Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/06

 

 

 

 

 

 

 

   2024        01           18                                          2024/ДШМ/06

 

 

Э.Т-, Н.Н-

нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Э.Т-, Н.Н-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.Т-, Н.Н-нарт холбогдох эрүүгийн 2239000000005 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Э.Т-, Н.Н-нар нь бүлэглэн машин механизм буюу тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Х" гэх газраас Д.Т-, Ж.Б-нарын 2 тооны морийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Ш” гэх газраас Ц.Д-ын 4 настай үнээ, охин шүдлэнг хулгайлж 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Н” гэх газраас С.Б-ийн 2 тооны бүдүүн морь, Б.Б-гийн 1 тооны морийг хулгайлж нийт 13.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны “Х” гэх газраас Б.Ц-гийн 2 тооны үнээ, 1 тооны эр шүдлэнг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс шүүгдэгч Э.Т-, Н.Н-нарын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Т-, Н.Н-нарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Т-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Н-г  5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Т-, Н.Н-нараас тус бүр 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Т-д, 1.375.000 /нэг сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийн гаргуулж хохирогч Ц.Д-д, 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн гаргуулж хохирогч Ж.Б-т, 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн гаргуулж хохирогч С.Б-т, 2.070.000 /хоёр сая далан мянга/ төгрөгийн гаргуулж хохирогч Б.Ц-д, 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д тус тус олгож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8.900.000 төгрөгийг шүүгдэгч Э.Т-, Н.Н-нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 4.450.000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 121.600 төгрөгийг улсын орлогод оруулж, эрээн уяа болон хар өнгийн уяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

- Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг буюу яллах талыг баримталсан, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Шүүгдэгч Н.Н, Э.Т- нарыг бүлэглэн машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд шалгахдаа нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуулийн заалтыг зөрчсөн баримтууд хэрэгт нэлээд авагдсаныг шүүх анхаараагүй бөгөөд шийдвэрийнхээ үндэслэл болгож хууль зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д “Хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн зарчим бүрэн хэрэгжээгүй гэж үзэж байна.

Цагдаагийн мөрдөгч нараас ...хэрэг бүртгэх ажиллагаа явуулахдаа зөвхөн бусдын мал алдагдсан гэх үйл баримтад анхааран цаана нь хүний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар анхаараагүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанд алдаа гаргаж эргэлзээтэй нотлох баримтыг яллах нотлох баримт болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2-т заасан “Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэмт буруугийн талаар хөтөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэж хамгийн түрүүнд хийгдэх ажиллагаа хэргийн газрын үзлэг, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болох ул мөр илрүүлэх, эд мөрийн баримтыг хурааж авах зэрэг ажиллагаа хийгддэг бөгөөд энэ ажиллагаа хуульд заасан шаардлагыг бүрэн хангагдсан нөхцөлд л хэргийн нотлох баримтаар тооцох ёстойг шүүх анхаараагүй шийдвэр гаргажээ. Тухайлбал:

Нэг. Хохирогч Б.Ц-гийн 3 тооны үхэр алдагдсан гэх үйл баримтад хэргийн газрын үзлэг /1хх 42-47/ хийхэд Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, шүүгдэгч нар байлцсан байхад энэ тухай тэмдэглэлд тусгаагүй, үзлэгийн тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон байлцсан хүнд даруй танилцуулж гарын үсэг зуруулна” гэснийг зөрчиж гарын үсэг зуруулаагүй, шүүгдэгч нар нь бичиг үсэг мэдэхгүй, ямар хэрэгт сэжиглэгдэж байгаагаа мэдээгүй нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэгт зааснаар “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн  9 дэх хэсэгт зааснаар “мөрдөгч ...энэ хуульд заасан өмгөөлөгч оролцвол зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хаана, хэзээ явагдах тухай боломжит хугацаанд өмгөөлөгчид урьдчилж мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчиж шүүгдэгч нарын өмгөөлөгч авах суурь эрхийг эдлэх боломжоор хангаагүй, шүүгдэгч нарыг хэргийн газрын үзлэгт байлцуулан малын сэвс мэт зүйлийг шүүгдэгч нараар заалгаж буй гэрэл зургийг хавсаргаж түүнийгээ яллах нотлох баримт болгосон, мөн шүүгдэгч Н.Н-г малын арьс ширний хажууд зогсоод зааж байгаа гэрэл зургийг /1хх 48-49/ шинжээч авч хэрэгт хавсаргасан нь мөрдөн шалгах ямар ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зураг болох нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл, түүнд хавсаргасан ...авсан гэрэл зураг нь нотлох баримт болно”, 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ...” гэж тус тус зааснаас дүгнэхэд тэмдэглэл үйлдээгүй нөхцөлд гэрэл зураг нь дангаараа нотлох баримт болохгүй нь ойлгомжтой байна.

Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно гэж дүгнэлт хийсэн нь буруу байна.

Хоёр. Хэргийг шалгаж байгаа мөрдөгчөөс хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байж болох эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд зааснаар хурааж авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан таньж олуулах ажиллагааг явуулаагүй атлаа ямар албан тушаалтан хаанаас, хэзээ ямар байдлаар олж авсан эх сурвалж нь тодорхойгүй үхрийн 2 ширхэг толгойг хохирогч Ц.Д-, гэрч О.Д нараас, морины 1 ширхэг толгойг хохирогч С.Б-, гэрч Б.Э нараас мэдүүлэг авахдаа “...танд харуулсан үхэр, морины толгой таны алдагдсан үхэр, адууны толгой мөн үү, та ямар шинжээр нь таньж байгаа...” тухай асуухад хохирогч Ц.Д-, түүний эхнэр гэрч О.Д-нар “....үхрээ им тэмдэггүйгээр нь, мухар халзан зүсээр нь танилаа...” гэж, хохирогч С.Б-, түүний эхнэр гэрч Б.Э-нар “....хар голтой засмал дэлтэй хул хонгор зүсмийн бүдүүн морины маань зүстэй таарч байна, морины толгойн хэлбэр, засмал дэлээр нь таньж байна...” /морины дэл толгойндоо бус хүзүүндээ байдаг/ гэж мэдүүлж байгаа боловч зөвхөн малын толгойгоор нь үхэр, морины зүс болон насыг бүхэлд нь тогтоож таньсан гэх боломжгүй, тэдгээр хохирогч нарын алдсан үхэр, морины толгой мөн болохыг шууд таньсан гэж дүгнэхэд учир дутагдалтай, хохирогч Ц.Д-ын мэдүүлэг /1хх 151-152/, гэрч О.Д-гийн мэдүүлэг /4хх 187-189/, хохирогч С.Б-ийн мэдүүлэг /1хх 219-220/, гэрч Б.Э-н мэдүүлэг /4хх  204/ нь эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Гурав. Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдээс гаргуулсан эсэх нь хамааралтай бөгөөд энэ нь хэргийн оролцогчтой нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдээс авсан мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох баримтын хувьд харьцангуй сул болохыг шүүх тооцох учиртай. Мэдүүлгийн нотлох баримт нь хувь хүний гадаад мэдрэхүйгээр дамжин биежиж дотоод ухамсраар илэрхийлэгддэг учир бусад баримтат мэдээллээс хүний хүсэл зоригтой шууд холбоотой байдгаараа онцлог ялгаатай тул түүнийг үнэлэхдээ эх сурвалжийн баталгаа, агуулгын үнэн зөв байдлыг бодитойгоор шалган тооцох учиртай.

Хохирогч нарын малаа алдсан талаар тухайн хэрэгт хувийн сонирхолгүй гэрчүүд гэрчилж мэдүүлээгүй, зөвхөн тэдгээр хохирогч нарын эхнэрүүд нь буюу тухайн хэрэгт хувийн сонирхолтой гэрч болох О.Д-, Х.З-, Б.Э-, П.Д-нарын өөрийнхөө малыг алдсан тухайд гэрчээр өгсөн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэгтэй ямар ч зөрүүгүй адилхан байгаа нь мэдүүлэг бодитой өгсөн гэхэд эргэлзээтэй, хүн бүрийн юмс үзэгдлийг тусгаж авах, бусдад илэрхийлэх, хүртээх чадвар нь өөр өөр байдаг нь хэдийнээ батлагдчихсан зүйл болохыг шүүх анхаараагүй шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна.

Дөрөв. Хохирогч Ц.Д-, түүний эхнэр О.Д-нар 2 үхрээ Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутгаас алдсан, "Ш", "Д" гэх газрууд зэргэлдээ нутаг юм, манай үхрүүд "Ш" гэх газраас ус уугаад "Д" гэх ууланд бэлчдэг гэж, хохирогч Б.Ц-, түүний эхнэр гэрч П.Д-нар манайх "Х" гэх газарт нутагладаг манай үхэр "Ц" гэх газарт хээр хоносон... гэж удаа дараа мэдүүлсэн байхад прокурор яллах дүгнэлтдээ хохирогч Ц.Д- "Ш" гэх газраас үхрээ алдсан, хохирогч Б.Ц- "Х" гэх газраас үхрээ алдсан гэж гэмт хэрэг үйлдэгдсэн байж болох газрыг өөрийн санаачилгаар тогтоосон, малаа алдсан нутаг буюу гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь эргэлзээтэй байхад шүүх бодитойгоор дүгнэлт хийлгүйгээр хялбарчлан ...уг гэмт хэргүүд гарсан газар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн болох нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж эсрэгээрээ гэмт хэрэг үйлдэгдсэн байж болох нутаг дэвсгэрийг өөрийн санаачилгаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зарчмыг зөрчжээ.

Тав. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ажиллагаа нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан хүний эрхэнд халдах онцгой ажиллагаа тул нотлох баримтууд нь эргэлзээгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх учиртай.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/Ш3/342 дугаартай захирамжийн тодорхойлох хэсгийн 3-т гэрч О.Д-, Б.Э-, П.Д-нараас эрүүгийн хууль сануулаагүй мэдүүлэг авсан, шинжээчид эрх, үүрэг танилцуулж хууль сануулсан баталгаа аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, шинжээчид эрх үүрэг танилцуулж, хууль сануулсан баталгаа аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна гэж тус тус заасны дагуу дээрх гэрчүүдэд эрүүгийн хууль сануулж дахин мэдүүлэг авсан, шинжээчид эрх үүрэг танилцуулж хууль сануулсан баталгаа гаргуулж дахин дүгнэлт гаргуулсан зэргээр зөрчлийг арилгасан байна.

Гэвч Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /1хх 1-7/-д шинжээчийн эрх үүрэг тайлбарлаж хууль сануулж баталгаа аваагүй гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ШД/453 дугаартай дүгнэлтийг тогтоол /1хх 136-138/-д гэрч О.Д-гийн мэдүүлэг, тогтоол /1хх 204-206/-д гэрч Б.Э-гийн мэдүүлэг, тогтоол /2хх 31-33/-д гэрч П.Д-нарт эрүүгийн хууль сануулаагүй авсан хууль бус мэдүүлгүүдийг тус тус шүүгдэгч нарыг хэрэг үйлдсэн болохыг нотлох баримт болгож тусгаж оруулсан боловч өөрчлөхгүйгээр яллах дүгнэлтэд шууд тусгаж оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед ....өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана" гэж заасныг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх" эрхийг зөрчсөн байгааг шүүх анхаараагүй орхигдуулжээ.

Зургаа. Прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн яллах дүгнэлтийн 3.23-т Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 3.30-д Эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 3.41-т Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэж яллах нотлох баримтуудын агуулгыг огт дурдахгүйгээр, зөвхөн нотлох баримтуудыг жагсаан бичсэн нь яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт мөн адил дээрх нотлох баримтуудыг жагсаан бичиж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг тусгах...” тухай заасныг зөрчжээ.

Долоо. Хөрөнгийн үнэлгээний тухай 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дүгээр зүйлд “үнэлгээчин" гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг, 15 дугаар зүйлийн 15.1-д “Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага энэ хуулийн 14.1-д заасны дагуу шалгалтын дүнг үндэслэн үнэлгээчний эрхийг иргэнд гурван жилийн хугацаагаар олгоно”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд нийцүүлэн үнэлгээчний эрхээ сунгуулах, шинэчлэх тухай хүсэлтээ гаргана”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ.

Гэтэл хохирогч Д.Т-, Ж.Б-нарын алдагдсан гэх 2 морины үнэлгээг тогтоосон "Ф" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Б-н Сангийн сайдын 2020 оны 130 дугаар тушаалаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, өөрөөр хэлбэл үнэлгээ хийх эрхгүй этгээд 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр /4хх 210/ үнэлгээ тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 27.4 зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн хууль бус дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Найм. Хохирогч Б.Б-гийн “...алдсан адуу хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай сартай арвай тамгатай адуу байгаа ...алдсан морио уядаг байсан  ...суманд 1 түрүүлж, 1 удаа айргийн 4 дүгээр байр эзэлж байсан ....даагандаа бэсрэг наадамд 2-т орж байсан. 2018 онд Сэцэн ханы бүсийн наадамд айргийн 5 дугаар байрт хурдалж айрагдсан ...дээрх алдсан адуу миний эзэмшлийн адуу байгаа юм” гэсэн мэдүүлэг /1хх 224-225/ “...тиймээ миний төрсөн ахын адуу байгаа юм ...уяж хурдлуулдаг хүн нь бол би байгаа юм. Миний ах одоо Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа ...Миний ахын нэр дээр л байгаа болохоос би өөрөө харж хандаж уяа сойлгыг нь хийж овоо тахилга, сум, аймаг, бүсийн наадамд уралдуулдаг ...би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ ахыгаа төлөөлж хохирогчоор орно гэж хэлсэн ...манай ах бол ирэх боломжгүй бөгөөд утсаар ярьж хэлэхэд чи өөрөө хохирогчоор ороорой гэж хэлсэн. Миний ахын зүгээс татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /2хх 03-04/,  2021.12.09-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай, арвай тамгатай адуу манай ах Б.Б-н адуу гэж буруу мэдүүлсэн байна. Манай адуунд ахын бас нэг хондлой цоохор хүрэн зүсмийн адуу байдаг. ...түүнтэй андуурсан байна.... дээрх хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адуу нь миний эзэмшлийн нэр дээр байдаг адуу байгаа юм ....дээрх 2 адилхан зүстэй адууг нэгийг нь уядаг, нэгийг нь уядаггүй байсан бөгөөд уядаг адуу нь миний адуу байсан. ....алдагдсан адуу нь миний эзэмшлийн адуу юм...” гэсэн мэдүүлэг /3xx 50-51/, гэрч Б.Б-н “...алдагдсан гэх хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адуу нь манай дүү Б.Б-гийн адуу байгаа юм. ...дээрх алдагдсан хурдан удмын адуутай адилхан нэг морь бол миний нэр дээр байдаг. Тэрэнтэй дүү маань андуурч анх хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адууг миний эзэмшлийн адуу гэж мэдүүлэг өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /3хх 124/ зэргээс дүгнэхэд хохирогч Б.Б- нь уядаг хурдан морио С.Б-ийн адуунд 2021 оны 6 дугаар сараас 11 сарын хугацаанд буюу 5 сар гаруй хугацаагаар байлгаж байгаад алдсанаа өөр морьтой андуурсан гэх нь үндэслэл муутай, өөрийнх нь адуунд ижил зүсмийн морьд байж байгаад алдагдсан бол андуурахыг үгүйсгэхгүй, ижил зүсний, адил нас, тамгатай уядаг, уядаггүй хоёр морины аль нь алдагдсан болох нь тодорхойгүй,

Мөн хохирогч Б.Б-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 09-нд адуугаа бүртгэж үзэхэд миний морь нийлсэн 2 морьтойгоо цуг явж байна гэж С.Б- ах хэлсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 15-нд адуугаа бүртгэхэд уг 3 тооны адуу алга болсон талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Б-н “...2021 оны 11 дүгээр сарын 09-нд бас 3 тооны бүдүүн адуутай орж ирсэн...” гэх мэдүүлэг /1хх 245/-ээс харахад хохирогч нарын 3 тооны адуу алдагдсан гэх цаг хугацаа зөрүүтэй, хохирогч нарын 3 тооны адуу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр алдагдаагүй, хохирогч нарын адууг шүүгдэгч нар хулгайлсан гэхэд эргэлзээтэй байна.

Ес. Хохирогч Б.Б- алдсан хүрэн зүсмийн хондлой цоохор морио “6 настай” гэж мэдүүлсэн, хохирогч С.Б- алдсан 2 мориныхоо зүс тамгыг л тодорхой мэдүүлснээс бус насыг нь огт мэдүүлээгүй байхад алдагдсан гэх 3 тооны морины үнэлгээг тогтоосон 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтэд алдагдсан гэх адуу бүрийг “10 настай” гэж үнэлгээчин өөрийн санаачилгаар тогтоож үнэлгээ гаргасан, мөн хохирогч Б.Б-гийн хурдан гэх морины үнэлгээг гаргахдаа хаанаас хэзээ, хэн гаргаж өгсөн нь тодорхойгүй хурдан морины бай шагналын өргөмжлөл, медалийн зургийн хуулбарыг дүгнэлтдээ тусгаж хурдан морины үнэлгээгээр тогтоосон нь эргэлзээтэй байгааг шүүх анхаараагүй, яллах нотлох баримтаар тооцсон нь үндэслэлгүй байна.

Арав. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудад шүүгдэгч Э.Т-ын хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх, иргэний оршин суугаа газрын лавлагаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолтын хуулбар, төрсний бүртгэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрч Б.Б, Ш.О нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Н.Н-н хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, малын “А” дансны тодорхойлолтын хуулбар, гэрч Н.Г, Э.М нарын мэдүүлгүүд, жолоочийн эрхийн лавлагаа, иргэний хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав гэжээ.

Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч нар, хохирогч Д.Т-, Ц.Д- нарын хэн аль дээрх нотлох баримтуудыг огт шинжлэн судлуулаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох тухай хуулийн заалт зөрчигджээ.

Арван нэг. Хохирогч Б.Б-гийн алдсан хондлой цоохор хүрэн зүсмийн морь нь хурдан морь болохыг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШД-456 дугаартай дүгнэлтэд өргөмжлөл, медалийг үнэлгээний зүйл болгосон байгаа боловч шинжээч дээрх өргөмжлөл, медалийг хэзээ, хэнээс хэрхэн гаргуулан авсан эх сурвалж нь тодорхойгүй баримтуудыг үндэслэн хохирогч Б.Б- алдсан морио “6 настай” гэж мэдүүлсэн байхад “10 настай бүдүүн морь” гэж өөрөөр дүгнэлт гаргасан хууль бус нотлох баримт байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.

Арван хоёр. Хохирогч Д.Т-, Ж.Б-нарын 2 тооны морь алдагдсан гэх хэрэгт адууны мах худалдан авсан ченж С.Б-с гэрчээр мэдүүлэг авахдаа эрүүгийн хууль сануулаагүй /1хх 87-90/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж авсан мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож хууль зөрчжээ.

Арван гурав. Шүүгдэгч Н.Н-хувьдаа А дансандаа ...толгой малтай байсан, түүнээсээ нядлахад нь шүүгдэгч Э.Т- өмнө нь Н.Н-д арилжсан адууныхаа мөнгийг авах зорилгоор тусалсан, бусдаас нуух шаардлага байгаагүй тул эхнэр Ш.О-ийн дансаар мөнгөө шилжүүлж авсан нь Н.Н-н болон Ш.О- нарын дансны хуулгаас харагддаг, гэрч Э.М, М нар шүүгдэгч Н.Н-г адуу малтай байсан, өрөндөө өгөөд дууссан, азарга худалдаж авсан талаар мэдээгүй гэж мэдүүлдэг, тэгээд ч хоёр хүний хооронд хийсэн арилжаа наймааг заавал өөр хэн нэг хүн мэдсэн байх ёстой биш тул дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь яллах нотлох баримт биш харин ч шүүгдэгч Н.Н-г өөрийнхөө малаас нядлах боломжтой байхыг нотолсон баримт юм.

Арван дөрөв. Хохирогч Б.Ц-гийн 3 тооны үхэр алдагдсан хэрэгт гэрч П-н“...2023.11.23-ны өдөр ...манай хөдөө гэр рүү хөдөлсөн ...замдаа төөрч явж байгаад гэрийнхээ зүүн талаас орсон ...хохирогч Б.Ц-гийнх ...манай гэрээс баруун тийш 5 км орчим газарт П гэх айл байдаг  ...машины мөрийг дагаж явахад П гэх айлын гаднаас ирсэн мөр байсан...” гэж мэдүүлснээс дүгнэхэд Б.Ц-гийнх руу мал хулгайлах гэж явсан гэхээс илүүтэй төөрч явсан гэх гэрчийн мэдүүлэг, гэрч С.О-н “...ченжийн гэрээс манай гэрт очоод Н.Н-манай хашаанд машинаа үлдээгээд миний машиныг унаад гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “...цэнхэр өнгийн машиныг шалгахад 3 үхрийн арьс толгой байсан...” гэх мэдүүлгээс харахад бусдын малыг хулгайлсан бол айлын гадаа машин дээрээ арьс толгойг нь ачаатай орхисон, цагдаа шалгана гээд дуудахад арьс толгойг машин дээрээ ачаатай хэвээр ирж байгаа нь устгах, далдлах цаг хугацаа хангалттай байхад өөрийн малаас нядалсан тул ингэх шаардлага байгаагүй, бусдын малыг хулгайлсан гэх үндэслэлгүй гэж үзэх цагаатгах нотлох баримт юм.

Арван тав. Гэрч С.Б-нь шүүдэгч Н.Н-гээс 4 удаа гарал үүслийн 977603 дугаартай мал эмнэлгийн гэрчилгээтэй мах авчирч өгөхөд нь худалдаж авсан тухайгаа мэдүүлснээс бус ямар нас, зүсний мал болохыг харсан үзсэн ямар нэг баримтгүй, хохирогч нарын алдсан малын мах болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байгааг шүүх анхаараагүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны ерөнхий нөхцөл, шаардлагыг зөрчсөний улмаас хэргийн газрын үзлэг, таньж олуулах ажиллагаа, эд мөрийн баримт хураах, гэрэл зураг авах зэрэг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй болсон, хохирогч, гэрчүүдийн эргэлзээ бүхий мэдүүлгүүд нь яллах нотлох баримтаар тооцоход учир дутагдалтай, шүүхээс шийдвэр гаргахад нөлөөлөхүйц бодит баримтууд хэргийн материалд бүрэн авагдсан тул шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцоход хүрэлцээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан зарчимд нийцэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж шийдвэр гаргасан. Яллаж байгаа талын нотлох баримтууд зөрчил дутагдалтай, шүүгдэгч нарыг яллах эрх зүйн үндэслэл байхгүй. Давж заалдах шүүхэд гаргасан гомдолд дурдсан шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийн зөрчигдсөн байдал, шинжлэн судлагдаагүй баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэсэн.  Мөн шинжлэн судлаагүй баримтыг шинжлэн судалсан гэж шүүхийн шийдвэрт тусгасан.  Гэмт хэрэг  үйлдэгдсэн газрыг бүрэн тогтоогоогүй. Гэрчийн мэдүүлгээс бусад баримтат мэдээлэл ямар нэгэн хөдөлгөөнгүй байх ёстой. Дахиж сэргээх ямар ч боломжгүй.   Хавтаст хэрэгт хулгайлах гэмт хэргийн нотлох баримтыг хуульд заасан үндэслэлээр бэхжүүлж чадаагүй. Нотлох баримтын чанараа алдаж байгаа учир яллах үндэслэл байхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн тайлбар, гомдолтой танилцлаа.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Т-, Н.Н-нар Э өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ хангуулж яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж, мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон. Энэ хугацаанд тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.

Анхан шатны шүүх хуралдаанд Н.Н-г Н өмгөөлөгч өмгөөлж хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Тухайн шүүх хуралдаанд мөн адил гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон.

2. Гомдол мэдээллийн дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шалгаж тогтоогоод Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга хошууч Б тухайн хэсгийг ахлаад хэрэг болсон газар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн газар үзлэг хийсэн.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газарт үзлэг хийж гэрэл зургаар бэхжүүлж шинжээч оролцуулсан нь үндэслэлтэй байна. Мөрдөгч бие дааж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хөндлөнгийн гэрч оролцуулж гарын үсэг зуруулсан нь хууль  зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэж байна.

Өмгөөлөгч эд мөрийн баримтыг хураан авч таньж олуулах ажиллагаагаа хийсэн юм уу гэж ярьж байна. Тухайн мал нядалсан гэх газраас малын толгойг авч хохирогчийг олж тодруулахаар зар байршуулсан. Зарын дагуу хүмүүс ирж хулгайд алдагдсан мал, үйл баримтын талаар мэдүүлэг өгсөн. Мөрдөгч Б мэдүүлэгтээ тодорхой дурдсан байдаг.

Мөн гэмт хэрэг гарсан газрыг тогтоогоогүй гэж байна. Тухайн хэрэг гарсан газрыг “Ш”, “Д” “Ц” гэж ярьдаг.  Прокурор өөрийн таамгаараа гэмт хэрэг гарсан газрыг тогтоогоогүй. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэж хэрэг гарсан газрыг тогтоож, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

3. Яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой асуудлыг ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтын хүрээнд яллагдагчаар татсан учраас ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Шүүхээс гарсан захирамжийн дагуу яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна гэж заасан байдаг.

4. 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр  гарсан шинжээчийн дүгнэлт “Ф” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн дүгнэлт биш өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаад шинэ журмын дагуу “Б” ХХК гэж нэршлээ өөрчлөөд үнэлгээг гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Б” ХХК-ийн шинжээч дүгнэлт гаргасан /4-р хавтаст хэргийн 208 хуудас/. “Ф” ХХК-ийн шинжээч биш “Б” ХХК-ийн үнэлгээг гаргасан.

Мөн шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг ярьж байна. Шинжээчид эрх, үүрэг танилцуулсан, шинжээч үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гомдол, хүсэлт гаргасан тухай баримт байхгүй.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-, Б нарын алдагдсан адууны талаар ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр ижил морь байгаа нь тогтоогдсон. Уядаг морио хулгайд алдсан гэж хохирогч Б.Б- мэдүүлэг өгснөөр хохирогчийн эзэмшлийн адуу болох нь тогтоогдсон.

6. Шүүх хуралдааны явцад шинжлэн судлаагүй баримтыг шүүхийн шийдвэрт үндэслэсэн гэх асуудлын ярьж байна. Шүүх хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн учраас тухайн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэр бүлийнхээ гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг  сануулаагүй гэрч Баярбатаас мэдүүлэг авсан гэж өмгөөлөгч ярьж байна. Мөрдөгч мэдүүлэг авахдаа өөрийн гэр бүл төрөл садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж асуултдаа тусгаж мэдүүлэг авсан. Хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Тухайн гэмт хэрэг гарсан гэх газрын ойролцоо байдаг П-р Н.Н-тээврийн хэрэгсэлтэй ороод гарсан гэдэг үйл баримтаар тогтоогдож байгаа.

9. Гарал үүслийн бичгийн тухайд Н.Н-гарал үүслийн бичиг аваад ченжид өгдөг. Миний эзэмшлийн ийм зүсмийн мал гэдгээ бүртгүүлээгүй. Өөрийн мал гэж үзэхэд эргэлзээтэй. Малчин болгон өөрийн гэсэн им, тамга, тэмдэгтэй байдаг.  Өөрийнхөө үхрийн шийрийг автомашин дээр ачаад явж байсан, хэрэв биш байсан бол хөдөө хаячих байсан гэж мэдүүлдэг. Монгол хүн хэзээ ч хөдөө өөрийнхөө малыг ажилладаггүй. Өөрийнхөө халуун хошуут малынхаа гэдэс гүзээ дотрыг арилгаад, толгой шийрийг нь хуйхлаад иддэг. Гэтэл хөдөө хээрээр мал ажилласан байдаг.

Хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг. Тухайн хулгай хийж байгааг харсан гэрч хомс байдаг. Хяналтын камергүй, хэргийг олж тогтооход бэрхшээлтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих баримтыг бүрэн шалгаж тодруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Н.Н-давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Би өөрийнхөө үхрийн гэдэс дотрыг хаяагүй. Арьс толгой гэдэс дотрыг нь бүгдийг нь ачиж явсан. Малын эмчид өөрийнхөө им тамгыг хэлсэн. Зөв талынх нь чих цуулбар имтэй, хар эр үхэр, улаан сувай үнээ, хоёр эр үхэр нэг сувай үнээ гэж малын гарал үүслийн бичиг авсан. Би малаа гэртээ ойрхон юм уу, бэлчээр дээр нь ажилладаг. Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Э.Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Н.Н-намайг мал ажиллаад өгөөч гэж гуйхаар нь би малыг нь ажиллаж өгсөн. Би өөрөө бой хийдэг. Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.Т-, Н.Н-нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

3. Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар харилцан бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгсөн, эсрэг сонирхолтой байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хуулийн этгээдийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй...” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “...хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй...” гэсэн заалтуудыг зөрчиж шүүгдэгч Э.Т-, Н.Н-нарын оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг өмгөөлөгчтэй явуулсан нь шүүгдэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 

4. Хохирогч Д.Т-, Ж.Б-нарын алдагдсан гэх 2 морины үнэлгээг тогтоосон "Ф" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Б-н тусгай зөвшөөрлийн хугацааг Сангийн сайдын 2020 оны 130 дугаар тушаалаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан /4хх 209/ гэх боловч уг хугацаа дууссан, дахин сунгагдсан эсэх талаар баримт хэрэгт хавсаргагдаагүй, үнэлгээ хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй этгээдээр үнэлгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 27.4 зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хуулийн дээрх шаардлагад нийцээгүй нотлох баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон.

 

5. Хохирогч Д.Т-, Ж.Б-нарын 2 тооны морь алдагдсан гэх хэрэгт адууны мах худалдан авсан ченж С.Баярбатаас гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хууль сануулаагүй /1хх 87-90/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн ба шүүх уг нотлох баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэсэн хуулийн заалтад нийцээгүй байна.

 

6. Давж заалдах шатны шүүхийн хувьд гомдол, эсэргүүцлийн дагуу доод шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон бөгөөд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах болон шийдвэр гаргах үндэслэл, журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан болно.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчлан заасан байна.

 

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон гэдэг үндэслэлээр хуульд нийцээгүй шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр болохоос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим зөрчигдөх юм.

 

Хууль тогтоогч анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 36.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан.

 

Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болохгүй гэсэн үндэслэл биш юм.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг хойшлуулж дээрх зөрчлүүдийг засуулах боломжтой байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

7. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хэргийн оролцогчийн гаргасан давж заалдах гомдлын үлдэх хэсгийг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Т-, Н.Н-нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

 

                                                                                             Д.ГАНЗОРИГ