| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2025/0006/З |
| Дугаар | 112/ШШ2025/0018 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 112/ШШ2025/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: “А Э” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Б.Т
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Дорждэрэм
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Гантулга
Гуравдагч этгээд: И.Д, И.Г, Б.Ц, Ё.Г, С.С, Х.Г, Д.Б, Н.З, С.Э, Ш.Б нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч Х.Гантулга, гуравдагч этгээд И.Г, Ё.Г, Б.Ц, С.С, Ш.Б, Н.З, С.Э, И.Д, Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1. “А Э” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах гэжээ.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. Тус сумын нутагт шинээр Олон Улсын Нисэх онгоцны буудал байгуулах газар эзэмшүүлж өгөх хүсэлт ирүүлсэн “А Э” ХХК-ийн саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн тул дээрх зориулалтаар 10,000га газрыг эзэмшүүлэхээр баталсугай гэсэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоол гарчээ.
2.2. Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 61 дүгээр “ Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөд тодотгол оруулах тухай” тогтоолын 1-д Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөлөгөөнд тодотголоор иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр дараах газруудыг хавсралтаар баталсугай гээд 1.1-д Нисэх онгоцны буудлын зориулалтаар 10,000га газар баталсан.
2.3. Харин Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолын 1.1 дэх хэсэгт “Нисэх онгоцны буудлын зориулалтаар олгосон 10,000га тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. “А Э” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: Манай компани нь Монгол Улсын Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгосонтой холбогдуулан Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд байгуулахаар төлөвлөж буй олон улсын нисэх буудлын техник эдийн засгийн урьдчилсан судалгаа болон зураг төсөл боловсруулсан бөгөөд улмаар Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дэхь заалтанд тус сумын нутагт шинээр Олон улсын нисэх онгоцны буудал байгуулах газар эзэмшүүлж өгөх хүсэлт ирлүүлсэн А Э ХХК-ийн саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 100 хувийн саналаар дэмжсэн тул дээрх зориулалтаар 10.000 га газрыг эзэмшүүлхээр баталсан тогтоол гарсан.
Улмаар сумын Засаг даргын 2024 оны А/43 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус сумын Баян-Өндөр багийн нутагт А.Э нисэх онгоцны буудал байгуулахтай холбоотой санал болгож буй 10000 га газрыг бодит талбай дээр очин судалгаа хийлгэсэн бөгөөд талбайн байршлыг ажлын хэсгийн 100 хувийн саналаар дэмжсэн дүгнэлт гарсан.
Ингээд Иргэний нисэхийн дүрмийн дагуу Аэродром байгуулах өөрчлөх нээх ба хаах хүрээнд нисэхийн судалгаа хийлгүүлэх хүсэлтээ гаргасны дагуу Иргэний нийсэхийн Ерөнхий газраас ажлыг тайлан судалгааг хийсэн бөгөөд Аэродромын төлөвлөлт ба ашиглалтын шаардлагад нийцэж байгаа тул урьдчилсан байдлаар уг байршилд нисэх буудал байгуулах боломжтой гэж үзлээ гэсэн нэгдсэн шийдвэр гарсан.
Мөн манай компани зураг төсөл боловсруулах гэрээг Э Б Д ХХК-тай, ТЭЗҮ хийлгэх гэрээг Э Э Э ХХК-тай байгуулан олон улсын нисэх буудлын техник эдийн засгийн урьдчилсан судалгаа болон зураг төсөл боловсруулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан Баруун босоо төмөр зам, Баруун бүсийн тээвэр ложистикийн нэгдсэн төв, Шинэ суурьшлийн бүсийн ДЦС зэрэг төслүүдийг эхлүүлэн ажиллаж байсан.
Улмаар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 61 тоот тогтоолоор сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай тогтоолын 1.1-т Нисэх онгоцны буудлын зориулалтаар 10000 га иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тогтоол гарсан.
Ингээд 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 131 дүгээр Засгийн газрын тогтоолоор Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх ашиглуулах газрын байршил хэмжээ зориулалтын жагсаалт батлах тухай Газрын тухай хуулийн 23.2.4-т заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд Агаарын тээврийн барилга байгууламж төхөөрөмжийн талбай зориулалтаар 10.000 га газар Монгол Улсын Засгийн газар баталсан болно.
Гэтэл Говь Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 дүгээр тогтоолын 1.1 дэхь хэсэгт Нисэх онгоцны буудлын зориулалтаар олгосон 10000 га тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай гэсэн тогтоол гарсан нь нэхэмжлэгч миний эрх ашгийг хохироож байна
Түүнчлэн тус тогтоолын хууль зүйн үндэслэлээ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалт, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэхь хэсгийг үндэслэл болгожээ. Энэ нь сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж заасан байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар тогтоолоор шийдсэн асуудлыг хүчингүй болгож байгаа нь Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр тогтоол нь өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн шийдвэр боллоо гэж үзэж байна. Өөрөөр хэлвэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 70 дугаар зүйл 70.1-т Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хууль, бусад хууль тогтоомжоор өөрт нь ногдуулсан орон нутгийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхдээ улсын ашиг сонирхлыг харгалзаж, бодлого, шийдвэрээ төрийн бодлоготой уялдуулна гэсэн заалтыг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй тогтоол гаргасан тул Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Энэ төслийг 2023 оноос төлөвлөөд төлөвлөгөөнийхөө дагуу Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үе шаттайгаар танилцуулаад Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хурлууд дээр танилцуулж ирсэн. Иргэдийн зүгээс шүүх хуралд төлөөллүүд нь ирчихсэн байгаа учраас ямар асуудлаас яаж явж ирсэн талаар тодорхой ярьж өгье гэж бодож байна. Иргэний нисэхийн зориулалтаар авах гээд байгаа 10,000 га газар нь нийгэмд ямар ашиг тустай гэдэг тал дээр ойлголт багатай байгаа гэдгийг ойлгож байна. Энэ нь ямар ашиг тустай юм гэхээр манайх баруун босоо төмөр зам буюу Оросын холбооны улсын Арц суурь хилийн боомтоос урагшаа Шивээхүрэнгийн хилийн боомт хүртэлх 1,400 километр төмөр замыг 2021 оны Улсын Их Хурлын 82 дугаар тогтоолоор энэ төмөр замыг барих нь зөв гээд тогтоол нь гарчихсан. Үүний дагуу үе шаттайгаар ажил нь явж байгаа. Манайх баруун босоо төмөр замын төслийг хэрэгжүүлэх зураг төслөөс нь авхуулаад байгаль орчны судалгаануудыг хийсний үндсэн дээр зураг төслийг нь боловсруулаад энэ төмөр замын хөрөнгө оруулалтыг босгосон. Манай оюуны өмчийн захирамж нь хүртэл гарчихсан. Энэ оюуны өмчтэй компани нь манай компанид байгаа юм. Энэ компаниараа бид тухайн төслийг хэрэгжүүлэхийн тулд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт буюу тухайн 1,400 километр замын голд нь нисэх онгоцны буудлын төлөвлөлт, мөн төмөр замын төлөвлөлт хийгдээд энэ хоёрыг холбох 45 километр авто замын төлөвлөлтийг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2040 хүртэлх төлөвлөгөөнд оруулаад батлуулсан байгаа. Ингээд баруун бүсийн 5 аймаг хангасан тээвэр ложистикийн төв, нисэх онгоцны буудал барина. Энэ хоёр баригдчихаж байгаа учраас төмөр замыг цахилгаан эсхүл хосолмол байдлаар шийдье гэхээр цахилгааны эх үүсвэр хэрэгтэй гэж үзээд 400 мегавайтын хүчин чадалтай цахилгаан станц барих, үүнийг дагаад суурьшлын бүс бий болгоно гэх мэтчилэн том хэмжээний нэгдсэн төсөл байгаа юм. Энэ том төслийн зөвхөн 1 хэсэг нь аэродромын төсөл юм. Аэродромынхоо төслийг яагаад эхэнд танилцуулаад байна гэхээр бид нар аэродромынхоо хөөрөх буух зурвасыг эхэлж бэлдээд түр аэродром байгуулангуутаа энэ төмөр замын дагуу олон жилийн судалгаа хийдэг. Байгаль орчны судалгаа, инженер геологийн судалгаа гэх мэтчилэн судалгааг хийх түр баазаа байгуулах гэж байгаа юм. Үүний дагуу судалгаа хийгдээд зураг төслөө гаргаад ингээд төслүүд үе шаттай явах том хэмжээний төсөл байгаа юм. Бид нар энэ газрыг аваад ухаад зориулалтын бусаар ашиглах гээд байгаа байдал байхгүй гэдгийг хэлмээр байна. Энэ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол, Засгийн газраас гарсан тогтоол дээр иргэний нисэхийн барилга байгууламжийн зориулалттайгаар олгож байгаа гэдгийг заачихсан байгаа учраас бид нар энэ тогтоолуудыг зөрчих эрх байхгүй. Бид нар энэ төслөө хэрэгжүүлэх боломжтой юм байна гэдгийг ямар үе шаттай явуулсан гэхээр 2023 оны 06 дугаар сарын 11-нд Зам тээврийн яаманд хүсэлт гаргасны дагуу Зам тээврийн яамнаас танай төслийг хэрэгжүүлээд явахад зөвлөмжийн дагуу хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй гэдэг хариу өгсөн. Ингээд иргэний нисэхийн ерөнхий газраас хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй гэдэг албан бичиг ирүүлсэн. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт бид нар бас хандсан. 2023 оны 05 дугаар сарын 02-нд хандахад төсөл хэрэгжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн албан бичгүүд ирсэн. Энэхүү албан бичгүүд ирсний дагуу бид нар төслийнхөө урьдчилсан техник эдийн засгийн үнэлгээ, төслийн танилцуулгаа бэлдээд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахад урьдчилсан байдлаар “А Э” ХХК-ийн саналыг үндэслээд төслийг 100 хувийн саналаар дэмжиж 10,000 га газрыг олгоно гээд 2023 оны 12 дугаар сарын 19-ний 52 дугаар тогтоолоор дэмжсэн. Энэ ганцхан аэродромын зориулалтаар биш дулааны станц, шинэ суурьшлын бүс баруун босоо төмөр замын төслүүдийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэхээр гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөрийг нь хийгээд ажил маань эрчимжээд явсан. Бид нар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар энэ төслөө оруулаад 2040 он хүртэлх Говь-Алтай аймгийн нэгдсэн төлөвлөгөө батлагдсан. Тэгэхээр бид нар энэ төслөө хэрэгжүүлэх боломжтой юм байна гээд Иргэний нисэхийн ерөнхий газарт хандаад Иргэний нисэхийн ерөнхий газар нь бид нарын хүсэж байгаа талбай дээр агаарын урсгал, ойр орчмын саад гэх мэтчилэн судалгаа хийсэн. Бидний гаргасан хүсэлтийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газраас 5 удаа тухайн талбай дээр яг энэ зурвас дээр хөөрөх буух зурвасыг төлөвлөх боломжтой байна гэдэг 22 улс, мэргэжлийн байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газрын дүгнэлтийг албан ёсоор гаргаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор манайх өөрсдөө төслөө хариуцаж байгаа учраас гарах зардлуудаа гаргаад явж байна. Энэ гаргаж өгсөн хөөрөх буух зурвасаар бид нарт 3 боломжит хувилбарыг санал болгосон. Энэ 3 боломжит хувилбарыг бид нар төмөр зам, дулааны станц, суурьшлын бүстэйгээ уялдуулаад тухайн 3 бүсээс 1 цэгийг товлоод дүгнэлтүүдээ гаргуулсан. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Баян-Өндөр багийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, аэродром хариуцсан захирал, газрын албаны даамал, төсөл хариуцсан захирал би өөрөө гэсэн бүрэлдэхүүнтэйгээр тухайн хөөрөх буух зурвасын талбай дээр очиж ажилласан. Зам тээврийн яамны сайдын гаргасан 56 дугаар тогтоолын дагуу хамгаалалтын А, B бүсүүд байдаг. Энэ бүсийг төслийн хэмжээнд 10,000 га газраар нь авах ёстой гэсний дагуу гаргасан. Ингээд газар дээр нь ажилласан ажлын хэсгийн тайлан гараад дэмжсэн. Дэлгэр сумын 1 дүгээр багийн Баян-Өндөр багт 10,000 га газрын коардинатыг зоосон 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолын хавсралтаар баталж өгсөн. Үүнд нисэх онгоцны буудлын зориулалтаар гэж байгаа. Ингээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрүүд гарсны дагуу хавсралт коардинаттай Говь-Алтай аймгийн Газрын албаар дамжаад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслээд газрын албаар нь дамжаад Засгийн газрын хэрэг эрхлэх газарт яваад Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн ерөнхий газраар хянагдсан. Засгийн газраас Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд агаарын тээврийн барилга байгууламжийн талбайн зориулалтаар ашиглуулах эрх мэдэл нь Засгийн газрын тогтоолоор нээгдсэн. Бид нарын төслөө хэрэгжүүлэх үйл явц нь хуулийнхаа хүрээнд явж байна. Дараагийн үе шатруугаа яг орох гэж байхад өнгөрсөн оны сонгуулийн үеэр агаарын тээврийн зориулалтаар авсан 10,000 га газарт уул уурхай ажиллуулах гэж байгаа гээд иргэд ярьж байсан. Улс төрийн намын хоорондох сонгуульд нэгнийгээ ялах зорилгоор ард иргэдэд буруу мэдээлэл өгсөн. Та нар ирээд иргэдэд тайлбар өгөөч гэсэн юм. Тэгэхдээ нэгдүгээрт: А.Э компанид захирамжилж газар олгогдоогүй, хоёрдугаарт: бид нар тухайн сонгуулийн үеэр очиж ярилцлага хийхээр аль нэг намыг дэмжиж байгаа мэт харагдах, үүнийг дахиад мушгиж гуйвуулах магадлалтай учраас бид нар зөвхөн төслөө хэрэгжүүлэх гэж байгаа компани учраас заавал очиж тайлбар өгөх шаардлага байхгүй гэж үзсэн. Аль ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулиар гарсан хамаагүй манай төсөл Засгийн газрын тогтоолоор батлагдаад төслөө дэмжээд явж байгаа учраас бид нар хуулийнхаа хүрээнд явна гэдэг байр суурийг илэрхийлээд өнгөрсөн. Тэгтэл 2024 оны 12 дугаар сарын 25-нд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болж хурлаар Нисэх онгоцны буудлын зориулалттай 10,000 га газрын талаар яригдах гэж байна гэсэн мэдээлэл ирсний дагуу бид нар 12 дугаар сарын 11-нд Говь-Алтай аймгийн шинээр томилогдсон Засаг даргад төслийг цааш явуулах нөхцөлийг маань хангаж, дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаа шүү гээд төслийнхөө хуулбарыг албан бичигтэй хамт илгээсэн байдаг. Би 12 дугаар сарын 25-ны хурал дээр очсон. Шинээр томилогдсон төлөөлөгч, Засаг дарга нь байж байхад нь төслөө дахин танилцуулсан. Засгийн газрын тогтоол гарсны дараа 12 дугаар сард энэ хурлыг товлож зарлаад өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 дүгээр тогтоолыг цуцалсан. Энэ шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлд тухайн айлуудын ашиг сонирхлыг зөрчөөд байгаа асуудал яригдаагүй. Ингээд манай төсөл цааш явах нь тодорхойгүй болчихсон болохоор үүнийг тодорхой болгож өгөөч гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Бид нар тодорхой хэмжээний эдийн засгийн хөрөнгө оруулалт гаргаад эхэлчихсэн явж байхад 1 тогтоолоор ингэж шийдэж байна. Бүтээн байгуулалтаа дэмжих ёстой байтал цуцалчхаж байна. Одоогийн байдлаар сонгон шалгаруулалт зарлагдаагүй, газар эзэмшүүлэх захирамж нь гараагүй байхад сонгуулиар иргэдэд өгсөн амлалтаа биелүүлэх гэж ийм шийдвэр гаргасан байх гэж харж байгаа юм. Одоо Засгийн газрын 1 тогтоол, Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 тогтоолтой болчихсон. Үүнийг тодорхой болгож өгөөч гэсэн нэхэмжлэл гаргаад байгаа юм гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төслийнхөө талаар ерөнхийд нь тодорхой мэдээлэл өгсөн. Одоо хууль зүйн талаас нь өмгөөлөгчийн дүгнэлтийг танилцуулъя. “А Э” ХХК нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олон улсын нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэхээр орон нутагт хүсэлтээ гаргаж, уг төслийн хүрээнд холбогдох байгууллагуудаар дамжуулан судалгаа шинжилгээ хийлгэсэн. Үүний дагуу орон нутгийн эрх бүхий албан тушаалтнууд оролцож, холбогдох шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн байдаг. Хэргийн материалыг харахад энэ төсөл 2023 оноос эхлэлтэй бөгөөд тухайн аж ахуйн нэгжээс тодорхой хэмжээний зардал гарсан нь баримтаар нотлогдож байна. Судалгааг зөвхөн компанийн зүгээс нэг талтайгаар биш, харин эрх бүхий албан тушаалтнуудын оролцоотойгоор хийгдсэн. Үүний дагуу уг газар нь олон улсын нисэх буудлын зориулалтаар ашиглагдах боломжтой гэж дүгнэж, нийт 10,000 га газрыг зориулалтын дагуу ашиглуулахаар сумын иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор баталсан байна. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 52 тоот тогтоол, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 61 тоот тогтоол гарсан бөгөөд хоёр дахь тогтоолоор сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулж, тус газрыг нисэх буудлын зориулалтаар тодорхой зааж өгсөн байна. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 тоот иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор уг 61 тоот тогтоолыг хүчингүй болгосон нь компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг харвал, Газрын тухай хуулийн 24.3.2 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 131 тогтоол гарсан. Энэхүү тогтоолоор Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дахь 10,000 га газрыг олон улсын нисэх буудлын зориулалтаар баталсан. Засгийн газрын тухай хуулийн заалтаар Засгийн газрын тогтоол нь тухайн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ, бүх төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. Тиймээс дугаар 131 тоот Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр байгаа үед орон нутгийн иргэдийн Хурал зориулалтыг өөрчлөх, хүчингүй болгох шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй. Нөгөө талаас “А Э” ХХК нь одоогоор тухайн газар дээр эзэмших эрх авч амжаагүй, зөвхөн зориулалтын баталгаажуулалтыг авсан байна. Эзэмших эрх олгох асуудал нь цаашдаа төсөл сонгон шалгаруулалт, хэлэлцээрийн дараа сумын Засаг даргын шийдвэрээр шийдэгдэх асуудал юм. Харин 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 21 тоот Иргэдийн хурлын тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: Хуулийн 4.2.1-д хуульд үндэслэсэн байх шаардлага, 4.2.5-д бодит нөхцөлд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах, 24 дүгээр зүйлд шийдвэр гаргахдаа нотлох баримт цуглуулж үнэлэх үүрэгтэй Уг тогтоолыг гаргахдаа Засгийн газрын тогтоол гарсаныг судлаагүй, үндэслэлээ бүрэн гүйцэд тайлбарлаагүй, бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-д зааснаар хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэх бүрэн үндэстэй. Орон нутгийн байгууллага нь төрийн бодлоготой уялдаж ажиллах, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхийн оронд засгийн газрын хүчин төгөлдөр тогтоолыг үл хэрэгссэн, хууль зөрчсөн шийдвэр гаргасан нь нэн ноцтой. Иргэдийн хурлын дарга болон зарим төлөөлөгч иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж ярьж байгаа ч, өнөөдрийн байдлаар тус компанид эзэмших эрх олгоогүй, төсөл хэрэгжээгүй, зөвхөн зориулалт баталгаажсан үе шатандаа байгаа.
Харин зориулалт батлагдсаны дараа л иргэдтэй зөвшилцөх, төсөл сонгон шалгаруулах, хэлэлцээр хийх үйл явц эхэлнэ. Тэгэхээр эрх ашиг хөндөгдсөн гэх үндэслэл одоогоор хууль зүйн утгаар бүрдээгүй байна. Эцэст нь хэлэхэд дугаар 21 тоот иргэдийн Хурлын тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйл, 40.2.3 болон Газрын тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Уг тогтоол нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 61, мөн Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 131 тоот тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Тэдний хуулийн талаарх ойлголт дутмаг, үүнтэй зэрэгцээд төрийн удирдлагууд ч хууль, эрх зүйн мэдлэг муутай байгаагаас хууль хэрэглээ хангалтгүй, гаргаж буй шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнээс болж олон нийтэд буруу ойлголт өгөөд байна. Юуны өмнө тухайн компанийн газар эзэмших асуудлыг ойлгох хэрэгтэй. Энэ компани өнөөдөр газар эзэмших эрх аваагүй байгаа. Харин газар эзэмших эрх авч байж, үйл ажиллагаа явуулах эрх үүсэх ёстой. Тэр эрхийг авахын тулд тодорхой шат дараалал байдаг гэдгийг би өмнө нь хэлсэн. Газар эзэмшлийн эрхийг олгох эрх бүхий субъект бол засаг дарга. Тэрээр шийдвэр гаргахын өмнө тухайн газрын асуудалд оролцогч, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй иргэд, байгууллагуудтай уулзалт хийж, санал бодлыг нь сонсох ёстой. Харин одоогоор батлагдаад байгаа зүйл нь зөвхөн газрын зориулалт батлагдсан байгаа ч энэ нь Иргэдийн хурлын даргын бүрэн эрхийн асуудал биш болсон байна. Тиймээс одоогийн шийдвэрүүд хууль бус байна гэж ярих нь үндэслэлгүй. “А Э” компани ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй бөгөөд тухайн тогтоолуудыг хууль бус эсэхийг гуравдагч этгээд буюу эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдүүд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй. Эцэст нь хэлэхэд, анхны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тухайн 21 дүгээр тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
3.4. Хариуцагч Х.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тухайн 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байсан. Судалгаа шинжилгээ хийсэн байж болно. Гэхдээ Газрын тухай хуулиар 10,000 га газар товлож, тодорхой болгосон нөхцөлд эхлээд тэр дотор байгаа эзэмшил, ашиглалтын асуудлыг судлах ёстой байсан. Тэгээд эзэмшил, ашиглалтад давхцаж байгаа иргэдтэйгээ Газрын тухай хуулийн дагуу гэрээ хэлэлцээр хийж, асуудлаа ойлголцсоны дараа сумын хуралд оруулж, албан ёсны сумын хурлын шийдвэр гаргуулах ёстой байсныг бүх процессууд орхигдож, шууд ажлын хэсэг ажиллаад "энд байна" гэдэг дөрвөн цагийн кодод аваачиж, сумын хуралд оруулаад, сумын хурал дэмжээд 61 дүгээр тогтоол гээд гаргачихсан. Харамсалтай нь, 2024 оны 6 дугаар сарын 13-нд гарсан энэ тогтоолын талаар сумын иргэд, малчид, бүх хүмүүст 2024 оны 9 дүгээр сарын 25 хүртэл хугацаанд нэг ч хүнд мэдээлэл өгөөгүй байсан. Тэр мэдээллийг дарга нар, Засаг даргын орлогч, ажлын хэсэг, багийн Засаг дарга, хурлын төлөөлөгч, газрын даамал, компанийн төлөөллийн хүмүүс ажиллахдаа нуусан байсан.Тэр 9 дүгээр сарын 25-нд яаж мэдсэн гэхээр, сонгуультай давхацсан учраас сонгуулийн шоу гэж байх шиг байна. Эндээс "Виктор Мед" компани руу сумдын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг Дэлгэр суманд 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр очиж ажиллаад, хийсэн ажлынхаа тайланг тавьж, слайдаар харуулахад нисэх онгоцны тоног төхөөрөмж, байгууламжийн талбай гээд тодорхой хэмжээний талбай төлөвлөгдөж гараад ирсэн. Үүнийг хэзээ гарсан, ямар шийдвэр, хаанаас ингэж төлөвлөгдсөн газар байна вэ гээд лавлахад, танай сумын хурал 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хуралдаад энэ тогтоолыг дэмжсэн тогтоол гаргасан. Энэ тогтоолыг чинь үндэслээд аймгийн хурал дэмжчихсэн явж байгаа гэдэг мэдээллийг Газрын харилцаа, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн газрын даамал дээр байж байгаад зургаар нь тавьж үзүүлэн, слайдаа харуулсан. Тэгээд энэ мэдээллийг ийм болсон байна шүү, 6 дугаар сарын 13-ны ийм тогтоол гарсан байна шүү, энэ ийм өвөлжөө, бууц нутгийг хамарсан ийм тогтоол гарсан байна гэдгийг би Дэлгэр Говь-Алтай Дэлгэр Баян-Өндөр гэдэг мэдээллийн групп чатад бүгдийг нь тавьсан юм. Ингээд энд хамрагдах малчид, өвөлжөө, бууцтай улсууд анхаарахгүй бол энэ өмнө бас ийм байдлаар явж байгаад 118,600,000 га бэлчээрийг нь аймаг дундын отрын бүс нутаг гээд энэ Дэлгэр сумын Баян-Өндөр, Баянхангай багийн нутгаас таслаад авчихсан, өнөөдөр цагдаа, шүүх гээд бас эзэмшлийнх нь гэрчилгээнүүдийг хүчингүй болгоод байж байдаг ийм гашуун туршлага байгаа учраас энэ ингээд давтагдах нь байна гэдэг мэдээллийг тавьсны улмаас иргэд мэдээлэл авсан. Зөвхөн тэр групп чатаас мэдээлэл авсан учраас тодорхой бус үл ойлголцлууд бас нэлээн гарсан. Энэ дээр бол өөрсдөө ойлголтгүй байгаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тодорхой хэмжээний мэргэжилтнүүдийн хэмжээнд төслийн талаарх мэдээлэл яваад байснаас малчид, иргэд тэр мэдээлэлд ерөөсөө хүрээгүй байсан. Тиймээс малчдын дунд тодорхой хэмжээний хардалт, сэрдэлт, групп чатаар ухах гэж байна уу, ашигт малтмалтай холбоотой байна уу? гэх мэт явж байсан. Ингээд 10 дугаар сарын 2-ны өдөр бас энийг сонгуулийн сурталчилгааны үеийн процесс юм уу, байдал буруу хэрэгжинэ гэж үзэн, сум, орныхоо удирдлагууд руу ч шууд хандаж, малчид өөрсдөө ч, бас бие биеэ хардаж өвөлжөө, бууцаа зарчих уу, газар нутгаа зарчих уу гэж байсан үед үүнийг зөв ойлгуулах шаардлагатай юм байна гэж багийн Засаг дарга шийдвэрлэж, 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баян-Өндөр багийн иргэдийн Нийтийн Хурал зарласан. Тэр хуралдаа процессыг яриад, энэ тогтоол буруу гэдэг байр суурийг ярьж байсан. Тухайн үед хурлын дарга байсан Б 61 дүгээр тогтоолыг анх удаа тэр багийн иргэдийн нийтийн хурал дээр уншиж танилцуулсан нь 10 дугаар сарын 2-нд байсан. Ингээд энэ болохгүй юм байна, ийм юм хийлгэхгүй, бидний бэлчээр нутаг, өвөлжөө, бууц, энэ эзэмшилтэй газар дээр давхар давхарлан төлөвлөлт хийсэн байна, хууль зөрчсөн байна гэдэг үндэслэлүүдийг гаргаж, тэр өдөр хуралд оролцсон 94-95 хүн 61 дүгээр тогтоолыг цуцалж өгөхийг хүссэн гарын үсэг зурсан. Засаг даргын тоотоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт өгсөн байдаг. Тэр хүсэлт хэлэлцэгдээгүй явж байгаад хуучин хурлын эрхийн хугацаа дууссан учраас дараагийн хуралд асуудал үлдсэн. Анхдугаар хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжгүй байсан. Тэгээд 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд иргэдийн хүсэлт, асуудлыг оруулж хэлэлцүүлсэн. Тэр үед С.Т төслөө танилцуулсан. Харин энэ 10 мянган га талбай дээр энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэдэг хурлын төлөөлөгчдийн олонхын шийдвэр гарсан учраас 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон 21 дүгээр тогтоол гарсан юм. Тэгэхээр эхнээсээ процесс нь зөв яваагүй. Бүтээн байгуулалт нь ашигтай байна гэж улс, орон нутагт ашигтай бүтээн байгуулалт байна гэж үзэхийг урьтал болгосноос, цаана нь Газрын тухай хуулиар юу зөрчигдөж байна вэ, эрх ашиг яаж хөндөгдөж байна вэ гэдгийг гаргаж үзээгүй, гаргасан ийм тогтоол явсан гэж үзэж байна. Ер нь бол бусдын эзэмших газрыг нөхөн олговортойгоор буюу эргүүлэн авах тухай асуудлыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, газар эзэмшигчтэй байгуулсан урьдчилсан тохиролцоог харгалзан шийдвэр гаргана гэж хуульд заасан байдаг. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3 дахь заалтууд энд хамаарна. Гэтэл энэ дээр эхнээсээ угаасаа эдгээр заалт зөрчигдөж, хууль бусаар явсан гэв.
3.5. Гуравдагч этгээдүүдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор байршил зааж 10000 га газар эзэмшүүлэх тогтоол гарсан. Уг тогтоол гарсан талаар тухай үед ажиллаж байсан төлөөлөгчид болон сум багийн удирдлагууд малчдад мэдээ мэдээлэл өгөөгүй байсан. 2024 оны 09 сарын 25-ны өдөр Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд болсон сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах В М ХХК-ийн ажлын хэсэг ирж сургалт хийж төлөвлөгөөг танилцуулж ажиллах үеэр уг мэдээллийг авч тус 61 дүгээр тогтоолын талаар иргэд малчдад мэдээлэл өгсөн. Мэдээллийг Баян-Өндөр багийн дундын группд мэдээлэл оруулсаны үндсэн дээр иргэд малчид санал хүсэлтээ илэрхийлж маргаан үүссэн. Үүнээс үүдэн багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зарлаж хуралд сумын удирдлагууд багийн Засаг дарга, багаас гарсан төлөөлөгчид ирж мэдээлэл хийсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б гаргасан тогтоолыг уншиж танилцуулсан. Малчид хэд хэдэн бууц давхардсан төлөвлөлт хийгдсэн тул эсэргүүцэж тогтоолыг хүчингүй болгож өгөхийг шаардсан. Мөн гарын үсэг зурж багийн Засаг дарга Р.Б өргөн барьсан.
Үйл ажиллагаа явуулах “А Э” ХХК өмнө нь төслөө багийн иргэдэд танилцуулж тодорхой мэдээлэл хийгээгүй зөвхөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд төслөө танилцуулж, шууд батлуулах шийдвэр гарсан боловч 3 сарын хугацаанд малчдад нэг ч удаа мэдээлэл өгөөгүй нуун дарагдуулсан хуулийн дагуу хийгээгүй хууль бусаар шийдвэр гаргуулсан учир малчид бидний эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.
3.6. Гуравдагч этгээд С.С шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төлөөлөгчтэй санал нэг байна. Анхнаасаа хууль бус бид нарт мэдэгдээгүй. Хууль бусаар явагдсан нь тодорхой. Тухайн газрын хил хязгаарыг яаж тогтоосон бэ? Газрын хэмжээ нь нэг талдаа бараг 17-20 километр хүртэл үргэлжилж, уул толгод орсон байхад тэд үүнийг 10,000 га газар гэж ярьж байна. Тэгэхээр газар дээрх бодит байдлыг үл харгалзан яаж энэ газрыг тогтоосон бэ? Би нэхэмжлэлийн хүрээнд энэ газрын талаар асуух шаардлагатай байна. Харин хууль зөрчсөн асуудлаар төлөөлөгч ерөнхийдөө бүгдийг нь ярьсан гэв.
3.7. Гуравдагч этгээд Х.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Олон айлын бууц хамаарч байгаа. Тэр коардинатын хажууд хүртэл айлын бууц байж байгаа гэв.
3.8. Гуравдагч этгээд С.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Санал нэг байна гэв.
3.9.Гуравдагч этгээд Н.З шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Бидэнд энэ талаар урьдчилан огт мэдэгдээгүй. Галтулга ах мэдэгдэхээс өмнө бид ямар ч мэдээлэлгүй байсан. Багийн даргаас хоёр гурав удаа асуухад "тийм асуудал байхгүй, иргэдийн хурлаар хэлэлцүүлж байж шийдвэрийг дээш нь явуулна, шууд булааж авахгүй" гэсэн тайлбар өгч байсан. Гэтэл 10-р сарын 2-ны хурал дээр тухайн тогтоол танилцуулагдсан. Тогтоолд дурдсан газарт булаг шанд зэрэг олон усны эх, худаг орсон байна. Мөн бидний өвөлжөө, бууц, бэлчээрүүд бүхэлдээ энэ талбайд багтсан. Манай Баян-Өндөрийн нутаг дэвсгэрийн тал нь отрын бүсэд хамрагдсан байхад, нөгөө талыг нь нисэх онгоцны буудал барих зориулалтаар авах гэж байна. Ингэхээр бид хаана амьдрах вэ? Нутаг бэлчээр, усны эх үүсвэрээ алдаж, амьдрах боломжгүй болох нөхцөл байдал үүсэж байна гэв.
3.10. Гуравдагч этгээд Ё.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би бас энэ хүмүүстэй санал нэг байна. Нөгөө талаас, орон нутгийн хувьд энэ бүтээн байгуулалт уг нь зөв л юм. Гэхдээ тэр чинь зүгээр л манайхны ашигладаг, сайхан бэлчээр талууд байгаа шүү дээ гэв.
3.11. Гуравдагч этгээд Б.Ц шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Санал нэг байна гэв.
3.12. Гуравдагч этгээд И.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Санал нэг байна гэв.
3.13. Гуравдагч этгээд С.Батдорж шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Санал нэг байна гэв.
3.14. Гуравдагч этгээд И.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Санал нэг байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн маргаан бүхий актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
“А Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э-аас тус аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
4. Нэхэмжлэгч “А Э” ХХК-иас: Монгол Улсын Засгийн газар тогтоолоор шийдсэн асуудлыг хүчингүй болгож байгаа нь Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр тогтоол нь өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн шийдвэр боллоо гэж үзэж байна. Өөрөөр хэлвэл Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 70 дугаар зүйл 70.1-т Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хууль, бусад хууль тогтоомжоор өөрт нь ногдуулсан орон нутгийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхдээ улсын ашиг сонирхлыг харгалзаж, бодлого, шийдвэрээ төрийн бодлоготой уялдуулна гэсэн заалтыг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй тогтоол гаргасан гэж, хариуцагч Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Г-с: Газрын тухай хуулиар 10,000 га газар товлож, тодорхой болгосон нөхцөлд эхлээд тэр дотор байгаа эзэмшил, ашиглалтын асуудлыг судлах ёстой байсан. Тэгээд эзэмшил, ашиглалтад давхцаж байгаа иргэдтэйгээ Газрын тухай хуулийн дагуу гэрээ хэлэлцээр хийж, асуудлаа ойлголцсоны дараа сумын хуралд оруулж, албан ёсны сумын хурлын шийдвэр гаргуулах ёстой байсан гэж, гуравдагч этгээд нараас: Малчдын хэд хэдэн бууц давхардсан төлөвлөлт хийгдсэн тул эсэргүүцэж тогтоолыг хүчингүй болгож өгөхийг шаардсан. Үйл ажиллагаа явуулах “А Э” ХХК өмнө нь төслөө багийн иргэдэд танилцуулж тодорхой мэдээлэл хийгээгүй зөвхөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд төслөө танилцуулж, шууд батлуулах шийдвэр гарсан гэж тус тус маргадаг.
5. Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 21 дүгээр тогтоолын 1 дэх заалтад “Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолын 1.1 дэх хэсэг “Нисэх онгоцны буудлын зориулалтаар олгосон 10.000 га” тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.” гэжээ. Энэхүү тогтоолоор тус сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, нисэх онгоцны буудал байгуулах зориулалтаар газар олгохоор төлөвлөсөн төлөвлөлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоол хэн нэгэн иргэн, хуулийн этгээдэд чиглэгдээгүй, нэхэмжлэгч компани уг байршилд газар эзэмшдэггүй боловч уг үйл ажиллагаанд оролцогч болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хийсэн тодотголыг хүчингүй болгосон маргаан бүхий акт нэхэмжлэгч компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөнө гэж гэж шүүх үзсэн болно.
6. Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийж 1.1-т “Нисэх буудлын зориулалтаар 10,000 га” газар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, тогтоолын хавсралтаар газрын байршлыг баталсан байдаг. Энэ тогтоолыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар хүргүүлж, улмаар Засгийн газарт уламжлагдан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтын 11-т “Говь-Алтай, Дэлгэр, Агаарын тээврийн барилга байгууламж, төхөөрөмжийн талбай, 4112561 нэгж талбарын дугаартай, 10,000 га, байршлыг уртраг, өргөргөөр тодорхойлж батлагджээ.
7. Засгийн газрын тогтоолын танилцуулгад газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлт, тусгай хэрэгцээний газар, ашигт малтмалын лиценз бүхий талбайтай давхцалтай эсэхийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянасан талаараа дурдсан байна.
Үүнээс үзвэл, тухайн байршилд төлөвлөлт хийхээр шийдвэрлэхдээ эрх ашиг нь хөндөгдөж байгаа болон хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, уг ажиллагаанд татан оролцуулж, Захиргааны ерөнхий хуулийн 73, 74 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах ажиллагааг гүйцэтгэх нь холбогдох захиргааны байгууллага буюу Дэлгэр сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэгт хамаарна.
8. Мөн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан нисэх буудлын зориулалтаар олгох газрын хэмжээ, байршил, Засгийн газарт уламжлагдан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 131 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар батлагдсан газрын хэмжээ, байршил зөрдөггүй бөгөөд талууд энэ талаар маргадаггүй.
9. Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолыг батлахдаа тухайн байршилд газар эзэмшигч малчин иргэдийг оролцуулаагүй, харин 2024 оны 21 дүгээр тогтоолыг батлахдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
10. Шүүхээс нотлох баримтыг цуглуулах үүргийнхээ хүрээнд Засгийн газрын 2024 оны 131 дүгээр тогтоолын хавсралтад дурдсан байршилд үзлэг, хэмжилт хийхэд 10 малчны өвөлжөө, нэг худаг /уст цэг/ уг 10,000 га талбайд багтаж байгааг тогтоосон.
Гуравдагч этгээдүүдийн өвөлжөө бууцны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны акт гараагүй боловч Засгийн газрын 2024 оны 131 дүгээр тогтоолын хавсралтад заасан байршилд тэдний эзэмшил газар хамарч байна.
Нэхэмжлэгч компаниас Иргэний нисэхийн ерөнхий газарт хандаж нисэхийн судалгаа хийлгэсэн байдаг бөгөөд энэ судалгааны тайланд дурдсан Хөөрч буух зурвас /ХБЗ гэх/-ын солбицлыг Засгийн газрын тогтоолоор батлагдсан солбицолд буулгаж үзэхэд уг талбайн гадна оршиж байгаа нь тогтоогддог.
Энэ талаар нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Бид 3 байршлаар судалгаа хийсэн, нэг нь энэ байршил, газрын үзлэг хийсний дараа бид “Э э э” ХХК-ийн албан бичгээр шүүхэд дахин солбицол хүргүүлсэн. Энэ солбицлоор хөөрч буух зурвас Засгийн газрын тогтоолоор батлагдсан талбайд багтаж байгаа.” гэж тайлбарлаж байх боловч Иргэний нисэхийн ерөнхий газраас ирүүлсэн судалгааны тайланд тодорхойлсон байгаа хөөрч буух зурвасын солбицол өөрчлөгдсөн гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэж заасан.
Тодруулбал, дараах үндэслэл нь хэргийн нөхцөл байдлыг нэмж тодруулах шаардлагатай болохыг нотолж байна. Үүнд:
11.1. Энэхүү маргаан нь Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн. Маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх боловч хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт 10 малчин иргэний эзэмшлийн өвөлжөө, бууцны газартай давхцалтай, тэдний бэлчээр дундын худгийн газартай давхцсан бодит нөхцөл байдал тогтоогддог.
11.2. “Үндэслэх” хэсгийн 10-д дүгнэснээр Иргэний нисэхийн ерөнхий газраас тодорхойлсон хөөрч буух зурвасын байршил /x, y тэнхлэгээр тодорхойлсон байршил/ Засгийн газрын тогтоолд тусгагдсан газар эзэмшүүлэх талбайн гадна оршдог.
11.3. Бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газрыг хэрхэх талаараа Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолд тусгаагүй, Хурлын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 21 дүгээр тогтоолд Засгийн газрын 2024 оны 131 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан газрыг хэрхэх талаараа судлаагүй.
11.4. Зам тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/56 дугаар “Техникийн баримт бичигт өөрчлөлт оруулах тухай” тушаалаар “Аэродромын ашиглалт ба төлөвлөлт”-ийн 7.5.4.1-д Аэродром орчмын аюулгүйн бүсийг зураг 7.5-1-д үзүүлсний адилаар А ба Б бүсэд хуваана. А бүс нь аэродромын хяналтын цэг, ХБЗ-ын 2 талын босгон дээр төвтэй, 4 километрийн радиус бүхий эллбипс хэлбэртэй талбай байна. Б бүсэд аэродромын хяналтын цэгт төвтэй, 15 километрийн радиус бүхий тойрог хэлбэртэй талбайгаас дотогш, А бүсээс гадагш байрлах талбай багтана, 7.5.4.4-д Аэродром орчмын Тусгай бүс-д иргэний нисэхийн зориулалттай барилга байгууламж барихаас бусад барилга барихыг хориглоно гэж, энэ техникийн шаардлагын “Хүснэгт 7.5-1. Аэродром орчмын аюулгүйн бүсийн агазр ашиглалт” хүснэгтийн “Хөдөө аж ахуй” гэсэн хэсгийн 3 дахь нүдэнд “Малын болон гахайн фермерүүд, аж ахуй” А бүсэд “болохгүй”, Б бүсэд “болно” гэж тус тус заасан байна.
Үүнээс үзвэл агаарын тээврийн барилга байгууламж, төхөөрөмжийн талбай байгуулах ажил судалгаа шинжилгээний шатандаа явж байгаа нь нотлогдож байх бөгөөд түүний техник эдийн засгийн үндэслэлийг дахин нягтлах шаардлагатай.
11.5. Хариуцагч болон гуравдагч этгээдүүд манай сум орон нутагт томоохон бүтээн байгуулалт хийгдэх гэж байгааг дэмжиж байгаа боловч Монгол Алтайн нурууны Хантайширын нурууны төгсгөл хэсгийн аараг дунд нисэх онгоц буудал байгуулах нь боломжгүй, харин түүнээс нааш Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн засмал зам дагуу ямар нэг саад бэрхшээлгүй үргэлжилсэн тал байгааг харгалзан үзэх хэрэгтэй байна. гэж мэдүүлдэг.
12. Нөгөөтээгүүр, захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг судалж, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгодоо хүрэх аргаа зөв сонгох, тухайлбал, хуульд заасан ямар аргаар захиргааны байгууллагын өмнөх эрх олгосон шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигч этгээдэд дарамт багатайгаар нөлөөлөх шийдвэрийн боломжит хувилбарыг судалсны эцэст хамгийн багаар эрхийг нь хөндөх шийдвэр гаргах ёстой.
Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас харин 2024 оны 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боловч гуравдагч этгээдүүд болох малчдын эзэмшил газрыг хөндсөн шийдвэр хэвээр үлдэж, тэдний эрх ашгийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй үлдэх, нөгөө талаар Засгийн газрын тогтоолоор эзэмших газрын байршил тогтоогдсон зэрэг нөхцөл байдал нь энэхүү шийдвэрийнхээ алдааг захиргааны байгууллага өөрөө засах шаардлагатай болохыг нотолж байна.
“Үндэслэх” хэсгийн 11-д дүгнэсэнчлэн хэргийн нөхцөл байдлыг цаашид судлах шаардлагатай байх бөгөөд энэ үйл ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, харин Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин нягталж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй. Үүнд:
12.1. Нэхэмжлэгч компаниас төлөвлөлтөд дурдсан байршилд байгуулах нисэх онгоцны буудлын зураг төслийг гаргуулан авч Зам тээврийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/56 дугаар тушаалаар батлагдсан “Төлөвлөлт ба ашиглалт”-д нийцүүлэн зураглал үйлдүүлэн төлөвлөлтийг хийх;
12.2. Төлөвлөлтөд өртөж байгаа газар эзэмшигчдийг тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн 73, 74 дугаар зүйлд заасан ажиллагааг хийх; Тодруулбал, Монгол Алтайн нурууны Хантайширын нурууны доод хэсгийн аараг дунд нисэх онгоц буудал байгуулах тохиолдолд нөлөөллийн бүсэд орших газар эзэмшигчдийн асуудлыг зохистойгоор шийдвэрлэх, газар дээрх судалгаа шинжилгээний ажлыг нэхэмжлэгчтэй хамтран дахин хийж, хөөрч буух зурвасын байршлыг тогтоож улмаар зохих арга хэмжээг авч ажиллах шаардлагатай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 21 дүгээр тогтоолыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 21 дүгээр тогтоол хүчингүй болохыг дурдсугай.
3. Энэхүү тогтоолын “Үндэслэх” хэсгийн 12-т зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Г-д даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН