| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 101/2021/00446/И |
| Дугаар | 210/МА2021/00973 |
| Огноо | 2021-06-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2021/00973
| 2021 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2021/00972 |
Г.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/01058 шийдвэртэй нэхэмжлэгч Г.Д-гийн нэхэмжлэлтэй, Р.Т-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, хариуцагч Р.Т-, түүний өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга C.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Т-тай 2007 онд танилцаж, 2008 оноос нэг гэрт орж хамтран амьдарсан. Бид охин Т.Сийлэнг 2011 оны 11 дүгээр сарын 13-нд төрсний дараа 2012 оны 02 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Бид сайхан амьдарч байсан боловч 2020 оны 01 дүгээр сараас Р.Т- намайг бусадтай үндэслэлгүйгээр хардаж, элдвээр хэлж доромжилж, хааяа гар хүрдэг болсон. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр намайг байрны орцонд зодож хүндэвтэр гэмтэл учруулсан тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/1706 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 000 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөр дээрээ авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Охиныхоо нүдэн дээр намайг зодсон учраас охин аавтайгаа уулзахгүй гэж хэлдэг гэжээ.
Хариуцагч Р.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үндэслэлтэйгээр хардаж байгаа, өөрөө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, Хүүхдээ бодоод эвлэрэх талаар гуйж байсан. Нэхэмжлэгч н.Лхамаа гээд залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Би нэхэмжлэгчийг зүгээр байхад нь хардаж зодсон гэж худлаа хэлж байна. Нэхэмжлэгчийн уулздаг тэр хүн одоог хүртэл байгаа. Өөр хүнтэй явж байгаад надад баригдаж байсан. Нэхэмжлэгч архи уудаг, өөрөөсөө залуу эрэгтэй хүмүүстэй уулздаг, хүүхдэд худлаа үг зааж өгдөг. Өөр хүнтэй болсон талаар нэхэмжлэгчийн ээжид нь хэлж, болиулж өгөх талаар гуйхад манай охин найз нөхөдтэйгөө явдаг нас нь гэж хэлж байсан. Ажлын нийлдэг сувилагч нартайгаа нийлж архи уудаг, надтай хамт явж байхдаа согтуу эрэгтэй хүн дагаад айл руу орчихдог. Нэхэмжлэгчийн найз нь хүртэл энэ талаар хэлж байсан. н.Лхамаа гэх хүн машинаараа хүргэж ирдэг, саарал өнгийн приус-30 маркийн машин ирээд зогсоход нэхэмжлэгчийн утсанд нь мессеж ирдэг. Тэгээд нэхэмжлэгч мессежээ устгачхаад намайг олоорой гэж хэлдэг. Байрны 30 хувийг аваад хүүхдэдээ зарцуулна. Хүүхдийнхээ тэтгэлгийг төлнө, хүүхэдтэй намайг уулзуулах цаг гаргадаггүй, би хүүхэдтэйгээ уулзахыг маш их хүсдэг. Нэхэмжлэгчийн ээжийнх нь байр манай дээд давхарт байдаг. Ээжийнхээ байранд нэхэмжлэгч тэр залуутайгаа 3 хонож байсан. Нэхэмжлэгчийн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс болоод би 3 сарын хугацаанд нойргүй явахад нэхэмжлэгч намайг сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлж 5 хоног эмнэлэгт хэвтсэн. Би байрны 10 хувийг авна. Би зүрхний өвчтэй, ээжийгээ асардаг, одоо миний амьдарч байгаа байр манай дүүгийн байр гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар, Гарьд овогт Рэндоогийн Тамир/регистрийн дугаар:ХК65082719/, Олгон овогт Галсандоржийн Далаймаа/регистрийн дугаар:ХД69022868/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар, охин Т.Сийлэнг эхийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар, 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Т.Сийлэн охиныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Р.Т-аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Р.Т-т, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Г.Д-д тус тус даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 230 улсын төвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 107 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Р.Т- өмгөөлөгч Г.Чинбатыг өмгөөлөгчөөр оролцуулахаар хүсэлт гаргасан. Гэтэл өмгөөлөгч Г.Чинбатын зүгээс өөр шүүхэд хурал давхцсан талаарх нотолсон баримт буюу шүүх хуралдааны зарын мэдээлэл болон шүүх хуралдааны зарын мэдэгдэх хуудсыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахаас 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр авч, хариуцагч Р.Т-т өгсөн. Гэвч Р.Т- нь өмнө нь шүүх хуралдаанд оролцож байгаагүй, сэтгэл санааны хямралын улмаас шүүхэд өмгөөлөгчийн гаргаж өгүүлэхээр өгсөн баримтыг гаргаж өгөөгүй байна. Магадгүй шүүгчийн зүгээс хэт нэг талд ажиллахгүйгээр хариуцагчаас өмгөөлөгч чинь баримт өгсөн эсэх асуудлыг асуусан бол хариуцагч шүүгчид өмгөөлөгчийн өгсөн баримтыг гаргаж өгөх байсан. Түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Р.Т-ын өмгөөлөгчөөр албан ёсоор оролцож эхэлсэн. Энэ тохиолдолд өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж, холбогдох ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй. Харин шүүгчийн зүгээс өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах, өмгөөлөлд бэлтгэх, боломжит хугацаа олгоогүй. Мөн өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарлаагүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй атлаа хэт яарч шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хийсэнд хариуцагчийн зүгээс маш гомдолтой байна. Хариуцагч Р.Т- нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбоотой тохиролцоо хийсэн асуудлыг шүүхэд удаа дараа дурдаж байхад шүүгчийн зүгээс уг асуудлыг хариуцагч эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Шүүгч 28 хоног өмгөөлөгч авах боломж байсан гэж үзэж, уг хугацаагаар хариуцагчийн шүүхэд баримт гаргах, сөрөг нэхэмжлэл гаргаж, хүсэлт гаргах эрхийг хязгаарлаж буй нь үндэслэлгүй юм. Нөгөөтэйгээр хүүхдийн асрамжийн асуудлыг шүүхийн зүгээс Талууд маргаагүй гэж тайлбарласан. Гэтэл хариуцагч Р.Т- нь хүүхдийн асрамжийн асуудлыг өмгөөлөгч авч, улмаар хуулийн хүрээнд маргах эрхийг хэрэгжүүлэх учиртай. Харин шүүх өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь хариуцагчийн хүүхдийн асрамжийн асуудлаар маргах эрхийг хязгаарласан атлаа маргаагүй гэж дүгнэсэн нь хэт нэг талд чиглэсэн шийдвэр гаргасан гэж үзэхээс өөр аргагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч Р.Т-т холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Т.Сийлэнд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах талаар дүгнэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхээр боловч гэрлэлт цуцласантай холбоотойгоор хүүхдийн асрамжийн асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан тул 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 10 настай охин Т.Сийлэнгээс санал авах ажиллагааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болсон байхаас гадна гэрлэлтээ цуцлуулж буй эцэг, эхийн хэнийх нь асрамжид хүүхдийг үлдээх асуудлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдаагүй, хүүхдийн амьдрах орчин нөхцөл тодорхой бус байна.
Анхан шатны шүүхийн гүйцэтгээгүй дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан болно.
Харин хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэд дурдсан үндэслэлээ нотолсон баримтаа өөрөө гаргаж өгөөгүй байхаас гадна хэргийн оролцогч, өмгөөлөгч нь шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг сахих, өөрсдөө шүүх хуралдаанд бэлтгэх үүрэгтэй тул хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хүүхдийн асрамжийн асуудлаар маргах эрхийг хязгаарласан гэх хариуцагч Р.Т-ын давж заалдах гомдлыг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/01058 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
Н.БАТЗОРИГ
: