Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

 

 

 

 

 

 2023            12             26                                        2023/ДШМ/10

 

 

Х.З, Д.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Х, Х.З, тэдгээрийн өмгөөлөгч Н.Балжидмаа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Х, Х.З нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдгээрт холбогдох эрүүгийн 2311 01036 1146 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Х, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /000000000/,

Х.З, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2 эгчийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 0000000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /00000000/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х, Х.З нар 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, булгийн 0 дугаар гудамжны 000 тоотод хохирогч Н.Э-ийн гэрт нэвтэрч, “хөөрөг, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, гинж” зэргийг авч нийт 225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Х, Х.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Х, Х.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Х,  Х.З нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Х, Х.З нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Х, Х.З нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ээжтэйгээ хамт бага насаа өнгөрөөсөн. Одоо гэмт хэрэгт үйлдсэндээ харамсаж, гэмшиж байна. Хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа их зүйлийг ухаарсан. Миний бие хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Х.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэм буруутайгаа маргаагүй. Миний эхнэр 2023 оны 3 дугаар сард эмчлүүлж байгаад хордлогын улмаас нас барсан ба түүнээс хойш өрх толгойлон өөрийн хүүгийн хамт амьдарч байгаад энэ гэмт хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж ял хөнгөрүүлж өгнө үү. ..” гэв.  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалтыг баримтлан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. Шүүгдэгч З-ийн хувьд ээж Х нь БНСУ-д ажиллаад 3-4 жил болж байгаа, З-ийн хүү А нь 2022 оны 10 сард төрсөн, З-ийн хүүгийн ээж 2023 оны 3 дугаар сард хордлогын улмаас нас барсан. З-ийн талд түүний хүүг өгдөггүй ба одоог хүртэл хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байгаа. Хүүхдийн ээжийн нас барсны гэрчилгээг авъя гэхээр талийгаачийн аав ээж нь өгдөггүй учраас анхан шатны шүүхэд болон давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч чадаагүй. З-ийн хувьд ганц бие эцэг ба тодорхой хэмжээний хөдөлмөр эрхэлж ирсэн. Шүүгдэгч Д.Х-ын хувьд ээж, эгчийн хамт амьдардаг. Шүүгдэгч нарын эцгүүд нь салаад явсан учир 2-уулаа ээжээрээ овоглодог. Шүүдэгч нар нь тусгай дунд боловсролтой коллеж төгссөн. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж шүүдэгч нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ..” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Х Х.З нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нарт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхээс тэдгээрт хамгийн бага ялыг оногдуулсан, гэм бураагаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан байдаг. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:    

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон шүүх хуралдаанд оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Х, Х.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Шүүгдэгч Д.Х, Х.З нар бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр  хохирогч Н.Э-ийн  гэрт хууль бусаар нэвтэрч, хөөрөг, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь :  

- хохирогч Н.Э: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 0000 тоот гэрээсээ гарч ажилдаа яваад орой ирэхэд гэрт хулгай орж, гэрээс хөөрөг, мөнгөн эдлэлүүд алдагдсан” гэх мэдүүлэг /хх-20-21/,

- гэрч М.Б: “...2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр намайг ажил дээрээ  байхад 18-20 орчим насны, туранхай, бор царайтай 2 залуу орж ирсэн. Тэгээд Д.Х гэх залуу нь өөрийн нэр дээрээ баахан жижиг мөнгөн эдлэл тавьсан. Надад хэлэхдээ гинж хийх гээд цуглуулсан гэсэн...Би граммлаж үзээд 95.000 төгрөг болох юм байна гэсэн чинь тэгүүл тулгаад авчихъя гэсэн...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-9/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ЧД2-23-304 дугаартай тайлан /хх-33-34/,

- шүүгдэгч Д.Хын: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр мөнгөний хэрэг гарч, З-ийн хашаан дахь байшингийн хаалганы цүүг муруйлгаж байгаад орсон, Х.З гадаа хүн харсан, би том өрөөнд байх авдарыг онгойлгоод цүнхнээс бор өнгийн хөөрөг, мөнгөн эдлэлүүдийг аваад гарсан...Х.З бид хоёр ломбарданд авсан мөнгөн эдлэлүүдээ 95.000 төгрөгөөр барьцаалсан, хөөргийг гар утсаар сольж, тухайн гар утсаа 130.000 төгрөгөөр зарсан...” тухай мэдүүлэг /хх-84-85/,

- шүүгдэгч Х.З-ийн: “...2023 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр би Чингэлтэй дүүртийн 00 дугаар хороо, Булгийн 000000 тоот гэртээ байхад найз Д.Х ирсэн. Тухайн өдөр Дундговь аймаг руу явах гэтэл мөнгө байгаагүй тул тухайн хашаанд байх байшин руу орж эд зүйл авахаар болсон. Д.Х тэр байшинг онгойлгож ороод, би гадна талд хүн харсан. Д.Х тухайн байшингаас гарч ирэхдээ даалинтай бор өнгийн хөөрөг, жижиг хайрцагтай мөнгөн эдлэлүүд авчирсан ба ломбарданд авсан мөнгөн эдлэлүүдээ 95.000 төгрөгөөр тавиад, хөөргөө үл таних хүнд зарсан...” тухай мэдүүлэг /хх-76-77/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.    

Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгч нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.   

Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.   

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.   

Шүүгдэгч Д.Х, Х.З нар гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн,  учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жил болгон хөнгөрүүлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.        

Иймд шүүгдэгч нарын гаргасан “Хорих ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Д.Х, Х.З нарын 2023 оны 10 сарын 12-ны өдрөөс 12 сарын 26-ныг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг тэдгээрийн эдлэх хорих ялд оруулан тооцов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :   

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/670 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :  

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Х, Х.З нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ялаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Х, Х.З нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар ...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангасугай.     

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Х.З нарын тус бүр цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцсугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

                          ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                          ШҮҮГЧ                                                               Г.ГАНБААТАР