Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 112/ШШ2025/0019

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: “Ө З” ХХК, Ц.М

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Р.С нарын хооронд газартай  холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ө З” ХХК, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээд Р.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Д.Бум-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Есөнбулаг сумд байрлах 450м2 “Ө З” ХХК-ийн 18 айлын орон сууцны барилгатай газрын Газар эзэмших гэрчилгээг “Ө З” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгахаар маргаж байна.

 

2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар “Газар эзэмшиих эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан. Тус захирамжаар иргэн Н-ын А-ийн орон сууцны зориулалтаар эзэмшиж байгаа .......... нэгж талбарын дугаартай 450м2 газрыг иргэн Р-ийн С-т шилжүүлсэн байна.

2.2. Тус Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг гаргахдаа Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нотариатын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Сын Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг үндэслэж гаргасан байна.

2.3. Есөнбулаг сумд байрлах 450м2 “Ө З” ХХК-ийн 18 айлын орон сууцны барилгатай газрын Газар эзэмших гэрчилгээг “Ө З” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгахаар 2025 оны 02 дугаар сарын 26-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

 

     3.1. Нэхэмжлэгч “Ө З” ХХК, Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эзэмшлийн “Ө З” ХХК /РД:3244911/ нь 2007 оноос Говь-Алтай аймагт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2021 онд иргэн Р.С хөрөнгө оруулъя, та барилга барь, байрлал сайтай газар байна гэсний дагуу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Н.Аийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байрлах 450м2 газрын эрхийг шилжүүлж авахаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г 15,000,000 төгрөгийн үнэтэйгээр байгуулсан. Энэ гэрээнд нэг талаас Н.А, нөгөө талаас буюу эрх хүлээн авагчаар Р.С, Ц.М бид нар оролцсон. 2022 онд 2 блок 9 айлын 2 ширхэг орон сууцыг дээрх газар дээр барьсан. Барилга эхлэх зөвшөөрөл гарч өгөхгүй аймгийн Засаг даргатай захиргааны хэргийн шүүхээр маргалдсаар яваад Н.Аийн нэр дээр байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авч чадалгүй 2023 оны 08 сарын 29-ний өдрийг хүрсэн.

           Манай компани өөрийн хөрөнгө, ажиллах хүчээрээ 18-н айлын орон сууцыг барьж дуусгасан бөгөөд Р.С-ын оруулсан 262.350.000 төгрөгийн хөрөнгө оруулалтад тохирсон нийт 318.000.000 төгрөгийн үнэ бүхий 53 м2 талбайтай 3 ширхэг орон сууцыг түүнд өгсөн. Р.С бид 2 анх ярьж тохирохдоо Хамтран ажиллах гэрээний дагуу орон сууцанд шаардагдах хөрөнгийг болон барилгатай холбоотой бүх зөвшөөрлийн бичиг баримтыг Р.С хөөцөлдөж бэлэн болгох харин миний зүгээс өөрийн компаниараа барилгыг барьж дуусгах гэсэн тохиролцоотой байсан. Гэтэл Р.С өөрийн үүрэг болох газрын эрх эзэмших гэрчилгээ гаргуулах, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ бэлэн болгох, хөрөнгө оруулалтыг хийх зэрэг өөрийн гүйцэтгэх ёстой ажлаа хийгээгүй. Энэ үл ойлголцлоос болж Р.С надаас их хэмжээний мөнгө нэхэх болсон.

           Манай компани өөрийн бүх хүч бололцоогоо шавхан банк болон иргэдээс хүүтэй мөнгө зээлж арай хийж барилгыг барьж дуусгасан. Р.С барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг бэлэн болгож чадаагүйгээс барилга баригдаж дууссан хойно зөвшөөрлийнхөө хойноос хөөцөлдсөн. Манай компанийн барьсан барилгыг гацаах, царцаах арга саам хийх болсон Р.Сын балгаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч чадахгүй байсан тул аймгийн Засаг даргатай Захиргааны хэргийн шүүхээр заргалдаж 2022 оны 07 сарын 07 өдөр Говь- Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр манай талд гарсан. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гарсан мөн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшигч Н.А өөрийн гараар манай компанийн барьсан 18 айлын орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг “Ө З” ХХК-д гаргаж өгөхийг бүртгэлийн байгууллагад бичиж өгсөн.  Р.С нь аймгийн газрын албаныхантай хуйвалдаж манай компанийн авсан зөвшөөрлийг хүчингүй болгож дахин 4-н ширхэг байр өгөхийг надаас шаардсан. Би түүнийг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй.  Арай хийж бүх бичиг баримтаа бүрдүүлэн улсын комисст барилгаа хүлээлгэж өгөх болсон чинь хариуцагч нар хуйвалдан надад мэдэгдэлгүй 2023 оны 06 сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийн үнэтэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг /газрын гэрчилгээ надад эх хувиариа байхад гэрчилгээг яаж дахин гаргуулсан нь ойлгомжгүй байгаа/ шинээр хийж Р.С өөрийнхөө нэр дээр газрыг шилжүүлэн авсан байна.

           Зүй нь 18-н айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч газрыг сууц өмчлөгч нарт /СӨХ байгуулсан бол уг холбоонд нь/ шилжүүлэн өгөх ёстой байсан юм. Р.С өөрийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж авснаар 18 айлын орон сууцыг худалдаж авсан иргэдийг давхар хохироож байна.  Барилгыг улсын бүртгэлийн газар бүртгүүлж орон сууц захиалсан иргэдэд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөд газар эзэмшигчийн зөвшөөрөл байхгүй бол /газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр миний нэр байхгүйгээс/ бүртгэлийн газар үл хөдлөх хөрөнгийг бүртгэж авахаас татгалзаад байна.

          Иймд хууль бусаар хийсэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 тоот Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Т.С шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 1-т Засаг даргын А/487 дугаартай захирамж нь Ц.Мийн эрх ашгийг хөндөж байгаа. Яагаад гэхээр Н.А, Ц.М, Р.С энэ 3 хүний хооронд хийгдсэн хэлэлцээр газар эзэмших эрх шилжүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийг үндэслэж газар эзэмших захирамж гарах байтал Р.С, Н.А нар нь Ц.Мт мэдэгдэлгүйгээр нотариатын үйлдэл хийж А/487 дугаартай Засаг даргын захирамжийг гаргуулсан байгаа. Энэ захирамжийн талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 00324 дугаартай тогтоолд тодорхой дурдсан байгаа. Үүнийг хуульч нар уншаад ойлгох байх.  А/487 дугаартай захирамж нь Ц.Мийн эрх ашгийг хөндөж байна. 2-т Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой. Маргаан бүхий газар дээр байгаа барилгыг “Ө З” ХХК барьсан. Оршин суугчидтай гэрээ байгуулахдаа “Ө З” ХХК өөрийн нэр дээр захиалгын гэрээ гаргаад оршин суугчдыг оруулсан байгаа. Тэгэхээр оршин суугчдын эрх хөндөгдөхөөс гадна “Ө З” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Өнөөдрийг хүртэл орон сууцанд орсон оршин суугчид ипотекийн зээлэнд хамрагдаж чадахгүй байгаа. Олон жилийн нүүр үзэж байна. Ипотекийн зээлэнд орно гэдэг өндөр шалгууртай байдаг. Тухайн үед 2022 онд ажил хөдөлмөр эрхэлж байсан ипотекийн зээлэнд хамрагдах насны болзолыг хангаж байсан хүмүүс өнөөдрийн байдлаар зарим хүмүүс энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн байх магадлалтай байгаа. Иймээс нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хүрээнд “Ө З” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байгаа. Ц.М, “Ө З” ХХК, Р.С нарын хооронд хянан хэлэлцэгдэж байгаа иргэний хэргийн маргаан байгаа. Энэ маргааныг шийвэрлэсний дараа захиргааны хэргийг шийдвэрлүүлж болохоор юм шиг тайлбар хэлж байна. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд хөрөнгө мөнгөтэй хамааралгүй учраас иргэний хэргийн маргаантай ямар ч хамааралгүй. Ийм учраас иргэний хэрэг маргаан шийдвэрлэсний дараа нэхэмжлэл гаргаад шийдвэрлэх ямар ч боломжгүй. Өмнө нь шийдэгдсэн иргэний хэрэг маргаан дээр хэлж байсан. Энэ газар эзэмших эрхийг Ц.М буюу “Ө З” ХХК шилжүүлж авснаараа ашиг олох гээд байгаа юм байхгүй. Оршин суугчид өөрсдөө гэрчилгээгээ авахаар хүссэн хүсээгүй энэ газар сууц өмчлөгчдийн холбоонд шилждэг газар. Хэн нь ч ашиг олохгүй. Ийм учраас энэ маргаанаа эцэслэн шийдвэрлээд 18 айлын гэрчилгээг гаргаад өгчихье дараа нь хөрөнгийн маргаан буюу хамтран ажиллах гэрээний талаар иргэний журмаар маргаанаа шийдвэрлүүлье гэдэг асуудлыг хэлээд байгаа. Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан талаар авагдсан байгаа. Р.Сын гаргасан сөрөг нэхэмжлэл байгаа. 141.750.000 сая төгрөгийн үнэ бүхий Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 дугаар баг Оргил баг 125 тоотод хаягт байрлалтай 400 м2 газар гэж байгаа. Тэгэхээр энэ хүн газрынхаа үнийг тодорхойлоод иргэний журмаар нэхэмжилсэн байгаа. Үүнийг гаргаж өгөх асуудал иргэний журмаар шийдвэрлээд шүүхийн журмаар шийдвэрлэх асуудал. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдалд юу гэж үзэж байна гэхээр Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолд Р.С нь хамтран ажиллах гэрээний дагуу энэ газрыг өөрийнхөө хураамжид тооцоод оруулсан гэдгийг Улсын Дээд шүүх тогтоосон. Тэгэхээр нэгэнт хамтран ажиллах хураамжид оруулсан бол өнөөдрийн “Ө З” ХХК-ийн нэр дээр энэ газрыг гаргахад ямар ч асуудалгүй гэж үзэж байгаа. Хх18-рт Н.А өөрийн гараар бичиж өгсөн Улсын бүртгэлд бичиж өгөхдөө “Ө З” ХХК-д энэ газрыг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн. Өнөөдөр Улсын бүртгэлд гараар бичиж өгсөн хүсэлтийг хүчин төгөлдөр болгосон нэг ч шүүхийн шийдвэр байхгүй. Иймээс анхны эзэмшигч буюу Н.А нь өөрөө улсын бүртгэлд энэ албан бичгийг бичиж өгч байсан юм байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Засаг даргын А/487 дугаар захирамжийг хүчингүй болгох талаар ямар нэгэн хууль зүйн үндэслэлтэй тайлбар хэлэхгүй, маргахгүй хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Монгол Улсын Дээд шүүхээс А/487 дугаар захирамжийг гаргах үндэслэл болсон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон учир уг захирамжийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэдэг нь ойлгомжтой байна. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой анх Р.Стай хэлэлцэн тохироод тухайн газрыг хамтран ажиллах гэрээний хураамжид авсан гэдэг тайлбар хэлдэг. Тал талаасаа хөрөнгөө оруулаад 18 айлын орон сууц баригдсан. Ашгийг 50, 50 хувиар авна гэсэн гэрээг талууд хийгээгүй. Хэн хичнээн төгрөгийн ашиг авах талаар бичгээр гэрээ хийгээгүй боловч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар Улсын Дээд шүүхийн тогтоол болон анхан шатны шүүх тогтоосон. Тэгэхээр хамтран ажиллах гэрээн дээр маргаад байх шаардлага байхгүй. Ашгийг 50, 50 хувиар хувааж авна гэж ашиг яриад байна. Энэ барилга 2022 онд баригдсан, барилга баригдах үед ковидын нөхцөл байдлын улмаас барилгын үнэ илүү болж зардал гараад хасах баланстай гарсан. Анхан шатны шүүх дээр ч гэсэн тайлбар ирүүлдэг. Ашиг гараагүй учраас ямар ашиг хуваах юм бэ, харин ч анхан шатны шүүх дээр хэлдэг. Нэгэнт ашиг гараагүй орон сууц авсан иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгчих хоёулаа маргаанаа дуусгая гэдэг зүйл хэлдэг. Гэтэл Р.С өмнөөс нь газрын үнээ шаардаад байдаг. Нэг талаас Р.С 141.750.000 төгрөгийн үнэтэй газар шаарддаг. Нөгөө талаас Ц.М 40 сая төгрөгөөр газрыг хөрөнгө оруулсан гэдэг тайлбар хэлдэг. Иргэний хэргийн шүүх дээр Р.Сын газрыг үнэлээгүй гэж тайлбар хэлээд байх шиг байна. Газрыг 40 сая төгрөгөөр үнэлсэн. Ямар нөхцөл байдалтай газар байсан талаар Р.С өөрөө тайлбар хэлэх байх. Хамтран ажиллах гэрээний маргаан биш учраас газрын үнэ хэд байсан гэдэг нь өнөөдрийн шүүх хуралдаанд ач холбогдолгүй. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.А-ийн тайлбарыг шинжлэн судлуулж байна. Н.А, Ц.Мтэй ямар нэгэн байдлаар харилцаанд ороогүй гэдэг тайлбар хэлдэг. Хэн ч ямар ч тайлбар шүүхэд гаргаж болно. Гэхдээ тэрийгээ нотлох ёстой. Нотолдоггүй, Н.А, Р.С, Ц.М нарын хооронд ямар харилцаа үүссэн талаар шинжлэн судлуулсан. Н.Аийн гараар бичиж өгсөн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргах тухай гэж байгаа. Энэ нотлох баримт юуг хэлж байна гэхээр талууд иргэний харилцаанд оролцсон байна. Н.А-ийн хүсэл зориг бол нэгэнт энэ газрын талаар Ц.М болон Р.Сын хэн алинтай нь маргаангүй учраас энэ газрыг “Ө З” ХХК-д  шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдэг нь нотлогдож байгаа. Гараар бичиж өгсөн хүсэлтээ ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй. Ийм учраас Н.А Ц.М-тэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй гэдэг нь үндэслэлгүй юм. Сая Улсын Дээд шүүхийн тогтоолоос уншиж танилцуулсан. Энэ бол “Ө З” ХХК-аар барилга бариулж, барилгын ажлыг эхлүүлэх гэдгийг зөвшөөрсөн. “Ө З” ХХК ямар ч гэсэн газар дээр барилгыг барьсан байна. Тэгэхээр “Ө З” ХХК барилгыг барьсан учраас орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулах нь өөрсдийнх нь эрхийн асуудал. Улсын Дээд шүүхийн тогтоол дээр байгаа Н.Аийн эзэмшлийн газрыг нэхэмжлэгч Ц.Мт шилжүүлэн эзэмшүүлэх хүсэл зоригийг хариуцагч Н.А илэрхийлж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь нотлогдож байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар юу тодорхой болж байна гэхээр “Ө З” ХХК маргаан бүхий газар дээр барилга барьсан байна. Газар эзэмших эрхийг Н.А нь Ц.М, Р.С нарт шилжүүлж өгсөн юм байна. Иймээс Ц.М нь өөрөө “Ө З” ХХК-ийн гүйцэтгэх захирал, компани нь газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад орон сууц өмчлөгч нарт өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм байна гэдэг нэмэлт тайлбарыг хэлж байна гэв.

 3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар захирамжтай холбоотой Улсын Дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 324 дугаартай тогтоолоор газрын эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг тогтоол гарсан. Захиргааны хэргийн шүүх дээр уг маргаантай холбоотойгоор энэ шүүх хуралдаан явагдаж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг харж байж захирамж хүчингүй болгох  эсэх өмнөх шийдвэрүүдтэй холбоотой Засаг даргын шийдвэр гарах эсэх нь хойшилсон байгаа. Аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар захирамжийг хүчингүй болгуулах талаар маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. “Ө З” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхийг даалгах гэдэг шаардлагын тухайд гэрээг шинжлэн судлуулсан. Нэг талаас Р.С “Ө З” ХХК болон Ц.М нартай эд хөрөнгийн маргаантай байгаа учраас “Ө З” ХХК-ийн барьсан барилгаас 18 айлын орон сууцанд орсон иргэдээс газрын гэрчилгээг авах гээд хүсэлт гаргаад ирж байгаа. Сүүлдээ газрын маргаантай асуудал явж байгаа юм байна гээд Засаг даргын захирамж хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэргийн шүүхэд Засаг даргыг төлөөлөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Байр авсан оршин суугчдаас төлөөлөл ирж уулзсан. Орон сууцныхаа гэрчилгээг авч чадахгүй иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Н.Ааас Р.С, Ц.М нарт эрх шилжүүлэх тухай нотариатын гэрээ хуулийн хүчин төгөлдөр байгаа. “Ө З” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй. Р.С, Ц.М нарын нэр дээр хуулийн хүчин төгөлдөр байгаа нотариатын гэрээг үндэслээд гаргаж өгөх боломжтой. Иргэний шүүх дээр маргаанаа шийдвэрлээд дуусвал энэ хоёрын нэр дээр Засаг даргын захирамж гаргах боломжтой. Маргаан нь дуусвал процесс ердийн журмаар үргэлжлээд явах боломжтой байгаа гэв.

 

3.4. Гуравдагч Р.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа 50, 50 хувиар эзэмшье хөрөнгө оруулалтаа оруулъя гэдэг байдлаар ярилцсан. Анхнаасаа гэрээнүүд хууран мэхлэх замаар хийгдсэн. Нотариатын гэрээ хийгдсэний дараа гэрээ хийнэ гэж хэлчихээд гэрээ хийгээгүй. Дараа дараагийн айлуудад хүндрэл учруулаад үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж чадахгүй байгаа. “Ө З” ХХК-ийн нэр дээр газрыг 100 хувь шилжүүлэх боломжгүй.  Говь-Алтай аймгийн иргэний хэргийн шүүх дээр үнэлгээний талаар маргаан явагдаж байгаа. Тэрний талаар асуудлыг шийдвэрлүүлье гэсэн бодолтой байна гэв.

3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Ө З” ХХК болон Ц.М нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн гол үндэслэл шаардлага байгаа. Тухайн захирамжийг хүчингүй болгох ямар үндэслэл хавтаст хэргийн материалд тогтоогдсон юм бэ, тухайн захирамжийг хүчингүй болгосноор “Ө З” ХХК болон Ц.М нарын ямар эрх ашиг сэргэх гэж байгаа юм бэ, энэ захирамжаар “Ө З” ХХК-ийн ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа юм бэ гэдгийг хавтаст хэргийн материалд цуглуулж бүрдүүлж өгөх үүрэгтэй байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт бүрдүүлсэн хэргийн хүрээнд харахаар хүчингүй болгох гэж байгаа захирамж нь “Ө З” ХХК-ийн ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа юм бэ, Ц.М гэдэг хүний ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа юм бэ гэдэг нь хавтаст хэргийн материалаас харахад тодорхойгүй байгаа. Яагаад гэхээр Н.А гэдэг нь Газрын тухай хуульд зааснаар хууль ёсны эзэмшигч байсан. Энэ хүн өөрийн эзэмшиж байсан газрын эрхээ иргэн Ц.М, Р.С нарт шилжүүлсэн. Энэ нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэрээ байгуулагдсан байгаа. Хавтаст хэргийн материалтай танилцахад анх эхлээд шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Говь-Алтай аймгийн “Ө З” ХХК гэсэн баланкан дээр тамга дараад гүйцэтгэх захирал Ц.М гэсэн нэхэмжлэл анх шүүхэд гаргасан байгаа. 2 дахь нь дахиад Говь-Алтай аймгийн “Ө З” ХХК гэсэн баланкан дээр тамга дараад гүйцэтгэх захирал Ц.М гэсэн нэхэмжлэл гаргасан. “Ө З” ХХК нэхэмжлэл гаргаад байгаа. Үүн дээр маргааны зүйл болоод байгаа газар эзэмших эрх шилжүүлэх дээр “Ө З” ХХК нь гэрээний ямар нэгэн тал байхгүй байна. “Ө З” ХХК газрын эрх бусдад шилжүүлэх гэрээн дээр ямар нэгэн тал биш байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаад шаардах эрх байхгүй. Ц.М гэдэг хүний тухайд энэ хүн Р.С хоёр Н.Ааас газрын эрх шилжүүлээд авсан энэ талаар 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Энэ захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биелүүлнэ. Үүн дээр дахиад дүгнэлт өгөөд байх шаардлагагүй. Газрын эрх шилжих байдал шийдэгдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир дахин дахин дүгнэлт өгөөд байх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс хэлмээр байна. “Ө З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд “Ө З” ХХК-ийн нэр дээр гаргахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Газрын эрх шилжүүлэх дээр “Ө З” ХХК-ийн ямар эрхийг зөрчсөн талаар бичгийн баримт авагдаагүй байна. Иймд “Ө З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй гэдэг нь хавтаст хэргийн материалаас харагдаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ингэж ойлгож байна. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 91 дугаартай нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай шаардлагаар Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага байна гэж үзэж байна. Хоёрдугаарт Есөнбулаг сумд байрлах 450м2 “Ө З” ХХК-ийн 18 айлын орон сууцны барилгатай газрын Газар эзэмших гэрчилгээг “Ө З” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага байна. Шаардлагын үндэслэл чухал. Шаардлагын үндэслэлийг харахаар 2 нэхэмжлэгч хоёулаа ямар шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч хоёр байлаа гэхэд Ц.Мт хоёр шаардлага хоёулаа хамааралтай юм шиг харагдаад байдаг. Тэгэхээр нэмэгдүүлсэн шаардлагыг харахаар “Ө З” ХХК-д хамааралтай юм шиг харагдаж байна. Ц.М ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм бэ, “Ө З” ХХК ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой ойлгомжтой гаргах үүрэгтэй. 2 нэхэмжлэгчийн хоёулангийн нэр дээр гаргахыг даалгах гэж байгаа юм шиг, нэмэгдүүлсэн шаардлагыг харахаар зөвхөн “Ө З” ХХК-ийн нэр дээр гаргахыг даалгах гэж байгаа юм шиг.  Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгоод байгаа юм уу, эсхүл 18 айлын орон суугч хохироод байгаа учраас хүмүүсийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамж өөрөө 18 айлын орон сууцанд амьдарч байгаа оршин суугчдын эрхийг зөрчиж байгаа учир хүчингүй болго гэж байгаа юм уу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Гуравдагч этгээдийн хувьд газрын эрхийг шилжүүлэхгүй байгаа шалтгаан нь анх энэ газар дээр барилга барих тохироо нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах тохироотой. Хамтран ажиллах гэрээг яаж байгуулах вэ гэхээр энэ 18 айлын орон сууцыг барьсны дараа 50, 50 хувиар орон сууцны ашгийг авах гэсэн тохироотой барилга барихыг зөвшөөрсөн байдаг. Хамтран ажиллах гэрээг хойшлуулж явсаар байгаад барилга барихад иргэний хэргийн шүүх дээр нэхэмжлэгч 30 хувийг өгнө эсхүл энэ газартай холбоогүйгээр 310 сая төгрөгийн хөрөнгөд тохирсон 3 байрыг өгчихөөд буцаагаад шаардсан байгаа. Газар дээрээ барилга бариулчихаад газрын эрх ч байхгүй, дээр нь 318 сая төгрөгийн хөрөнгө оруулчихаад 318 сая төгрөг ч үгүй хохирч үлдэх гээд байхад хөрөнгө оруулагч хохирлыг ярихгүй “Ө З” ХХК газрын эрхийг шилжүүлж авснаар “Ө З” ХХК ашиг олохгүй гэж яриад байх юм. Хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэх юм уу. Хоёулаа хамтраад ашиг олно гэж хэлээд хүний газар дээр барилга бариад 18 айлд барилгаа зарчихаад хохироод байна гэдэг зүйл яриад байх юм. Тухайн газрын эзэн яагаад хохирохгүй байгаа юм. 18 айлын эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах асуудал ярьж байгаа бол энэ үндэслэлгүй. Харин 3 шатны шүүхийн шийдвэр гараад  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр тооцсон энэ шийдвэрийг барьж байгаа бол хүчин төгөлдөрт тооцсон газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгаа. Эрх хүлээн авагч хоёр байгаа. Н.А нь Р.С, Ц.М хоёрт эрхээ өгч байгаа асуудал. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцуулахгүй байсан ч гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой болгож байж цааш явмаар байна. Тэгэхгүй 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгоод байгаа юм шиг, нэг бол 18 айлын эрх ашиг сонирхлыг зөрчөөд байгаа юм шиг 2 үндэслэл гаргаж ирээд нэхэмжлэгчийн альд нь шилжүүлэхийг даалгаж байгаа нь ойлгомжгүй байна. 18 айлын эрх ашиг хөндөгдөж байж болно. Ашиг гэж яриад байх юм гэнэ. 2 хүн хамтраад барилга барьсан. Хамтарсан нэг хүн нь ашиг гараагүй гэж байна. Оруулсан хөрөнгөний мөнгийг 18 айлын орон сууцаа зараад авч байгаа. Гэтэл нөгөө хүний оруулсан хөрөнгө юу ч байхгүй. Мөнгөө нэхэхээр ашиг гараагүй юм чинь  318 сая төгрөг, газар хоёр өргүй гэж хэлж болохгүй. Барилга барьсан өртөг дотор газар ороод мөнгө нь орсон бол ашиг байна уу, өртөгөө буцаагаад авах ёстой. Анхнаасаа хамтарч ажиллахдаа буяны байгууллага нэг ч төгрөг авахгүй гээд гарын үсэг зуруулаад авахгүй яасан юм бэ, тэгсэн бол тэр газар дээр барилга баригдахгүй, 18 айл хохирохгүй байсан. Ийм байдлаар утгагүй юм яриад байна. Иргэний шүүх дээр Н.Аийн эрх шилжүүлэх гэрээнд та хоёр 15 сая төгрөгөөр хийсэн байна. Та хоёр төлсөн асуудал байдаг юм уу гэхээр төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд Н.А нь Ц.М, Р.Ст газраа зарсан болоод ийм тайлбар гаргахаа болих хэрэгтэй. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл нь 2379 дугаартай гэрээг яриад байна. Тэр гэрээний дагуу 15 сая төгрөг төлсөн гэдгээ нотлох хэрэгтэй. Өнөөдөр 15 сая төгрөг төлсөн асуудал байхгүй. Хуулийн зохицуулалт ямар байж болно. Гэхдээ хууль юун дээр үндэслэдэг вэ гэхээр хууль ёсны зарчим дээр үндэслэдэг. Үүнийг хуульч бид бүгд мэдэж байгаа. Хэргийн бодит байдлыг тогтоохгүй байж хэргийн бодит байдалд  тохирсон хуулийн зохицуулалт хэрэглэхгүй. Н.Аийн тайлбар тогтоогдоод дүгнээд явсан байгаа. Мөн “Ө З” ХХК барилгаа барьсан юм чинь 18 айлын захиалгын гэрээг байгуулж таарна гэж байна. “Ө З” ХХК яагаад бусдын газар дээр зөвшөөрөлгүй барилга бариад байгаа юм. Зөвшөөрөл нь байхгүй. Тэгээд газрын эзэн хөрөнгө оруулагчид нэг ч төгрөг өгөхгүй. Өртгөнд ашиг ямар ч хамааралгүй. Барилга дотор газрын үнэ шингэсэн байдаг. Тэр өртгийг нь өгөөч. Ийм болохоор Р.С газрын эрхийг шилжүүлж өгөхгүй өөр дээрээ авч байгаа юм. Үнэн л байвал ямар ч хүн хатуурхахгүй. 2021 оноос хойш 4 жилийн хугацаанд хохирч байна. Ийм зүйл ярихгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана, 52.4-т нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ заавал тусгах ёстой. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл гэдгийг юу гэж байгаа талаар Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5-д заасан байгаа. 52.5-д заасан захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар хангалттай нотолсон байх ёстой. Үүнийг шаардаж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 52.2, 52.5.1-д заасан шаардлагыг хангаагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсхүл иргэний үндсэн маргаан болох хамтран ажиллах гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэгдээд дуусах хүртэл хэргийг түдгэлзүүлж өгөх нөхцөл байдал бий болж байна. Шүүх бүрэлдэхүүн эдгээр байдлыг харгалзаж үзэж шийдвэр гаргана уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4. Нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа мөн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа:  Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулахгэж тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн  Есөнбулаг сумд байрлах 450м2 “Ө З” ХХК-ийн 18 айлын орон сууцны барилгатай газрын Газар эзэмших гэрчилгээг “Ө З” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгахгэж тус тус тодорхойлсон.

            Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох, өөрчлөх, ихэсгэх, багасгах нь нэхэмжлэгчийн бүрэн эрх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 5. “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 5.000.000 төгрөгийн үнэтэй Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар “Ө З” ХХК, Ц.Мийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох хэргийг иргэний маргааныг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүсэн.

  5.1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ““Ө З” ХХК”, иргэн Ц.Мээс Р-ийн С, Н-ын А нарт холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Харин хариуцагч Р.С, Н.А нараас  2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            5.2. Говь-Алтай аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00134 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн  2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 003 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,  2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2379 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгүүлэхийг хариуцагч Р.Ст даалгаж, нэхэмжлэлээс “Ө З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Н.А, Р.С нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

            5.3. Харин Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрйн 215/МА2024/00013 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр хянагдаж, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00134 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.М-ийн гаргасан, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч “Ө з “ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлээс 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 003 бүртгэлийн дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын, Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Р.С, Н.А нарын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 003 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Р.С, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

           5.4. Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00324 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 215/МА2024/00013 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00134  дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Р.С, Н.А нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Р.С, Н.А нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгүүлэхийг Р.С-т даалгаж,  нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Р.С, Н.А нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Р.С, Н.А  нарын сөрөг нэхэмжлэлийг болон нэхэмжлэгч “Ө З” ХХК-ийн нэхэмжлэлийг  тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, тус маргаан эцэслэгдсэн байна.  

6. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болох иргэн Н.А-аас нэхэмжлэгч Ц.М, гуравдагч этгээд Р.С нарт  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт байрлах 450 м2 орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Э-.......... дугаартай газрыг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2379 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан газрыг эрхийг шижлүүлж, нотариатаар батлуулсан байна. Үүний дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Ц.Мт мэдэгдэхгүйгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг дахин байгуулж уг маргаан бүхий Есөнбулаг сумын Оргил багт байрлах 450 м2 орон сууцны зориулалттай газрыг Н.А-аас Р.С-т газар эзэмших эрх шилжүүлэх 003 дугаар гэрээгээр шилжүүлж уг гэрээг үндэслэн аймгийн Засаг даргаас 2023 оны 08 дугаар сарын 28-ний өдөр А/487 дугаар захирамжаар Р.Ст газар эзэмших эрхийг шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

7. Газрын тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ” гэж заасан.

 8. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00324 дүгээр тогтоолоор Р.С, Н.А нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн байх тул уг “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн гарсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамж нь нэхэмжлэгч Ц.Мийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн тул хүчингүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 9. Есөнбулаг сумд байрлах 450 м2 “Ө З” ХХК-ийн 18 айлын орон сууцны барилгатай газрын Газар эзэмших гэрчилгээг “Ө З” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

9.1.Нэхэмжлэгч “Ө З” ХХК болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нараас: Иргэн Р.С нь хамтран ажиллах гэрээний нэг тал болж оролцохдоо иргэн Н.Ааас шилжүүлэн авсан газраа өөрийн хураамж, хөрөнгө оруулалт болгон оролцсон. Иймд хураамжид төлсөн газрыг “Ө З” ХХК-ийн нэр дээр гаргаж, оршин суугчдад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх нь зүйтэй  гэж, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эоос: Аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар захирамжтай холбоотой Улсын Дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00324 дугаартай тогтоолоор газрын эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг тогтоол гарсан. Н.Ааас Р.С, Ц.М нарт эрх шилжүүлэх тухай нотариатын гэрээ хуулийн хүчин төгөлдөр байгаа. “Ө З” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй гэж,  гуравдагч этгээд Р.С болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Д.Бум-Аюуш нараас: Маргаан бүхий газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Н.Ааас Р.С, Ц.М нар юм. Түүнээс “Ө З” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн талаар ямар нэгэн хэлцэл хийгдээгүй гэж тус тус маргадаг.

 

9.2.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх бөгөөд эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана. Энэ тохиолдолд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2379 дугаар Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээгээр Есөнбулаг сумын Оргил багт байрлах 450м2  орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Э-.......дугаартай газрыг иргэн Н-ын А-аас Р-ийн С, Ц.М нарт шилжүүлсэн. Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар газар эзэмших эрх үүсэхээс бус “Ө З” ХХК-ийн тухайд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нэг тал биш бөгөөд “Ө З” ХХК-тай газар эзэмших эрх шилжүүлэх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна.

10.  Иймд Есөнбулаг суманд байрлах 450м2 “Ө З” ХХК-ийн 18 айлын орон сууцны барилгатай газрын Газар эзэмших гэрчилгээг “Ө З” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,  38.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө З” ХХК, Ц.М нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Есөнбулаг сумд байрлах 450м2 “Ө З” ХХК-ийн 18 айлын орон сууцны барилгатай газрын Газар эзэмших гэрчилгээг “Ө З” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ