Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00960

 

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00960

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/00990 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Г-, С.Ч- нарт холбогдох

Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч Ц.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлах зогсоол дээр авто ачигч, ковш хүнд даацын техник түрээслүүлж байхад 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ц.Г-, С.Ч- нар ирээд Хэнтий аймгийн Батноров суманд байрлах жоншны уурхайд авто ачигч, ковш хүнд даацын техник түрээслэх санал тавьсныг зөвшөөрсөн. Талуудын хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй бөгөөд аман хэлбэрээр гол нөхцлөө тохиролцсон ба 1 сарын түрээсийн төлбөр 10 000 000 төгрөг байхаар тохирч нийт 5 сарын турш тухайн газарт ажиллуулсан. Тухайн газарт өөрөө ч очиж байсан. Ингээд ажил хийж байх явцад түрээсийн төлбөрийг багасгаж өгнө үү гэх саналыг хариуцагч нар тавьж эхний сарын түрээсийг 10 000 000 төгрөгөөр, сүүлийн 3 сарын түрээсийн төлбөрийг 1 сарын 5 500 000 төгрөгөөр нийт 26 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2015 оны 12 сарыг дуустал техник, жолооч ажиллуулсан. Ц.Г- нь түрээсийн төлбөрт өөрийнхөө данснаас 2015 оны 8 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл 8 500 000 төгрөг С.Б-ийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө авч чадаагүй, сүүлдээ утсаа ч авахаа больсон. Очоод гэрээ хийнэ гэсэн боловч гэрээ хийгээгүй. Сар сард нь мөнгийг нь өгнө гэсэн боловч бараа өгчихсөн мөнгө орж ирээгүй байна, борлогдоогүй байна, дараа сард өгнө гэж хойшлуулсаар байгаад сүүлдээ зугтаагаад олдохоо больсон. Ажил нь дууссан байсан бол ковшийг авчирч өгөх ёстой. Авчирч өгөхгүй байсаар байгаад 12 дугаар сард араандаа орохоо больсон, дугуй нь элэгдээд халзан болсон ковш авчирч өгсөн. Би тус бүр 2 000 000 төгрөгийн үнэтэй 2 дугуй сольсон, кропыг нь сольсон, жолоочийн цалин өгсөн. Үлдэх мөнгийг төлнө гээд төлөхгүй байсан учраас Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган хандахад хариуцагч нар нь 18 000 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд Ц.Г-, С.Ч- нараас авто ачигч ковш хүнд даацын техникийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-эд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Г- шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г- намайг 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Гурвалжингийн гүүрний урд байрлах зогсоолоос С.Ч- захирлын Хэнтий аймгийн Батноров сумын Дэлгэрхаан дахь жоншны уурхайд түрээслүүлэхээр Хово машин зуучлаад зогсож байхад иргэн С.Б- надаас хямд ковш түрээслэхгүй юм уу гэхэд үгүй байхаа, тэнд экскаватор байгаа гэхэд захирлаасаа асуучих гэж хэлсэн. С.Б- нь би хямдхан ажиллаж өгнө, миний ковш энд ажилгүй хаваржингаа байсан, та нар авч яваад ажиллуулчих гэж гуйсан учраас би захирал руу ярьж зөвшөөрөл аваад С.Б- жолоочтойгоо ковшоо өгч явуулахаар болж би С.Б-эд уурхайд очингуут С.Ч- захиралтай өөрсдөө гэрээгээ байгуулаарай гэж хэлсэн. 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр явж очоод мөн сарын 27-ны өглөө Хово машины жолооч нар С.Ч- захиралтай тэнд ажиллах гэрээгээ хийсэн. Ковшны жолоочийг бас гэрээгээ хий гэж хэлсэн. С.Ч- захирал ковшийг 7 хоног ажиллуулаад зогсоож, экскаватораар бүх ажлаа хий гээд, С.Б-эд техникээ татаж ав гэж жолоочоор нь хэлүүлсэн боловч С.Б- татаж авалгүй тэр хавьд нь өөр ажил байна уу, энд ирээд ажил олдохгүй, болж өгвөл зармаар байна гээд техникээ авалгүй байлгаад байсан. 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр С.Ч- захирал надтай уулзаад цаашид ажиллах юм бол түлшний өрөнд орох юм байна гээд уурхайн ажлыг бүрэн зогсоосон. Надад наанаасаа гаргасан жоншоо борлуулаад өөрийнхөө экскаваторын хоёр сарын түрээсийн хөлс, мөн Хово машины нэг сарын түрээсийн мөнгө болон ковшны 7 хоног ажилласан хөлсийг өгөөрэй гэсэн. Түүнээс хойш буюу 2015 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад уг уурхайд ажиллаагүй. Энэ хугацаанд би гаргасан жоншоо борлуулж хотод байсан бөгөөд С.Б- надтай хамт байж уг мөнгөнөөс 8 500 000 төгрөгийг авсан. Намайг дарамталж, долоо хоног ажилласнаас илүү мөнгө авсан гэжээ.

Хариуцагч С.Ч- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ажиллуулж байсан уурхай жижиг уурхай юм. Ц.Г- нь 2015 оны 6 сараас надтай уурхайн хэсэг газар нь ажиллая гэж надтай яриад экскаватор авчирсан ба Булган сумын ойн баярын дараа ковш машин авч очих байх гэж хэлсэн. 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр С.Б-ийн гэх техникүүдийг авчирсан. Ковш түлш их зарцуулдаг болохоор 7 хоногоос илүү ажиллаагүй бөгөөд шатахууны өрнөөс салаагүй. Би С.Б-тэй 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр уулзаагүй, түүнийг огт танихгүй. Тухайн өдөр би уурхай дээрээ ажиллаж байсан. Би Ц.Г-т техникээ буцаа гэж хэлсэн бөгөөд С.Б- ковшоо ирж аваагүй. Уурхай ашигтай ажиллаагүй учраас 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс түрээсийн ажиллагааг зогсоож, Ц.Г-т гаргасан түүхий эдээ зарж зардлаа олж ав, би үүнээс хувь авахгүй гэж хэлээд хот руу явсан. Би уурхай дээр байдаг гэртээ сард нэг удаа очиж, 7 хоног хонож уурхайгаа хардаг. Би 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр уурхай дээр ирсэн ба талбай эзгүй байхаар нь ковшоо авч явсан гэж бодсон. Талбай хаяж явснаас хойш Ц.Г-тай нийлж ажилласан уу эсвэл өөр хүмүүстэй нийлж ажилласан уу гэдгийг би мэдэхгүй. Ц.Г-, С.Б- нар нь хоорондоо юу гэж тохиролцсоныг би мэдэхгүй. С.Б- ковшоо авахгүй болохоор нь би 12 дугаар сард өөрийн зардлаар аваачиж өгсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ц.Г-, Б.Ч- нарт холбогдох түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд буюу 4 сарын турш өөрийн өмчлөлийн авто ачигч буюу ковшийг хариуцагчид хөлслүүлсэн нь дараах баримтаар бүрэн нотлогддог. Хэнтий аймгийн Батноров суманд байрлах жоншны уурхайд ажиллуулахаар хово маркийн тээврийн хэрэгсэл түрээслүүлсэн гэрч О.Баасансүрэнгийн мэдүүлэгт сарын төлбөрийг хэдэн төгрөгөөр хэнтэй тохирсон, ямар хугацаанд ажилласан, авто ачигч хэзээ ирсэн талаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл тусгагдсан. Хариуцагч С.Ч-ын шүүхэд гаргаж өгсөн баримтад авто ачигч ажил гүйцэтгэх газарт хэзээ ирсэн талаар, мөн С.Ч-ын шүүх хуралдаанд гаргасан ...би нэг сар байгаад 2015 оны 9 дүгээр сард буцаад дахиж очоогүй, Ц.Г-т жоншны уурхайн зарим хэсгийг түрээслүүлсэн, техникээ Ц.Г- өөрөө зохицуулах байсан... гэх тайлбар гаргасан. Мөн С.Б-ийн шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 8 дугаар сарын байдлаар ковшийн түрээсийн зах зээлийн үнийг нотолсон Вендо ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд нэг сарын түрээсийн төлбөр 8 514 000 төгрөг гэх, мөн Ц.Г-т техник хөлслүүлэхээс өмнө буюу 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хийж байсан түрээсийн гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн автомашин түрээслэх гэрээ хэрэгт авагдсан. Мөн гэрч Л.Хоролдавгын мэдүүлэг байдаг. Эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмаар дээрх нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дууссан гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай. Түүнчлэн нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж буй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгддэг. Бодит үнэн гэвэл нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 2019 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2019/092-091 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сард өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02664 дугаар шийдвэрээр хариуцагч нарыг эрэн сурвалжилсан. Шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс тодорхой ажиллагаа хийж 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчийн хаягийг тогтоосны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дууссан гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаарх үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Ц.Г-, С.Ч- нарт холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч хариуцагч Ц.Г- нь нэхэмжлэгч С.Б-ийн өмчлөлийн 34-88 УБ улсын дугаартай ZL50D маркийн технологийн механизм ачигч ковшийг Хэнтий аймгийн Батноров суманд байрлах хариуцагч С.Ч-ын эзэмшлийн жоншны уурхайд түрээслэн ажиллуулахаар тохиролцож, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос ковшийг жолооч О.Баасансүрэнгээр жолоодуулан Хэнтий аймагт Бэрх тосгоны орчим жоншны уурхайд авч очсон, 2015 оны 12 сард ковшийг жолооч Л.Хоролдагвын тээврийн хэрэгсэлд ачуулан Хэнтий аймгийн Бэрх тосгоноос Улаанбаатар хотод авчирч өгсөн, 8 500 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Б-эд өгсөн зэрэг үйл баримт зохигчдын тайлбар, гэрч О.Баасансүрэн, Л.Хоролдагва нарын мэдүүлэг, Д.Түмэнжаргалын дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 1, 22-25, 70-72, 89-92, 95-96, 135-137/

Мөн хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Ц.Г- нь хариуцагч С.Ч-ын эзэмшлийн уурхайд жоншны баяжмал олборлох ажлыг хийж гүйцэтгэхдээ өөрийн эксковатор болон С.Б-ийн ковшийг ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоосон боловч зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, улмаар мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

Хариуцагч Ц.Г- нь ковшийг С.Ч-ын уурхайд ашигласан тул ковшийн төлбөрийн асуудал өөрт нь хамааралгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн ...Ц.Г- ирээд санал тавьсан... гэсэн тайлбар, хариуцагч С.Ч-ын ...ковшийг түрээслэхээр уулзаж байгаагүй... гэсэн тайлбар, түүнчлэн гэрч О.Баасансүрэнгийн "...С.Б- ахын ковштой, Ц.Г- гэдэг хүнтэй цуг явсан, би 40 хоног ажилласан, ковш нь үлдсэн, 12 сар гарсан байх 4 дүгээр цахилгаан станцын тэндээс ковшоо авсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй байх тул С.Б-ийн ковшийг авч явсан зорилго нь ашиг олох, уурхайд зориулалтаар нь ашигласан нь тогтоогдох тул талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй юм.

Харин С.Б-, Ц.Г- нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байгаа боловч зохигчид аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар тэдний хоорондын түрээсийн гэрээ байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байна.

Хариуцагч Ц.Г- нь нэхэмжлэгч С.Б-ийн ковшийг 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сар хүртэл эзэмшиж, ашиглаж жоншны уурхайд ажиллуулж байсан үйл баримт тогтоогдсон тул түүнийг эзэмшиж, ашигласныхаа үнийг өгөх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

Нэхэмжлэгч С.Б-ийн ковш хариуцагч Ц.Г-ын эзэмшил, ашиглалтад байсан дээрх хугацааг тодорхойлсон нэхэмжлэгчийн тайлбар, гэрч О.Баасансүрэнгийн мэдүүлэгт хариуцагч үндэслэл бүхий тайлбар, баримт гаргаж няцааж чадаагүй байна.

Хариуцагч Ц.Г- нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн өөрийн мэдэлд авсан бол буцаан хүлээлгэж өгөх үүрэгтэй байх бөгөөд ковшийг 7 хоног ашигласан гэж тайлбарлаж байгаа боловч уг татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь ...ковшны нэг сарын түрээсийн төлбөр 10 000 000 төгрөг байхаар хариуцагч Ц.Г-тай тохирсон, ковшоор ажил гүйцэтгэж байх явцад төлбөрийг багасгах хүсэлт гаргасныг хүлээн авч эхний сарын төлбөрийг 10 000 000 төгрөгөөр, сүүлийн гурван сарын төлбөрийг нэг сарын 5 500 000 төгрөгөөр тохиролцсон... гэж тайлбарлаж, бусад этгээдэд ковшийг түрээсэлж байсан түрээсийн гэрээнүүд болон Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасан байна.

Эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар харьцуулан дүгнэвэл талуудын хооронд хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан тохиолдолд дээрх баримтыг ковшийн сарын ашиглалтыг 1 сарын 8 500 000 төгрөгөөр тооцох боломжтой боловч нэхэмжлэгч С.Б- хариуцагч Ц.Г- нарын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй, талууд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн тул бусад түрээсийн гэрээтэй болон тухайн үеийн түрээсийн үнэлгээг адилтган үзэх боломжгүй болно.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дахь хэсэгт Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан тул хариуцагч нь нэхэмжлэгчийн ковшийг эзэмшилдээ шилжүүлэн авснаас хүртсэн үр шимийг буцаан төлөх үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэл болдог тул ...эхний сарын төлбөрийг 10 000 000 төгрөгөөр, сүүлийн гурван сарын төлбөрийг нэг сарын 5 500 000 төгрөгөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбараас хариуцагч Ц.Г- 5 500 000 төгрөгөөр тохиролцсон гэсэн хэсгийг няцаагаагүй тул 1 сарын ашиглалтын улмаас үүсэх үр ашиг түрээсийн төлбөрийг хэмнэгдсэн 5 500 000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

Гэрч Л.Хоролдагва нь Ц.Г-ын даалгаснаар техник хэрэгслийг буцааж авчирч өгсөн гэх агуулгатай мэдүүлсэн ба талуудын тайлбарыг уг гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 4 сарын хугацаанд хариуцагч уг ковшийг эзэмшиж, ашигласан гэж үзэхээр байна.

Иймд сарын төлбөрт 5 500 000 төгрөгийн үр ашгийг 4 сарын хугацаагаар тооцож, 22 000 000 төгрөг, үүнээс хариуцагч Ц.Г-ын төлсөн 8 500 000 төгрөгийг хасч, үлдэх 13 500 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Хариуцагч Ц.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авч ашигласантай холбоотой үр ашгийг нэхэмжлэгч С.Б-эд төлөх үүрэгтэй.

Мөн нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлээ болгож буй түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд хариуцагч хүчин төгөлдөр бус хэлцлийн үүднээс ковшийг ашиглаж үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх хариуцагчийн татгалзал, болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийх ач холбогдолгүй гэж үзлээ. Гэрээний бус үүрэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.

Харин нэхэмжлэгч С.Б- болон хариуцагч С.Ч- нарын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүйгээс гадна хариуцагч С.Ч- нь хариуцагч Ц.Г-т гэрээ хийх эрх олгосон талаар баримтгүй байх тул С.Ч-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагч Ц.Г-аас 13 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-эд олгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/00990 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Г-аас 13 500 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.Б-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 500 000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч С.Ч-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч Ц.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 225 450 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.Батбилэгтэд олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 248 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ