Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар  2024/ДШМ/32

 

 

 

                       

 

    2024           01            02                                        2024/ДШМ/32

 

 

Г.А, Ц.Б, Б.Т, Ш.О

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Б.Батнасан,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Чимэдбадам,

шүүгдэгч Ш.Огийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарын бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Анужингийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 80 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Г.А, Ц.Б, Б.Т, Ш.О нарт холбогдох 2102 005250 010 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

1. Ш.О, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, хүү нарын хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, РД:00000000, нас барсан,

2. Б.Т, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологич мэргэжилтэй, “Капмон ББСБ” ХХК-д зээлийн эдийн засагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Стадион оргил Их Монгол” гудамж, 000 дугаар байрны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: 0000000/,

3. Г.А, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Брэйв нью монголиа медиа” ХХК-д зураглаач, эвлүүлэгч ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо 0000000000 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 00-00 тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000000 /,

4. Ц.Б, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент, төрийн захиргааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00а байрны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

- урьд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн,

- 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн,

- 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан ба 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 30 дугаартай захирамжаар үлдсэн 6 сар 15 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон.

Шүүгдэгч Ш.О нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан Морфин /morphine/ гэх нэршилтэй 26 ширхэг хориглосон мансууруулах тариаг Б.Тд 180,000 төгрөгөөр худалдсан,

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон 26 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Ш.Огаас 180,000 төгрөгөөр худалдан олж авсан, улмаар мөн өдрөө дээрх 26 ширхэг морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 25 дугаар хороо “Техник импорт” төвийн 307 тоотод байрлах “Капмон” банк бус санхүүгийн байгууллагын байранд болон өөрийн биедээ хадгалсан,

мөн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ц.Бтай хамтран Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас “Мансууруулах эмийн жор” гэх хуурамч жорыг ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон 57 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 142,500 төгрөгөөр худалдан олж авсан улмаар мөн өдрөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх 57 ширхэг морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тарианаас 32 ширхэг тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ц.Бтай хамтран эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ыг хуурамч болохыг мэдсээр байж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тариа 57 ширхгийг худалдан авахдаа ашигласан,

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан хилл” цогцолборын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эс” гэх нэртэй интернэт тоглоомын газарт эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ын эхийг бэлтгэж, улмаар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Рокмон” ХХК-ийн 2 дугаар давхрын 209 тоотод 2 ширхгийг өнгөт хэвлэгчээр хэвлэн гаргаж хуурамчаар үйлдсэн,

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Т-тэй хамтран Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас “Мансууруулах эмийн жор” гэх хуурамч жорыг ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан морфин /Morphine/ гэх нэршилтэй, хориглосон 57 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 142,500 төгрөгөөр худалдан олж авсан, мөн өдрөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх 57 ширхэг морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тарианаас 25 ширхэг тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б.Т-тэй хамтран эрх олгосон баримт бичиг буюу “Мансууруулах эмийн жор”-ыг хуурамч болохыг мэдсээр байж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангаас морфин /morphine/ гэх нэршилтэй, хориглосон мансууруулах тариа 57 ширхгийг худалдан авахдаа ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ш.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Т, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Тг Эрүүгийн хуулийн ерөнхий айгийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ш.О-д холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас, шүүгдэгч Ц.Би-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас, шүүгдэгч Г.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлж, шүүгдэгч Б.Т энэ хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 65 хоног, шүүгдэгч Ц.Б энэ хэрэгт 2023 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг морфин тариа, зүү тариур, хэрэглэсэн 1 удаагийн зүү тариур, цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн, хоосон капсул, ампул, Б.Тгийн биеэс хураан авсан 1 ширхэг морфин тариа зэрэг эд зүйл, шүүгдэгч Б.Тээс хураан авсан 31 ширхэг морфин, 10 ширхэг тарианы хоосон сав, шинжилгээнд хүргүүлсэн 1 ширхэг хоосон морфин, 6 ширхэг хэрэглээгүй зүү тариур, тебантин гэх нэртэй эмийн хоосон таблетик 1 ширхэг, трамадол гэсэн бичиглэлтэй 5 ширхэг эмийн хоосон таблетик, 1176898 гэсэн дугаартай жорын маягтын үлдэх хувь, монос эмийн сангийн 2 ширхэг НӨАТ-ын бичиг, шүүгдэгч Ц.Б-аас хураан авсан 1 гэж дугаарласан 25 ширхэг морфин, 2 гэж дугаарласан дуслын систем, 3 гэж дугаарласан хэрэглэсэн зүү 3 ширхэг, 4 гэж дугаарласан натрийн усны гялгар уут 1 ширхэг, 5 гэж дугаарласан цус мэт зүйлээр бохирлогдсон дуслын системийн зүү ширхэг, 3 гэж дугаарласан морфин гэсэн бичиглэлтэй хуванцар хоосон сав 10 ширхэг, 7 гэж дугаарласан хэрэглэсэн тариур 2 ширхэг, 8 гэж дугаарласан задалсан дуслын систем 1 ширхэг, 9 гэж дугаарласан морфин гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн хэрэглэсэн тарианы шил 4 ширхэг, 10 гэж дугаарласан тебантин гэсэн бичиглэлтэй капсултай эм 5 ширхэг зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг даалгаж, хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Анужин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт, ТОГТООХ нь хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Б.Т, Ц.Б нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т, Ц.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэх ойлголт ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж тус тус заажээ. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Т, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн заалтыг зөрчиж, хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл”-д хамаарч байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, зөвтгүүлэх нь зүйтэй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/660 дугаартай шийтгэх тогтоолд “шүүгдэгч Б.Т, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж” гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Б.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан. Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэгт холбогдсон үеэс хойш Монгол Улсад болон гадаад улсад сэтгэл зүйн эмнэлэгт нөхөн сэргээх, сэтгэл заслын эмчилгээг үр дүнтэй хийлгэж байгаа. Эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн тул давж заалдах шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадаагүй. Прокурорын эсэргүүцэлд тусгайлан гаргах санал, тайлбар байхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Д.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Бийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж өгнө үү гэдэг хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан. Шүүгдэгч Ц.Б нь хорих байгууллагад эмчлүүлэх боломжгүй цусны ховор төрлийн өвчтэй. Зайлшгүй морфин хэрэглэх шаардлагатай байсан тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хоёуланг нь хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Он өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд тусгайлан гаргах саналгүй байна. Шүүгдэгч Ш.О нас барснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол болсон. Шүүхийн шатанд шүүгдэгч Ш.Од холбогдох хэсгийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Ог шүүхийн шатанд нас барсан тул гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой субъектүүд гомдол гаргасан тохиолдолд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр заасан. Шүүгдэгч Ш.Од холбогдох хэсгийг буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэмт хэрэгт холбогдсоноос хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй. Өвчин намдаах тариа хэрэглэхгүйгээр өөр эмчилгээ хийлгэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул дараах дүгнэлтийг хийв. Үүнд :   

1. Ц.Б нь өмнө нь шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр дахин гэмт хэрэг үйлдсэн асуудлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн шийдвэрлээгүй орхисон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журам зөрчигджээ. 

Тодруулбал, Ц.Б нь урьд удаа дараа гэмт хэрэг үйлдсэн улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.5.24-ний өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор 8 сар хорих ялаар шийтгүүлж /3хх-40-44/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар үлдсэн 6 сар 15 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, түүнчлэн Ц.Б дахин 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэх атлаа 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжийг эрүүгийн хэрэгт хавсаргаагүй, судалж дүгнээгүй буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэл, журмыг хэрхэн хэрэглэх талаар дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан байх тул тухайн алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй юм.  

2. Шүүгдэгч Ц.Б, Б.Т нар 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад нэг хэрэгт нь ял оногдуулахгүй тэнсэж, нөгөө хэрэгт нь ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байхаас гадна шүүгдэгч Г.Аыг ялаас чөлөөлөхдөө тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.     

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Ялаас чөлөөлөх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж буй хамгийн ашигтай хувилбар учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхэд тавигдах шаардлага нэгэн зэрэг үйлчлэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон бусад хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зайлшгүй тогтоогдсон байхыг анхаарах нь зүйтэй.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь субъектив, үзэмжийн асуудал биш бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн сонгон оногдуулж байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг зайлшгүй хийсэн байх шаардлагатай.  

3. Ш.О нь шүүх хуралдаан болохоос өмнө нас барсан байтал түүнийг шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн 3 дахь хэсэгт тус тус зааснаар “яллагдагч, шүүгдэгч нас барсан” бол түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох ба хэрэв түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргасан тухайн  тохиолдолд шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх зохицуулалттай.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй буюу Ш.О 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан үйл баримт авагдсан, өмгөөлөгч хүсэлт гаргасан /3хх-222, 223/ байтал 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон шүүх хуралдаанаар Ш.О-г гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.   

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл, нөхцөл байдлууд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.4” дүгнэлт нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 “хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.6 “...эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл...” зэрэг хуулийн шаардлагад нийцээгүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Прокурор эсэргүүцэлдээ “анхан шатны шүүх нь зарим шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэсний зэрэгцээгээр тэнссэн нь зөв харин албадлагын арга хэмжээ аваагүй байх тул үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон өөрчлөлт оруулж өгнө үү” гэх хоорондоо зөрчилтэй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй болно.     

Шүүгдэгч Б.Т, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Ц.Бид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :              

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Шүүгдэгч Б.Т, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.Бид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                  Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                  Г.ГАНБААТАР