Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00966

 

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00966

 

 

 

Р.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/00721 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Г-гийн нэхэмжлэлтэй хариуцагч МҮОНТ ХМХ-д болон хариуцагч Л.Н-ад тус тус холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, нэр төрөө сэргээлгэж, Л.Н-аар залруулга мэдээлэл гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз ХМХ нэхэмжлэгч Р.Г-гаас 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гэрэлт- Од, М.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг ажлаас халсан ерөнхий захирлын 2020 оны Б/107 тоот тушаалын үндэслэл нь тогтоогдохгүй бөгөөд хууль бус байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэсэн нь хууль бус бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй болно. Иймд хариуцагч байгууллагын ерөнхий захирлын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/107 дугаартай тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан тус телевизийн Монголын мэдээ сувгийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, энэ хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү Намайг Зөв.мн сайтаар болон Л.Н-аар нэр төр сэргээлгэх, залруулга хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч МҮОНТ ХМХ- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/107 дугаартай тушаалаар тус телевизийн Монголын мэдээ сувгийн захирал Р.Г-г ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 4 дэх заалтыг зөрчин сувгийн 11.00-14.00 цагийн Мэдээллийн хөтөлбөр Цагийн хүрд хөтөлбөрт удаа дараа гаргасан титрийн болон мэдээний агуулгын алдаанд хяналт тавьж ажиллаагүй, Үндэсний зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан МҮОНРТ-ийн ажил үйлчилгээний үнэ тарифаар тогтоосон үйлчилгээний хөлс болох Аригү медиа ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Түрүү бөхөд шагнал гардуулсан мэдээг 1 000 000 төгрөгийн төлбөртэйгээр Цагийн хүрд хөтөлбөрт оруулан төлбөрийг хувьдаа авсан, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Цагийн хүрд-ийн хөтөлбөрөөр Милко ХХК-ийн Өрхийн эмнэлэгийн ус цэвэршүүлэгч гэдэг нэрээр цацагдсан 2 минутын мэдээний төлбөр 2 000 000 төгрөгийг хувьдаа авсан зэрэг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлүүдийг гаргасан тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, МҮОНРТ-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.3.1 ж, у заалтууд, 7 дугаар бүлгийн 7.1-ийн в, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар бүлгийн 6.2.9, 6.2.15, 6.2.16, 6.2.17 дах заалтууд, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Санхүүгийн хяналт хийх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Р.Г-гийн нэхэмжлэлтэй, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Г-гаас 3 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Г-, хариуцагч Л.Н-ад холбогдох нэр төрөө сэргээлгэж, залруулга мэдээлэл гаргуулахыг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн нэр төр сэргээлгэх шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 63 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Г-гаас улсын тэмдэгтийн хураамж 63 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах гомдолдоо: Ажлаас халсан тушаалд дурдсан ноцтой зөрчил буюу титрийн алдаа гаргасан талаарх Ерөнхий захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг байгуулагдаагүй, дүгнэлт гаргаагүй, мөн титрийн алдаа гаргасан даруйд асуудал үүсгээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэргээс ажлаас халах болонгуут ямар нэгэн зөрчил олж, илрүүлэх зорилгоор хийсэн нь үндэслэлгүй юм. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3295 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Мэдээний төлбөр болох 3 000 000 төгрөгийг Турк улсын телевиз, МҮОНРТ-ын хамтын ажиллагааны гэрээний дагуу ирсэн зочдын зардалд зарцуулсан болохыг тогтоож хэргийг хаасан байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж заасан.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/00721 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ариунболд эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз ХМХ нь нэхэмжлэгч Р.Г-г тус телевизийн Монголын мэдээ сувгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус хүлээн зөвшөөрч, хариуцагч нь нэхэмжлэгчээс 3 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч Р.Г- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байна.

Ийнхүү зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тухай бичгийн баримт үйлдэж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз ХМХ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Лхагвадоржид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг, түүний дотор нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч эвлэрэх бүрэн эрхийг тухайлан олгосон байна. / 3хх-ийн 62 /

Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/00721 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз ХМХ нь нэхэмжлэгч Р.Г-г тус телевизийн Монголын мэдээ сувгийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг тус тус хүлээн зөвшөөрч, хариуцагч нь 3 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ