Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 445

 

                                                                                        

 

 

 

 

 

 

 

 

             Т.Мөнхтүвшинд холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор О.Баасанхүү,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батболд, түүний өмгөөлөгч П.Энхтунгалаг,

Ялтан Т.Мөнхтүвшингийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Оюунгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 501 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Мөнхтүвшингийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Мөнхтүвшинд холбогдох эрүүгийн 201624000022 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Тугч овогт Түмэн-Өлзийн Мөнхтүвшин, 1965 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 9-588 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХН65082596/,   

Т.Мөнхтүвшин нь 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 5-н буудлын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-д заасан “Жолоочид дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн …үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин “Шевролет Круз” загварын 76-36 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Жаргалмааг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.Мөнхтүвшинд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Т.Мөнхтүвшинг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхтүвшингийн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сидиг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Т.Мөнхтүвшингийн цагдан хоригдсон 35 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Мөнхтүвшингээс 11.917.425 төгрөг гаргуулан хохирогч Г.Батболдод олгож, нэхэмжлэлээс 104.387.023 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн Т.Мөнхтүвшингийн эзэмшлийн “Шевролет Круз” загварын 76-36 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан борлуулж хохирогчийн хохиролд тооцон олгож, Т.Мөнхтүвшинг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Т.Мөнхтүвшингийн жолооны 476370 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхтүвшингийн эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссанаас хойш тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Т.Мөнхтүвшингийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс ялтан Т.Мөнхтүвшинг жирэмсэн эмэгтэйг согтуугаар дайрч, амь насыг нь хохироосон үйлдэлд нь гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар түүний автомашин жолоодох эрхийг нь 4 жилээр хасч, 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн. Гэвч анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж ял шийтгэл оногдуулсан шигээ хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг огт харгалзаж үзээгүйд өмгөөлөгчийн хувьд гомдолтой байна.  Үүнд: ялтан Т.Мөнхтүвшин 50 гаран настай,  анх удаа, хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн. Мөн оршуулгын зардлын хэсгээс төлсөн. Иймээс ялтан Т.Мөнхтүвшингийн ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх саналтай байна. Анхан шатны шүүхээс хохирогчийн талаас гаргаж өгсөн оршуулгын зардлыг тооцохдоо хариуцлагагүй хандаж, үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Тухайлбал: талийгаачийн ар гэр оршуулгын зардалд нийт 16.574.516 төгрөг нэхэмжилдэг. Үүнээс баримтын шаардлага хангадаг нотлох баримттай нь 14.574.516 төгрөг байгаа. Ялтны зүгээс хохиролд одоогоор бэлэн 3 сая төгрөг төлсөн. Гэтэл хохирогчийн талаас шашин, зан үйлийн холбогдолтой давхардсан 6 сая төгрөгийн баримт гаргаж өгсөн байснаас анхан шатны шүүх 4.387.000 төгрөгийг хассан. Ингээд анхан шатны шүүх 11.917.425 төгрөгийн хохирлын тооцоо гаргасан. Энэ тооцоог анхан шатны шүүх буруу тооцож гаргасан. Шүүгч буруу тооцдог юм уу, техникийн алдаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Миний хийсэн тооцоогоор хохирол төлбөрт одоо нийт 6.687.493 төгрөг төлөхөөр гарч байна. Мөн анхан шатны шүүх ялтан Т.Мөнхтүвшингийн хэрэг үйлдэхдээ унаж явсан 4.600.000 төгрөгийн автомашиныг битүүмжилсэн. Одоо энэ автомашиныг хохирол төлбөрт тооцох эсэхийг шийтгэх тогтоолдоо дурдаагүй. Дээрх нөхцөл байдлын улмаас ялтны зүгээс хохирол төлбөрт нийт хэдэн төгрөг төлөх эсэх нь эргэлзээтэй болсон. Иймээс хохирлын тооцооны зөрүүг засуулах хүсэлтэй байна. Мөн хохирлын баримтад 1.900.000 төгрөгийн шатахууны баримт гаргаж өгсөн нь 2013 оны, он, сар байхгүй, НӨАТ тооцоогүй баримт байсан. Оршуулгын зардалд шатахуун зарцуулна. Гэхдээ баримтын шаардлага хангасан шатахууны үнэ нь нийт 500 гаран мянган төгрөгийн баримт л байсан. Үүнийг бол хүлээн зөвшөөрч байна. Амьдрал дээр 2 сая төгрөгийн шатахуун зарцуулна гэж байхгүй. Иймд ялтан Т.Мөнхтүвшингийн ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, хохирол төлбөрийг зөв тооцож өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн төрсөн дүү талийгаачийгаа төлөөлж оролцож байна. Эцэг, эх хоёр Ховд аймагт байгаа учраас ирэх боломжгүй болсон. Би хоёр хүний амь насыг нэхэмжилж байгаа. Учир нь дүү маань өнөө маргаашгүй төрөх гээд эмнэлэгт үзүүлэх гээд явж байсан юм. Талийгаачийн биеийг нь хоёр, гурав хувааж зүй бус үхлээр үхүүлсэн байсан. Ялтныг би санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Учир нь ялтан тухайн үед хариуцлагатай ажил хийгээд тарж явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, төв замаар урсгал сөрж эргэхдээ явган хүний замаар явж байсан хүнийг дайрч хашаатай нялж алсан. Би хавтаст хэрэгтэй танилцахдаа халшраад зургийг нь харж чадаагүй. Эцэг эхдээ үзүүлээгүй. Хоёр хөгшин хүн даралт нь ихсэж бие нь муудна шүү дээ. Гэтэл ялтны зүгээс шатахууны талон зэргийн асуудалд маргаад байна. Бид талийгаачийгаа оршуулах гээд сэтгэл санаа хүнд байсан тул ажилд тусалж байсан хүмүүсээс баримт нэхээд байх боломж байгаагүй. Анхан шатны шүүхээс хохирлын тооцоог зөв хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд маргахгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батболдын өмгөөлөгч П.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхээс хохирлын тооцоог зөв гаргасан. Ялтны зүгээс хохирол төлбөрт нийт 3 сая төгрөг төлсөн. Одоо үлдсэн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Ялтан Т.Мөнхтүвшин болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Прокурор О.Баасанхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Гэвч анхан шатны шүүх ялтанд хорих ял эдлэх дэглэмийг оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь заалтад хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтныг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр заасан байдаг. Иймд ялтан Т.Мөнхтүвшинд оногдуулсан ял эдлэх дэглэмийг өөрчлөх саналтай байна” гэв. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Т.Мөнхтүвшин нь 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 5-н буудлын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-д заасан “Жолоочид дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн …үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин “Шевролет Круз” загварын 76-36 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Жаргалмааг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батболдын “…Би талийгаачийн төрсөн ах нь юм. Талийгаач 1990 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн, нөхрийн хамт амьдардаг ч гэр бүлийн баталгаа байхгүй. Дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй. Үндэсний үлээвэр найрал хөгжмийн ангид эмч ажилтай байсан. Осолд орох үедээ жирэмсний амралтаа авсан байсан. Архаг хууч өвчингүй, эрүүл хүн байсан. Осол гарах үед өрхийн эмнэлэгт үзүүлэх гээд явж байсан. Одоогоор оршуулгын зардалд 19.540.000 төгрөг зарцуулсан. Үүнээс 16.540.000 төгрөг нь баримттай. Жолоочийн талаас 2.000.000 төгрөг өгсөн. ...Талийгаачийн барьж явсан гар утсанд үнэлгээ хийлгэхгүй. Жолоочид зохих хууль ёсны хариуцлага хүлээлгэж өгнө үү. Оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” /хх-51-52/,

Гэрч Б.Ванхүүгийн “…2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг, Завсарын буудлын орчим буюу “Фортуна” авто засварын газрын баруун замд “Т.Приус” загварын 23-42 УНП улсын дугаартай автомашинтай урдаас хойшоо явж байгаад буцаж эргэх гээд замын голын төмөр хайсны хажууд замын 2 дугаар эгнээнд зогсож байтал хойшоо зүгт эргэх гээд зогсож байсан суудлын цэнхэр өнгийн “Шевролет” загварын автомашин гэнэт хурдтай хаазлаад урдуур ороод замаас тэр чигтээ гараад явган хүний замаар явж байсан эмэгтэй хүнийг мөргөөд хашаатай хавсраад зогссон. Би машинаа тавьчихаад очиход мөргүүлсэн эмэгтэй амьд байсан. Тэнд байсан залуучууд нийлж байгаад машиныг нь хойшоо түлхэж холдуулаад түргэн болон цагдаа дуудсан. Жолооч нь ганцаараа байсан. Нэг эрэгтэй хүн байсан. Цэнхэр өнгийн суудлын “Шевролет” загварын автомашины дугаарыг нь мэдэхгүй байна. Урд талаараа буюу хамраараа мөргөсөн. Жолооч нь шал согтуу хөл дээрээ ч тогтох чадваргүй мөргөсөн эсэхээ мэдэхгүй байсан. Зогсоох арга хэмжээ ямар нэгэн байдлаар аваагүй. Үзэгдэх орчин чөлөөтэй, хальтиргаа гулгаагүй байсан…” /хх-60/,

Гэрч Ц.Хоолигхүүгийн “…2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ажил руугаа явж байхад цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл нэг эмэгтэй хүнийг мөргөчихсөн зогсож байсан. Намайг яваад очиход мөргүүлсэн эмэгтэй амьсгаатай байсан. Хохирогчийг автомашин замаас гараад мод болон төмөр хайсан хашаа руу шахчихсан байдалтай зогсож байсан. Тэнд байсан залуучууд нийлж байгаад машиныг нь хойшоо түлхэж холдуулсан. Удалгүй цагдаа ирсэн. Осол гаргасан машины марк, дугаарыг мэдэхгүй байна. Цэнхэр өнгийн суудлын жижиг автомашин байсан. Намайг очиход жолооч нь ганцаараа шал согтуу байсан. Би осол болохыг бол хараагүй ослын дараа очсон…” /хх-62/,

Гэрч Х.Базарсүрэнгийн “…Би талийгаачийн нөхөр юм. Бид 2 гэр бүлээ батлуулж амжаагүй байсан. Хүүхэдгүй байсан ба осол гарах үед эхнэр маань 9-н сартай жирэмсэн байсан. Талийгаач дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй. Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн 142 дугаар ангид эмчээр ажилладаг. Ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан. Талийгаачийг төлөөлж түүний төрсөн ах Г.Батболд хохирогчоор оролцож байгааг хүлээн зөвшөөрч байна. Жолоочид их гомдолтой байна. 2 хүний амь нас хохирчихоод байна…” /хх-64/,

Гэрч Б.Цогтбаярын “…“Шевролет Круз” загварын 76-36 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөргөсөн явган хүний хайс миний өөрийн эзэмшлийнх. Ослын улмаас булангийн хэсгийн 3 орчим метр хайс чихэгдэж эвдэрсэн байсныг 40.000 төгрөгөөр би өөрөө янзлуулсан. Үнэлгээ хийлгэхгүй. Жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй…” /хх-71/,

Гэрч М.Ирмүүний “…“Chevrolet cruze” загварын 76-36 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол гаргасан талаар би бол хараагүй. Дараа нь байгууллагын гаднах камерт осол бичигдсэн байсныг үзээд цагаан өнгийн Сидин дээр хуулж мөрдөн байцаагчид өгсөн…” /хх-73/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 155 тоот дүгнэлтэд “… 1. Аарцгийн хэлбэр алдагдсан, цагираг тасарсан ил хугарал, 2 талын ууцны үелэмж болон умдагны үелэмжийн салалт. Баруун умдаг, суудал ясны хугарал. Бүсэлхийн 5, 6 дугаар нугалам бүсэлхий, ууцний жийргэвчийн хэсгийн салалт. Бүсэлхий ууцны нумны тэгшрэлт. Хярзан, бэлэг эрхтэн, умдагны няцарсан шарх. Умайн иврэлт. Давсагны урагдалт, элэгний няцарсан шарх. Баруун бөөрний өөхөн эд, сэмжний няцралт, тасралт, чацархайн урагдалт. Уушиг, өрц, умайн өргөн холбоос, 2 талын өндгөвч, дайвар, үтрээний хэсэг, 2 бөөрний өөхлөг, зүүн 5, 6, 7 дугаар хавирга завсрын булчин, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн хана дахь цус хуралт. Эхсийн бүрэн ховхролт. Цээж, хэвлий, мөчдийн цус хуралт, зулгаралт, няцарсан шарх. 2. Хэвлийн хөндий дэх цусан хураа. Дотор эрхтнүүдийн хурц цус алдалт, уушгины уналт 3. 37-38 долоо хоногтой жирэмсэн. Баруун бөөрний уйланхайт үрэвсэл. 4. Г.Жаргалмаагийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан, амь насыг аврах боломжгүй хавсарсан гэмтлүүд тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Дээрх гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед үүсгэгдсэн байх боломжтой. 7. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байна. 8. Задлан шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. 9. Талийгаач нь дээрх амь насыг аврах боломжгүй хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. 10. Г.Жаргалмаа нь АВО системээр Ва (III) бүлгийн цустай байжээ. 11. Г.Жаргалмаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байна. 12. Г.Жаргалмаа нь 9 сартай жирэмсэн байсан байна. 13. Талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байсан байна.” гэх дүгнэлт /хх-77-79/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 701 тоот дүгнэлтэд “…1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Жаргалмаагийн цогцосноос авсан гэх цусанд спиртийн зүйл илрээгүй байна…” /хх-84/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 637 тоот дүгнэлтэд “…1. Шинжилгээнд ирүүлсэн Т.Мөнхтүвшингийн гэх цусанд 3.8 промилли спиртийн алкоголь илэрч байна. 2.            Цусан дахь 3.8 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна…” /хх-86/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэд “...урд буфер доод талаараа хагарч будаг нь халцарсан, урд копуд голоороо 10 х 15 см орчим талбайд хонхойсон, кондешны радиотор баруун доод талдаа хонхойн орсон зэрэг нь тухайн ослын үед үүссэн гэж үзэж байна…” /хх-90-93/,

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Техникийн шинжээчийн дүгнэлтэд “…“Шевролет Круз” загварын 76-36 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Мөнхтүвшин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.Жаргалмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна…” гэх дүгнэлт /хх-99/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-16/, камерын бичлэг хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-23/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс Т.Мөнхтүвшинд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан, хүнд биш ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Т.Мөнхтүвшингийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн “…шүүхээс Т.Мөнхтүвшинд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, хохирлын тооцоог зөвтгөн өөрчилж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүхээс Т.Мөнхтүвшинд оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг тогтоохдоо хэрэг учрал болох үед хохирогч Г.Жаргалмаа нь 9-н сартай жирэмсэн байсан ба тэрээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, шүүгдэгч 3.45 хувь буюу хүнд зэргийн согтолттой байсан зэргийг харгалзан үзэж дэглэмийг чангаруулж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүхээс гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлөөгүй, шүүгдэгч хүнд зэргийн согтолттой байсан ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул их, гэм хор арилах боломжгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ болон эдлэх дэглэмийг чангаруулан тогтоосон нь үндэслэлтэй болжээ.    

 

Мөн шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж оршуулгын зардалд 14.417.426 төгрөгийн бодит хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд төлсөн 2.500.000 төгрөгийг хасч, үлдэх 11.917.425 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.    

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Мөнхтүвшингийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 501 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Мөнхтүвшингийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

 

               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

           ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ