Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/109

 

 

 

 

 

 

  2024            01            18                                       2024/ДШМ/109

 

 

          Т.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Т,

хохирогч Б.А,

шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Б.З,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1367 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Б.З-ийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Т-д холбогдох ................................. дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө .............. дүүргийн ............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ..................... тоот гэртээ эхнэр Б.А-г бусадтай хардан маргаан үүсгэж, улмаар гар утсаар нүүрэн тус газарт нь цохин, цээж рүү нь жийж, өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн 5 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, зүүн хацар, эрүү, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн сарвуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Б.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Т.Т нь 2023 оны 10, 11, 12 дугаар сарын байдлаар биеийн байдал хүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг биеэр эдлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлоготой. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-г 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг тус зүйлд заасан торгох ялаар сольж, ял шийтгэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Т-д анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нь хийлгэнэ. ...” гэв.

Прокурор Т.Т тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т нь ажлаасаа гарсан, ажилгүй байдаг. Гэм буруу дээрээ маргаж оролцдог. Гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Б.З-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө .......... дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... тоот гэртээ эхнэр Б.А-г бусадтай хардан маргаан үүсгэж, улмаар гар утсаар нүүрэн тус газарт нь цохин, цээж рүү нь жийж, өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн 5 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, зүүн хацар, эрүү, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн сарвуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.А “...2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 03 цагийн үед Т.Т ажлаасаа ирсэн ба намайг охинтойгоо хэвтэж байхад хажуугаар орж ирээд хэвтэхдээ миний гар утсыг шалгаад байсан. Тэгээд гэнэт надад муухай сонин санагдаад миний гар утсыг өг гэж хэлтэл Т.Т нь шууд миний гар утсаар нүүр рүү нэг удаа цохиод үргэлжлүүлээд алгадаад цохиод байсан. Ор тойрч гарч ирснээ шууд миний цээж рүү жийж өшиглөсөн. Тэгтэл миний цээж хүнд болоод амьсгалж чадахгүй байсан ба хажууд охин уйлсан боловч Т.Т огт тоохгүй үргэлжлүүлээд намайг цохиж зодоод байсан. ...Тэгээд манай ах намайг охинтой минь авах гээд ирэхэд бид хоёр луу хутга бариад хэрүүл хийгээд байсан. ...Ер нь бол намайг өмнө ч тэр зоддог байсан би цагдаа болон эмнэлгийн байгууллагад ч ханддаггүй, зодуулах болгондоо сэтгэл санаагаар унаж амиа хорлох, гэрээсээ явах бодлууд орж ирдэг байсан. Миний бие гомдолтой байна. ...” /хх 8-10, 13/,

гэрч Д.Т “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо .... байрны ....тоотод эхнэр, хүү Т.Т, бэр, ач охины хамт амьдардаг юм. Манай хүү Т.Т нь ер нь бол дандаа шөнө 3, 4 цагийн үед л ажлаасаа тараад гэртээ ирдэг. Тухайн өдрийн орой гэнэт бэр А орилоод эхэлсэн бөгөөд би өрөө рүү нь яваад ортол Т, А хоёр хэрэлдээд байж байсан. Т.Т нь алгадаж байгаа харагдсан тухайн үед охин нь тэр хоёрын хажууд уйлаад байж байсан. ...Тухайн үед нүүрнийх нь эрүү хэсэг хөхөрсөн харагдаж байсан. ...” /хх 22-24/,

гэрч Б.А-ийн “...2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай ээж над руу залгаад дүүг чинь нөхөр Т.Т нь зодсон байна гэж хэлсэн тэгэхээр нь А руу залгасан чинь намайг ирээд ав, миний юмнуудыг ч гэсэн аваад явъя, Т намайг зодсон гэх утгатай зүйл ярьсаар утсаа салгасан юм. Тэгээд гэр рүү нь ороод хувцас энэ тэрийг нь аваад гарч байхад Т нь унтаж байхаар нь миний дүүг зодчихоод унтаж байх юм, дараа уулзана гэж хэлсэн чинь Т нь орноосоо босож ирээд би яасан юм гэх зэргээр уурлаад хэрэлдсэн. Тухайн үед Т хутга бариад “ална чамайг” гэх зэргээр хараагаад байсан ба би орцноос нь гараад цагдаад дуудлага өгсөн юм. Миний санаж байгаагаар зүүн талын хацар, уруул нь хавдаж хөхөрсөн, тухайн үед А амьсгалахад хэцүү, зовуурьтай байна гэдгээ надад хэлж явсан бөгөөд шууд эмнэлэгт үзүүлсэн. ...” /хх 36-38/ гэх мэдүүлгүүд,

“...Б.А биед зүүн 5 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, зүүн хацар, эрүү, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 11661 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 40-41/,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, СХДЦГ, ЦХ-3, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 2/, аюулын зэргийн үнэлгээ /хх 3-4/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 56-59/, ...... дүүргийн ..... дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 60-61/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Т.Т-г эхнэр Б.А-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Б.З “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Т.Т-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгч Т.Т-д тухайн зүйл хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор буюу 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.  

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солихыг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Б.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1367 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Б.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ