| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2025/0012/з |
| Дугаар | 124/ШШ2025/0024 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 124/ШШ2025/0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овгийн Б-ийн Г, ………………………. тоотод оршин суух,
Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,
“Өндөрхангай Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай “Төрийн албанаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа, нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г нь Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан “Өндөрхангай сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай "Төрийн албанаас халах тухай" захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2025-01-31-ний өдрийн Б/02 дугаартай “Төрийн албанаас халах” тухай захирамжаар нэхэмжлэгч Б.Г-ийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэн төрийн албанаас халж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлж,Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацаанд шүүхэд хандсан байна.
Мөн дээрх хуулийн заалтын хүрээнд болон 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36, 32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 8.2 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахаар заасан тул нэхэмжлэгчийн шүүхэд хандсан нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн болно.
4. Нэхэмжлэгч Б.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ..... онд төрсөн. ... настай .... онд ..... аймаг дахь Худалдааны техникумыг бараа судлаач мэргэжлээр төгссөн. 2002-2024 оны хооронд Удирдлагын академийг төрийн захиргааны удирдлага мэргэжлээр төгссөн. 2006-2007 оны хооронд Удирдлагын академийг нутгийн удирдлагын бакалавр төгссөн. 1992-1994 онд Улсын худалдааны байгууллагад картын барааны түгээгчээр ажиллаж байгаад 1994 оноос хөдөө өөрийн хувийн аж ахуйг эрхэлж байгаад 2004 оны 10 дугаар сараас 2007 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд Ерөнхий боловсролын сургуулийн албан бус боловсролын арга зүйч ангид ажиллаж байсан. 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 17 жил ажилласан. Дээрх хугацаанд миний бие төрийн албыг хоёргүй сэтгэлээр хууль журамд нийцүүлэн ажиллахыг хичээж ажиллаж ирсэн. 2008, 2010, 2013 онуудад би сумын ажил үүргээрээ Увс аймагт гутгаар байранд, 2016, 2018 онуудад дөрөвдүгээр байранд, 2014 онд тавдугаар байранд шалгарсан. 2019 онд Увс аймгийн шилдэг сум, 2022 онд хоёрдугаар байранд, 2023 онд Увс аймгийн тэргүүний сумаар шалгарч шагнал урамшууллыг хүртэж байсан. Мөн миний бие 2012 онд Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар дэслэгч цол хүртсэн. Төрийн болон бодлого шийдвэр хууль тогтоомж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж 2023 оны шилдэг аймгаар шалгарсны учир гэх Увс аймгийн засаг даргын захирамжид шагналын нэрс дотор миний нэр байдаг. Би төрийн ажлыг хангалттай сайн хийж гүйцэтгэж байсан.
Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга М.О 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр намайг албан ёсоор өрөөндөө дуудаж, Увс аймгийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 129 дугаартай хэрэг бүртгэлтийг хаах тухай гэсэн агуулгатай тогтоолыг надад үзүүлж, таныг албан тушаал урвуулан ашиглаж Р С ХХК-д 50,000,000 төгрөгийн зээлийг олгосон учраас ажлаас халж байна гэж хэлсэн. Та өөрөө өргөдлөө өгч болно гэж хэлж байсан. 2025 оны 01 дүгээр 31-ний өдрийн Б/02 дугаартай ажлаас халах тухай шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй бай” мөн зүйлийн 37.1.7-т заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” зэрэг төрийн албан хаагчийн нийтлэг үүргүүдийг зөрчсөн. Мөн хуулийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэх төрийн албан хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулсан зэргийг үндэслэл болгож, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.4-т зааснаар намайг төрийн албанаас чөлөөлсөн. Уг шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Засаг дарга М.О намайг төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа надад сонсгох ажиллагааг явуулаагүй. Тухайн асуудлаар тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй. Миний бие 2022 онд сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох хуралдааны үед зээлийг эрэмбэлэх саналд саналаа өгөөгүй бөгөөд нөлөөллийн мэдүүлгийг бөглөөд, засаг даргад танилцуулж, гарын үсэг зураад санал өгөхөөс татгалзаж гарсан. Учир нь зээл хүссэн иргэд байгууллага дотор Р С ХХК байсан бөгөөд тухайн компани нь урьд нь 2-3 удаа манай тамгын газартай хамтран ажиллаж байсан учраас би давуу байдал үүсгэсэн гэж буруу ойлгогдохоос сэргийлж тухайн шалтгаанаа дурдаад, нөлөөллийн мэдүүлгийг хөтлөөд санал өгөөгүй. Энэ тухай хорооны хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд би нөлөөллийн мэдүүлгийн хуудсаар нотлогдож байгаа. Мөн зээлийг олгох эцсийн шийдвэрийг засаг дарга гаргадаг. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хорооны хуралдаанаас хойш 3 сарын дараа тухайн үеийн засаг дарга Т даргын захирамжаар зээл олгогдсон. Дээрх зээл олгосон үйл ажиллагаанд намайг буруутган сахилгын шийтгэл ноогдуулж, төрийн албанаас халж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасан сахилгын шийтгэл ноогдуулах зарчмыг баримтлаагүй. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгаж тогтоохгүйгээр миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсанд гомдолтой байна. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах түүнд гомдол гаргах журмын 8 дугаар зүйлийн 8.2-т, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т шийтгэл ноогдуулсан шийдвэрийн талаарх гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр заасныг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.Өндөрхангай сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай “Төрийн албанаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Гийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна. Маргаан бүхий захиргааны акт болох 2025 оны 01 дүгээр сарын 31-ний Б/02 дугаартай Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын захирамж Б-ийн Г-ийг төрийн албанаас халах захиргааны акт гаргах болсон үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.2, 37.1.7, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэж төрийн албанаас халсан. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 41.1.4-дэх хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална” гэж 4 үндэслэлээс “хуульд заасан бусад үндэслэл” гэх хэсгийг баримталсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулж, хөдөлмөрийн харилцааг нь дуусгавар болгосон. Маргаан бүхий захиргааны актаас хөдөлмөрийн харилцааг ямар үндэслэлээр дуусгавар болгосон нь тодорхойгүй байгаа. Захиргааны актаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох болсон үндэслэл, хууль зүйн үндэслэлийг шууд ойлгож, мэдэх боломжтой байхаар гарч байх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.2, 37.1.7 дахь хэсгүүдэд заасан ямар үүргийг хэрхэн, яаж хэрэгжүүлээгүй гэдэг нь тодорхойгүй. 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан ямар хориглосон үйл ажиллагаа явуулчихсан гэдэг нь тус тушаалын үндэслэлээс харагдахгүй байна. Хэрэгт сонсох ажиллагааны тэмдэглэл авагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаа надад явуулаагүй гэж тайлбарласан. Тухайн 2025 он 01 сарын 28-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл гэж нэрлэгдэж байгаа зүйлд нэгэнт гарсан шийдвэрийг дуулгаж байгаа процесс ажиллагаа болсон гэж харагддаг. Сонсох ажиллагаа гэдэг нь таны эрх ашиг хөндөгдөж болохуйц нөхцөл байдал үүсэж байна гэж ажил олгогчийн зүгээс шийдвэрийг гаргахаасаа өмнө тодруулга тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах боломж олгох ёстой. Гэтэл нэгэнт гаргасан шийдвэрийг дуулгах байдлаар хандаж байгаа нь захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлд Увс аймгийн Засаг даргын албан бичиг, хавсаргаж ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 129 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол зэргийг танилцуулсан. Тухайн тогтоолын ямар үндэслэлээр Б.Г-ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл бүхий нөхцөл байдал гэдэгт хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй. Тухайн төслийн хүрээнд шалгарсан ч ажлаа хийж гүйцэтгээгүй нөхцөл байдал байсан. Тиймээс тус сумын Засаг дарга иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад тухайн Р С ХХК-аас иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 152 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Р С хуулийн этгээдэд хууль бус давуу байдал олгох шийдвэрийг Б.Г-ийн зүгээс гаргаагүй. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал үүсэж магадгүй, буруугаар ойлгогдож магадгүй, урьд өмнө хэд хэдэн ажлыг хамтарч хийж байсан учраас нөлөөллийн мэдүүлгээ хөтлөөд санал өгөхгүйгээр татгалзаад гарсан. Гэтэл ямар үндэслэлээр Б.Г-ийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзэж сахилгын шийтгэл ноогдуулаад байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу процесс ажиллагаа явагдаагүй байна. Сахилгын хэргээ нээгээгүй. Сахилгын хэрэг үүсгээгүй, сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэлээ шалган тогтоогоогүй байна. Тус журмын 2.1-т сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн алба хаагчийн дээд шатны албан тушаалтан эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж албан тушаалтан буюу шалгагч тогтооно гэж заасан. Б.Г-ийн хувьд надад тайлбар гаргах боломж олгоогүй гэсэн. Ажил олгогч засаг дарга прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тухай тогтоолыг танилцуулж, захирамжийн төсөл боловсруулж ир гэсэн. Б.Г-ийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоохгүйгээр хөдөлмөрлөх эрхэд нь хууль бусаар халдсан шийдвэрийг ажил олгогчийн зүгээс гаргасан учраас Б.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
3.3. Хариуцагч Өндөрхангай сумын Засаг дарга М.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийж хажуугаар нь хурлын протокол хөтөлсөн байдаг. Гэтэл Б.Г нь хариу тайлбар гаргаж, сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэлд гарын үсгээ зурахгүй явсан.Түүний хувьд магадгүй өөрийг нь буруутгаж буй зөрчлийн талаар үгүйсгэх агуулгаар тайлбараа гаргаж, гарын үсгээ зурсан бол дээрх сахилгын шийтгэл ноогдуулахгүй байх боломжтой байсан байхыг ч үгүйсгэхгүй юм. Гэтэл ямар нэгэн тайлбар өгөөгүй нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр дээрх шийдвэрийг гаргасан.
"Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 6.1 дэх заалтад "албан хаагч сахилгын шийтгэл удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулах үндэслэлтэй" гэж заасны дагуу Б.Г-т сахилгын шийтгэл ногдуулсан.
Нэхэмжлэлд дурдагдсан дан ганц Хоршоо хөгжүүлэх сантай холбоотойгоор зөрчлийг үүсгэж шалгаагүй. Б.Г-ийн хувьд олон удаагийн алдаа зөрчил гаргасан. Тэдгээрийн шинж байдлыг харгалзаж шийдвэрийг гаргасан бөгөөд холбогдох нотлох баримтыг шүүхэд үе шаттайгаар гаргаж өгнө гэдгээ илэрхийлж байна. Миний бие сахилгын шийтгэл ногдуулсан захирамжид "Төрийн жинхэнэ хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ыг үндэслэл хэсэгтээ оруулаагүй ч тухайн журмыг судалж, журамд заасны дагуу зөрчлийг дээд шатны удирдах албан тушаалтны хувьд шалгаж тогтоосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн байна.
Мөн хариуцагчаас 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн нэмэлт тайлбартаа:” Б.Г нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-г зөрчиж, ИТХ-аас баталсан 15 төрлийн сумын хөгжлийн тэргүүлэх салбар чиглэлд байхгүй төслийг хэлэлцэж зээл олгож, улмаар уг зээл төлөгдөөгүй байдаг. Энэхүү асуудлыг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 129 дугаар "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" тогтоолоор хаасан боловч тухайн тогтоолд төрд учирсан хохирлын асуудлыг дурдсан байдаг. Үүнийг үндэслэн аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/2178 дугаар албан бичгээр Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-т Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага тооцуулах албан бичиг ирсэн байдаг.
Өндөрхангай сумын орон нутгийн өмчийн эд хөрөнгө болох Улаангом сумын 11-р багт байрлах 54 мкв талбай бүхий орон сууцыг хувь иргэнд түрээслүүлэхдээ холбогдох хууль, журамд зааснаар Орон нутгийн өмчийн газарт мэдэгдэж, гурвалсан гэрээ байгуулах ёстой байтал Засаг даргын Тамгын дарга Б.Г нь төлбөрийг сумын төрийн санд төвлөрүүлэх ёстой байтал сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт данс болох 100151155001 тоот данс руу төвлөрүүлж авахаар гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөр нь одоог хүртэл орж ирээгүй байдаг.
Сумын Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан ажилтан буюу Төрийн захиргааны албанд ажилтан Б.Ч-ийг томилохдоо нэг өдөр хоёр өөр тушаал (2018.02.06 Б/02 дугаар Б.Ч-ийг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан ажилтнаар ажиллуулах тухай, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 дугаар "гэрээгээр ажил гүйцэтгүүлэх) гаргаж гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай тушаалыг санхүүд өгсний улмаас ажилтан Б.Ч нь ТЗ-р ажилласан хугацаа нь дутуу тооцогдож, одоог хүртэл орон нутагт 5 жил тутамд олгодог мөнгөн урамшууллаа авч чадахгүй өдийг хүрсэн.
Сумын Засаг даргын Тамгын газарт С.П, Л., Б.Т нарыг сантехникч, багийн төвийн сахиулаар томилж ажиллуулахдаа тэднийг байнгын сумын төв дээр байлгаж, өөрийн хувийн ажлыг хийж гүйцэтгүүлж байсан” гэжээ.
3.4. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн сонсох ажиллагаагаар Увс аймгийн Засаг даргаас ирсэн албан бичгийг танилцуулаад, албан бичгийн дагуу прокурорын хэргийг бүртгэлтийн хэргээс татгалзах тухай тогтоолын дагуу арга хэмжээ авч таарч байна. Миний зүгээс таныг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ноогдуулах шийдвэр гаргах гэж байгаа талаараа хэлсэн. Ямар шийдвэр гаргах гэж байгаа талаараа ажил олгогч хэлэх үүрэгтэй. Захиргааны шийдвэр гаргаж байгаа этгээд нь тухайн ажилтны хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөж болзошгүй гэдэг үндэслэлээр ямар зөрчилд нь ямар сахилгын шийтгэл оногдуулж байгаа гэдгээ дэлгэрэнгүй хэлэх нь зүй ёсны хэрэг. Үүнтэй холбогдуулан Б.Г тайлбараа гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан 3 хуудас сонсох ажиллагааны тэмдэглэлд байна. Б.Г-ийн хувьд тайлбараа гаргаад төгсгөл хэсэгт нь сонсох ажиллагааны тэмдэглэлтэй танилцсан гэдэгт гарын үсгээ зураагүй. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсэгт заасан “энэ хуульд заасан бусад үндэслэл” гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд нь халах зохицуулалт байж болно. Энэ хуульд заасан бусад үндэслэл гэдэгт нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл байгаа. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуульд заасан заавал сахилгын шийтгэлээр биш өөр шалтгаануудаар төрийн албан хаагчийг ажлаас нь халж болох зохицуулалт. 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан нь сахилгын шийтгэл хэлбэрээр төрийн албан хаагчийг халах зохицуулалт. Нэхэмжлэгч Б.Г-т сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халсан үндэслэл нь маргаан бүхий захирамжийг үндэслэх хэсэгт байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг мөн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг баримтлан ажлаас халсан. Зөрчлийн хувьд иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан 15 төрлийн сумын хөгжлийн тэргүүлэх салбар чиглэлд байхгүй төслийг хэлэлцэж зээл олгох шийдвэр гаргасан гэдгээсээ илүүтэйгээр эрэмбэд ороогүй, тэргүүлэх салбар чиглэлд байхгүй төслийг хэлэлцсэн зөрчил гаргасан гэж үзсэн. Тухайн зөрчилтэй холбоотойгоор гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд орж Увс аймгийн прокурорын газраас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 129 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол гарсан боловч тухайн тогтоолын сүүлийн 2 хуудсанд төрд учирсан хохирлын асуудлыг дурдсан байдаг. Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга байсан Т болон холбогдох албан тушаалтнууд төрд хохирол учруулсан. Холбогдох албан тушаалтанд Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Г нь тухайн ажлын хэсгийг ахалж байсан утгаараа эдгээр хүмүүст хариуцлага тооцох, төрд учирсан хохирлыг төлүүлэх агуулгатай прокурорын тогтоол Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэст ирснээр Увс аймгийн Засаг даргаас Өндөрхангай сумын Засаг дарга М.О-т албан бичгээр Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-т Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар ирүүлсний дагуу сонсох ажиллагаа хийж, хууль дүрмийн дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Зөрчлийг засаг дарга тогтоосон. Сонсох ажиллагаа хийсэн, зөрчлийг тогтоосон. Засаг даргын Тамгын газрын даргыг томилох эрх нь засаг даргад байдаг учраас тухайн сумд байгаа ганц дээд шатны албан тушаалтны хувьд тухайн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзэж Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн тайлбар гаргах эрхийг нь хангасан. Иймд Хариуцагчийн төрийн албанаас халах захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаас шүүх хуралдааныг өөрийг нь байлцуулахгүйгээр, өмгөөлөгчийг оролцуулан явуулах талаар хүсэлт гаргасан, талуудаас хариуцагчийг оролцуулах тухай хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч талаас “Засаг дарга М.О намайг төрийн албанаас халах шийдвэр гаргахдаа надад сонсгох ажиллагааг явуулаагүй. Тухайн асуудлаар тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй. Миний бие 2022 онд сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох хуралдааны үед зээлийг эрэмбэлэх саналд саналаа өгөөгүй бөгөөд нөлөөллийн мэдүүлгийг бөглөөд, засаг даргад танилцуулж, гарын үсэг зураад санал өгөхөөс татгалзаж гарсан, зээлийг олгох эцсийн шийдвэрийг засаг дарга гаргадаг. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгаж тогтоохгүйгээр миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсанд гомдолтой байна” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
4. Хариуцагчаас “Увс аймгийн Засаг даргаас Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-т Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар албан бичиг ирүүлсний дагуу сонсох ажиллагаа хийж, хууль дүрмийн дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Б.Г тайлбараа гаргасан нь сонсох ажиллагааны тэмдэглэлд байна. Б.Г-ийн хувьд тайлбараа гаргаад төгсгөл хэсэгт нь сонсох ажиллагааны тэмдэглэлтэй танилцсан гэдэгт гарын үсгээ зураагүй” гэв.
Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг үндэслэн Б.Г-ийг албан тушаалын зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, хуульд заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, төрийн албанаас халах шийдвэр гаргасан байна.
3. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”,
37.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;
37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална: 47.1.4.энэ хуульд заасан бусад үндэслэл, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:
48.1.4. төрийн албанаас халах гэж тус тус зохицуулсан.
Маргаан бүхий захирамжид төрийн жинэхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах талаарх хоёр өөр зохицуулалт бүхий Төрийн албаны тухай хуулийн 47 болон 48 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг баримталсан боловч хариуцагчаас ирүүлсэн тайлбарт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаар тайлбарласан.
Маргаан бүхий захиргааны актад Б.Г-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх болсон сахилгын зөрчлийг нэрлэн заагаагаагүй, “албан тушаалын зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, хуульд заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж” ерөнхий байдлаар томьёолсон тул хариуцагчаас явуулсан сонсох ажиллагааны тэмдэглэлд дурдсан зөрчлийн талаар шүүхээс дүгнэлт хийв.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна.
40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэжээ.
Өөрөөр хэлбэл, захиргааны актад ямар сахилгын зөрчил гаргасан талаар дурдагдсан байх ёстой тул дээр дурдсан агуулгын хүрээнд шүүхээс дүгнэлт хийх үндэслэлтэй.
2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай сонсох ажиллагааны тэмдэглэлд хариуцагч сумын Засаг даргаас Увс аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/2179 дугаар албан бичгийг танилцуулан, Б.Г-ийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзсэн, мөн 12 сард болсон ИТХ-аар оруулсан баримт бичиг дахин дахин засагдсан гэх зөрчлүүд гаргасан гэж үзсэн нь талаар тусгагдсан байна.
Иймд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбарт дурдагдсан, маргаан бүхий захирамжийн үндэслэл болоогүй “Өндөрхангай сумын орон нутгийн өмч болох Улаангом суманд байрлах орон сууцыг хувь хүнд түрээслүүлэхдээ сумын төрийн санд төвлөрүүлэх ёстой байтал, тамгын газрын нэмэлт дансруу төвлөрүүлэхээр гэрээ байгуулсан, сумын гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан ажилтан Б.Ч-ийг томилохдоо нэг өдөр хоёр өөр тушаал гаргасан, сумын тамгын газарт С.П, Л.Э, Б.Т нарыг сантехникч, багийн төвийн сахиулаар ажилуулахдаа өөрийн хувийн ажлыг гүйцэтгүүлж байсан” гэх тайлбарт шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Увс аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/2179 дугаартай албан бичгийг Өндөрхангай сумын Засаг даргад хүргүүлсэн байх ба албан бичгийн агуулгад “Увс аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 129 дугаартай тогтоолд заасан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд хяналт шалгалтын ажил явуулж, төрд учирсан хохирлыг буцаан төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд албан бичгээр хандсан.Сумын ЗДТГ-ын дарга Ц.Г-т Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцох” -оор дурджээ.
Увс аймгийн Прокрорын газрын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 129 дугаартай тогтоолоор Өндөрхангай сумын хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр төслийг сонгон шалгаруулах хороо нь 2023 оны 6 сард хуралдахдаа тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлагдсан сумын хөгжлийн тэргүүлэх салбар,чиглэлд байхгүй цэвэрлэх байгууламжийн төслийг хүлээн авч хэлэлцэж, оноо өгч эрэмбэлсэн, уг төсөлд сумын Засаг дарга 50,000,000 төгрөгийн зээлийг олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,”Р С” ХХК-д давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Өндөрхангай сумын Засаг дарга, төслийг сонгон шалгаруулах хорооны гишүүдийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
Сумын хоршоо хөгжүүлэх сангийн төслийг сонгон шалгаруулах хорооны даргаар Б.Г ажилладаг талаар талууд тайлбарласан ба энэ талаар маргаангүй бөгөөд Өндөрхангай сумын төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэлд хорооны дарга Б.Г гэж тэмдэглэгдсэн.
Б.Г-ийн хувьд хорооны хуралдаанд ХХК-иас ирүүлсэн төслүүдийг танилцуулаад “Р С” ХХК-ийн ирүүлсэн төсөлд өмнө нь сумын Засаг даргын тамгын газрын ариун цэврийн байгууламжийг хийх ажлыг гүйцэтгүүлэхээр байгууллагаа төлөөлж гэрээ байгуулан ажилласан үндэслэлээр төсөлд санал өгөхөөс татгалзаж, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэлд гарын үсгээ зуржээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дугаартай тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д зааснаар хороо төслийг сонгон шалгаруулж, сумын Засаг дарга шийдвэрийг баталгаажуулан зээл олгохоор зохицуулсан байна.
Сумын Засаг даргаас Б.Г-ийг “Р С” ХХК-ийн төслийг сонгон шалгаруулахад албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан.
2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 дугаар тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталсан.
Уг журмын 1.6-д Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоож өөрт нь бичгээр мэдэгдсэн байна, 2.3-д сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна, 2.4.1-д сахилгын зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, 2.4.4-д шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах гэжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгаж буй Төрийн албаны тухай хуулийн 37.1.2, 37.1.7, 39.1.2-т заасан зөрчлийг шалгаж тогтоохгүйгээр аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичгийг үндэслэжээ.
Өөрөөр хэлбэл, Б.Г нь “Р С” ХХК-ийн төсөлд санал өгөөгүй байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, хорооны гишүүдэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нөлөөлсөн гэх үйл баримтыг нотолж тогтоохгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.
Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тул актыг гаргахдаа оролцогчийн процессийн эрхийг хангасан байх ёстой.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” болон “4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмын агуулгыг тайлбарлахад, захиргааны байгууллага хэн нэгний эрхэд халдсан шийдвэр гаргахын өмнө үр дагавар нь тусах, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс урьдчилан тайлбар авч, үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох, магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр шийдвэр гаргах үндэслэл байгаа эсэхийг бүрэн дүүрэн нягтлах, ийнхүү мэдэгдсэнээр иргэн, хуулийн этгээдэд гэнэтийн байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй байх, иргэний мэдэх эрхийг хангах, улмаар тухайн этгээдийн хувьд хамгийн бага дарамт учруулахуйц аргыг хэрэглэх зорилготой.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.
26.2.Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.
27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.
27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.заасны дагуу захиргааны байгууллага гаргах гэж буй сөрөг үр дагавар бүхий актын талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх ёстой бөгөөд тэдгээрээс тайлбар гаргах боломжоор хангах үүрэгтэй талаар зохицуулсан.
Хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл авагдсан боловч тэмдэглэлийн агуулга нь оролцогчоос тайлбар санал авсан ажиллагаа бус төрийн албанаас халах шийдвэр гарч байгаа талаар танилцуулсан агуулгатай байна. Иймд сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Мөн 2024 оны 12 сард болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар асуудал хэлэлцэгдэхэд баримт бичиг дахин дахин засагдсан гэх сахилгын зөрчлийн хувьд мөн ямар бичиг баримтууд Б.Г-ийн буруугаас олон удаа засагдсан, ямар үр дагавар үүссэн талаарх нөхцөл байдал тодорхойгүй, энэ талаар мөн адил холбогдох баримтыг цуглуулж зөрчлийг нотолж тогтоогоогүй байна.
Иймд хариуцагч Өндөрхангай сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Г-ийг урьд эрхэлж байсан Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Г-ийг урьд эрхэлж байсан Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Б.Г-т урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчийн ажиллаж байгаа байгууллага болох Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ