Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 117/ШШ2025/0005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Нэхэмжлэгч “*******” ХХК Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-д анх Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” дугаар захирамжаар 2000 м.кв /0.2 га/ газрыг шатахуун түгээх үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 64, 67, 68-р хуудас/

2.2. Ийнхүү Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон эрхийг хүчингүй болгосон. /хх-ийн 91-р хуудас/

2.3. Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/522 дугаар захирамжаар өргөдөл гомдлыг хянаж үзээд хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзсэн тул 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, “*******” ХХК-ийн газар эзэмших гэрээг сунгаж, “*******” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. /хх-ийн 69-70, 92-р хуудас/

2.4. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “*******” ХХК-тай  газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 79-82-р хуудас/

2.5. Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай ******* дүгээр захирамжаар “... нэр бүхий 35 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон”-ы дотор “*******” ХХК-ийн эзэмшлийн 2000 м.кв газрын эзэмших эрх багтсан байна. /хх-ийн 46-47, 87 хуудас/

2.6. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/42 тоот албан бичгээр “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгчид мэдэгдсэнээр 2025 оны 02  сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 9, 86 хуудас/

2.7. Нэхэмжлэгчээс Манай компани Дундговь аймгийн Сайнцагаан сумын Их тойруу тоотод байрлах нэгж талбарын дугаартай 2000 м2 газрыг Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 12 сарын 10-ны өдрийн тоот захирамжаар шатах, тослох материал, түгээгүүрийн газар, агуулахын зориулалтаар 23 жилийн хугацаатай эзэмшихээр болсон.

Ингээд газрын гэрчилгээ авч, газар эзэмших гэрээ байгуулан, шатахуун түгээх станц барих гэрээ хэлцэл хийгдсэн, тухайн газар дээр шатахуун түгээх станц барих суурь буюу хундам цутгачихсан, агуулах барих газар тэгшлэх үйл ажиллагаа явуулж байх явцад Засаг  дарга нь өмнөх Засаг даргын гаргасан захирамжийг 2025 оны 01 сарын 08-ны өдрийн A/11 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Энэ талаар манай компанид Дундговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2025 оны 01 сарын 23-ны өдрийн 1/42 тоот албан бичгээр газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн учраас бидний эрх ашиг сонирхлыг зөрчсөнийг мэдээд шүүхэд хандаж байна. 

Манай компани тус газрыг зориулалтын дагуу ашиглан, мөн газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн байхад манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. ... ” гэж нэхэмжлэл, түүний үндэслэлээ тодорхойлж, маргасан.  

2.8. Хариуцагчаас “... аймгийн Засаг даргын 2012 оны 12 сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар “*******” ХХК ()-д Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Их тойруу тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай 2000 м2 газрыг эзэмшүүлсэн.

Тус компани нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба газар эзэмшигчийн зүгээс уг газрын эзэмших эрхийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаж чадаагүй талаар хүсэлт ирүүлснийг үндэслэн 2015 оны 12 сарын 02-ны өдрийн А/522 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг сэргээсэн боловч 2024 оныг дуустал тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.

Газар эзэмших эрхийг цуцлах талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтын дагуу 2024 оны 12 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын пэйж хаягаар цахим хэлбэрээр зохион байгуулсан.

“*******” ХХК нь 2012 оноос хойш гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, тухайн газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй тул газар эзэмших эрхийг цуцалсан тухай аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* дугаартай захирамжийг 2025 оны 01 сарын 23-ны 1/42 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

“*******” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул дээрх газар эзэмших эрхийг цуцалсан аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* дугаартай захирамж хууль эрх зүйн үндэслэлтэй тул газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй байна.

Иймд аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн бодит үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж татгалзал, түүний үндэслэлээ тодорхойлж, маргасан. 

Хоёр: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсгийг өмнөх хурал дээр тайлбарласан. Өмнө нь яагаад газрыг ашиглаагүй вэ? гэхээр Онцгой байдлын газраас ирсэн бичигт улсын чанартай замтай хэт ойрхон гэдэг үндэслэлээр “*******” ХХК-ын үйл ажиллагааг зогсоосон учраас. Энэ талаар холбогдох Засаг дарга нартай уулзаж аман байдлаар шатахуун түгээх станцыг хэрхэн зохицуулах талаар удаа дараа хэлсэн боловч холбогдох журмын дагуу хариу мэдэгдэнэ гэж хэлээд хариу өгөөгүй. Иймээс бид өөрсдийн хөрөнгөөр шатахуун түгээх станцаа барихаар 2024 оны 5 сард ******* ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилга барих үйл ажиллагааг эхлүүлсэн. Газрын тэгшилгээ хийж, 5*6 хэмжээтэй хундам цутгасан, хавтангуудаа зөөвөрлөж тээвэрлэсэн. Хэрэгт байгаа “*******” ХХК-ийн шатахуун түгээх станцын 2008 оны ажлын зургийг шинээр барих шатахуун түгээх станцдаа ашиглах гэж байсан. Энэ нь тухайн газартаа үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа, мөн үүнтэй холбоотой хөрөнгө мөнгө зарцуулж байгаа гэсэн үг. Иймд манайх газрыг ашиглаагүй биш ашиглаж байсан. Хэрвээ барилга баригдахааргүй бол тухайн компани бид нараас хундам, хавтангийн үнийг нэхэмжилнэ. Үүнээс өөрөөр бол одоогоор зардал гараагүй байгаа. 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг хуанлийн он, сараар тооцож байгаа. Гэрээн дээр 23 жил гэж бичээд энэ хугацаагаар гэрээ байгуулсан. Газрын албанаас гэрээг дүгнүүлээрэй, дүгнүүлэхгүй бол гэрээг цуцаллаа гэсэн ямар нэгэн мэдэгдэл аваагүй. Онцгой байдлын газрын албан шаардлагад заасан зөрчлүүдийг арилгаад үйл ажиллагаагаа явуулж байсан. 2024 оны 9 сар хүртэл шатахуун түгээх станцын үйл ажиллагаа хэвийн байсан. Зөвхөн шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн. Бичгээр тооцоолсон зүйл байхгүй. Сайнцагаан сумын 7-р багт байршилтай шатахуун түгээх станцын дэргэд хоол, худалдаа үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа явагддаг. Уг үйл ажиллагаа бол хэвийн байгаа.   

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрыг цуцлах талаар бидэнд мэдэгдэл өгөөгүй. Цуцалсны дараа мэдэгдэл ирснээр шүүхэд хандсан. Газрыг ашиглаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Дундговь аймгийн Засаг даргаас тухайн газрыг цуцлахтай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсвэл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглана гэж заасан.  Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын сайт дээр тавигдсан юм уу? тавигдаагүй юм уу гэдэг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайн баримтад байгууллагын хуулбар үнэн дарагдсан байх боловч бусад этгээдээс тайлбар мэдүүлэг авсан баримт байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1-т 20 болон түүнээс дээш тооны этгээдээс 1 төлөөлөгчөө сонгоно гэж заасан. Гэтэл газар нь цуцлагдаж байгаа хүн болгон өөр. Газрыг 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, газрын хэмжээ, зориулалт өөр байхад фэйсбүүк дээр тавьж сонсох ажиллагаа хүргүүлсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Мөн сонсох ажиллагаа хийж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 27.3.1-д зааснаар тухайн иргэдэд ямар байдлаар сонсох ажиллагаа хийх вэ гэдгийг дэлгэрэнгүй байдлаар мэдэгдэх ёстой байсан. Гэтэл зөвхөн тэр өдөр хийнэ гэж байгаа нь хуулийн шаардлага хангаагүй. Тиймээс хууль зөрчсөн Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дундговь аймгийн Засаг даргаас 2012 оны дугаар захирамжаар дуудлага худалдаа явуулахгүйгээр шууд “*******” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар газрыг эзэмшүүлсэн. Энэ газрыг 2015 онд хүчингүй болгож, буцааж сэргээж өгсөн. Үүнээс хойш тухайн газарт 10 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй өдийг хүрсэн. Мөн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Гэрээг жил бүрийн 06 сарын 05-ны өдөр тайлагнаж, 07 сарын 01-ний өдөр дүгнүүлэх ёстой байдаг. Тухайн газрын төлбөрийг төлж байгаа ч гэсэн тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Мөн гэрээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж гэрээг сунгуулах ёстой. Үүнийг хэрэгжүүлээгүй байна. Төлбөрийн хувьд бол маргаан байхгүй. Газар эзэмших хугацаа 23 жил. Үүнийг нэхэмжлэгч гэрээний хугацаа гэж тайлбарлаад байна. Сайнцагаан сумын 7-р багт байршилтай шатахуун түгээх станц маргаан бүхий газраас 1-2 км-ийн зайтай.

Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулж аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Уг захирамж нь хуулийн үндэслэлтэй тул аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* тоот захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: “Нэхэмжлэгч талаас 2024 онд хундам тавьсан учраас түүнээс хойш ашигласан гэж үзнэ гэж хэллээ. 2019 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Энэ хугацаанаас хойш 5 жилийн хугацаанд яагаад үйл ажиллагаа явуулаагүй вэ? 2019-2024 он хүртэлх хугацааг 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх юм биш үү. ******* ХХК-тай 2024 онд гэрээ байгуулаад хундам цутгасан бол яагаад барилгаа бариагүй юм бэ. Тиймээс аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* тоот захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “*******” ХХК-д тус аймгийн төвд 1500 м.кв газрыг эзэмшүүлж, тухайн газарт “*******” ХХКомпани 2002 онд шатахуун түгээх станц, үйлчилгээний төвийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг бариулж, 2002 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан байна.   /хх-ийн 149-152-р хуудас/

3. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “манай компанийн шатахуун түгээх станцын хажуугаар улсын чанартай зам тавигдсан тул цаашид шатахуун түгээх станцыг нүүлгэх шаардлагатай тул Хүүхдийн паркийн зүүн хойд тал хуучин Ник-ийн өөдөөс харсан замын урд талд 50х60 харьцаатай газрыг үйлчилгээний буюу шатахуун түгээх станцын зориулалтаар олгож өгнө үү” гэх өргөдлийг гаргасан бөгөөд энэхүү өргөдлийн хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” дугаар захирамжаар 2000 м.кв /0.2 га/ газрыг шатахуун түгээх үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрт үндэслэн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус тус газар эзэмшүүлэх гэрээ байгуулж (2019.05.06-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээнд зориулалт: шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станц гэж заасан), 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 62, 67-70, 79-82-р хуудас/

4. Маргаан бүхий акт болох Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дүгээр  захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

5. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын маргааны хүрээнд буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэл бүрдсэн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэв. 

6. Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

6.1. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

6.2. Шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт хундам цутгасан (нэхэмжлэгчээс 5*6 гэж тодорхойлсон), цөөн тооны тоосго асгасан, 11 ширхэг хавтан байсан нь тогтоогдсон хэдий ч энэ нөхцөл байдал нь Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл биш юм.    /хх-ийн 102-106 хуудас/

6.3. Нэхэмжлэгч “*******” ХХК-иас 2012 оны Засаг дарга Д.Чандмань, 2024 онд нартай аман байдлаар өрөөнд нь уулзаж  шатахуун түгээх станц нүүлгэх зардлыг хэлсэн. Тэд аман байдлаар нөхцөл байдлыг зохих журмын дагуу судлан хариу өгнө гэж хэлсэн гэх боловч өргөдөл, гомдол гаргах журмын дагуу холбогдох этгээдэд хандаагүй тул энэхүү тайлбар үгүйсгэгдэнэ.    

6.4. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн 2012 онд гаргасан өргөдөл, Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамж зэргээс үзвэл 2012 оны аймгийн Засаг дарга Д.Чандмань тухайн компанийн өргөдөлд дурдсан нөхцөл байдлыг хүлээн авч, тус компанийн заасан байршилд Сайнцагаан сумын 7-р багт байршилтай “*******” ХХК-ийн шатахуун түгээх станцын зүүн хойд талд, уг станцаас 1-2 километрийн зайд, улсын чанартай зам дагуу өмнөх газрын 1500 м.кв хэмжээг нэмэгдүүлэн 2000 м.кв газрыг (хариуцагчаас Сайнцагаан сумын 7-р багт байршилтай “*******” ХХК-ийн шатахуун түгээх станц маргаан бүхий газраас 1-2 км-ийн зайтай гэж тайлбарлахад нэхэмжлэгчээс уг хэмжээтэй маргаагүй болно)  эзэмшүүлсэн байна. /хх-ийн 61, 152 хуудас/

6.5. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Сайнцагаан сумын 7-р багт байршилтай шатахуун түгээх станцад (нүүлгэх) Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 25/06 дугаар албан шаардлагаар “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34, 37 дугаар зүйл, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15, 16-р зүйлийг судлан хэрэгжүүлж, мөрдлөгө болгон ажиллаагүй, галын сарай иж бүрдэл дутуу, түгээгүүрийн хэсэг хөлрөлттэй, цахилгааны шитийг хаягжуулаагүй, урьдчилан сэргийлэх самбар байхгүй, аваарын гэрэл, аврах зам гарцын тэмдэг тэмдэглэгээ, аврах замын гарцын схем байхгүй гэх 6 зөрчил дутагдал илэрч, эдгээр 6 зөрчил дутагдлын хариуг заасан хугацаанд ирүүлээгүй, биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг түр буюу хэсэгчлэн зогсоохыг анхааруулсан, /хх-ийн 166-167 хуудас/

6.6. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар албан шаардлагаар нийт 11 зөрчил дутагдал илэрсэн, үүний 4-т шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм /БНБД 21-07-14/ хүснэгт 1-ийн шаардлагын дагуу шатахуун түгээх станцаас авто зам хүртэл зай хэмжээ зөрчсөн, 5-т ... ажиллагсдын байрнаас түгээгүүр хүртэл зай хэмжээ зөрчсөн ... гэж тэмдэглээд, уг илрүүлсэн 11 зөрчил дутагдлаас дээрх 4, 5-т заасан зөрчил дутагдлаа орхиж, бусад 9 зөрчил дутагдлыг арилгахыг шаардан ... анхааруулсан,

6.7. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр ажиллагаа зогсоох тогтоолоор ... Ерөнхий сүлжээний авто замын зай хэмжээ зөрчсөн, операторын барилгад залгуулж, барилгын зураг төсөлгүй, зай хэмжээ зөрчиж, 15х6 м-ийн хэмжээтэй өргөтгөл хийсэн /хийн түлшээр ажилладаг зуухтай/, шатахуун түгээх станцын 21-08 ажлын зурагт тусгагдсан 10 м3 ослын сав байршуулаагүй нь гал түймэр гарах бодит аюул бүрдсэн, гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах боломжгүй, хүрээлэн байгаа орчинд ихээхэн хэмжээний хор хохирол учруулж болох тул “*******” ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 40 минутаас эхлэн түр зогсоохоор шийдвэрлэж, мөн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 04/16 дугаар албан шаардлагаар 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг тус тус мэдэгдсэн.     

7. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, 2012 оноос 2024 оныг дуусталх хугацаанд Дундговь аймгийн үе үеийн Засаг дарга нараас Сайнцагаан сумын 7-р багт байршилтай “*******” ХХК-ийн шатахуун түгээх станцыг маргаан бүхий газарт /1-2 км-т/ нүүлгэх зардлыг шийдвэрлэж өгөөгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна Дундговь аймгийн Онцгой байдлын газар уг шатахуун түгээх станц үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 2002 он, мөн маргаан бүхий газрыг эзэмшсэн 2012 оноос 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 40 минут хүртэлх хугацаанд тус шатахуун түгээх станцаас олон зөрчил дутагдлыг илрүүлсэн боловч анхааруулах, сануулах зэргээр албан шаардлагыг хүргүүлж, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шалгалтаар “... авто замын зай хэмжээ зөрчсөн, операторын барилгад залгуулж, барилгын зураг төсөлгүй, зай хэмжээ зөрчиж, 15х6 м-ийн хэмжээтэй өргөтгөл хийсэн нь /хийн түлшээр ажилладаг зуухтай/ ... хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах боломжгүй, хүрээлэн байгаа орчинд ихээхэн хэмжээний хор хохирол учруулж болох” нөхцөл байдал илэрсэн гэж дүгнээд Сайнцагаан сумын 7-р багт байршилтай “*******” ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоожээ.

Тодруулбал, Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 2012 оноос 2024 он хүртэлх хугацаанд тус шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүйгээр зөрчил дутагдлаа арилгах боломжит хугацааг байнга олгож, санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэхэд харин ч эергээр нөлөөлж, цаашид үүсэх үр дагавраас урьдчилан сэргийлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн өгч байсан гэж үзэхээр байна.   

8. Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн маргаан бүхий газраа гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагаа нь захиргааны байгууллага, албан тушаалтны ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээс хамаараагүй байна.    

9. Мөн газар ашиглах эрх үүссэнээс хойш нэхэмжлэгчид газрыг зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байсан, нөгөөтээгүүр 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станц зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, уг гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 5 жилийн дараа буюу 2024 оны 05  дугаар сарын 14-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, түүнчлэн Барилга, хот, байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралтаар “Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм ба дүрэм” шинэчлэгдэн батлагдсан байхад Сайнцагаан сумын 7-р багт байршилтай “*******” ХХК-ийн шатахуун түгээх станцын 2008 оны ажлын зургийг ашиглана гэж байгаа нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Энэ газрыг 2015 онд хүчингүй болгож, буцааж сэргээж өгсөн. Үүнээс хойш тухайн газарт 10 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй өдийг хүрсэн учраас хуулийн хүрээнд газар эзэмших эрхийг цуцалсан ...” гэх тайлбар үндэслэлтэй.

10. Дээрх тохиолдолд сонсох ажиллагаа хийсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал өөрчлөгдөхгүй учир нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  “*******” ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаартай шүүгчийн захирамжаар маргаан бүхий Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг уг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн нь дуусгавар болсныг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      В.ЦЭРЭНРАГЧАА