Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

            Улсын яллагч Л.Мажигсүрэн,

            Хэлмэрч Ц.Болормаа,

            Хохирогчийн өмгөөлөгч А.Дуламсүрэн,

Шүүгдэгч Г.Баатархүү, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр, түүний өмгөөлөгч Ш.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ганхуягийн Баатархүүг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Батсайханы Төмөрчөдөр нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725021216 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 03-нд Дархан Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-6, эцэг, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84-273-е тоотод оршин суудаг,

2003 оны 05 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар  хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2005 оны 12 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2006 оны 03 дугар сарын 31-нд ялын хугацаа дуусч суллагдсан, дамжуулах ба сонордох мэдрэлийн өвчний учир 100 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай, группт байдаг , хэрэг хариуцах  чадвартай, Ховогт Г.Б/регистрийн дугаар ЧБ 83080316/,

2.Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй бага боловсролтой, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 03-24 тоотод оршин суудаг,  сонсголын бэрхшээлтэй, төрөлхийн хэл муутай,

2010 оны 04 дүгээр сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогтой Б Т/регистрийн дугаар НИ 85010711/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1.Яллагдагч Г.Баатархүү нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтсон байх үедээ ганцаараа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Сэлбийн 10-12 тоотод байрладаг Ц.Баярсайханы өмчлөлийн модон эдлэл хийдэг агуулахын цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 2 боодол ажлын бээлий хулгайлан авч 210.000 төгрөгийн,

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Төмөрчөдөртэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 10-12 тоотод байрладаг Ц.Баярсайханы өмчлөлийн модон эдлэл хэдийг агуулахын цонхыг түлхэн хууль бусаар  нэвтрэн орж “Кен” маркийн тасдагч, 2 боодол ажлын бээлий зэрэг эд зүйлс хулгайлан 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Төмөрчөдөрийн хулгайлсан эд зүйлийг хулгайн эд зүйл гэж мэдсээр байж хамт явж заралцаж борлуулсан,

 

2.Яллагдагч Б.Төмөрчөдөр нь 2016 оны 12 дугаар сарын 22-нд Г.Баатархүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 10-12 тоотод  байрладаг  Ц.Баярсайханы өмчлөлийн модон эдлэл хийдэг агуулахын цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, “Кен“ маркийн тасдагч, 2 боодол ажлын бээлий зэрэг эд зүйлс хулгайлан авч 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ганцаараа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10-12 тоотод байрладаг Ц.Баярсайханы өмчлөлийн модон эдлэл хийдэг агуулахын цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн автомат дугуй хийлэгч, автомат багаж, цахилгаан тасдагч, ажлын бээлийнүүд, гагнуурын аппаратууд зэрэг нийт 3.230.000 төгрөгийн эд зүйлс давтан үйлдлээр хулгайлан авч, бусдад нийт 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон тус тус холбогдоцгоожээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Г.Баатархүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, хийсэн хэрэгтээ гэмшиж байна…”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…би амласан цалингаа өгөөгүйд миний уур хүрсэн, тэгээд би архи ууж манарчхаад хулгай хийсэн. Эхлээд ганцаараа, дараа нь Төмөрчөдөртэй хулгай хийсэн. Хамгийн сүүлд Төмөрчөдөр хулгай хийсэн байсан. Төмөрчөдөрийн хулгайлсан зүйлс одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би өөрийн хулгайлсан ажлын бээлийг бүгдийг нь зам дагуу ТҮЦ дэлгүүрээр зараад дуусгасан , би цонхыг гараарай хүчтэй цохиж онгойлгосон. Тэгээд эд зүйлс аваад гараад такси барьж явсан.Төмөрчөдөрийн гэрт очиход ажлын бээлий, гагнуурын аппарат, дугуй хийлдэг зүйл зэрэг эд зүйлс харагдаж байсан.Тэр юм тавьсан өрөө нь харанхуй байсан учир юу юу байсан талаар би сайн харж чадаагүй , би юмаа заруулсан эрэгтэйтэй юм яриагүй, Төмөрчөдөр тэр хүнийг дуудаад яриад хамт гарсан. Би Төмөрчөдөрийг юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна, утсаар ярихаар нь би хэнтэй ярьж байгаан яах гэж байгаа талаар нь асуухад би мэдэж байна, дуугай байж бай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-65-66/,

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хорихоос өөр төрлийн хөнгөн ялт шийтгэл оногдуулж өгнө үү…”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2016 оны 12 дугаар сарын 22-23 нд шилжих шөнө 04 цагийн орчимд би гэртээ байж байтал нэг сургуульд хамт сурч байсан танил Баатархүү гаднаас орж ирсэн. Орж ирэхдээ нэг ширхэг шуудайтай зүйл барьсан, 1 шил архи барьсан орж ирсэн. Тэгээд бид 2 Баатархүүгийн авчирсан архийг хувааж уучхаад унтсан ... би гагнуурын аппаратыг цонхоор гаргаж тавьсан, Өлзийбат нь Баатархүү бид 2-ын зарж байгаа зүйлүүдийг хулгайн гэдгийг мэдээгүй, Баатархүү Өлзийбатад минийх юмаа гэж хэлсэн, яг манай найзын дүү ч биш л дээ. Би ахыг нь сайн танихгүй, тэр залууг бас сайн танихгүй, хальт л таньдаг болсон Өлзийбат гэдэг залуу тухайн үед хөдөөнөөс ирсэн гээд манай гудамжинд явж байгаад надтай тааралдаад би гэртээ оруулж хонуулсан юм. Тэгээд маргааш нь хөдөө рүүгээ буцаад явлаа гээд гарсан. Яг хаашаа явсан талаар сайн мэдэхгүй байна.гэхдээ Өлзийбат энэ хэрэгт ямар ч хамааралгүй...” гэсэн мэдүүлэг /хх-59/,

 

Хохирогч Ц.Баярсайханы “...Би 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 11 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд хашааны хаалга онгойлгоод хашаан дотор ортол хашаан дотор комплекс, торцов, жижиг багаж хэвтэж байсан. Тэгээд цааш хаалгыг онгойлгоод үзтэл гэрийн цонх онгорхой хамаг юм эмх замбараагүй болсон байсан.Тэгээд эргэж гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

Манай байшингаас ажлын бээлий 10 боодол, нэг боодолдоо 300 ширхэгтэй, автомат багаж-1, гагнуурын аппарат 2 ширхэг, Кен маркийн таслагч, гар зөөврийн таслагч, автомашин угаадаг насос зэрэг эд зүйлс алдагдсан. Манай байшинд хулгай ороод эд зүйл алдагдсан үед би зөвхөн байшин доторх эд зүйлээ бүртгэж алдагдсан зүйлийг хэлсэн. Тэгээд дараа нь амбаарт байсан эд зүйлээ үзэж байтал автомашины дугуй хийлдэг компрессор алдагдсан байсан. Тэр компрессор нь 2014 онд Ланд Ровер Депендер маркийн автомашинтай хамт ирж байсан. Би алдсан эд зүйлээ яаралтай гаргуулж авмаар байна. Ажил төрлөө хийх гэхээр багаж байхгүй учир хийж чадахгүй байна, эд зүйлээ алдсандаа гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-43-45/,

 

Гэрч Б.Мэндсайханы “…Манай байшин дотор байсан гагнуурын аппарат 2 ширхэг, цахилгаан таслагч 2 ширхэг, автомашины дугуй хийлдэг компрессор, автомат угаадаг насос, автомашины ком багаж, бас манай ахын тавьсан ажлын бээлийнүүд алга болсон байсан. Ер нь Г.Баатархүү энэ бүх багажуудыг мэдэж байх ёстой, учир нь эдгээр зүйлүүдээр Г.Баатархүү юм хийдэг байсан ба хаана хураасан талаар хүртэл мэдэж байгаа…” гэсэн мэдүүлэг /хх-46-47/,

 

Гэрч Ж.Байгалмаагийн “…Баярсайхан нь манай хадам аав байгаа юм. Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 10-12 тоотод Солонгос Улсаас авчирсан ажлын бээлийнүүд хадгалуулсан байсан. Хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сард Солонгос Улсаас оруулж ирээд зараад 2016 оны 11 дүгээр сард Солонгос Улс руу явахдаа үлдсэн 21 боодол бээлийг хадгалуулсан. Тухайн үед хар данс буюу дэвтэр дээр 21 боодол бээлий үлдсэн гэж бичсэн байсан ба хулгай орсны дараа бээлийг тоолоход 10 боодол бээлий дутсан байсан. Нөхөр бид 2 манай хадам аав Ц.Баярсайханыг хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцсоныг хүлээн зөвшөөрч байна. Учир нь нөхөр бид 2 Солонгос Улс руу ойр ойрхон явдаг тиймээс хэрэгтэй үед байхгүй байж магадгүй гэж бодоод хадам аав Ц.Баярсайханыг оролцуулахаар болсон...” гэсэн мэдүүлэг /хх-48/,

 

Гэрч М.Цэрэнчимэдийн “…Манай найз бид 2 манай гэрээс гараад 00 орох гээд явж байтал өндөр нь хэлгүй, намхан нь муухан ярьдаг хоёр залуу бид хоёрыг дуудсан. Тэгээд яваад очтол нэг ширхэг гагнуурын аппарат барьсан явж байсан ба “150.000 төгрөгөөр зарна. Авах уу?” гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй учир тоогоогүй. Тэгтэл манай найз Улаанаа тэр зүйлийг нь үзээд “100.000 төгрөгөөр авъя” гэтэл нөгөөх нь зөвшөөрсөн. Тэгтэл тэр хоёр залуу “дахиад нэг гагнуурын аппарат байна. Тэрийг үзэх үү?” гэтэл манай найз тэр хоёрыг дагаад явсан. Тэгээд удалгүй манай найз эргэж ирээд “их том гагнуурын аппарат байна, авсангүй” гээд орж ирсэн. Тэгээд 2016 оны 12 сарын 24-ний өдөр Ховд аймгийн Булган сум руугаа эргээд явсан. Би найз Улаанаагийн гэрийн хаяг, овог нэр, регистрийн дугаарыг мэдэхгүй. Түүний авсан гагнуурын аппарат нь жижиг улаан өнгийн зүйл байсан. Гагнуурын аппарат зарсан гэх хоёр залуугийн нэг нь өндөр, нэг нь намхан залуу байсан, түүнээс өөр зүйлийг анзаарч хараагүй. Ямар ч байсан жаахан халамцуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-50/,

 

Иргэний нэхэмжлэгч З.Оюунцэцэгийн “…Кен маркийн таслагчийг нэг хэлгүй болон нэг намхан хэлтэй залуу нараас хэзээ гэдгийг санахгүй байна 70.000 төгрөгөөр худалдан авсан. Харин 80 хос бээлийг Төмөрчөдөрөөс 1 ширхгийг нь 250 төгрөгөөр билүү 300 төгрөгөөр бодож худалдан авсан. Кен маркийн таслагчийг авахдаа “би хулгайн эд зүйл юм уу” гэж асуухад намхан хэлтэй залуу нь “үгүй хүнээс авах ёстой байсан өрөнд авсан юм” гэж хэлж байсан. Харин ажлын бээлийг Төмөрчөдөр надад өгөхдөө түлээ нүүрсээр сольж өгч байсан санагдаж байна. Кен маркийн таслагчийн 70.000 төгрөгөөр, ажлын бээлийг 24.000 төгрөгөөр худалдан авсан, дээрх мөнгийг нэхэмжилнэ, би уг эд зүйлийг худалдан авахдаа гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-102/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын үндэсний төвийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 272 тоот актын “…Г.Баатархүү нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Баатархүү нь болсон хэргийн талаар дохионы хэлмэрчийн тусламжтайгаар мэдүүлэг өгөх чадвартай. Г.Баатархүү нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан. Г.Баатархүү нь одоо хэрэг хариуцах чадвартай, Г.Баатархүүд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй…” гэсэн дүгнэлт /хх-104-105/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын үндэсний төвийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 273 тоот актын “…Б.Төмөрчөдөр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Төмөрчөдөр нь болсон хэргийн талаар дохионы хэлмэрчийн тусламжтайгаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.Төмөрчөдөр нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан. Б.Төмөрчөдөр нь одоо хэрэг хариуцах чадвартай, Б.Төмөрчөдөрт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй…” гэсэн дүгнэлт /хх-107-108/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10, 27/, эд зүйлийн үнэлгээ /хх-24/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-26/,  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-28-29/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-70, 79/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-72, 119/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71, 80/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-111-118/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-74, 122-123/ Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-125-127/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Г.Баатархүү нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтсон байх үедээ ганцаараа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Сэлбийн 10-12 тоотод байрладаг Ц.Баярсайханы өмчлөлийн модон эдлэл хийдэг агуулахын цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 2 боодол ажлын бээлий хулгайлан авч 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10-12 тоотод байрладаг Ц.Баярсайханы өмчлөлийн модон эдлэл хийдэг агуулахын цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн автомат дугуй хийлэгч, автомат багаж, цахилгаан тасдагч, ажлын бээлийнүүд, гагнуурын аппаратууд зэрэг нийт 3.230.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Г.Баатархүү, Б.Төмөрчөдөр нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 10-12 тоотод байрладаг Ц.Баярсайханы өмчлөлийн модон эдлэл хэдийг агуулахын цонхыг түлхэн хууль бусаар  нэвтрэн орж “Кен” маркийн тасдагч, 2 боодол ажлын бээлий зэрэг эд зүйлс хулгайлан 460.000 төгрөгийн хохирол учруулан, бусдад нийт 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ц.Баярсайхан, гэрч Б.Мэндсайхан, Ж.Байгалмаа, М.Цэрэнчимэд нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч З.Оюунцэцэгийн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Г.Баатархүү, Б.Төмөрчөдөр нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Г.Баатархүү нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Төмөрчөдөрийн хулгайлсан эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан болох нь дээр дурьдсан гэрч М.Цэрэнчимэд, иргэний нэхэмжлэгч З.Оюунцэцэг нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Баатархүүгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.   

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр, Г.Баатархүү нарын иргэн Ц.Баярсайханы өмчлөлийн модон эдлэл хийдэг агуулахад хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах бүрэн үндэслэлтэй.

Мөн шүүгдэгч Г.Баатархүүгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Б.Төмөрчөдөрийн хулгайлсан эд зүйлүүдийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр худалдан борлуулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй хэдий боловч түүний үйлдсэн энэ гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Баатархүү, Б.Төмөрчөдөр нарын дээрх хулгайн гэмт хэргийг улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан болох нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Баатархүү, Б.Төмөрчөдөр нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэдгээрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Г.Баатархүү, Б.Төмөрчөдөр нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Баатархүү, Б.Төмөрчөдөр нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял, оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баатархүү, Б.Төмөрчөдөр нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг хяналт тавих эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Баатархүүг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баатархүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

2.Шүүгдэгч Г.Б, Б.Т нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баатархүү, Б.Төмөрчөдөр нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Баатархүү, Б.Төмөрчөдөр нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Төмөрчөдөрийн цагдан хоригдсон 155 /нэг зуун тавин тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, ялтан Г.Баатархүү, Б.Төмөрчөдөр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Г.Баатархүү, Б.Төмөрчөдөр нарт тус бүрт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг хяналт тавих эрх бүхий байгууллагад даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Төмөрчөдөрт урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Баатархүү, Б.Төмөрчөдөр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР