Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0421

 

   2025          06           02                                    128/ШШ2025/0421

                        

                          

 

                             

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б******* *******” /РД:*******/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, Б.Л*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.  

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.“Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, “Б******* *******” ХХК нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлжээ.

Хоёр.Хэргийн үйл баримтын тухайд:

2.1.Нэхэмжлэгч “Б******* *******” ХХК нь Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэршлээр/-тэй 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулжээ.

2.2.Уг гэрээгээр нэхэмжлэгч компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /НД7, НД8/-д 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн 16,453,940.988 төгрөгийн өглөгийг бүрэн хүлээн зөвшөөрч 2023 оны 03 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд төлөх өглөгийн хэмжээг хуваарийн дагуу төлөхөөр тогтоосон байна.

2.3.Нэхэмжлэгчээс “уг гэрээ байгуулагдах хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, 25.1.3-т “Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хууль тогтоомжийн дагуу гаргуулна” гэж заасны дагуу нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл алданги төлүүлэх тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, түүнд ногдох алдангийг тогтоосон акт гаргаагүй буюу дахин улсын байцаагчаас шийтгэлийн хуудас гаргах ёстой байсан гэж”, хариуцагчаас “Б******* *******” ХХК-тай байгуулсан маргаан бүхий гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан “захиргааны гэрээ” биш гэж тус тус маргажээ.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

“Нэхэмжлэгч “Б******* *******" ХХК нь хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй 2023 оны 03 сарын 20-ны өдөр захиргааны гэрээг байгуулсан. Тус гэрээгээр "Б******* *******” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл 2023 оны 02 сарын 28-ны өдрийн байдлаарх алданги, торгуулийн хамт 16,453,940,988 төгрөг болсон гэж үзэж тухайн өглөгийг хуваарийн дагуу хариуцагчид төлөх, сард нэмж үүсэх шимтгэлийг тухайн сард багтаан төлөхөөр харилцан тохиролцож төлбөрийн хуваарийг гаргасан гэрээ байгуулсан.

Гэтэл энэхүү гэрээ нь хууль зөрчсөн гэрээ бөгөөд илт хууль бус байх шинжийг агуулсан. Учир нь гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1-т "... Даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлнө", 25.1.3-т “Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хууль тогтоомжийн дагуу гаргуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл алданги төлүүлэх тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, түүнд ногдох алдангийг тогтоосон акт гаргах ёстой.

Гэтэл тус гэрээний үндэслэл болсон Хан-уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого шимтгэлийн Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн шийтгэх хуудсыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0391 дугаар шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон.

Уг улсын байцаагчийн зүгээс дахин акт гаргаж шийтгэлийн хуудас үйлдээгүй.

Ийнхүү дахин акт үйлдээгүй, манай компанийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ тодорхойгүй байхад бидэнтэй дээрх үнийн дүнгээр гэрээ байгуулж үнийн дүнг тогтоосон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг талууд өөрийн дураар ихэсгэж, багасгаж гэрээгээр тогтоох ёсгүй ба гагцхүү нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт, шийтгэлийн хуудаст заасан тооцоололд үндэслэсэн дүнгээр л гэрээ байгуулах учиртай.

Мөн маргаан бүхий захиргааны гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус болох дараах зохицуулалтуудыг тусгасан байдаг. Үүнд гэрээний:

5-т Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь энэхүү гэрээний 1 болон 3 дах заалтын дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.41, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж;

6-т Энэхүү гэрээний 1 болон 3-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн тайлбар хэсэгт "Энэ зүйлийн 3 дах хэсэгт заасан нийгмийн Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3 дахь хэсгийн 3.3.1-т Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, алдангийг торгууль, төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэх заалтуудыг бүхэлд нь зөвшөөрч байна" гэж заасан.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд хоног тутам 0.3 хувийн алдангийг хариуцагчид төлөхөөр заасан байх бөгөөд ийнхүү алданги тооцохдоо эрх бүхий байгууллагын алданги ногдуулах шийдвэр, тооцоолол, шийтгэлийн хуудасгүйгээр мөн л алданги төлүүлэхээр тусгасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн хэрэг болно. Түүнчлэн дээрх хуулийн заалтууд нь 2023 оны 07 сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон.

Захиргааны ерөнхий хуулийн 55.1 дүгээр зүйлд "Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна.", 55.1.1-т "Захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, "Захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан", "Захиргааны байгууллага нь гэрээний талуудаас хууль зөрчсөн зүйл шаардсан", "Хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн бус" зэрэг зохицуулалтууд хамаарч байна.

Мөн тус захиргааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1-т "Хууль зөрчсөн хэлцэл", 56.1.8-т “... Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл", Компанийн тухай хуулийн 88.1-т “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэй гаргана", 87.1.1-т "хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл" гэж заасан. Маргаан бүхий захиргааны гэрээ нь манай компанийн хувьд их хэмжээний хэлцэлд хамаарч байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй Гүйцэтгэх захирал дур мэдэн байгуулсан хэлцэл байх тул мөн хүчин төгөлдөр бус байх шинжийг хангаж байна.

Тус маргаан бүхий захиргааны гэрээ нь манай компаниар үндэслэлгүйгээр нийгмийн даатгалын шимтгэл, алданги төлбөр төлүүлэх агуулга бүхий эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа нь манай компанийн хувийн аж ахуй эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа явуулах, өмчлөх эрхийг зөрчиж байх тул маргаан бүхий захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэмж гаргасан тайлбартаа:

“... Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл алданги төлүүлэх тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, түүнд ногдох алдангийг тогтоосон улсын байцаагчийн акт гаргах ёстой. Гэтэл тус гэрээний үндэслэл дээр шийтгэлийн хуудас гараагүй юм. Гэрээний заалтад тухайн хуулийн зүйл, заалтыг нарийвчлан заасан боловч хэдий хэмжээний актыг ямар үндэслэлээр тогтоосон талаарх улсын байцаагчийн гаргах ёстой эрх зүйн актууд гараагүй. Тус гэрээ нь тухайн үед үйлчилж байсан Засгийн газрын тогтоол, журам болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт, Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм, Хөдөлмөр хамгааллын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/******* дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт зэргийг тус байгуулагдсан гэрээний дагуу болон тус улсын байцаагчийн эрх үүрэгт тухайн гэрээг байгуулах талаар тусгаагүй. Үндэслэл нь Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3-т нийгмийн даатгалын байцаагчийн үйлдэх баримт бичгийг тусгасан байдаг. Нийгмийн даатгалын байцаагчийн үйлдэх баримт бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас баталдаг. Тухайн үед үйлчилж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын үйлдэх баримт бичгийн хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 264, А/245 дугаартай Хөдөлмөр хамгаалалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан үйлдэх баримт бичгийн загварыг баталсан байдаг. Уг загвар батламж дээр тус захиргааны маргаан бүхий гэрээний загварыг батлаагүй. Харин гэрээг баталсан загвар нь сайн дурын даатгуулагчтай байгуулсан гэрээний төслийг баталсан байдаг.

Нийгмийн даатгалын газар болоод улсын байцаагч нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тухайн гэрээг байгуулаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг зөрчсөн байна.

Манай компанийн хувьд 2020 оны 03 дугаар сард их хэмжээний хэлцэл гэх ойлголтыг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр анх баталсан. Уг шийдвэрээр Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-т манай компаниас 10 тэрбумаас дээш үнийн дүнтэй хэлцлийг гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр гарын үсэг зурж батлах ёстой байдаг. Гэтэл хувьцаа эзэмшигчийн шийдвэр тухайн гэрээн дээр огт гараагүй бөгөөд тухайн гэрээнд гүйцэтгэх удирдлага гарын үсэг зурсан нь захиргааны гэрээний илт хууль бус байх шинжийг нэг талаараа агуулж байна. Иймд тус захиргааны гэрээг хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Мөн маргаан бүхий захиргааны гэрээний 5, 6-д Зөрчлийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн албан торгууль ногдуулах заалтуудыг жагсаан бичсэн байдаг. Тус маргаан бүхий захиргааны гэрээ нь манай компаниар үндэслэлгүйгээр нийгмийн даатгалын шимтгэл, алданги төлбөр төлүүлэх агуулга бүхий эрх зүйн үр дагавар үүсгэж үүн дээр акт буюу торгууль ногдуулах прокурортой хамтарсан ажиллагаа явагдах ёстой байсан. Гэтэл уг гэрээн дээр тухайн ажиллагаа огт хийгдээгүй байна.

Иймд дээрх 2 үндэслэлээр захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.6.8-д заасан үндэслэлээр гэрээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Тухайн үед уг гэрээг яагаад байгуулсан бэ гэх асуудал яригдах байх. Аж ахуй нэгжийн зүгээс уг гэрээг байгуулахгүй бол нийгмийн даатгалын тайланг авахгүй, нийгмийн даатгалын бичил, бүртгэлийг хийхгүй байсан. Улмаар манайхыг гэрээ байгуулсан нөхцөлд дараа, дараагийн боломжууд нээгдэнэ гэсэн. Нийгмийн даатгалын байгууллага одоо ч ингэж явж байгаа. Дээрх байдлаас болоод гэрээ байгуулахаас өөр боломжгүй байсан. Дахин хэлэхэд гэрээ байгуулах ямар ч үндэслэлгүй байсан” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“1.“Б******* ******* ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ажилтан, алба хаагчдад олгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авсан боловч хуульд заасан хугацаанд тус шимтгэлийн мөнгийг төлөлгүй өр үүсгэж өнөөдрийг хүрсэн. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас хууль, журамд заасны дагуу холбогдох арга хэмжээг тухай бүр авч ажилласан боловч 2020-2024 онуудад үүсгэсэн өрийн хэмжээ 18 тэрбум төгрөгт хүрч тус байгууллагад ажиллаж байгаа, ажиллаж байсан ажилтан, алба хаагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл буюу лавлагаагаар 2, 3 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл төлөгдөөгүй төлөвт байгаа бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэхгүй нөхцөл байдалтай байна. Нийгмийн даатгалын санд төлбөл зохих шимтгэлийн өрийг барагдуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 18,1 тэрбум, хугацаа хэтрүүлсэн алданги болох 8 тэрбум төгрөг нийт 26,2 тэрбум төгрөгийг “Б******* *******” ХХК-иас нэхэмжилсэн бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 18-ны 181/ШШ2024/03417 дугаарт шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч “Б******* *******” ХХК-с тус шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/02114 дугаарт магадлалаар Нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр болох 18,1 тэрбум төгрөгийг нэхэмжлэгч буюу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгохоор, алданги болон 8 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн улмаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2025/00036 тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/MA2024/02114 дугаарт шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээний хувьд талуудын гаргасан саналыг үндэслэн байгуулагдаж нийгмийн даатгалын санд төлбөл зохих шимтгэлийн өрийг барагдуулах зорилгоор байгуулагдсан бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг хангуулахаар Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх замаар эрхээ хэрэгжүүлж улмаар 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуульд нийцэж хариуцагчаас шимтгэл, алданги гаргуулахаар шаардах эрхтэй хэмээн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар эцсийн шийдвэрийг нэхэмжлэгчийн талд гаргасан. Өөр хэлбэл, энэхүү гэрээг Иргэний хууль нийцсэн тухай Дээд шүүхээс тогтоосон байна. “Б******* *******” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 56/25 тоот албан бичгээр гаргасан нэхэмжлэлд дээрх гэрээг маргаан бүхий захиргааны гэрээ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд үндэслэлд 2023 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар алданги, торгуулийн хамт 16,453,940,988 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан тухай дурдсан байна. “Б******* *******” ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр 16,453,940,988 төгрөг байсан бөгөөд Нийгмийн тухай /1994 оны/ хуулийн 16, 17 зүйлд заасныг зөрчсөн нь мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Мөн Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан боловч илэрхий алдаа гарч улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосон боловч дахин шийтгэлийн хуудсыг дахин гаргах тухай тогтоох хэсэгт даалгасан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3.“Б******* *******” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг барагдуулахаар байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан "Захиргааны гэрээ" гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 52.2 дах хэсэгт харилцаа үүсээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Дээрх тайлбаруудыг няцаах хэрэгтэй байх. Нийгмийн даатгалын тухай хуульд 1994 оноос хойш нийтдээ 100-аад удаа өөрчлөлт орсон байдаг. Гэ

тэл үеийн үед ямар нэгэн байдлаар өртэй аж ахуй нэгж, байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг авахгүй гэсэн хууль журам байгаагүй. Нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийгээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл 2020 оноос хойш Нийгмийн даатгалын дэвтэр хэрэглэхээ больсон. Хариу тайлбар дээр хэлсэнчлэн нэхэмжлэгч компанийн ажилчдаас 2-3 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй ажилчид байгаа. Нэхэмжлэгч талаас Нийгмийн даатгалын байгууллага хүчээр гэрээ байгуулсан мэтээр тайлбарлаж байх бөгөөд энэ бол боломжгүй юм. Нийгмийн даатгалын байгууллага өрийг барагдуулахын тулд гэрээг байгуул гэж хүчээр шахдаггүй. Нийгмийн даатгалын санд төлөх ёстой төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн компанид ажиллаж байгаа даатгуулагчдын тэтгэвэр тэтгэмжийн асуудал зогсоно. Энгийн үгээр тайлбарлавал төлөгдөөгүй байгаа зүйлийн төлөө урьдчилаад зардал гаргах боломжгүй. Гэрээ байгуулснаар тодорхой тооны даатгуулагчдад тохирсон хугацаандаа шимтгэлээ төлөөд явбал тухайн төрлийн тэтгэвэр тэтгэмжийг гаргуулах агуулга бүхий зохицуулалт гэрээний ард явж байдаг. Засгийн газрын тогтоол болон Нийгмийн даатгалын тухай хууль дээр Нийгмийн даатгалын байгууллага өр авлага, барагдуулахаар гэрээ байгуулна гэдэг зүйл, заалт байхгүй. Энэ бол 2024 оноос хойш хуульчлагдсан асуудал байгаа. Тухайн гэрээний маягтыг Засгийн газрын эрх бүхий байгууллага нь батлаад, өнөөдрийг хүртэл хэрэгжээд явж байгаа. Хүчээр гэрээ байгуулсан, эсхүл гэрээг барьцаалж нийгмийн даатгалын шимтгэл ийн өрийг барагдуулах асуудал гэрээний цаана байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “захиргааны гэрээ илт хууль бус эсэх” үйл баримт хэлэлцэгдсэн.

1.2.Энэхүү маргаан нь захиргааны гэрээнд холбогдох маргаан мэт боловч гэрээний үүсгэн үр дагаварт шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх нь Монгол Улсад эрх зүйн соёл төлөвшихөд ач холбогдолтой гэж үзсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А******* /хойшид “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч“ гэх/ нь нэхэмжлэгч “Б******* *******” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын НД7Б, НД8 тайлангуудыг шалгаад, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 дугаартай Шийтгэлийн хуудсаар “тус компанийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын санд төлөх ёстой 10,078,426,378.51 /Арван тэрбум далан найман сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун далан найман төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг төлөөгүй зөрчил үйлдсэн” гэх дүгнэлтийг хийж, уг зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх шийтгэл /ямар төрлийн шийтгэл гэдэг нь тодорхойгүй/ оногдуулж, хохирол, шимтгэл алдангийн нөхөн төлбөрийн 11,924,761,290 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            2.2.“Б******* *******” ХХК уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 дугаартай Шийтгэлийн хуудсыг “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0391 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, уг Шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэжээ. /128/2022/0096/3 индекстэй хэрэгт/

            2.3.Энэ хэрэгт шүүх “төрийн ашиг сонирхол хөндөгдөнө” гэж үзээд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна./128/2022/0096/3 индекстэй хэргээс/

            2.4.Шүүх нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 дугаартай Шийтгэлийн хуудсыг “илт хууль бус захиргааны акт” гэж үзсэн үндэслэлээ “Шийтгэлийн хуудсанд тамга тэмдэг дараагүй, хуульд заасан гомдол гаргах хугацааг алдаатай бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасан шаардлагыг зөрчсөн, 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн шинжийг агуулсан захиргааны акт дүгнэжээ.

            2.5.Ингэхдээ шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт “Хариуцагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсанд хуульд заасан журмын дагуу засвар оруулж, нэхэмжлэгчид мэдэгдэж, гардуулахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй” гэдгийг зааж өгчээ.

            2.6.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “шүүх энэ шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлээгүй тул нийгмийн даатгалын байцаагч нь акт гаргах шаардлага байхгүй” гэх тайлбарыг гаргаж байна.

            2.7.Ингээд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0391 дүгээр шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй байгаа учраас уг шийдвэр нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болжээ. /128/2022/0096/3 индекстэй хэргээс/

2.8.Дээрх шүүхийн шийдвэрийн хууль зүйн үр дагавар нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 дугаартай Шийтгэлийн хуудас “гарсан цагаасаа үйлчлэлгүй” буюу “Б******* *******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн болоод торгууль, алдангийн хэмжээг тогтоосон хүчин төгөлдөр захиргааны акт байхгүй” гэж үзнэ.

2.9.Ийнхүү Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нь “Б******* *******” ХХК руу чиглэсэн “нийгмийн даатгалын шимтгэл төлөх, түүнд хамаарах алдангийн хэмжээг тогтоосон зөрчилд холбогдох захиргааны актыг гаргаагүй бөгөөд уг хугацаанаас хойш 9 сар орчмын дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19/23 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ” гэх “нэрлээгүй гэрээний төрөлд багтах” гэрээг байгуулжээ.

2.10.Ингэхдээ гэрээний 5 дугаар хэсэгт “хариуцлага хүлээлгэх” гэдэг заалтыг, 6 дугаар хэсэгт “... нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн заалтуудыг бүрэн хүлээн зөвшөөрсөн” заалтыг тусгасан байна.

2.11.Ингээд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь “Б******* *******” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж, иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг шүүхүүд хянаад эцэслэн шийдвэрлэсэн байна.

2.12.Энэ талаар нэхэмжлэгч “Б******* *******” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас маргаагүй тул захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримт цуглуулах шаардлага үүсээгүй болно.

2.13.Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19/23 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-г захиргааны гэрээ биш, иргэний гэрээ гэж маргасан зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл суутган тооцох, нийгмийн даатгалын санд төвлөрүүлэн зэрэг нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн бүрдүүлэх үүрэг биелүүлэхтэй холбоотой нийтийн ашиг сонирхолд хамаарал бүхий үүргийг нийгмийн даатгалын байгууллага захиргааны журмаар биелүүлэхийг шаардах харилцаа нь нийтийн эрх зүйн /захиргааны эрх зүйн/ хүрээнд үүсдэг учраас захиргааны хэргийн шүүх энэхүү “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-г нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн захиргааны гэрээ мөн гэж үзээд, гэрээнээс үүссэн үр дагавар, үйл баримтад дүгнэлт өгч байна.

3.2.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заажээ.

3.3.Хуулийн энэ заалт нь хуулиар нэгэнт эрх, үүрэг үүсгэсэн харилцаанаас гадуур буюу “шинээр” нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгосон харилцааг зохицуулах шаардлага үүссэн тохиолдолд захиргааны гэрээ байгуулж болно гэсэн  зохицуулалт юм.

3.4.Өөрөөр хэлбэл, захиргааны эрх зүйн харилцааг хуулиар үүсгэх харилцаа, захиргааны актын үндсэн дээр үүсгэх харилцаа, захиргааны гэрээний үндсэн дээр үүсгэх харилцаа гэж ангилдаг.

3.5.Иймд ажил олгогч, ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцаа буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөх, суутган санд шилжүүлэх эрх, үүрэг нь хуулиар үүсгэдэг харилцаа, харин ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, хуульд заасан хугацаанд төлөөгүй зэрэг гаргасан зөрчлийг тогтоох, зөрчилд нь тохирсон хариуцлагаа тооцох харилцаа нь захиргааны акт гаргасны үндсэн дээр үүсэх харилцаа, харин захиргааны гэрээ байгуулах замаар эрх, үүрэг үүсгэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

3.6.Иймд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн өмнө гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 дугаартай Шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосон байхад дахин акт гаргахгүйгээр гэрээ байгуулах замаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх эрх, үүрэг үүсгэх эрх зүйн үндэслэлгүй болно.

3.7.Ийм гэрээ нь захиргааны актыг орлож нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээ, алдангийг тогтоосон үр дагавар үүсгэх чадвартай гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

3.8.Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/[1] 25 дугаар зүйлд Нийгмийн даатгалын байцаагчийн эдлэх эрхийг тогтоож өгсний дотор мөн зүйлийн 3-т “нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах” гэж, 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмыг хуульчлан тогтоосон байна.

3.9.Маргаан бүхий захиргааны гэрээ нь 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулийг хүчин төгөлдөр үйлчилж байхад байгуулагдсан тул энэхүү маргаанд уг хуулийг хэрэглэж шийдвэрлэнэ.

3.10.Дээрх хуулийн заалт нь нийгмийн даатгалын шимтгэл тооцон суутгах, төлөх эрх, үүргийг хуульчлан тогтоосон, харин ажил олгогч нь даатгуулагчаас суутган авсан болон өөрийн төлөх шимтгэлийг хуульд заасан үүргээ биелүүлж төлөөгүй зөрчил гаргасан, энэ зөрчилд нь алданги, торгууль тооцох шаардлага үүссэн бол эрх бүхий этгээдээс акт гаргах замаар шийдвэрлэхээр хуульчилсан байна.

3.11.Иймд Нийгмийн даатгалын хууль /1994 оны/-д нийгмийн даатгалын аливаа албан тушаалтан нь захиргааны гэрээ байгуулах замаар шимтгэл, алданги төлүүлэх, түүнийг хойшлуулах, хөнгөлөх замаар нийтийн эрх зүйн харилцаа үүсгэх эрхийг олгоогүй байна.

3.12.Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалтын үзэл санаа нь нийгмийн даатгалын байцаагч “актаар” тогтоосон шимтгэл, алданги, хүү, торгуулийг төлүүлэхээр шаардах, албадан гаргуулах эрхтэй байна.

3.13.Нөгөө талаас үзвэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-ний агуулга нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр,  төлбөрийг төлөх хугацааг тогтоосон, ямар хэмжээгээр төлөх хуваарийг гаргасан байгаа нь хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс тогтоосон захиргааны актгүйгээр дангаараа хууль зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхгүй.

3.14.Учир нь дээр дурдсанаар нийгмийн даатгалын шимтгэл тооцон суутгах, төлөх эрх, үүргийг хуулиар тогтоосон тул “захиргааны гэрээ” байгуулах замаар төлбөр төлөхийг хуульд заасан хугацаанаас өөрөөр зохицуулж, хойшлуулсан, алдангийг хэмжээг хуульд заасны дагуу тооцож тогтоогоогүй зэрэг нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.15.Өөрөөр хэлбэл, ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэлийн суутгах, төлөх үүрэг хуулиар шууд үүсдэг учир захиргааны гэрээ байгуулах замаар үүсэхгүй, харин алданги, торгуулийг заавал захиргааны акт гаргах замаар тогтоож байж төлөх үүрэг үүсгэх зарчим хуульд туссан буюу зөвхөн төлбөрийн хэмжээ, түүнд ногдох алданги, торгуулийг актаар тогтоосны үндсэн дээр төлнө.

3.16.Учир нь эрх зүйн суурь зарчим болох “хуулиар эрх олгоогүй бол байгууллага, албан тушаалтанд хориглоно, хуулиар хориглоогүй бол иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрнө” гэдэг нь нийгмийн даатгалын багц хуулиар нийгмийн даатгалын байгууллага, түүний байцаагчид гэрээ байгуулах, уг байгуулсан гэрээгээр төлбөл зохих шимтгэл, алданги, хүү буюу хариуцлага тооцохоор эрх олгоогүй бол хориглох буюу хуулиар зөвшөөрөөгүй гэж үзнэ.

3.17.Түүнчлэн, хариуцагч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захиргааны акт гаргахгүйгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг гэрээгээ үүсгэсэн гэх агуулгаар маргаж байгаа нь:

-уг гэрээг захиргааны гэрээ биш, иргэний эрх зүйн хүрээнд үүссэн гэрээ гэх атлаа энэ гэрээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг үүсгэсэн гэж байгаа нь хоорондоо логик уялдаагүй байна.

3.18.Мөн түүнчлэн хариуцагч нь гаргасан захиргааны актаа биелүүлэх замаар гэрээг дагалдаж байгуулсан бол захиргааны актын хэрэгжилттэй холбоотой гэрээ гэж үзэж болохоор байсан боловч акт гаргахгүйгээр дангаар ийм гэрээ байгуулсан, ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хуулиар тогтоосон, ийнхүү төлөөгүй бол акт гаргах замаар албадан төлүүлэх хууль зүйн шаардлага тогтоосон байхад маргаан бүхий захиргааны гэрээгээр төлөх хугацааг нь тогтоож, хойшлуулсан нь хууль зүйн зөрчил тул энэхүү гэрээ нь утга агуулгын хувьд хууль зөрчиж гарсан, хуулиар эрх олгоогүй этгээд байгуулсан зэрэг хууль илэрхий зөрчсөн буюу илт хууль бус гэрээний шинжийг агуулсан байна.

3.19.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “Б******* *******” ХХК-ийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгаа нь даатгуулагч хохирно” гэх тайлбарт дүгнэлт өгөх эрх хэмжээгүй, учир нь шүүх хууль сахиулагч байгууллага биш, зөвхөн эрх зүйн маргааныг хөндлөнгийн байж шийдвэрлэх үүрэгтэй тул маргаан бүхий захиргааны гэрээнд хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх үүрэгтэй болно.

            3.20.Маргаан бүхий захиргааны гэрээгээр тогтоосон гэх нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа дуусаагүй байхад буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын ерөнхий хууль батлагдан хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

            3.21.Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “Энэ хуулийн 20.3-т заасан хувийн хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, сайн дураар даатгуулах гэрээ, эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, мэдэгдэл, акт, албан шаардлага, шийтгэлийн хуудас зэргийг тухай бүр хавсаргана” гэж хувийн хэрэгт заавал бүрдүүлсэн байх баримтад “акт” гэсэн байгаа ба “гэрээ” гэх баримтыг нэрлээгүй байна.

            3.22.Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Дараах зөрчилд нийгмийн даатгалын улсын байцаагч акт тогтоосон бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг ажил олгогчоор нөхөн гаргуулна” гээд мөн зүйлийн 25.2.1-д “нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, хэмжээг нь санаатайгаар бууруулсан, буруу тодорхойлсон” гэж, 25.2.2-т “нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн” гэж, 25.2.3-т “нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан хугацаанд төлөөгүй” гэж, 30 дугаар зүйлийн 30.1-д “Доор дурдсан шимтгэл, алданги, торгуулийг шимтгэлийн өрд тооцно” гээд 30.1.1-д “энэ хуулийн 21.1, 21.20-д заасан хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл” гэж, 30.1.2-т “улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгууль” гэж заасан байна.

3.23.Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл улсын байцаагчийн тогтоосон акт хууль зүйн үр дагавар үүсгэх хүчин чадал бүхий эрх зүйн баримт бичиг гэдэг нь тодорхой байна.

3.24.Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ” гээд мөн хэсгийн 32.2.5-д “нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон акт, шийтгэлийн хуудас, тавьсан албан шаардлага, өгсөн мэдэгдлийг хугацаанд нь бүрэн биелүүлэх” гэснээр актыг заавал биелүүлэх үүргийг тогтоожээ.

3.25.Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар /тухайн үеийн хэлтэс/ нь энэхүү шинэчлэн батлагдсан хуульд нийцүүлэн дээрх маргаан бүхий гэрээг өөрчилж, шинэ хуульд нийцүүлэн акт гаргах хууль зүйн боломж байсан боловч энэ эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй байна.

3.26.Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны гэрээг  хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй байгуулах эрх гүйцэтгэх захиралд байгаагүй тул дур мэдэн байгуулсан хэлцэл, хүчин төгөлдөр бус байх шинжийг хангасан гэж байгааг үндэслэлтэй гэж үзсэн.

3.27.Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гээд уг заалтын Тайлбар хэсэгт “Нөхөн тохируулж хэрэглэх гэж тухайн асуудлыг зохицуулсан заалт энэ хуульд байхгүй тохиолдолд Иргэний хуулиас нөхөж хэрэглэх бөгөөд түүнийг хэрэглэхдээ нийтийн эрх зүйн зарчимтай уялдуулан захиргааны үйл ажиллагаа болон захиргааны гэрээнд тохирч байгаа эсэхийг нягтлан шалгаж тохируулан хэрэглэхийг ойлгоно” гэжээ.

3.28.Маргаан бүхий захиргааны гэрээг байгуулах эрх хэмжээг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт байгаа эсэхээс гадна “Б******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захиралд байгаагүй гэж маргаж байгаа тохиолдолд шүүх Компанийн тухай хууль болон Иргэний  хуульд заасан суурь зохицуулалтыг хэрэглэж дүгнэлт өгөх болно.

3.29.Нэхэмжлэгч “Б******* *******” ХХК-ийн дүрмийн 8.5.1-д “Их хэмжээний хэлцлээс бусад төрлийн, ... хэлцэл хийх, гэрээ байгуулах  компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заажээ. /ХХ-ийн 19 дэх тал/3.28.”Б******* *******” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05/20 дугаартай Хульцаа эзэмшигчийн шийдвэрээр “Б******* *******” ХХК-ийн 10,000,000,000 /Аван тэрбум/ төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хэлцлийг Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр байгуулахаар тогтоон шийдвэрлэжээ. /ХХ-ийн 77 дахь тал/

3.30.Эндээс үзвэл “Б******* *******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн үнийн дүн бүхий хэлцлийг байгуулсан гэж үзэхээр байгаа бөгөөд энд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусад тооцохоор, Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т заасан “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэж заасныг хэрэглэж маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

3.31.Энэ тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс няцаасан тайлбар, нотлох баримтыг гаргаагүй болно.

3.32.Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Б******* *******” ХХК-тай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19/23 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-г Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна” гээд мөн хэсгийн 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэх үндэслэлээр илт хууль бусад тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.33.Нэхэмжлэгчээс маргаан бүхий  гэрээг зөвшөөрч байгуулсан нь уг гэрээг илт хууль бусад тооцуулахаар шаардах эрхийг хязгаарлахгүй гэж шүүх үзсэн.

3.34.Учир нь энэхүү захиргааны гэрээнд “тэгш байдлын зарчим” үйлчлэхгүй тул нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны гэрээг зөвшөөрч байгуулсан байдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан “захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоосон” шийдвэрийг гаргахад харгалзан үзэх үндэслэлгүй гэж үзсэн. 

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 55 дугаар зүйлийн 55.1,  55.1.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс “Б******* *******” ХХК-тийн хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19/23 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19/23 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ” нь гарсан цагаасаа үйлчлэлгүйд тооцогдох бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдсэн тооцогдож, гүйцэтгэх хуудас бичигдэхгүй болохыг мэдэгдсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Б******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Хан-уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

[1] Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүйд тооцсон.