| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 124/2025/0028/З |
| Дугаар | 124/ШШ2025/0026 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 124/ШШ2025/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: И нам, /................../
Дүгнэлт гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М,
Гомдлын шаардлага: “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0057943 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа, дүгнэлт гаргагч прокурор С.Н, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М /цахим/, өмгөөлөгч Т.С, М.О, хариуцагч улсын байцаагч Ц.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0057943 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0057943 дугаартай шийтгэлийн хуудсаар 2024 оны орон нутгийн ээлжит сонгуульд оролцсон И нам сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд Увс аймаг дахь Төрийн аудитын байгууллагад ирүүлээгүй нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын нийцлийн тайлангаар тогтоогдсон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 100,000 нэгжтэй тэнцэх буюу 100,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. (Хоёр дахь хавтаст хэргийн 01-68 дугаар хуудас)
2.2. Холбогдогч И нам шийтгэлийн хуудсыг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдлоо 2025 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шийтгэврийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор, хуулийн хугацаанд шүүхэд хандсан байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.
2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол, дүгнэлт гаргагч нарын шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт адил учир дээрх захиргааны хэргүүдийг нэг мөр, шуурхай шийдвэрлэх үүднээс хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Нам, эвсэл тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгтээ сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна” гэж заасан. 2024 оны орон нутгийн сонгуульд өрсөлдсөн И нам нь дээрх хуульд зааснаар сонгуулийн зардлын нэгдсэн нэг данстай байсан бөгөөд тухайн асуудлаар төрийн аудитын байгууллагаас тодруулга хүсэхэд “нэг дансаар гүйлгээ хийх боломжтой буюу нэг данстай байж болно” гэх агуулгаар хариуг ирүүлсэн. Үүний дагуу сонгуулийн зардлын тайлангаа хөндлөнгийн аудитын хуулийн этгээдээр хянуулж, улмаар тайлангаа хууль тогтоомжид заасан хугацаанд Нийслэл дэх Төрийн аудитын газарт хүргүүлсэн. Харин аль ч аймагт сонгуулийн зардлын данс нээлгэж, тайлан гаргаагүй болно. Мөн 2024 оны орон нутгийн сонгуулийн зардлын тайлан гаргах журам тухайн сонгууль дууссаны дараа гарсан. Манай намын хувьд сонгуулийн зардлын тайлан гаргахтай холбоотой асуудлаар төрийн аудитын байгууллагаас тодруулахад Улсын Их Хурлын сонгуулийн тайлан гаргах журамтай адил хэлбэрээр тайлан гаргах талаар мэдээлэл өгч байсан. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын улсын байцаагч Ц.М гэх хүн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус намын Санхүү хариуцсан ажилтан Ш.Б-тэй утсаар холбогдож сонгуулийн зардлын тайлантай холбоотой асуудлаар тодруулах зүйл байгаа талаар хэлсэн бөгөөд түүнд “...аймгийн хэмжээнд сонгуулийн зардлын данс нээгээгүй учир тайлан гаргаагүй” талаар тайлбарласан. Гэвч тэрээр 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 0057943 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж, И намыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр 100,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болохыг мэдэгдсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “нам эвсэл болон нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг аудитын байгууллагад хүргүүлэх” харилцааг нарийвчлан зохицуулсан. И нам нь сонгуулийн зардлын нэг данстай байсан бөгөөд тухайн дансны зардлын тайланг хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлсэн. Төрийн аудитын удирдах байгууллагад хүргүүлсэн тохиолдолд тухайн тайлангаа дахин аймаг, орон нутгийн аудитын байгууллага болгонд хүргүүлэх тухай ойлголт огт байхгүй. Харин орон нутагт намаас нэр дэвшин өрсөлдсөн нэр дэвшигчид тухай бүр зардлын тайлангаа мөн хуульд заасан 30 хоногийн дотор тухайн орон нутаг дахь төрийн аудитын байгууллагад хүргүүлсэн. Улсын байцаагч Ц.М нь орон нутагт сонгуулийн зардлын данс нээгээгүй учир тайлан гаргах боломжгүй буюу хуульд зааснаар тайланг аудитад хүргүүлэх харилцаа үүсэхгүй талаар тайлбарласаар атал хууль тогтоомжийг буруугаар тайлбарлан И намын эрхэд хууль бусаар халдаж, торгууль хүлээлгэх шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагч нь Зөрчлийн тухай хуульд заасныг үндэслэн шийтгэл хүлээлгэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулах үүрэгтэй. Гэтэл И намд зөрчлийн хэрэг нээсэн эсэх, ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаа талаар огт танилцуулаагүй бөгөөд өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчлийн хэрэгтэй танилцах, нотлох баримт гаргаж өгөх, эрх бүхий албан тушаалтан, прокурорын шийдвэрт гомдол гаргах зэрэг хуульд заасан эрх үүргийг танилцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрхийг зөрчсөн ноцтой зөрчил болно. Иймд, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн улсын байцаагч Ц.М-ийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0057943 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дүгнэлт ирүүлсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессын алдааг сайн олж харсан байна. Нотлох баримт шинжлэн судлахад, И намд ирүүлсэн Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны 3/90 албан бичиг нь Улсын Их Хурлын сонгуультай холбоотой “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг биш. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотойгоор И намд ирүүлсэн албан бичиг юм. Хариуцагч Б.Б-тай утсаар ярихад хэцүү байсан гэж тайлбарлаад байна. Хариуцагч И намын улсын бүртгэлийн гэрчилгээг хараад эрх бүхий этгээдийг нь уншиж танилцсан байна. Намын дарга нь Б.Б гэдгийг тодорхой мэдэж байсан байна. Гэтэл яагаад Ч.М-д итгэмжлэл өгөөд байхад И намын итгэмжлэл хууль ёсны болсон гэж үзээд байгаа юм бэ? Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан нь дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасан. Иймд Б.Б-ыг эсвэл Б.Б-аас итгэмжлэл авсан этгээдийг томилох ёстой болно. Энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нарийн зааж өгөөгүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл нь “Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт “Бичгээр эсхүл цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино”, мөн зүйлийн 64.2.1 дэх заалтад “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх”, 64.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Тиймээс Б.Б-аас Ц.Г-д итгэмжлэл олгоогүй бол тус итгэмжлэл хүчин төгөлдөр бус буюу Ц.Г нь И намыг төлөөлөх эрх бүхий этгээд биш. И намын итгэмжлэл хууль бус байхад эрх бүхий албан тушаалтан нягталж тогтоох ёстой байтал тогтоогоогүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй” гэж заасан. И намын итгэмжлэл хуулийн дагуу байсан эсэхийг эрх бүхий албан тушаалтан өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байхад төлөөлөх эрхгүй этгээдэд эрх, үүрэг тайлбарлаад байсан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй бол тус итгэмжлэл хүчин төгөлдөр бус. Хүчин төгөлдөр бус итгэмжлэл авснаас хойших бий болсон үр дагаврууд бүгд хүчин төгөлдөр бус болно. Тиймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу болоогүй. Иймд прокурорын дүгнэлт болон гомдол гаргагчийн гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй” гэв.
3.3. Дүгнэлт гаргагч прокурор шүүхэд гаргасан гаргасан дүгнэлтдээ: “...Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлтийн улсын байцаагч Ц.М нь Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны орон нутгийн ээлжит сонгуульд Увс аймагт нэр дэвшсэн И нам сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх бүртгэлийн 05 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчлийн 2535000128 дугаартай хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч И намд 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 0057943 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 100,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалыг хянахад эрх бүхий албан тушаалтан Ц.М нь зөрчлийн 2535000128 дугаартай хэрэгт И нам нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд “Увс аймагт нэр дэвшиж, сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. И намаас 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3/24 дугаартай албан бичигт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Г томилсон. Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолд 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ц.Г зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлж байгаа оролцогчийн эрхийг эдэлж, үүрэг хүлээлгэхийг тайлбарлаж гарын үсэг зуруулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч буюу зөрчилд холбогдогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, холбогдогчоор мэдүүлэг авах байтал гэрч Ц.Г-аас 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг авч, гарын үсэг зуруулсан. Зөрчлийн хэргийг эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангах байтал гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Г-д хавтас хэргийг танилцуулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “Оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч” гэнэ, 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэн”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж тус тус заасныг зөрчсөн. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоон, холбогдогчоос мэдүүлэг аваагүй, тэмдэглэл үйлдэн бэхжүүлж, гарын үсэг зуруулаагүй, хэргийн оролцогчид хавтас хэргийг танилцуулаагүй, шийтгэл оногдуулж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар улсын байцаагч Ц.М-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 0057943 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэв.
3.4. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх” сэдэвт аудитаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нам, нэр дэвшигчдэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах” зөвлөмжийг Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст өгсөн. Дээрх зөвлөмжийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэн, аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Нээр хянуулж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56.3, 80.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 21 дэх заалтыг баримтлан Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж, шийтгэврийн хуудас бичсэн. Дээрх зөрчил хянан шалгах ажиллагаа явуулах явцад хууль ёсны төлөөлөгч томилох ажиллагаа явуулсан. Зөрчил хянан шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг авахдаа бланк андуурсан байна. Шийтгэлийн хуудас дээр намд холбогдуулж зөрчлийн тухай хуулийн заалт үндэслэж бичсэн. Зөрчлийн хуульд зааснаар бланк андуурсан нь шийтгэлийн хуудас хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Гомдол гаргагч И нам, дүгнэлт гаргагч Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын С.Н нар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0057943 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдол, дүгнэлтийг шүүхэд гаргасан.
3. Гомдол гаргагчаас “...И нам хуульд зааснаар сонгуулийн зардлын нэгдсэн нэг данстай байсан бөгөөд тухайн асуудлаар төрийн аудитын байгууллагаас тодруулга хүсэхэд “...нэг дансаар гүйлгээ хийх боломжтой буюу нэг данстай байж болно” гэх агуулгаар хариуг ирүүлсэн. Үүний дагуу сонгуулийн зардлын тайлангаа хөндлөнгийн аудитын хуулийн этгээдээр хянуулж, улмаар тайлангаа хууль тогтоомжид заасан хугацаанд Нийслэл дэх Төрийн аудитын газарт хүргүүлсэн. Харин аль ч аймагт сонгуулийн зардлын данс нээлгэж, тайлан гаргаагүй болно. ...улсын байцаагч Ц.М нь орон нутагт сонгуулийн зардлын данс нээгээгүй учир тайлан гаргах боломжгүй буюу хуульд зааснаар тайланг аудитад хүргүүлэх харилцаа үүсэхгүй талаар тайлбарласаар атал хууль тогтоомжийг буруугаар тайлбарлан И намын эрхэд хууль бусаар халдаж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. ...мөн И намд зөрчлийн хэрэг нээсэн эсэх, ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаа талаар огт танилцуулаагүй бөгөөд өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчлийн хэрэгтэй танилцах, нотлох баримт гаргаж өгөх, эрх бүхий албан тушаалтан, прокурорын шийдвэрт гомдол гаргах зэрэг хуульд заасан эрх үүргийг эдлүүлээгүй нь холбогдогчийн эрхийг зөрчсөн ноцтой зөрчил” гэж маргажээ.
4. Дүгнэлт гаргагчаас “...Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоон, холбогдогчоос мэдүүлэг аваагүй, тэмдэглэл үйлдэн бэхжүүлж, гарын үсэг зуруулаагүй, хэргийн оролцогчид хавтас хэргийг танилцуулаагүй, шийтгэл оногдуулж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэлт гаргасан.
5. Хариуцагч улсын байцаагчаас “...Увс аймаг дахь төрийн аудитын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвлөмжийг санхүү, төрийн сангийн хэлтэст өгсөн, зөвлөмжийн дагуу шийтгэлийн хуудас бичсэн. ...Зөрчлийг хэргийг шалган шийдвэрлэх явцад алдаа гаргасан боловч энэ нь шийтгэврийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж тайлбарлав.
6. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0057943 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч И намыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар “...сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” болох нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын нийцлийн тайлангаар тогтоогдсон гэж үзэн 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
7. И намд холбогдох зөрчлийн 2535000128 дугаартай хэрэгт 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3/24 дүгээр И намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.М-ын албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 7/248 дугаартай Төрийн сангийн хэлтсийн даргын албан бичиг, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон эрх бүхий албан тушаалтны тогтоол, И намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай И намын Увс аймгийн намын хорооны албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/11 дугаартай Увс аймгийн намын хорооны даргаар Ц.М-ыг батламжилсан тушаал, Увс аймаг дахь ИЗНН-ын хорооны сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүний мэдээлэл, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 7/383 дугаартай Төрийн сангийн хэлтсийн даргын Үндэсний аудитын газарт хүргүүлсэн албан бичиг, Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/1130 дугаар албан бичиг, И намын УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 7/469 дугаартай Төрийн сангийн хэлтсийн даргын Нийслэл дэх аудитын газарт хүргүүлсэн албан бичиг, Нийслэл дэх аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02/310 дугаар албан бичиг, аудитор Р.А-ийн гэрчийн мэдүүлэг, Ц.Г-аас гэрчээр асууж авсан мэдүүлэг, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх” сэдэвт нийцлийн тайлан, Ц.Г-д хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0057943 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагджээ.
8. Увс аймгийн Төрийн аудитын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх сэдэвт нийцлийн аудитын тайлангийн 01 дүгээр хавсралтын намуудын жагсаалтын 2 дугаарт И намыг сонгуулийн зардлын дансны тайлан ирүүлээгүй тухай тэмдэглэгдсэн.
9. Мөн И нам улсын хэмжээнд нэг буюу “Х банк” ХК-ийн .......... дугаартай сонгуулийн зардлын данс нээлгэсэн ба Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мөн энэхүү дансны мэдээллийг бүртгүүлсэн бөгөөд хуульд заасан хугацаанд “У В А” ХХК-аар аудит хийлгэж Нийслэл дэх Төрийн аудитын газарт хүргүүлсэн, тус нам иргэн, хуулийн этгээдээс сонгуулийн хандив аваагүй, намын өөрийн 127,971,000 төгрөгийн зарлага гарсан болох нь хэрэгт авагдсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/57 дугаартай албан бичиг болон “У В А” ХХК-ийн аудитын тайлан, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.
10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид “сонгуулийн зардал” гэх/ гаргана”, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 50.3-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 56 дугаар зүйлийн 56.1-т “Сонгуулийн зардлын тайланд орлого ба зарлагын мэдээллийг бүрэн тусгана”, 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан.
11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, И нам нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо иргэн, хуулийн этгээдээс бэлэн болон бэлэн бус хандив аваагүй, бүх аймаг, нийслэлд сонгуулийн зардлын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн аудитын байгууллагад тайлангаа хүргүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
12. Тухайлбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ” гээд, 48.2.1-д “хандив”, 48.2.2-т “намын өөрийн хөрөнгө”, 48.2.3-т “нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж тус тус заасан ба Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/90 дугаар албан бичигт “...намын анхан, дунд шатны намын байгууллагын сонгуулийн сурталчилгааны зардлыг тухайн нам буюу түүний сонгууль эрхэлсэн байгууллага зөвхөн намын өөрийн хөрөнгөөр зарцуулах байдлаар хариуцаж байгаа тохиолдолд анхан, дунд шатны байгууллага болон нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой. Энэ тохиолдолд нам, эвсэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар сонгуулийн зардлын нэгдсэн тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлнэ” гэсэн хариуг И намд ирүүлжээ.
13. Хуулийн энэхүү заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь сонгуулийн зардлын нэгдсэн нэг данс нээж, намын өөрийн хөрөнгөөр орон нутгийн сонгуульд оролцож байгаа тохиолдолд заавал тухайн орон нутагт данс нээх, орон нутаг дахь төрийн аудитын байгууллага тус бүрд сонгуулийн зардлын тайлан гаргаж хүргүүлэх үүрэг хүлээхгүй.
13.1. Учир нь сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуульд хэрэглэгдэх зардлыг хуульд заасны дагуу данс нээлгэж, түүнд төвлөрүүлэн зарцуулахаар байх бөгөөд ийнхүү сонгуулийн зардлын нэг данс нээж бүртгүүлэх, улмаар зарцуулалтын тайланг гаргаж төрийн аудитын байгууллагад хуульд заасан хугацаанд тайлагнах нь улс төрийн нам, нэр дэвшигч нар санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилан сэргийлэх, цаашилбал Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан “шударга ёсыг сахих” зарчмыг хангах зорилгоор хуулиар хүлээлгэсэн энэхүү үүрэг зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зохицуулсан.
14. Гэтэл И нам бүх аймаг, нийслэлд сонгуулийн зардлын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, “У В А” ХХК-аар аудит хийлгэн хуульд заасан хугацаанд Нийслэл дэх Төрийн аудитын газарт хүргүүлсэн байхад заавал Увс аймаг дахь Төрийн аудитын газарт тайланг ирүүлэх ёстой гэж буруутган Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан дээрх хуулийн зорилгод нийцэхгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
15. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22 дахь хэсэгт зааснаар нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 17.25 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх бөгөөд уг үүргээ тухайн хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх учиртай.
15.1. Тухайлбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1.3-т “хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх”, 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж тус тус хуульчилсан.
16. Хэрэгт авагдсан И намын улсын бүртгэлийн гэрчилгээнд намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх Б.Б-т олгогдсон, намын дүрмээр “И нам”-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх тус намын дүрмийн 28.1.1-д зааснаар намын даргад олгогдсон ба дүрмийн 30.1.7-д зааснаар Ерөнхий нарийн бичгийн дарга нь зөвхөн намын даргын өгсөн эрх хэмжээний хүрээнд намыг төлөөлөхөөр байна.
17. Гэтэл “И нам”-ын хууль ёсны төлөөлөгчийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.М томилсон байхад Ц.Г-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол үйлдэн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мд намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, түүнчлэн намын даргаас тус намыг төлөөлөх бүрэн эрх олгосон эсэх болон түүнд итгэмжлэл олгогдсон эсэх талаарх нотлох баримтуудыг зөрчлийн хэрэгт цуглуулаагүй.
17.1. Үүнээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.М-аас 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3/24 дүгээр албан бичгээр Ц.Г-д олгосон итгэмжлэл хууль заасан шаардлага хангаагүй, хуулбар хувь байгааг анхаарахгүйгээр И намд шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гээд 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасантай нийцээгүй буюу холбогдогчийг зөв тогтоогоогүй.
18. Мөн эрх бүхий албан тушаалтны холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ц.Гг тогтоосон атал гэрчийн мэдүүлэг авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх прокурорын гаргасан дүгнэлт үндэслэлтэй.
19. Нөгөө талаас эрх бүхий албан тушаалтнаас нотлох баримтаар цуглуулж зөрчлийн хэрэгт хавсаргасан бичгийн баримтууд эх баримтаар авагдаагүй, холбогдох төрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг болон нотариатаар баталгаажуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбарласан баримтууд байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэж үзнэ.
20. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасан.
21. Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” үүргээ гүйцэтгээгүйгээс гадна эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй байх тул гомдол гаргагч И намын гомдол, Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н-ийн дүгнэлтийг тус тус хүлээн авч, хариуцагч улсын байцаагчийн гаргасан маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0057943 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар И намаас урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчийн ажиллаж буй байгууллага болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70,200 төгрөг гаргуулан гомдол гаргагч И намд олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан И нам, Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н нарын гаргасан гомдол, дүгнэлтийг хангаж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0057943 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч И намын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70,200 төгрөг гаргуулан гомдол гаргагч И намд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ