| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2025/0006/з |
| Дугаар | 119/ШШ2025/0020 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 119/ШШ2025/0020
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ** овгийн ** /РД:**/,
Нэхэмжлэгчийн өмгөлөөгч: **,
Хариуцагч: Орхон аймгийн Боловсролын газрын дарга **,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “**г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 16,840,459.00 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх” шаардлага бүхий төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ** /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагч **, хариуцагч талын өмгөөлөгч **, гэрч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Боловсролын газрын дарга **д холбогдуулан
“Боловсролын газрын даргын 2024 оны Б/49 дугаартай тушаал илт хууль бус болохыг тогтоож, мөн даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, Боловсролын газрын төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоох, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи хугацааны ажилгүй байгаа үеийн цалинг гаргуулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “**г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16,840,459.0 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж,
“Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” болон “сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол гаргуулах” шаардлагуудаасаа татгалзсан. /ХХ-ийн 185-186 дугаар тал/
2. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “**г албан тушаалд томилох тухай” Б/85 дугаар тушаалаар тус газрын Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ. /ХХ-ийн 13 дугаар тал/
3. Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/42, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дугаар тушаалаар **г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /ХХ-ийн 34-37 дугаар тал/
4. Нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 04/2698 дугаартай албан бичгээр хариу өгч, нэхэмжлэгч тус Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
5.1. Миний бие ** нь 2023-09-13-нд Боловсролын газрын төсвийн төлөвлөлт, зохицуулалтын сул орон тоон дээр төрийн албаны тухай хуулийн дагуу тусгай шалгалтыг өгч тэнцсэн. Шалгалтын дараагаар ** дарга /өрөөндөө дуудаж өөрийн хүнээ авах хүсэлтэй байна, чи больчих би чамд өөр ажлын байрны санал хэлье сургууль юм уу цэцэрлэгтийн нягтлан бодогч хий/ гэж ажлын санал тавьсан. Үүнийг би эсэргүүцэхэд удаа дараа намайг дуудаж хэлсэн, би төрийн жинхэнэ албан хаагч болох хүсэлтэй байсан. БШУГ-т 2023-12-06-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар төрийн албаны зөвлөлөөс томилох ёстой гэж шаардсаны дагуу ** намайг томилсон.
5.2. Би 2017 оны 6 сараас 6 жил Япон улсад сурч мэдсэн зүйлээ Монголдоо хэрэгжүүлэх чин хүсэл, зорилготой ирсэн юм. Ажлыг чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэдэг, чадахгүй зүйлээ чадах хүртлээ маш их хичээж ажилладаг. Боловсролын яам болон Боловсролын ерөнхий газраас өгч буй ажлыг тухай бүр хугацаанд нь гүйцэтгэдэг байсан. Ажлаас халагдахаас өмнө сахилгын шийтгэл, ёс зүйн зөрчил хүлээж байгаагүй болно. Халагдахаас өмнө ямар нэгэн асууж сануулга, хурлаар оруулах зэрэг арга хэмжээ огт авагдаагүй болно. Ингээд 2024-11-15-ны өдөр ** дарга өрөөндөө дуудаж /одоо чамайг ажлаас хална/ гэж гэнэт хэлсэн.
5.3. Ажлаас ямар ч үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна. Энэ тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2024-11-21-нд монгол шуудангаар өргөдөл бичиж илгээсэн, одоогоор хариу ирээгүй тул Төрийн албаны 51264216 дугаартай утсаар холбогдон лавлаж асуух үед 2024-11-25-нд төрийн албаны нарийн бичиг хүлээн авч холбогдох шинжээчид өгсөн гэж хариулсан. Тус шинжээч 51265544 дугаараар холбогдож бид хүлээж авсан таны шүүхэд хандах хугацаа болсон байгаа бол бид нарыг хүлээх шаардлагагүй хугацааны дагуу захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаарай. Орхон аймгийн Боловсролын газраас хариу материал ирүүлэхийг шаардсан учир одоогоор маргаан таслах комисс байгуулж асуудлыг хэлэлцээгүй байна.” гэсэн.
5.4. Төрийн албаны зөвлөлөөс шуудангаар 2024-12-26-ны өдрийн 04/2698 дугаартай албан бичгээр “... Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй байна, та Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны Б/49 дүгээр тушаалыг эс зөвшөөрвөл уг тушаалыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд ...гомдол гаргах эрхтэй болохыг зөвлөе” гэсэн хариутай, Б/49 дүгээр тушаалын хуулбар ирлээ. Б/49 дүгээр тушаалыг **д гардуулаагүй, ** энэ тухай огт мэдээгүй байна. Орхон аймгийн Боловсролын газрын даргын Б/49 дүгээр тушаалын 4 дэх заалтаар Б/42 дугаартай тушаалыг хүчингүй болгосон ч **г ажлаас чөлөөлсөн эрх зүйн факт, үндэслэл хэвээрээ, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг нэмжээ. Орхон аймгийн Боловсролын газрын даргын Б/42, Б/49 дүгээр тушаалууд нь үндэслэлгүй байна.
5.5. Орхон аймгийн Боловсролын газрын даргын Б/49 дугаартай тушаал илт хууль бус болохыг тогтоож, мөн даргын Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, **г Боловсролын газрын төлөвлөлт, зохицуулалтын ахлах арга зүйчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024-11-15-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү.” гэж,
5.6. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “1.1.Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар ** намайг 2 дахь удаагаа ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байгаа тул Б/49 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгох, 1.2.** намайг Орхон аймгийн Боловсролын газрын Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах арга зүйчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, 1.3.Миний ажилгүй байсан үеийн цалин 2024 оны 11 дүгээр сарын 15-наас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх нийт 16,840,459.00 төгрөгийг гаргуулах, энэ хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг Орхон аймгийн Боловсролын газрын дарга **ээр нөхөн төлүүлэх. Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. Учир нь 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалын 4 дэх заалтаар Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Би гэнэт ажлаас чөлөөлөгдөж маш их сэтгэл санаагаар унаж, эрүүл мэнд дордож, санхүүгийн асуудал хүндэрсэн. 2 жоохон хүүхдээ санхүүгээр хангах байдал дордож, гэр бүлийн уур амьсгалд сөрөг нөлөөллүүд үүссэн. ** даргын зүгээс миний хувийн амьдралд хэт орж, ажиллах хугацаанд ч сэтгэл санаа тогтворгүй, олны өмнө байнга загинаж буруутгаж, үүнээс үүдэлтэй эрүүл мэндийн хувьд бие өвдөж сэтгэл санаагаар хохирсон. Байнгын айдастай..., эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон үүнийг үнэлж баршгүй юм. Ажлаас чөлөөлөхөөс өмнө өвчтэй байсан хугацааны листний мөнгийг байгууллагаас олгоогүй. Ажлаас чөлөөлсний дараагаар газрын дарга миний тухай бусдад худлаа мэдээлэл тарааж миний нэр хүндэд байнга халдсан. Гэхдээ миний зорилго бол Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгох, үргэлжлүүлэн чин шударгаар ажлаа хийх нь чухал байгаа тул сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол гаргуулахаас татгалзаж байна” гэжээ. /ХХ-ийн 185-186 дугаар тал/
6. Хариуцагч Орхон аймгийн Боловсролын газрын даргаас “төрийн захиргааны жинхэнэ албан хаагч ажилдаа хариуцлагатай хандах ёстой, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хүлээж авдаггүй, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон хориглох заалтыг зөрчсөн тул зөвшөөрөхгүй” гэж тус тус маргасан.
7. Нэхэмжлэгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, зарим шаардлагаасаа татгалзсан. Сая шүүгч уншиж өглөө. Энэ шаардлагуудаа дэмжиж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.
8. Орхон аймгийн Боловсролын газрын дарга ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах арга зүйч ** албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг буюу 1.2, 2.1, 2.2, 2.5, 2.6, 3.3-д заасан үүргээ биелүүлээгүй, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт зөрчсөн болох нь байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт мэдээллийг шалгах явцад тогтоогдсон болно.
Тухайлбал: Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгээс 2024.11.14-ний өдрийн албан бичгээр манай байгууллагын 2024 оны 09 сарын орон нутгийн нэмэгдэл болох 2,579,600.0 төгрөгийн зардлыг шийдвэрлэж өгөх талаар, мөн Ерөнхий боловсролын Ирээдүйн-Одод сургуулиас мөн өдөр тус сургуулийн 09, 10 дугаар сарын орон нутгийн нэмэгдэл олгох зардлыг шийдвэрлүүлэх талаар албан бичгээр хүсэлт ирүүлж, захирал, эрхлэгч нар энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр хариуцсан мэргэжилтэнд удаа дараа хандсан боловч шийдэж өгөхгүй байгаа тул танд албан бичгээр хандаж байсан талаар хэлсэн. Дээрх асуудлын талаар болон төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ажилтны ажлын хариуцлагыг авч хэлэлцэхээр 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлын хэсэг хуралдаж холбогдох байгууллагын багш, ажилтнууд тодорхой хугацаагаар хохирч, хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн болох нь тогтоогдож, Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах арга зүйч **г ажлаас чөлөөлөх, энэ асуудлыг шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж 100 хувийн саналаар дүгнэлт гаргасан тул Боловсролын газрын даргын Б/42 дугаар тушаал гаргасан.
Боловсролын газрын даргын 2024 оны Б/42 дугаар тушаалыг газрын даргын эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгож, утга агуулгыг өөрчлөхгүйгээр утга найруулгыг засч тушаалын үндэслэлд нэмэлт оруулж, Б/49 тушаалыг гаргасан. Орхон аймгийн Боловсролын газрын даргын **г ажлаас чөлөөлсөн Б/49 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэлд: ажлаа чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэдэг, урьд өмнө асуух, сануулах, хурлаар оруулах арга хэмжээ авч байгаагүй, өрөөндөө дуудаж ажлаа өг, өөр ажил хий, ажлаас хална гэх мэтээр дарамт шахалт үзүүлдэг талаар дурдсан байна.
Энэ асуудлаар Боловсролын яамны Ёс зүйн дэд хороонд өргөдөл гаргаж шалгуулсан, ёс зүйн дэд хорооноос 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 тоот дүгнэлт гаргаж, “Боловсролын газрын дарга нь ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн төдийгүй тухайн мэргэжилтэн нь ажлын туршлага дутмаг, хариуцсан ажил үүргийн хүрээнд ажлыг бүрэн гүйцэт хэрэгжүүлдэггүй гэж дүгнэсэн” гэжээ.
9. Хариуцагч Орхон аймгийн Боловсролын газрын дарга ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юуны өмнө **тэй хувь хүнийх нь хувьд ямар нэгэн зөрчилтэй асуудал байхгүй. Бид хоёрын маргаад байгаа, болохгүй байгаа зүйл цэвэр **гийн өөрийнх нь эрхэлж байгаа ажил үүрэгтэй холбоотой. Мөн хувь хүний өөрийнх нь ёс зүй дээр суурилж гарч ирж байгаа асуудал маргаан байгаа юм. Асуудал юунаас эхэлсэн бэ гэхээр төрийн албанд хүмүүс анх ажилд орохоосоо эхлээд зөв шударга үйл ажиллагаандаа дүрэм журмаа бариад явах ёстой. Гэтэл харамсалтай нь Орхон аймгийн Төрийн албаны зөвлөлөөс энэ хүнийг анхнаас нь дүрэм журмын дагуу явуулаагүй гэх юм уу, жишээлбэл төрийн албан хаагч тухайн нэр дэвшигдэж тушаал гараад ажилд орсноосоо хойш 6 сарын дараа тангараг өргөх ёстой байтал Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн шалтгаангүйгээр ажилд ороод долоохон хонож байгаа хүнийг тангараг өргүүлсэн байж байгаа. Ингээд ерөнхийдөө төрийн албан хаагчдыг ажилд оруулах, томилох, тангараг өргүүлэх ажил ямар нэгэн гадны дарга, эрх мэдэлтнүүдийн нөлөөллийн дор өнөөдрийг хүртэл явсаар байна. Ингээд тангараг өргөөд ажилдаа орсон. Нэгэнт төрийн албаны тангараг өргөсөн хүн ажил мэргэжилдээ алдаа дутагдалгүй ажиллах ёстой. Төрийн албан хаагч бол бусад иргэдээс илүү хариуцлага хүлээдэг албан тушаал. Нөгөөтэйгүүр Орхон аймгийн боловсролын салбарын санхүүг хариуцаж явж байгаа бол ерөөсөө ямар ч алдаа гаргах эрх байхгүй. Жишээлбэл Монгол хэлний мэргэжилтэн гэхэд тодорхой хэмжээний алдаа гаргахад хохирол нь бага байдаг. Гэтэл санхүү эрхэлсэн хүн бол ажил албан тушаалдаа алдаа дутагдал гаргах юм бол цаана нь өч төчнөөн хүн хохирч байдаг.
Ганцхан жишээ гэхэд ахмад багш нарт зориулсан 170.000.000 төгрөгийн гүйлгээг цаг хугацаа алдсан, мэдээг нь буруу өгснөөс болж 170.000.000 төгрөгийн санхүүжилтийг сургуулиуд хуваарилж авч тэрүүгээрээ тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх ёстой байтал энэ 170.000.000 төгрөг шийдэгдэхгүйгээр татагдсан. 170.000.000 төгрөгөөс 98.000.000 төгрөгийг **г ажлаа өгсний дараа бид нар хөөцөлдөж авч энэ асуудлуудыг шийдвэрлэсэн байх жишээтэй. Мөн 4 дүгээр сургууль дээр 15,000,000.0 төгрөгийг орон алдаж 15,000.0 гэдэг байдлаар тэр сургуулийн санхүүжилт байхгүй болох жишээтэй. Мөн 17 дугаар цэцэрлэгийн манаач нарын шөнийн нэмэгдлийн асуудал байж байна. Хэрэгт хавсаргачихсан байгаа. Ингээд ерөөсөө **гийн алдааг аваад үзэхээр ерөөсөө барих баримжаа байхгүй. Зарим мэргэжилтнүүдтэй ажиллаж байхад орлого талдаа алдаад байгаа юм байна. Төлөвлөлт талдаа алдаад байгаа юм, бичиг баримтын бүрдэл талдаа алдаад байгаа юм байна гээд барьж аваад тэрэн дээр нь засварыг нь хийгээд залруулж болдог. Гэтэл **гийн хувьд ерөөсөө бүхий л үйлдэл дээрээ алдаа гаргаад байдаг.
Ингээд би тодорхой хэмжээнд удирдах ажил хийгээд залуучуудтай ажиллаж байсан хүн учраас аль болох залуучуудыг ажил мэргэжил дээрээ алдахгүй байх бас нэг зөв залруулаад аваад явчих юм сан гэдэг байдлаар **д хувийн байдлаар өрөөндөө оруулж ирээд энэ дээрээ алдаад байна, ийм заавар зөвлөгөө гараад байна, ийм алдаа хийж болохгүй гэхээр өгч байгаа заавар зөвлөгөөг өөрөөр хүлээж авдаг. Энэ хүн миний алдааг засаж надад тусалж дэмжиж байна гэдэг байдлаар хүлээж авахгүйгээр дарамт, шахалт байдлаар хүлээж авсан учраас би үндсэндээ бараг **гээс айсан. Надтай ингэж харьцаж байгаа юм чинь яаж ч мэдэх юм байна гэсэн сэтгэгдэлтэй болсон. Манай байгууллага 1 дэх өдөр болгоны өглөө найман цагаас 09 цагийн хооронд байгууллагын шуурхай хийдэг. Энэ байгууллагын шуурхай дээр манай бүх мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажил, ирэх долоо хоногт хийх ажлынхаа төлөвлөлтийг танилцуулдаг. Тэрэн дээр үүрэг даалгавар өгөөд явсан. Ингээд **гийн хувьд өнгөрсөн хугацааны архивын бичиг баримттай танилц, ажлынхаа гүн рүү ор гэхээр би танай байгууллагад удахгүй, татварын газар руу явна, нэг бол Орон нутгийн өмчийн алба руу нэрээ дэвшүүлчихсэн байгаа, нэг бол Нийгмийн даатгал руу мэдүүлээд дэвшүүлчихсэн байгаа учраас би танай байгууллагад удахгүй гэдэг байдлаар хоноцын сэтгэлтэй хандаж эхэлсэн. Ингээд хоноцын сэтгэлтэй хандаж эхлэхээр ажил нь ахицгүй болж эхэлсэн. Ингээд цаг хугацаа 12 сар руу дөхөөд байдаг. 7 дугаар сараас хойш ирэх оны төлөвлөлтийг хийх ёстой байдаг бөгөөд 11, 12 сар гэхэд манай боловсролын салбар тайлан тооцооны хувьд маш том алдагдал, маш том эрсдэлд орох ийм дүр зураг харагдаж эхэлсэн. Үүнээс би маш их айсан. Ингээд ** бид хоёр энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явах юм бол би ч өөрөө бас томоохон эрсдэлд орж хариуцлага хүлээх юм байна, салбараараа санхүүгийн эрсдэлд унах юм байна гэдэг болгоомжлол байсан учраас алдааг бага дээр нь засаж залруулах үүднээс энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн. **г ажиллах хугацаанд бид нар бас хүн ёсоор хандаж байсан. Элэгний өөрчлөлттэй боллоо, эмчилгээнд явах шаардлагатай боллоо, хүүхдээ аваад эмнэлэгт хэвтлээ, хүүхэд маань өвдчихлөө гээд тэр тоолонд би чөлөө зөвшөөрлийг нь өгч байсан. Төсвийн мэргэжилтэн 7 дугаар сард амрах эрх байхгүй.
Гэтэл Япон явах шаардлагатай байна, ажил амьдралаа сайжруулах хэрэгтэй байна, би Японд оччихоод Японоосоо өөрийнхөө ажлыг хийгээд явна, ирэх оны төсөв төлөвлөгөөгөө хийгээд эргээд хугацаандаа ажилдаа орно гэдэг зүйлийг ярьсан. Тэгээд итгэл үзүүлээд явуулсан. Гэвч ерөөсөө аймгуудын нэр дурдагдаад, тайлан баланс тушаах үйл ажиллагаанд манай аймаг хоцорч эхэлсэн. Ингээд арга буюу **аар **гийн ажлыг хийлгэж ирэх оныхоо төсөв төлөвлөгөө, тайлан балансыг тушаах ажлуудыг хийлгэсэн байгаа. Ер нь ** нэг ч удаа нягтлангийн ажил хийж үзээгүй, нягтлангийн ажлыг мэдэхгүй учраас чи сургууль, цэцэрлэгүүд дээр явж нягтлангийн ажилтай танилцах шаардлагатай байна гээд заавар зөвлөгөө өгөхөөр тэрийг буруу ойлгоод яриад байдаг асуудал байсан. Тэгээд ерөнхийдөө салбарынхаа нэр томьёонуудыг хүртэл мэдэхгүй. Сая Дэгдээхэй цэцэрлэгийн тухай асуудал ярьж байна шүү дээ. Дэгдээхэй цэцэрлэгийн улсын төсвийг тасалдууллаа гэж бид нар ерөөсөө яриагүй. Дэгдээхэй цэцэрлэгийн нэмэлт орлогыг төлөвлөж хийж явуулах ёстой. Тэгснээс болоод тэр хүүхдүүдэд олгогдож байгаа хоол унд тасалдах биш харин нэмэлт шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлд орсон. Яагаад тэгж байгаа вэ гэхээр хоёр ээлжийн багштай цэцэрлэг юм. 12 цагаар ажилладаг. Эцэг эхчүүдээс нэмэлт 1000 төгрөг аваад түүн дээр нь 5 дахь удаагийн нэмэлт хоол болгож өгдөг.
Тэгэхээр 420 хүүхдийн төсвийг тасалдууллаа гээд байгаа юм биш, харин тэр 1000 төгрөгийн нэмэлт орлогыг тооцоолоод төсөв төлөвлөгөөг нь гаргаж тавигдахгүй байна, тэрнээс болоод 5 дахь хоолоо идэж чадахгүй байгаа учраас тэр хүүхэд шим тэжээлийн дутагдалд орно шүү дээ. Ийм энгийн зүйлийг нь хүртэл, яг энэ нэр томьёогоо ойлгохгүй л яриад байна. **гийн хийгдэж байгаа бүхий л санхүүгийн үйл ажиллагаа архивын нэгж үүсэж хадгалагдаж явж байх ёстой. Гэтэл **ийн үед тэтгэвэрт гарах гэж байгаа багш нарын материалуудын тооцоо бүх юмнууд нь хэдэн жил ажилласан байна, ямар өргөдлөө өгсөн байна, энэ хүн хэдэн төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж авахаар байна, 6 сарын тэтгэмж нь хэд байх вэ? тэтгэвэр тэтгэмж нь хэд байх вэ? гээд нягтлангуудтай нь уулзаж яриад, жагсаалт гаргаад тэр нь өөрөө архивын нэгж үүсээд хадгалагдаж байх ёстой. Гэтэл одоо хяналтгүй явж байгаагийн баталгаа, нотолгоо нь өнөөдөр өөрөө хувийнхаа мэйлээс надаар хянуулж байгаагүй тийм материалуудыг гаргаж ирж байна шүү дээ. Бид нар сүүлд нь **гийн үүсгээгүй тэр архив, санхүүтэй холбоотой баримтуудыг бүгдийг нь нөхөж хийж байгаа. Тэгэхдээ гарч ирж байгаа, архивд авагдаагүй материалууд манай дээр лавлагаа үүсгээд ирэхэд бид нар яг тэр баримтыг нь гаргаад нотолчих чадваргүй болгочихсон байж байгаа. Тийм учраас би 1 дэх өдрийн шуурхай дээр өгч байгаа үүрэг даалгавруудын нэлээд зүйлүүд надаар хянагдахгүй ерөнхий газар руу яваад байгаа юм бэ, яагаад надаар хянагдахгүй зүйлүүд яваад байна вэ гэдэг асуудлыг түүнд хэлж тавьсан байгаа. Аливаа нэгэн мэдээ тайлан явуулахдаа заавал надаар хянуулж бай гэдэг үүрэг даалгавар өгсөн байгаа. Төрийн албан хаагч бол дээд удирдлагадаа ажил эрхэлж байгаатай нь холбогдуулаад байнгын мэдээллээр хангах үүрэгтэй.
Гэтэл энэ үүргээ ерөөсөө хэрэгжүүлдэггүй. Тэгээд хүн туршлагагүй байж болно, гэхдээ маш богино хугацаанд өөрөө ийм ажил дээр байгаа юм байна шүү гээд өөрөө сурч эрмэлзэх, өдөр шөнөгүй суух, мэргэжил рүүгээ хурдан түргэн явж орох гэдэг ийм зүйлүүд рүү хандах ёстой байтал би энд байж байгаад хаашаа ямар албан тушаал руу явах вэ гээд Боловсролын газрыг дамжлага маягийн байдлаар ойлгож хоноцын сэтгэлээр хандсан. Энэ нь төрийн албан хаагчид байж болшгүй ёс зүй. Ингээд хувь хүн талаасаа ийм байж болохгүй, ийм ёс зүй гаргаад мэргэжил арга зүй дээрээ алдаа гаргаад энэ нь өөрөө салбарыг томоохон эрсдэлд оруулах нөхцөл байдал үүссэн учраас энэ хүнийг арга буюу Төрийн албаны хуульд заасан хууль эрх зүйн хүрээнд ажлаас нь чөлөөлсөн” гэв.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боловсролын газрын даргын Б/49 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах, Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах арга зүйч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон ниймгийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Төрийн албаны шаардлагыг даваад гарч ирсэн байгаа. Энэ хүн ажлаа хийж чадахгүй гэдэг ажил олгогч, ажилтаны хоорондох хувийн асуудал байдаг юм байна. Энэ хүн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон үйл баримт байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд зааснаар 49 дүгээр тушаалын 4 дүгээр зүйлд хамаарна. 39 дүгээр зүйлийн зохицуулалтыг зохицуулсан. Өнөөдөр **д сонсох ажиллагаа огт хийхгүйгээр ажлаас халж байгаа нь бүдүүлэг алдаа л даа. Эрх зүйн факт буюу үйл баримтуудыг дурдаад Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн нэлээн олон зүйлийг дурдсан.
Мөн Төрийн албаны тухай хуулийн ажил олгогч буюу албан тушаалтны хувьд ажлаа зохих ёсоор хийх боломжгүй байсан учраас саналыг гаргаж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй. Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ биелүүлээгүй бол дараахь сахилгын шийтгэл оногдуулна гээд заасан. Төрийн албаны тухай хуулийн 41.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж болно гэсэн байдаг. Ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах зэрэг нэхэмжлэл гаргасан. Байгууллага өөрөө тодорхой ярьсан учраас би нэмж ярихгүй. Төрийн албан хаагчийг ажлаас халж байгаа бол комисс гаргаад явах хэрэгтэй. Алдаа гаргаж болно. Дархлаа тогтоохын тулд байгууллага юу хийсэн бэ гээд албан бичгийг шүүх үнэлж судалсан. Орхон аймгийн Боловсролын тухай хуульд зааснаар цаг хугацаандаа явж байсан зүйлийг очоогүй гэж тайлбарлаж байна. Ойрхон алдаагаа залруулаад явсан учраас 27, 28 дугаар зүйлийн зохицуулалтыг баримтлан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий Б/49 дугаартай тушаалыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Ажилтныг ажилд авах, халах эрхтэй. Тийм учраас энэ бол захиргааны акт. Өөрөөр хэлбэл 106.3.14-ийн хувьд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тушаалын үндэслэлд Төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйлийг зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүхэд хэргийн талаар бодит үнэн мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн хэлж байгаачлан ** нь үндсэн ажлаа хийхгүй байгаа учраас Боловсролын байгууллагад эрсдэл үүсэх нөхцөл байдал үүссэн байна.
Ажлаа хангалттай биелүүлээгүй байна. Хөндлөнгийн байгууллага нь дурдсан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэ хүнийг сурган дадлагажуулахгүй байна гэж байна. Өрөөндөө дуудаад хэлэхээр буруугаар ойлгож хүлээж авахгүй байсан учраас байгууллагын хамт олны дунд хэлсэн. Энэ хүн албаны эрх мэдлээ урвуулан ашигласан. Тухайн Боловсролын газрын даргын зөвшөөрөлгүй байгууллагын нягтлангууд дээр очиж удирдамжгүй шалгалт хийдэг.
Ээлжийн амралтаа эмнэлгийн бичиггүй хугацаанаас өмнө аваад 8 дугаар сарын 26-ны өдөр авсан. Ажил төрлөө хугацаандаа хийхгүй ноцтой зөрчлийг гаргасан нь хэрэгт авагдсан сая судлагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье” гэв.
Гэрч ** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Боловсролын ерөнхий газраас Орхон аймгийн төсвийн төсөл хоцорчихлоо, хугацаандаа ирүүлээгүй гээд сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнүүд над руу залгаж хэлсэн. Дээрээс нь групп дээр Орхон аймаг хоцорчихлоо, холбогдох хүн байна уу гээд тэрнээс болоод төсвийн төслийг хийсэн. ** уг нь хийх ёстой. Миний хувьд төсвийн төсөл хийхдээ тэтгэвэр тэтгэмж, хөдөө орон нутгийн нэмэгдэлүүдийг гаргаж явуулсан. ** нь надад “би компьютероо гэрийнхээ үүдэнд мартчихжээ, чи хийгээд өгөх боломж байна уу” гэсэн. Би чи төсвийн төслөө хугацаанд нь явуулаагүй юм уу? над руу залгаад байна, өмнөөс чинь би загнуулаад байна гээд өмнөөс нь хийж өгсөн. Тухайн мэдээ тайланг 7 дугаар сарын 09-ний өдөр гаргаж өгөх байтал би 7 дугаар сарын 18-ны өдөр гаргаж баталгаажуулж явуулсан. Тэгээд газрын тайлангаа 7 дугаар сарын 21-ний өдөр аваачиж өгсөн. Тэр үед Боловсролын яаман дээр санхүүгийн мэргэжилтэн Гансүмбэрэл дээр тоог нь үнийн дүнтэй нь тулгаад ирсэн. Мэдээ, тайлангаа цаасаар гаргаж надад хүлээлгэж өгсөн юм байхгүй, уг нь хадгаламжийн нэгж болоод архивт хадгалагдаж үлдэх ёстой байдаг. Дээрх баримтуудыг нь сар болгон архивын нэгж болгоод, мөн даргаар хянуулаад явуулах ёстой. Нэгжүүдээс ирсэн дүн зөрүүтэй байх юм бол нэгж болгонтойгоо ярьж тэр дүнгээ засдаг. Тэгээд тэрийгээ эргүүлээд ерөнхий газар руу албажуулаад хүргүүлэх ёстой. Экселээр явуулсан юм чинь очоод засагдах магадлал өндөртэй, утсаар ярьж байгаад хоорондоо засчихаж болдог. Намайг ээлжийн амралттай байх хугацаанд нягтлан бодогчид гээд чат группэд өөрийнхөө тавьсан мэдээллийг намайг тавьсан гэж шуурхай дээр хэлж гүтгэсэн байсан. Би тэр групп дээр байдаг. Тэр мэдээллийг тавьчихаад хэсэг хугацааны дараа өөрөө устгасан. 2024 оны төсвийн төсөл дээр орны нарийвчлал андуурч явуулсан, бид нар 6 дугаар сарын орлогыг өгөхийн тулд 5 дугаар сарын 25-ны өдөр гэхэд мэдээллээ өгсөн байх ёстой. Түүнээс хойш дахиад засах ямар ч боломж байхгүй. Сард нэг л удаа орлогын санал явуулна. Орны нарийвчлал алдлаа гэхэд сар алдана. Дахиад 10 дугаар сард орны нарийвчлал алдсан эргээд 11 дүгээр сард гүйлгээ хийгддэг...” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэгч ** нь анх Орхон аймгийн Боловсролын газрын дарга **д холбогдуулан
“Боловсролын газрын даргын 2024 оны Б/49 дугаартай тушаал илт хууль бус болохыг тогтоож, мөн даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, Боловсролын газрын төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоох, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи хугацааны ажилгүй байгаа үеийн цалинг гаргуулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж маргасан.
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч **гээс “Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “**г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 16,840,459.0 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж,
“Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах болон сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол гаргуулах” шаардлагуудаасаа татгалзсан бөгөөд шүүх хуралдаанд уг шаардлагуудаа дэмжин мэтгэлцэж оролцов. /ХХ-ийн 185-186 дугаар тал/
1.2.Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа “Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар ** намайг 2 дахь удаагаа ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байгаа тул Б/49 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгох” гэсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** нь “...Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодруулж, үндэслэлээ тайлбарласан тул маргаан бүхий Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаар гаргасан гэж дүгнэв.
1.3. Шүүх нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “**г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 16,840,459.00 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “**г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “**г албан тушаалд томилох тухай” Б/85 дугаар тушаалаар тус газрын Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах арга зүйч /мэргэжилтэн/-ээр томилогдон ажиллаж байжээ.
2.2. Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “**г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/49 тоот тушаалаар **г “Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон хориглох заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /ХХ-ийн 36-37 дугаар тал/
2.2. Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр болон энэ өдрийн шүүх хуралдаанд “....Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. Учир нь 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалын 4 дэх заалтаар Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгосон” гэж татгалзсанаа илэрхийлсэн тул тухайн захиргааны актын эрх зүйн үндэслэлийг хянах шаардлагагүй харин Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/49 дүгээр тушаалын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
2.3. Нэхэмжлэгч нь Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг эс зөвшөөрч Монгол улсын Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан, тус Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 04/2698 дугаартай албан бичгээр “...Б/49 дүгээр тушаалыг эс зөвшөөрвөл уг тушаалыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд, эсхүл Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах эрхтэй...” гэх хариу өгснөөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд уг маргаан нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т “энэ хуульд заасан бусад үндэслэл”, 75 дугаар зүйлийн 75.1-т “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн ... 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 76 дугаар зүйлийн 76.3-т “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” тус тус заасанчлан Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан, шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчөөгүй байна. /ХХ-ийн 19, 36-37 дугаар тал/
Хэргийн талаар:
2.4.Орхон аймгийн Боловсролын газраас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн **гийн Төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн” талаар ажлын хэсэг хуралдаж, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж 100 хувийн саналаар дүгнэж, ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. /ХХ-ийн 44-47 дугаар тал/
Дээрх ажлын хэсгээс **г дараах үндэслэлүүдээр Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон хориглох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсгийн “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэсэнд
-Байгууллагын шинээр ажилд орсон ижил түвшний албан хаагчдад албан тушаалаа ашиглан боловсролын салбарын нэгж байгууллагын албан хаагчдаас мөнгө их хэмжээгээр авч болдог гэсэн ойлголтыг төрүүлж болзошгүй нөхцөл байдал үүссэн,
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэсэнд
-өгсөн үүрэг даалгавар бүрэн биелүүлдэггүй,
-2025 оны төсвийн төсөл хуулийн хугацаанд нэгтгэн дээд шатны байгууллагад хүргүүлж, хүлээлгэн өгөөгүй,
-2025 онд тэтгэвэр, тэтгэмж авах багш, ажилчдын мэдээллийг бүрэн хянаагүй,
-Орхон аймгийн зарим сургууль, цэцэрлэгт ажлын төлөвлөгөөнд тусгаж урьдчилан мэдэгдэхгүй очиж шалгалт хийсэн,
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдол” гэсэнд
-Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн 9 дүгээр сарын орлого хуваарилуулах хүсэлт өгөхөд орон алдаж, 15.0 сая төгрөг хуваарилуулах хүсэлтийг 15,000.0 төгрөг хуваарилсан,
-Орхон аймгийн 17 дугаар цэцэрлэгийн орон нутгийн нэмэгдэл цалингийн орлогыг хуваарилуулах хүсэлтийг орхигдуулсан тус цэцэрлэгийн 43 албан хаагчдын 9 дүгээр сарын цалин хөлсийг олгоогүй,
-Орхон аймгийн 24 дүгээр цэцэрлэгийн 10 сарын орон нутгийн 31 ажилтны цалингийн 2,3 сая төгрөгийн нэмэгдлийн зарцуулах эрх нээлгэх хүсэлт өгөхөд дутуу хуваарилуулах хүсэлт дээд шатны байгууллагад явуулснаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсэж, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх хязгаарлагдсан,
-Орхон аймгийн Дэгдээхэй цэцэрлэгийн 10 сарын нэмэгдэл хоолны 7,5 сая төгрөгийн орлогын хүсэлтийг дутуу хуваарилуулах хүсэлт дээд шатны байгууллагад явуулснаар 420 хүүхдийн хоолны шим тэжээл буурах нөхцөл бүрдсэн,
-Орхон аймгийн Уран эгшиг сургуульд Улаанбаатар хотын 84 дүгээр сургуулиас шилжиж ирсэн багш **ийн I эрэмбээр үнэлэгдсэн гүйцэтгэлийн үнэлгээний мөнгөн урамшууллын асуудлыг шийдвэрлээгүй 11 сарын турш хүлээлгэсэн гомдолтой байгаа зэрэг нөхцөл байдал үүсгэж байгаа нь Орхон аймгийн боловсролын салбарын 50 нэгж байгууллагын 2024 оны жилийн эцсийн байдлаар санхүүгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх тайлан мэдээ гаргах нөхцлийг бүрдүүлж байна. Иймээс боловсролын салбарын нягтлан бодогч нарыг 2024 оны 11, 12 дугаар саруудад зөв удирдлагаар чиглүүлж, төсвийн тухай хуулийг баримтлан ажиллах нөхцөл боломжийг хангах хэрэгцээ үүсэж байна” гэж дүгнэжээ.
2.5. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Боловсролын газрын Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах арга зүйчээр ажиллаж байхдаа
а. Орхон аймгийн Боловсролын газрын дарга болох удирдлагаас өгсөн “дээд шатны байгууллагууд руу мэдээ, тайлан явуулахдаа танилцуулж, хянуулж явуулах” гэх удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа зөрчсөн. /Боловсролын газрын ажилчдын Шуурхай явуулахдаа хөтөлдөг тэмдэглэлийн 1 дүгээр дэвтрийн сүүлийн хуудасны ар талд тодруулагчаар тодруулсан, 2 дахь тэмдэглэлийн дэвтрийн эхний 1, 2 дугаар хуудас/
б. “2025 оны төсвийн төсөл хуулийн хугацаанд нэгтгэн дээд шатны байгууллагад хүргүүлж, хүлээлгэн өгөөгүй”, “2025 онд тэтгэвэр, тэтгэмж авах багш, ажилчдын мэдээллийг бүрэн хянаагүй”, “Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн 9 дүгээр сарын орлого хуваарилуулах хүсэлт өгөхөд орон алдаж 15.0 сая төгрөг хуваарилуулах хүсэлтийг 15,000.0 төгрөг хуваарилсан”, “Орхон аймгийн 17 дугаар цэцэрлэгийн орон нутгийн нэмэгдэл цалингийн орлогыг хуваарилуулах хүсэлтийг орхигдуулсан тус цэцэрлэгийн 43 албан хаагчдын 9 дүгээр сарын цалин хөлсийг олгоогүй”, “Орхон аймгийн 24 дүгээр цэцэрлэгийн 10 сарын орон нутгийн 31 ажилтны цалингийн 2,3 сая төгрөгийн нэмэгдлийн зарцуулах эрх нээлгэх хүсэлт өгөхөд дутуу хуваарилуулах хүсэлт дээд шатны байгууллагад явуулснаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсэж, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх хязгаарлагдсан”, “Орхон аймгийн Дэгдээхэй цэцэрлэгийн 10 сарын нэмэгдэл хоолны 7,5 сая төгрөгийн орлогын хүсэлтийг дутуу хуваарилуулах хүсэлт дээд шатны байгууллагад явуулснаар 420 хүүхдийн хоолны шим тэжээл буурах нөхцөлийг бүрдүүлсэн” зөрчлүүд,
в. “Боловсролын салбарын нэгж байгууллагын ажилтан болох өөрийнхөө удирдлага дор ажилладаг нягтлангууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүнээс их хэмжээний мөнгө зээлж албан тушаалын байдлаа давуу байдал болгосон, Боловсролын газраас батлуулсан удирдамж, томилолтгүйгээр өөрийн дураар сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийсэн” гэх зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрч **ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /ХХ-ийн 44-50,71-77, 83-84, 125-150 дугаар тал/
2.6. Нэхэмжлэгч **гийн дээрх /факт/ үйлдэлд Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.12, 37.1.13, 37.1.15, 37.1.16, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 47 дугаар зүйлийн 47.1.4, 47 дугаар зүйлийн 47.2, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон хориглох заалтыг зөрчсөн” гэх зөрчилд зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулсаныг буруутгах үндэслэлгүй.
2.7. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7 “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.12 “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх”, 3.1.13 “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.15 “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах”, 37.1.16 “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, 47 дугаар зүйлийн 47.1.4-т “энэ хуульд заасан бусад үндэслэл”, 47.2 “Энэ хуулийн 47.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэж тус тус заажээ.
2.8. Шүүхээс маргаан бүхий сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актад хууль зүйн дүгнэлт өгөх, түүнчлэн захиргааны актын үндэслэлийг хянан шалгах үүрэгтэй бөгөөд хэрэв тус маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй болох нь нэгэнт тогтоогдсон энэ тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцлагын хэмжээг бууруулах, өөрчлөх эрхгүй.
2.9. Иймд маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “**г албан тушаалаас чөлөлөх тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.10. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох“ гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.
Гурав. Нэхэмжлэгчийн “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 16,840,459.0 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг **ээр нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд:
3.1.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.2.2-т “төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ” заасан бөгөөд төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
3.2.Түүнчлэн, Орхон аймгийн Боловсролын газраас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн **гийн Төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн” талаар ажлын хэсэг хуралдаж, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2 “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол”, 28.1.3 “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэх үндэслэл бий болсон гэж үзэн **д сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүйгээс гадна тухайн ажлын хэсэгт нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй” зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотолсон байна гэж дүгнэлээ.
3.3. Хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
3.4. Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан гаргасан “Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах болон сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол гаргуулах” шаардлагуудаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар тус шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.12, 37.1.13, 37.1.15, 37.1.16, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 47 дугаар зүйлийн 47.1.4, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **гийн Орхон аймгийн Боловсролын газрын дарга /**/-д холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 16,840,459.0 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **гийн Орхон аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол гаргуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ