| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2016/0113/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч, хохирогч Э.Итгэл,
шүүгдэгч, хохирогч Н.Мөнхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Эрдэнээгийн Итгэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020862 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаах ухааны их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл-5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Номун хотхон 39-101 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Э И/регистрийн дугаар УК 97032519/,
2.Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Афсолют дунд сургуулийн захирал ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 4-205 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Н М /регистрийн дугаар ЯП 84120131/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Мнь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн авто машины зогсоол дээр хохирогч Х.Эрдэнээ, Э.Инартай маргалдаж улмаар тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Яллагдагч Э.Инь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн авто машины зогсоол дээр хохирогч Н.Мөнхболдтой маргалдаж улмаар түүний толгой, нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдоцгоожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Итгэл шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би 2017 оны 03 дугаар 28-ны өдөр аавтайгаа хамт гэрээсээ гараад найз охиноо аваад аавын нэг найзтай уулзаад цаашаа юманд явах гээд Сүхбаатарын талбайн урд талын зогсоол руу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо гараад зогсож байтал миний араас нэг машин сигналдсан тэгэхээр нь зай тавьж өгөөд урагшилсан тэгтэл нөгөө залуу дахиад сигналдсан тэр үед аав машинаас буугаад нөгөө сигналдаад байсан машины жолоочид араар нь багтахаар байна гээд орчих гэж хэлсэн тэгээд би найз охиноо замын цаанаас ирж байгааг нь харж байгаад машины толинд хартал манай аав нөгөө машины жолоочтой заамдалцаад барилцаад авчихсан нөгөө машины жолооч залуу манай аавыг цохих шиг болсон тэгэхээр нь бууж очоод нөгөө залуугийн нүүр лүү нь нэгээс хоёр удаа цохиод зууралдаж байгаад болиод аав бид хоёр машиндаа суугаад Сүхбаатарын талбайн баруун талаар ертөнцийн зүгээр хойд зүг рүү явж байтал нөгөө машинтай залуу араас хүрч ирээд манай машиныг хашиж зогсоод машинаасаа бууж ирээд намайг хэл амаар доромжлоод эхэлсэн тэгээд би машинаас буугаад хальт заамдалцаад маргалдаж байгаад болиод тэр залуу болон манай аав цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-35/,
Шүүгдэгч Н.Мөнхболд шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатарын талбайн авто машины зогсоол уруу баруун урд талаас нь орох гэтэл миний урд нэг цагаан саарал өнгийн ОХУ-н номертой жижиг тэрэг зам хаагаад хөдлөхгүй болохоор нь би зөрөх гээд чадахгүй машинаасаа 3,4 удаа дуут дохио өгсөн. Тэгтэл тэр машин хөдлөхгүй байж байгаад жолоочийн эсрэг талын хойд талын хаалганаас нэг 45-50 орчим насны саравчтай малгайтай эрэгтэй хүн бууж ирээд “зөрчихөөр зам байна тойроод гар гэж хэлсэн” Тэгэхээр нь би машиныхаа цонхоор машинаа зөв байрлуул гэж хэлсэн тэгтэл нөгөө эрэгтэй “чи юу гээд байгаа юм бэ? гэж хэлээд миний машины цонхоор над руу нүүрээ ойртуулсан тэгэхээр нь би машинаасаа буугаад нүүр лүү нь алгаараа түлхсэн тэгтэл нөгөө ах намайг хоёр гараараа заамдаж аваад зогсож байтал нөгөө жижиг тэрэгний жолооч болох 20 гаран насны үстэй туранхай нүдний шилтэй залуу бууж ирээд миний нүүр хөмсөг дух хэсэг рүү нэг удаа цохисон тэгтэл нөгөө 45-50 орчим насны хүн намайг заамдахаа больсон тэгэхээр нь би нөгөө 20 орчим насны намайг цохисон залууг цохих гэж оролдсон боловч би хий цохисон тэгтэл над руу 45-50 орчим насны хүн над руу ирээд газраас чулуу аваад намайг хөөсөн тэр үед нь би хойшоо ухраад зугтаж байтал нөгөө 20 орчим насны залуу миний толгой хэсэг рүү дахиад нэг удаа цохисон тэгэхээр нь би эргэж хараад зугтаатал нөгөө хоёр машиндаа суугаад явсан тэгэхээр нь би буцаж гүйж очоод машиндаа суугаад талбайн баруун хойд хэсэгт машинаараа тэр машиныг гүйцэж түрүүлээд тэр машиныг зогсоогоод цаг дуудсан. Тэгээд цагдаа дуудаад байж байтал нөгөө 20 орчим насны залуу миний шанаа болон дух, толгой хэсэг рүү 2,3 удаа цохисон. Тэр үед мөн тэр залуу дээр нэмэгдэж 45-50 орчим насны бүдүүн хар цараатай, халзан залуу ирээд нөгөө орчим насттай залууг надаас салгасан тэр үед цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/
Хохирогч Э.Итгэл шүүх хуралдаанд “…Хэрэг болох үед сэтгэл санааны байдал болон буруу ойлголцсоноос маргалдсан. Тэгээд хэн, хэнээсээ уучлалт гуйж тохиролцсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэж хүсч байна…” гэв,
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ аавтайгаа хамт гараад найз охиноо төв шуудангаас авах гээд Сүхбаатарын талбайн хажуу талын зогсоол дээр зогсож байтал миний араас нэг машин сигналдаад байсан тэгээд манай аав машинаас буугаад ингээд гарчих багтна ш дээ гэж хэлэх шиг болсон ...толиндоо хартал манай аавыг тэр сигналдаад байсан машины жолооч нүүр лүү нь цохих шиг болсон ... би бууж очоод нөгөө залуугийн цээж рүү нь түлхээд бид гурав маргалдаад зогсож байтал тэр залуу миний зүүн эрүү рүү цохисон манай аав хажуугаас орж ирээд нөгөө залуутай заамдалцаж аваад манай аав тэр залуугийн зүүн талын хүзүү рүү нэг удаа цохиод тэгээд нөгөө залуу цаашаа ухраад бид хоёр араас нь хөөх гэснээ болиод машиндаа суугаад урагшаа явсан тэгтэл нөгөө залуу бид хоёрын араас хөөгөөд машинтайгаа хашиж зогсоод машинаасаа бууж ирээд намайг хэл амаар доромжлоод эхэлсэн тэгэхээр нь би машинаасаа бууж очоод тэр залууг хоёр удаа шанаа руу нь цохисон.... манай аавын хөл эвгүй болсон тэрнээс биш надад гомдол санал гэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,
Хохирогч Н.Мөнхболд шүүх хуралдаанд “…Бид 2 хоорондоо гомдол саналгүй. Тухайн үед буруу ойлголцсоны улмаас маргалдсан. Одоо ямар нэгэн зөрчилтэй зүйлгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсч байна…” гэв,
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатарын талбайн баруун урд талаас авто машины зогсоол руу орох гэтэл миний урд цагаан саарал өнгийн ОХУ-н автомашины дугаартай жижиг тэрэг зам хаагаад хөдлөхгүй байсан. Би зөрөх гээд чадахгүй машиныхаа сигналыг 3-4 удаа дартал тэр машин хөдөлж өгөхгүй байж байгаад жолоочийн эсрэг талын хойд хаалганаас бүдүүн 45-50 орчим насны саравчтай малгайтай эрэгтэй хүн бууж ирээд зөрчихөөр зай байна, чи зөрөөд явчих гэж уурлангүй байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би наад машинаа зөв байрлуул гэж хэлсэн. Тэгтэл тэр эрэгтэй над руу чи юу гээд байгаа юм бэ? гэж хэлээд бид хоёр хоорондоо муудалцаад маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэр эрэгтэй миний машины цонхоор нүүрээ оруулсан тэгэхээр нь хаалга онгойлгоод машинаас гараад нүүр лүү алгаараа түлхсэн тэгтэл тэр эрэгтэй намайг хоёр гараараа заамдаж аваад зогсож байтал нөгөө урд зам хаагаад зогсож байсан машины жолоо барьж байсан 20 орчим насны туранхай шар үстэй залуу бууж ирээд миний нүүрний хөмсөг хэсэг рүү цохисон. Тэгтэл тэр залуу над руу дайраад мөн 45-50 орчим насны эрэгтэй чулуу аваад над руу дайраад хэн нэг нь намайг цохих шиг болсон яг хаашаа хэн цохьсныг сайн мэдэхгүй байна. Би цохиулаад хойшоо зугтаасан тэгтэл тэр хоёр машиндаа суугаад явсан тэгэхээр нь би араас нь машинаараа хөөгөөд Сүхбаатарын талбайн баруун хойд буланд цагаан саарал өнгийн машиныг гүйцэж шахаж зогсоод цагдаа дуудсан.... цагдаа ирэх хооронд 20 орчим насны залуу миний шанаа, дух, толгой руу 2-3 удаа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч Д.Мөнхзул “...манай найз залуу Итгэл над руу утсаар яриад гараад ир гэсэн.... Итгэлийн машины ар талд 30 орчим насны эрэгтэй 40 гаран насны хоёр эрэгтэй хүн заамдалцаад зогсож байсан .... машины толинд хараад сууж байтал 30 орчим насны залуу /Мөнхболд/ нөгөө гаран насны залуугийн /Эрдэнээгийн/ нүүр лүү нь цохих шиг болсон тэгтэл Итгэл машинаа буугаад нөгөө 30 орчим насны залуу машинтайгаа зам хааж зогсоод машинаасаа бууж ирээд Итгэл рүү хэл амаар доромжлоод дайраад байсан…” гэсэн мэдүүлэг \хх-ийн 26 \,
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹4463 тоот актын “…Н.Мөнхболдын биед тархи доргилт, хүзүү, дух, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо… Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТЖурмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-15/,
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹4448 тоот актын “…Э.Итгэлийн биед Итгэлийн биед зүүн эгэмд цус хуралт, эрүүний ооч хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо… Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТЖурмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-17/,
шинжээчийн дүгнэлт /хх-38/, шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-58-67/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-60/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-61, 73/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-70/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71, 72/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-89-90/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх88-90/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.Мнь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн авто машины зогсоол дээр хохирогч Х.Эрдэнээ, Э.Инартай маргалдаж улмаар эрүүл мэндэд нь “…зүүн эгэмд цус хуралт, эрүүний ооч хэсгийн зөөлөн эдийн няцрал…” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Итгэлийн “...би бууж очоод нөгөө залуугийн цээж рүү нь түлхээд бид гурав маргалдаад зогсож байтал тэр залуу миний зүүн эрүү рүү цохисон …” гэсэн мэдүүлэг,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹4448 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Н.Мөнхболдын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Э.Инь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн авто машины зогсоол дээр хохирогч Н.Мөнхболдтой маргалдаж улмаар түүний толгой, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “…тархи доргилт, хүзүү, дух, зүүн шанаанд цус хуралт …” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Мөнхболдын “…Тэгтэл тэр эрэгтэй миний машины цонхоор нүүрээ оруулсан тэгэхээр нь хаалга онгойлгоод машинаас гараад нүүр лүү алгаараа түлхсэн тэгтэл тэр эрэгтэй намайг хоёр гараараа заамдаж аваад зогсож байтал нөгөө урд зам хаагаад зогсож байсан машины жолоог барьж байсан 20 орчим насны туранхай шар үстэй залуу бууж ирээд миний нүүрний хөмсөг хэсэг рүү цохисон…” гэсэн мэдүүлэг,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹4463 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Э.Итгэлийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Прокуророос шүүгдэгч, хохирогч Э.Итгэл, Н.Мөнхболд нарын дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөх зүйтэй гэж үзэв.
Учир нь: 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад баримтууд, шүүгдэгч, хохирогч Э.Итгэл, Н.Мөнхболд нь нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийн агуулгаас харахад тэдгээрийн дээрх үйлдэл нь тухайн үед гэнэт үүссэн, шүүгдэгч, хохирогч нарын нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ, харьцааны соёлын түвшин дутагдсаны улмаас үүссэн, өөрөөр хэлбэл тухай үедээ хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн гэж үзэхээр байх тул тэдгээрт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөв.
Үүнээс гадна шүүгдэгч, хохирогч Э.Итгэл, Н.Мөнхболд нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь тэдгээрт ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үр дагавар үүсэж байгаагаас гадна шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэхээр байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч Э.Итгэл, Н.Мөнхболд нарын хэн алиндаа хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрчээ.
Иймд прокуророос шүүгдэгч, хохирогч Э.Итгэл, Н.Мөнхболд нарын үйлдсэн хэн алиныхаа бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг баримтлан шүүгдэгч, хохирогч Э.Итгэл, Н.Мөнхболд нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч, хохирогч Э.Итгэл, Н.Мөнхболд нар нь хэн алиндаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Итгэл, Н.Мөнхболд нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокуророос шүүгдэгч Боржигон овогт Эрдэнээгийн Итгэл, шүүгдэгч Н М нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон тус тус өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Эрдэнээгийн Итгэлийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Нямбаатарын Мөнхболдыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Итгэл, Н.Мөнхболд нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4.Шүүгдэгч Э.Итгэл, Н.Мөнхболд нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Э.Итгэл, Н.Мөнхболд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Итгэл, Н.Мөнхболд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР