг зөрчсөн байна. Нотариатч С.Т 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 78 дугаартай итгэмжлэлийг гэрчлэхдээ хууль зөрчсөн нь тогтоогдож байх боловч Сахилгын зөвлөлийн ажиллах журмын 7.1.4, Нотариатын тухай хуулийн 511 дүгээр зүйлд заасан хугацаа өнгөрсөн байх тул сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй байна гэжээ.
7.2.Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11085 дугаартай захирамжаар хүсэлт гаргагч Т.Д*******гийн хүсэлтийг хүлээн авч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/02268 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хүчингүй болгон шийдвэрлэжээ.
7.3.Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг хувьцааг шилжүүлэх талаараа өөрөө мэдэж, итгэмжлэл олгож шилжүүлсэн, мөн нэхэмжлэгч Ч.Д******* нь шүүх хуралдаанд охин Т.Д******* нь хувьцаагаа захиран зарцуулах эрхийг надад хүртэл олгосон байсан болох нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Итгэмжлэлээр нотлогдоно гэж тайлбарласан, хэрэгт авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Итгэмжлэлд Т.Д******* нь өөрийн эзэмшлийн 242 803 ширхэг үнэт цаасыг худалдах, бэлэглэх барьцаалах зэргээр захиран зарцуулахад болон хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ-ын хуралд намайг төлөөлөх, санал өгөх, гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг Ч.Д*******д 3 жилийн хугацаатай итгэмжлэн олгож байсан болох нь тогтоогдож байгаа боловч хариуцагч нь энэ талаар маргаагүй, харин хариуцагч Т.Д*******гаас төлөөлөгч Б.О эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлөөлөх эрхийг нэг жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг гэрчилсэнтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагад гомдол гаргажээ.
7.4.Мөн хариуцагч Т.Д******* нь дээрх итгэмжлэлийг үндэслэн эвлэрлийг баталсан нь нь эрх зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/02268 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар гомдол гаргажээ.
7.5.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдлийг бэлэг хүлээн авагч хийсэн байдаг бөгөөд түүний үйлдэл нь заавал бэлэгтэй холбоотой байх ёсгүй боловч бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг шаардахад гомдоосон үйлдэл нь ноцтой, бэлэглэгч гомдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл гомдооно гэдэг ойлголт нь агуулгын хувьд тухайн хувь хүнд хамааралтай байхыг ойлгоно.
7.6.Нэхэмжлэгч нарын бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон гэх үйлдэл нь 2018 оны 02 сарын 20-ны өдрийн талуудын эвлэрлийг баталгаажуулсан захирамжид гомдол гаргаж хүчингүй болсонтой холбоотой гэсэн боловч уг үйл баримт нь талуудын тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11085 дугаартай захирамжид дурдсанаар Т.Б******* болон Т.Д******* нарын хоорондох маргаантай холбоотой, хэдийгээр бэлэглэлийн гэрээ нь нэг талын хэлцэл боловч нэхэмжлэгч нарын тайлбарт дурдсан үндэслэлээр бэлэглэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.
7.7.Мөн нэхэмжлэгч нар нь хариуцагчийг мөнгө нэхэж дарамталж, гомдоосон гэсэн боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан нөхөрлөлөөс Г******* ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Б******* 2024 оны 11 сарын 14-ний өдөр М-24/247 албан тоот Мэдээлэл хүсэх тухай, 2024 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр М-24/190 тоот Мэдээлэл хүсэх тухай, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр М-24/167 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр, Т.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******аас Г******* ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т*******т 2024 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр ногдол ашиг шаардах тухай албан бичгүүдийг хүргүүлж байсан болох нь тогтоогдож байгаа боловч энэ нь компанид холбогдуулсан, мөн хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлсэн гэж тайлбарласан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.
8.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Т.Д******* нь эцэг, эхээ хүндэтгэдэггүй, холбоо харилцаагүй байдаг гэсэн боловч нэхэмжлэгч нар нь Т.Д*******д 2003 онд хувьцаагаа шилжүүлэн өгсөн, мөн 2015 оны сүүлээр охин маань Монголд амьдрахгүй гээд явсан гэж тайлбарласан, шаардах эрх нь хэзээ үүссэн эсэх нь тодорхойгүй байна гэж үзэв. Учир нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-д бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж зааснаар хариуцагч ноцтой гомдоосон үйлдэл хийсэн боловч бэлэглэгч уучилснаас хойш, эсхүл бэлэглэлийг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйлийг буцаахыг шаардах эрхтэй гэдгийг мэдсэнээс хойш энэ хугацааг тоолдог болно.
9.Иймд нэхэмжлэгч Ц.Т*******, Ч.Д******* нарын хариуцагч Т.Д*******д холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т.Д*******д шилжүүлсэн Г******* ХК-ийн 80 935 ширхэг хувьцаа, 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн Г******* ХК-ийн 161 868 ширхэг хувьцаа, нийт Г******* ХК-ийн 242 803 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /80 404 342+140 400/ 80 544 742 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Т*******, Ч.Д******* нарын хариуцагч Т.Д*******д холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, түүнд шилжүүлсэн нийт 242 803 ширхэг, 16 049 278 300 төгрөгийн хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Т*******, Ч.Д******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 544 742 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН