| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03182/И |
| Дугаар | 192/ШШ2025/00007 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/00007
2025 01 06 192/ШШ2025/00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух, Д.М /РД:*/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *, өөрийн байр, Н-т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00016 дугаартай шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 00964 дугаартай магадлалаар өөрчлөлт оруулж, Д.М-аас 68 013 061 төгрөгийг гаргуулж, Д.М-ын өмчлөлийн * тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Н-аас ажиллагаа явуулж байгаа ба уг ажиллагааны явцад Д.М-ын өмчлөлийн * тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хөрөнгийн үнэлгээчин томилж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний байгууллагын тайланг гаргасан байх ба Д.М-д 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4-190/10002 дугаар албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 255 103 756 төгрөгөөр үнэлсэн талаар үнэлгээний мэдэгдэл ирүүлснийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан. Д.М-ын зүгээс Н-т 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үэн, ханшийг харгалзан 500 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн саналаа хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, үнэлгээний тайлан нь мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу бага үнээр үнэлж байгаа нь Д.М-ын хөрөнгийг үнэгүйдүүлж хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Учир нь хөрөнгийн үнэлгээний тайлан болон үнэлгээчний үйл ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн, хөрөнгийн зүйлийн шинж байдал онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийг орлогын аргуудыг хослуулан зах зээлийн үнэлгээг тогтоох, хөрөнгийн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн байх ёстой. Түүнчлэн дээрх барьцаа хөрөнгө нь хувийн сууц гаржийн зориулалттай, өөрийн эдэлбэр газартай, үнэ цэнэ бүхий бие даасан объект атал зах зээлийн бодит үнэ ханшид нийцэхгүй, үндэслэлгүй үнэлгээ гаргасан байна. Иймд * тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, * м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 255 103 756 төгрөгөөр үнэлсэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр Д.М-аас 68 013 061 төгрөг гаргуулж, М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй тул дээрх гүйцэтгэх баримт бичигт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан * тоот хаягт байрлах, * м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын Г-* дугаарт бүртгэлтэй тус хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг хурааж, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 255 103 756 төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгийн үнэлгээ болон тайлан танилцуулсан мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдааны тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-д мэдэгдсэн. Д.М-ын үнэлгээний тайланг судалж үзэхэд тухайн хувийн сууц, газрыг үнэлэхдээ төмөр бетон цутгамал гэсэн төрөлд оруулан зах зээлийн жишиг харьцуулалтын аргаар үнэлж, үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа, зэх зээлийн үнийн мэдээллийг уг хөрөнгийн ашиглалт, өнгө үзэмж, элэгдэл хорогдол, чанар байдалд харьцуулан үнэлсэн байна. тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 255 103 756 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2023/00964 дугаар магадлал, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.04.25-ны өдрийн 4-190/10002 дугаар хөрөнгийн үнэлгээ мэдэгдэж, тайлан танилцуулах тухай албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайлан, төлбөр төлөгч Д.М-аас 2024.04.03-ны өдөр үнийн санал гаргасан хүсэлт, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.23-ны өдрийн 183/ГХ2023/01368 дугаар гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 183/ШЗ2023/14901 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.23-ны өдрийн 183/ШШ2023/00016 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.08-ны өдрийн 210/МА2023/00964 дугаар магадлал, 2023.07.04-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2023/00803 дугаар хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзах тухай тогтоол, 2023.09.29-ны өдрийн 23290905 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, түүний хариу, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө хураах тогтоол, төлбөр төлөгч, төлбөр авагчийн ажиллагаанд гаргасан хүсэлт, шинжээч томилох тухай тогтоол, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.04.25-ны өдрийн 4-190/10002 дугаар хөрөнгийн үнэлгээ мэдэгдэж, тайлан танилцуулах тухай албан бичиг, төлбөр төлөгчийг ажиллагаанд төлөөлж буй этгээдийн итгэмжлэл, мэдэгдэл эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн ... гэж тайлбарласан.
3. Хариуцагч ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан. Үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/00016 дугаар шийдвэрээр хариуцагч Д.М-аас 39 860 323 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, С* тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай * м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-*, нэгж талбарын * дугаартай, * м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, * УНП улсын дугаартай Хьюдай Санта Фи маркийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил зэргээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2023/00964 дугаар магадлалаар хариуцагч Д.М-аас 67 517 523 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 495 538 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн. Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний 001/ШХТ2023/00803 дугаар хуралдааны тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.2. Дээрх шийдвэр магадлалыг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 183/ГХ2023/01368 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд тус гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 23290905 дугаар тогтоолоор гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.
4.3. Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.М нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэжээ.
4.4. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Д.М 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * м.кв талбайтай амны орон сууц, гаржийн хамт 300 000 000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * м.кв талбайтай гарыг 200 000 000 төгрөг, нийт 500 000 000 төгрөгийн үнийн санал гаргасан. Төлбөр авагч М ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр гаргажээ.
4.5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нар дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4/122 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөр төлөгч Д.М-ын өмчлөлийн С* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох М ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.О-ыг шинжээчээр томилсон нь хууль зөрчөөгүй байна.
4.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон М ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.О нь маргаан бүхий хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргыг ашиглаж үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцжээ.
4.7. М ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.О нь дээрх хөрөнгүүдийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 255 103 756 төгрөгөөр үнэлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4-190/10002 дугаар албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
4.8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргажээ.
4.9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
4.10. Түүнчлэн, маргаан бүхий хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
4.11. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.М-ын Н-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай Д.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ