| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2016/0113/Э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
улсын яллагч Р.Батнасан,
шүүгдэгч Г.Болорхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20172502144 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 19-нд Хөвсгөл аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1, Сэлэнгэ аймгийн Мандал сум Баянсуудал 3-р баг, гарам гудамжны 41 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.Б/регистрийн дугаар РЭ 88091930/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Бнь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЗУ” бааранд 2017 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Б.Энхмэндийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Болорхүүг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЗУ” бааранд 2017 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Б.Энхмэндийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Болорхүүд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Бнь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЗУ” бааранд 2017 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Б.Энхмэндийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Энхмэндийн “…2017 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө …хүүхдийн 100-гийн Зуу гэх нэртэй бааранд …би цааш нойлийн өрөө рүү орсон. …бие засах гээд зогсож байсан чинь шилэн хүзүүнээс …Даваахүү гэх залуу намайг татаад надтай нүүр тулаад “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлэх үед хажуу талд зогсож байсан цагаан өнгийн подвалктай залуу нь пивоны шилээр миний зүүн хойд талын дагз орчим нэг удаа цохисон. …Цагаан подвалктай залуу нь миний хойд талаас 2 нүд рүү хоёр хуруугаа хийх үед хоёр гарын хурууг нь нүднээсээ аваад найзыгаа Сэр-Одоо гэж орилоход Зуу баарны хамгаалагч нар орж ирээд салгаад намайг гаргасан…” гэсэн мэдүүлэг /хх-21/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹7672 тоот актын “…Энхмэндийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, хүзүү, баруун өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт/хх-35/, шүүгдэгч Г.Болорхүүгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Болорхүү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Болорхүү нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Болорхүүд танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Болорхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Болорхүүд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Болорхүү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Бг 400 /дөрвөн зуу / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР