| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0246/З |
| Дугаар | 128/ШШ2025/0367 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2025/0367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* овогт М*******ын А*******, РД:*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Ч*******,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******, Б.О*******, Г.М нарын хоорондын “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1888 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1888 дугаар тушаалаар М.А*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон албанаас чөлөөлж, цагдаагийн хурандаа цолыг хадгалуулан, Монгол цагдаа медиалаар шагнаж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн.
1.2. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/369 тоот албан бичгээр “... таныг цагдаагийн албанаас чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын үндэслэлд дээрх хуулийн заалтыг баримтлаагүй байх тул ... гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм” гэсэн хариу өгсөн байна.
1.3. Нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1888 дугаар тушаалыг хүчингүй болгож, иргэн М.А*******ыг урьд хашиж байсан албан тушаалд нь эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамжийг төлүүлэх” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1888 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” гэж тодруулсан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “М******* овогт М*******ын А******* миний бие 1987-1991 онд Монгол Улсад Цэргийн нэгдсэн дээд сургуулийг авто ашиглалтын инженерээр, 1995-1997 онд Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн их сургуулийг Эрх зүйч, бакалавраар, 1997-1999 онд Техникийн их сургуулийг техникийн ухааны магистраар, 1999-2001 онд Монгол Улсын Удирдлагын академийг төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэшил, менежер цолтойгоор, 2001- 2003 онд Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн сургуулийг магистраар тус тус суралцан төгсөж, 2018 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалан, цагдаагийн байгууллагад тасралтгүй 29 жил үр бүтээлтэй ажилласан.
Ажил, хөдөлмөрийг холбогдох газруудаас өндрөөр үнэлж, 1999 онд Замын цагдаагийн газрын “Баярын бичиг”, 2001 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, 2007 онд Монголын үндэсний Олимпын хорооны “Олимпын алдар” одон, 2009 онд Зам тээврийн яамны “80 жилийн ой” хүндэт медаль, 2010 онд Зам тээвэр, хот байгуулалтын яамны “Онц тээвэрчин”, 2011 онд “Ардын хувьсгал 90” медаль, 2011 онд Хууль зүй, дотоод хэргийн хэргийн яамны “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, Цагдаагийн ерөнхий газрын “Албаны төлөө” 1, 2 медаль, 2011 онд “Цэргийн хүндэт медаль”, 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”, 2022 онд “Цэргийн гавьяаны одон”-оор тус тус шагнасан.
Дээрх хугацаанд Замын цагдаагийн газрын хэрэг бүртгэх шуурхай албан хэлтэс, мэргэжил, техникийн хяналтын хэлтэс, Замын зохион байгуулалтын тасаг, 3 дүүргийн замын цагдаагийн тасаг, Цагдаагийн ерөнхий газрын авто баазад дэд бөгөөд захиргааны удирдлагын хэлтэс зэрэг нэгжүүдэд удирдах албан тушаалыг хашиж байгаад 2022 оны 09 дүгээр сард болсон сонгон шалгаруулалтад орж, хамгийн өндөр оноог аван, Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын зам, тээврийн хяналтын хэлтсийн даргаар томилогдсон.Томилогдсоноос хойш хэлтсийнхээ алба хаагчидтайгаа хамтран Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх зорилгоор Олон улс, улсын болон орон нутгийн замын зам, тээврийн ослын хар цэг /хэсэг/, сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдал, явган зорчигчийн зохицуулдаг болон зохицуулдаггүй гарц, тойрог хөдөлгөөн, нэг чигийн хөдөлгөөн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зэрэг чиглэлээр судалгаа хийн, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөөд эхэлж байх үед Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсээс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Алба хаах насны дээд хязгаарт хүрэх гэж байгаа тул чөлөөлөгдөх эсвэл алба хаах хугацаагаа сунгуулах хүсэлтээ 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор хариуцсан нэгждээ гаргахыг мэдэгдэж байна” гэсэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/04 дугаартай мэдэгдэх хуудсыг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан.
Иймд би дээрх төлөвлөсөн ажлаа хийж дуусгах мөн өөрийн хуримтлуулсан мэдлэг, боловсрол, дадлага, туршлага, мэргэшил, ур чадвар, бүхий л нөөц бололцоогоо энэхүү албандаа зориулан, залгамж халаагаа бэлтгэн сургаж, албаныхаа бодлого, төлөвлөлтийг удирдан зохион байгуулан, хамт олонтойгоо үргэлжлүүлэн хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Алба хаах хугацаагаа сунгуулах хүсэлт”-ээ журамд заасан бүхий л шаардлагатай баримтуудын хамт Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оод бичгээр гаргасан.
Улмаар Тээврийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар хуралдаанаар Замын цагдаагийн газрын зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.А******* миний хүсэлтийг хэлэлцээд зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, алба хаах хугацааг 1 жилээр сунгуулах хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүртэл жилээр сунгаж болно”, 91.4-д “Энэ хуулийн 91.3-т заасны дагуу цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг цагдаагийн төв байгууллага хүлээн авч, саналын хамт дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна. Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хүсэлт, саналыг хянан, 30 хоногийн дотор сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ”, 91.5-д “Энэ хуулийн 91.2-т заасан хугацаа сунгах журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж,
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/147 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацаа сунгах журмын 1.2-т “Цагдаагийн алба хаах насны Дээд хязгаарт хүрсэн алба хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах хугацааг сунгахад дараахь шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ”, 1.2.1-д “эрүүл мэндийн хувьд тэнцсэн байх”, 1.2.2-т “сүүлийн гурван жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ В буюу түүнээс дээш байх”, 1.2.3-д “цагдаагийн албанд мэргэшсэн байдал болон ажлын дадлага туршлагатай”, 1.2.4-д “ажиллаж буй нэгжийн санал дэмжсэн байх”, 1.2.5-д “ёс зүйн зөрчил гаргаагүй байх”, 1.3-д “Энэ журмын 1.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд цагдаагийн алба хаах хугацааг сунгахгүй”, 2.2-т “Өргөдөлд энэ журмын 1.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан дараах баримт бичгийг хавсаргана”, 2.3-д “Цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь энэ журмын 2.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авч, даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, алба хаах хугацааг сунгах талаарх санал болон алба хаах насны дээд хязгаарт дараа онд хүрэх алба хаагчдын судалгааг жил бурийн 05 дугаар сарын 15-ны дотоор цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид албан бичгээр хүргүүлнэ”, 2.6-д “Цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж нь цагдаагийн алба хаах хугацаа сунгах хүсэлт гаргасан алба хаагчдын судалгааг гаргаж, тухай бүр нь цагдаагийн төв байгууллагын даргын зөвлөлд танилцуулан, гаргасан шийдвэрийг саналын хамт дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгжид жил бүрийн 06 дугаар сарын 01-ний дотор хүргүүлнэ”, 2.7-д “Цагдаагийн албаны тухай хуулийн 91.4-т зааснаар цагдаагийн алба хаах хугацааг сунгуулах хүсэлтийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж хүлээн авч, 30 хоногийн дотор сунгах эсэх асуудлыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлэн хариу мэдэгдэнэ”, 2.8-д “Цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж нь дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн шийдвэрийг ажлын таван өдөрт багтаан харьяалах байгууллагаар нь дамжуулан албан хаагчид мэдэгдэх хуудсаар танилцуулна” гэж тус тус заажээ.
Дээрх хууль болон журамд цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болох Хууль зүй, дотоод хэргийн сайд хүсэлт гаргагч М.А******* миний “эрүүл мэнд, сүүлийн гурван жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэргэшсэн байдал болон ажлын дадлага туршлага, Тээврийн цагдаагийн албаны дэмжсэн санал, ёс зүйн зөрчил гаргасан эсэх”-ийг тус тус шалгуур болгон хянан үзээд, хангаж байгаа тул алба хаах хугацааг сунгах шийдвэр гаргаж шийдвэрлэхээр, харин Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс тухайн шийдвэрийг 5 өдөрт багтаан Тээврийн цагдаагийн албаар дамжуулан алба хаагчид мэдэгдэх хуудсаар танилцуулж байхаар нарийвчлан зохицуулсан байна.
М.А******* миний бие сүүлийн гурван жил дараалан ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр маш сайн буюу “А” /2021 онд 92.7. 2022 онд 95, 2023 онд 95.1/ дүнтэйгээр үнэлэгдсэн, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн хурлаас 100 хувийн саналаар дэмжигдсэн, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, олон жилийн ажлын дадлага туршлагатай, Тээврийн цагдаагийн албанд ажиллаж байгаа ганц Доктор (Ph.D)-ын зэрэгтэй мэргэшсэн боловсон хүчин юм.
Гэтэл миний гаргасан алба хаах хугацааг сунгуулах хүсэлтийг Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацаа сунгах журамд заасны дагуу Цагдаагийн ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн сайдад уламжлаагүй орхигдуулсан. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаас Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Эт явуулсан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/439 дугаартай албан бичигт “... Цагдаагийн алба хаагчийн албан хаах хугацаа сунгах журам”-д заасны дагуу алба хаах хугацааг сунгуулах хүсэлт гаргасан 90 алба хаагчийн мэдээлэл, холбогдох материалыг байгууллагын саналын хамт хүргүүлэв. Хүлээн авч танилцан, журамд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гээд хавсралтаар 14 хуудас алба хаагчдын мэдээлэл, нэрсийг хүргүүлсэн байдаг. Энэхүү 14 хуудас албан хаагчдын мэдээлэл, нэрсийг судалж үзэхэд 90 биш 89 алба хаагчийн мэдээлэл л байх бөгөөд зөвхөн М.А******* миний мэдээлэл, холбогдох баримт бичгийг Хууль зүйн, дотоод хэргийн сайдад хүргүүлэлгүй, санаатайгаар орхигдуулсан байна. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд цагдаагийн байгууллагаас ирүүлсэн 89 алба хаагчийн мэдээллийг хянан шалгаад 2024 оны 06 дугаар сарын өдрийн А/195 дугаар хаах хугацааг сунгаж, тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг 2024 оны 06 дүгээр сарын 19-ний өдрийн 7/3125 дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.С*******од мэдэгдсэн байна /Энэхүү баримт бичгийг миний бие албан ёсоор хүсэлт гаргасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар мэдсэн/. Үүнээс үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох хууль болон журмаар олгосон бүрэн эрхэд шууд халдаж, алба хаах хугацаа сунгуулах алба хаагчийн мэдээллээс зөвхөн М.А******* миний мэдээллийг хасч, орхигдуулан, ямар ч хууль зүйн үндэслэл, шалтгаангүйгээр бүх амьдралаа зориулсан ажил албанаас минь зориуд холдуулж, үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгохоор 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1888 дугаар тушаалыг гаргаж, цагдаагийн албанаас чөлөөллөө. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны Б/1888 дугаар тушаалыг миний бие 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гардаж аваад урьдчилан шийдвэрлэх журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл миний гаргасан гомдолтой танилцаад 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/369 дүгээр албан бичгээр “... гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Иймд та тухайн асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн болно. Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргад 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1888 дугаартай тушаалаа хүчингүй болгож, хашиж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамжийг төлөхийг даалгаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч М.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/147 дугаартай тушаалаар батлагдсан журмын 1.2.4-т “Ажиллаж буй нэгжийн санал дэмжсэн байх” гэдгийг хариуцагчаас Цагдаагийн ерөнхий газрын санал гэж тайлбарлаад байгаа. Тус журмын 1.2-т заасан 5 зүйлийг бүрдүүлсэн хүн өргөдөлтэйгөө тус журмын 2.2-т заасны дагуу, мөн 2.3-т маш тодорхой буюу Цагдаагийн төв байгууллагын харьяа алба нэгж нутаг дэвсгэр цагдаагийн байгууллага нь энэ журмын 2.2-т заасан өргөдөл шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бичиг баримтуудыг хүлээж аваад нэгж буюу тээврийн цагдаагаас хүлээж аваад даргын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцүүлж эхлээд 5 шалгуур үзүүлэлттэй өргөдлийг нь Тээврийн цагдаагийн алба хүлээж аваад хэлэлцээд саналаа Цагдаагийн ерөнхий газар луу явуулна гээд маш тодорхой ойлгомжтой хэлээд өгсөн байгаа. Гэтэл хариуцагч талаас үүнийг гуйвуулаад 1.2.4-т заасныг ажиллаж байгаа нэгж Цагдаагийн ерөнхий газар гэдэг байдлаар хүнийг хуурч байгаа юм шиг юм яриад байгаа. Тэгэхээр миний өгсөн санал, хүсэлтийг ямар саналтай байгаагаас үл хамааран сайд хүлээн аваад хянаж үзээд сунгахыг нь сунгах уу, сунгахгүйг нь сунгахгүй гэдгийг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуулийн зохицуулалттай байна” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дарга татгалзсан гэж тайлбарласан. Хууль зүйн үндэслэл буюу яг ямар үндэслэлээр татгалзсан эсэх нь тодорхойгүй.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариуцагчийн бичгээр шүүхэд гаргасан хариу тайлбар болон үндэслэлийг сонсоход журмын 1.2-т заасан шалгуур үзүүлэлтүүдтэй холбоотой хамааралтай маргахгүй гэж тайлбарласан. Журмын 1.2.4-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй буюу тухайн ажиллаж буй нэгжийн санал дэмжээгүй учраас гэж зөрүүтэй тайлбар хэлээд байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн санал дүгнэлт гэсэн хэсэг дээр нэг бол хугацаа хэтэрсэн, эсхүл шалгуур үзүүлэлт гэсэн байдаг. Шүүх хуралдаанд хугацаа хэтэрсэн гэдэг зүйлийг хэлчихсэн. Нэг тайлбараа нөгөө тайлбараар үгүйсгээд тайлбарлаад байна. Их ойлгомжгүй байгаад байгаа учраас би сүүлд хэлсэн буюу журмын 1.2.4-д заасан гэсэн шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэдгээр нь ойлголоо.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлуулахад Хүний нөөцийн хэлтсийн танилцуулгын хавсралтын 2 дахь хэсэгт нэхэмжлэгчтэй холбоотой асуудал байгаа. Үүний дээд талын хэсэгт тухайн нэгжийн гэсэн байдаг. Тэгэхээр тухайн хурлаар тухайн нэгж дэмжсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн байгаа. 2 дахь хэсэг дээр нь Цагдаагийн ерөнхий газар санал дэмжсэн гээд биччихсэн байгаа. Цагдаагийн ерөнхий газрын дарга буюу удирдлага цохолт хийсэн гээд хасах тавьчихсан гээд байгаа юм. Үүнийг яг Цагдаагийн ерөнхий газрын дарга цохсон гэдэг нь эргэлзээгүй шууд тогтоогдох ёстой, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч өөрөө шүүх хуралдаанд өөрийнхөө тайлбар үндэслэлийг нотлох үүрэгтэй, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Мөн Цагдаагийн ерөнхий газар нь Хууль зүй, дотоод хэргийн яамны нэгж гэж тайлбарлаад байсан. Цагдаагийн ерөнхий газрын буюу тухайн журамд зааснаар тухайн нэхэмжлэгчийн ажиллаж буй нэгж буюу Тээврийн цагдаагийн газрын саналыг дэмжсэн саналыг л авна гэсэн утгатай гэдгийг ойлгогдоно. Тийм учраас хариуцагчийн тайлбарлаад байгаа журмын 1.2.4-т заасан шалгуур үзүүлэлт хангагдсан байгаа учраас үндэслэлгүйгээр татгалзсан байна. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4-т зааснаар саналыг дэмжсэн, дэмжээгүй хамт Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтэс авч судлаад Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд сайд сунгах бүрэн эрхтэй гэж үзэж байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/302, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 7/1936 дугаартай албан бичгүүдэд Цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг сунгах журмын 1.2.4-т заасныг үндэслэн нэр бүхий албан хаагчийг алба хаах хугацааг сунгуулах саналыг дэмжээгүй гэсэн байдаг. Үүнээс үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн танилцуулга дээр хугацаа хэтэрсэн 3 алба хаагч гээд байгаа.
Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн албан бичгүүд дээр тухайн байгууллагын нэгж гэсэн байгаа. Үүнээс үзэхэд нэг бол хугацаа хэтэрсэн, нэг бол нэгж дэмжээгүй гэсэн хоёр үндэслэл гарч ирээд байгаа юм. Тэгэхээр хугацаа хэтэрсэн гэж үзэж тайлбарлах юм бол хариуцагчийн тайлбарласнаар 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор тухайн нэгжээс нь хугацаа хүртэл сунгах хүсэлтүүдээ ирүүл гэчихсэн байгаа. Энэ заасан хугацаанд буюу 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч 03 дугаар сарын 27-ны өдөр журамд заасан бүх шалгуур үзүүлэлтэд холбогдох баримтыг үндэслэж хүсэлтээ гаргасан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Цагдаагийн ерөнхий газрын албан бичгүүд байдаг. Цагдаагийн ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн яам руу 90 гэснээ 89 алба хаагчийн нэрийг явуулсан байдаг. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 90 алба хаагч гэсэн байдаг. Тэгэхээр 1 хүний орон тоо хасагдаад дутаад байгаа. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг зориуд орхигдуулсан байна гэж үзэж байгаа. Дараа нь Хүний нөөцийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг дээр 134 алба хаагч гээд 134-өөс сунгахыг дэмжсэн 101, татгалзсан 3, өөрөө тэтгэвэрт гарах 30 гэж байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн яам руу журмынхаа дагуу хүргэгдэнэ гээд байгаа юм бол 101 алба хаагчийн нэр явах ёстой. Тэгэхэд 89 алба хаагчийн нэр явчихсан байгаа. Үүнээс үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, тус газрын хүний нөөцийн хэлтэс хууль зөрчсөн байна гэдэг нь тогтоогдож байна. Мөн Цагдаагийн албаны тухай хууль болон журмаараа нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хянан хэлэлцээд алба хаах хугацаа сунгах хүсэлтийг бүгдийг явуулах ёстой. Гэвч Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөл нь хуралдаагүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл шүүхээс холбогдох нотлох баримт шаардахад хурлын бичлэг, тэмдэглэл байхгүй гэдэг. Тус зөвлөлийн хурал заавал тэмдэглэлээрээ баталгаажиж явдаг. Тэгэхээр энэ баримтаар буюу хэрэгт авагдсан баримтаас үзэхэд даргын зөвлөлийн хурал огт болоогүй, хурлаар огт хэлэлцээгүй гэдэг нь тогтоогдож байна. Иймд Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн цагдаагийн албан хаагчийн маргаан бүхий акт буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1888 дугаартай тушаал холбогдох хуулийг зөрчсөн учраас шүүх үүнийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 61,62 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа нэхэмжлэгчийн хувьд алдагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрлөх эрх нь ноцтой зөрчигдсөн, төрийн алба хаах эрхүүд нь ноцтой зөрчигдсөн байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх гэсэн зарчмууд алдагдсан байгаа тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 41.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасан. Цагдаагийн хурандаа М.А******* нь цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төрийн тусгай албанд 29 жил 1 сар ажилласан бөгөөд цагдаагийн албаны тухай хуулийн 86.2-д зааснаар цагдаагийн алба хаагчийн ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцоход нийт 36 жил 04 сар ажилласан байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д цагдаагийн ахлах цолтой алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар 55 нас байхаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 91.2-д “Энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүртэл жилээр сунгаж болно”, 91.3-д “Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, дахин 1 жилээр сунгуулах тухай хүсэлтээ насны дээд хязгаарт хүрэх хугацаа болохоос 3 сарын өмнө гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг албанаас чөлөөлөхөд саад болохгүй”, 91.4-д “Энэ хуулийн 91.3-т заасны дагуу цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг цагдаагийн төв байгууллага хүлээн авч, саналын хамт дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна. Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хүсэлт, саналыг хянан, 30 хоногийн дотор сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ”, 91.5-д “Энэ хуулийн 91.2-т заасан хугацаа сунгах журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/147 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацаа сунгах журам”-ын 1.2-д “Цагдаагийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах хугацааг сунгахад дараах шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ:”, 1.2.1-д “эрүүл мэндийн хувьд тэнцсэн байх”, 1.2.2-д “сүүлийн гурван жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ нь В буюу дадлага туршлагатай”, 1.2.3-д “цагдаагийн албанд мэргэшсэн байдал болон ажлын дадлага туршлагатай байх”, 1.2.4-д “ажиллаж буй нэгжийн санал дэмжсэн байх”, 1.2.5-д “ёс зүйн зөрчил гаргаагүй байх”, 1.3-д “Энэ журмын 1.2-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд цагдаагийн алба хаах хугацааг сунгахгүй” гэж тус тус зохицуулсан.
Дээрх зохицуулалтын хүрээнд цагдаагийн хурандаа М.А*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлэх талаар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2024/109 дугаартай мэдэгдэх хуудсаар урьдчилан мэдэгдэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1888 дугаартай тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлж, “Цагдаагийн хурандаа” цолыг хадгалуулан 36 (гучин зургаа) сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар М.А*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд агентлагийн даргын эдлэх эрх хэмжээг заасан байдаг. Тус хуулийн 8 дугаар зүйлд алба хаагч ажилтныг томилох чөлөөлөх бүрэн эрхийг эдлэхээр заасан. Төрийн албаны тухай хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна гэж заасан. Тэгэхээр цагдаагийн алба хаагчийн хувьд тусгайлан зохицуулсан хуультай Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлд цагдаагийн ахлах цолтой алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар 55 нас байна гэж заасан байгаа. Нэхэмжлэгч М.А******* даргын хувьд 2024 оны 08 дугаар сард 55 нас хүрч байсан. Маргааны гол асуудал нь М.А******* даргаас миний ажиллаж байгаа тээврийн цагдаагийн алба намайг ажиллах хугацаа сунгуулах миний хүсэлтийг дэмжээд Цагдаагийн ерөнхий газарт ирүүлсэн. Би энэ Хууль зүйн сайдын журамд заасан биеийн эрүүл мэнд, үйл ажиллагаа мэргэжлийн үр дүн зэрэг шаардлагуудыг бүрэн хангасан байхад Цагдаагийн ерөнхий газар миний хүсэлтийг Хууль зүйн яаманд уламжилж ажиллах хугацааг сунгуулаагүй байна гэдэг. Тэгэхээр Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2017 оны А/147 дугаар тушаалаар баталсан Цэргийн алба хаагчийн алба хаах хугацаа сунгах журам нь Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчдын алба хаах хугацааг сунгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журам байгаа. Насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчийг ажиллах хугацааг сунгах эсэх асуудал бол М.А******* даргын ажиллаж байгаа Тээврийн цагдаагийн албаны даргын эрх хэмжээний асуудал биш. Энэ асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын дарга шийдвэрлэнэ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд цагдаагийн төв байгууллагын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг эдэлнэ гээд заасан байдаг. Мөн 21.13-т Цагдаагийн төв байгууллагын дарга хүний нөөцийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх бүрэн эрхийг эдлэхээр заасан. Ингээд 2024 оны 6 дугаар сард цагдаагийн төв байгууллагын харьяа алба нэгжүүдээс ирүүлсэн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн хүмүүс үргэлжлүүлж алба хаах хүсэлтээ өгсөн. Энэ судалгааг Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсээс нэгтгээд Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулсан. Энэ танилцуулгаас 3 алба хаагчийн алба хаах хугацааг сунгахаас Цагдаагийн ерөнхий газрын дарга татгалзсан байгаа. Татгалзсан учраас алба хаах хугацаа сунгуулах хүсэлттэй М.А******* даргын нэрийг үлдээгээд бусад 100-аад хүмүүсийн хүсэлтийг хүргүүлсэн. Тэгэхээр хуулиараа алба хаах хугацааг сунгуулах эсэхийг шийдвэрлэх эрх нь Цагдаагийн ерөнхий газрын даргад эрх олгогдсон байгаа болохоор сунгуулаагүй. Иймд маргаан бүхий акт гарсныг буруутгах боломжгүй байгаа юм.
Журмын 1.2.4-т ажиллаж байгаа, санал дэмжсэн гэдэг нь өмнө жил практикаар алба хаах хугацаа сунгуулах эсэх хүсэлтээ гаргана, эсвэл чөлөөлөх хүсэлтээ гаргана, тэрийг нь цагдаагийн төв байгууллага шийдвэрлэнэ. Эцсийн шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн 21.1.1-д заасан эрхийг хүрээнд шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Санал дэмжээд шууд Хууль зүйн яам руу явуулаад шийдвэрлүүлчихдэг бол Цагдаагийн ерөнхий газар цагдаагийн төв байгууллага гэж байгаад яах юм ... Хуулиар олгогдсон Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлээр М.А******* даргын алба хаасан хугацааг сунгахгүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын дарга өөрөө шийдвэрлэчихсэн. Хариуцагч талаас М.А******* даргын алба хаах хугацааг сунгуулахаар Хууль зүйн яаманд хүргүүлсэн гэж хэлээгүй, хүргүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ... Хэрэв хүргүүлээд Хууль зүйн сайд сунгаагүй бол М.А******* дарга Хууль зүйн сайдын шийдвэртэй маргахгүй байсан юм байна гэж ойлголоо. Хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлж өгсөн ... Гэтэл тухайн жилд ажиллах алба хаагчдын хугацааг сунгасан Хууль зүйн сайдын тушаал 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гарчихсан. 2024 оны 08 дугаар сард нэхэмжлэгч 55 нас өнгөрөөд 12 дугаар сар гэхэд 55 нас хэдэн сартай болчихсон байсан. Тэгэхээр маргаан бүхий захиргааны актыг хууль бус тушаал гэж үзэх боломжгүй” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны Дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасан. Цагдаагийн хурандаа М.А******* нь цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төрийн тусгай албанд 29 жил 1 сар ажилласан бөгөөд цагдаагийн албаны тухай хуулийн 86.2-д зааснаар цагдаагийн алба хаагчийн ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцоход нийт 36 жил 04 сар ажилласан байна. Мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т цагдаагийн ахлах цолтой алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар 55 нас байхаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 91.2-т “Энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүртэл жилээр сунгаж болно”, 91.3-т “Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, дахин 1 жилээр сунгуулах тухай хүсэлтээ насны дээд хязгаарт хүрэх хугацаа болохоос 3 сарын өмнө гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг албанаас чөлөөлөхөд саад болохгүй”, 91.4-т “Энэ хуулийн 91.3-т заасны дагуу цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг цагдаагийн төв байгууллага хүлээн авч, саналын хамт дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна. Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хүсэлт, саналыг хянан, 30 хоногийн дотор сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ”, 91.5-д “Энэ хуулийн 91.2-т заасан хугацаа сунгах журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заасан.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/147 дугаар тушаалын хавсралтаар баталсан Цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацаа сунгах журмын 1.2-д “Цагдаагийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах хугацааг сунгахад дараах шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ:”, 1.2.1-д “эрүүл мэндийн хувьд тэнцсэн байх”, 1.2.2-т “сүүлийн түүнээс дээш байх”, 1.2.3-т “цагдаагийн албанд мэргэшсэн байдал болон ажлын гурван жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ нь В буюу дадлага туршлагатай”, 1.2.4-т “ажиллаж буй нэгжийн санал дэмжсэн байх”, 1.2.5-д “ёс зүйн зөрчил гаргаагүй байх”, 1.3-т “Энэ журмын 1.2-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд цагдаагийн алба хаах хугацааг сунгахгүй” гэж тус тус зохицуулсан. Дээрх зохицуулалтын хүрээнд цагдаагийн хурандаа М.А*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлэх талаар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2024/109 дугаартай мэдэгдэх хуудсаар урьдчилан мэдэгдэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1888 дугаартай тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлж, “Цагдаагийн хурандаа” цолыг хадгалуулан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн.
Журмын хувьд цагдаагийн алба хаагч хугацаа сунгах журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд баталсан байгаа. Сайд баталсан учраас тэр журмын 1.2.4-т заасан ажиллаж байгаа нэгжийн санал дэмжсэн байх гэдэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд Цагдаагийн ерөнхий газар нэгж нь болж таараад байгаа юм. Хэрэв энэ журмыг Цагдаагийн ерөнхий газрын дарга баталсан бол Тээврийн цагдаагийн алба цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгж нь болж байгаа юм. Ажиллаж байгаа алба хаагч гэдэг яамны хувьд Цагдаагийн ерөнхий газрын нэгж учраас цагдаагийн алба хаагч гэдэг утгаараа ажилладаг гэсэн үг, 2.3-т заачихсан тэр цагдаагийн байгууллагын харьяа алба нэгж нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага гээд байгаа энэ асуудал нь болохлоор энэ нөгөө нэг а алба хааж байгаа алба хаагч нарынхаа тэр нөгөө со сунгуулах хугацаа юуг нь ирүүлэх ийм зохион байгуулалтынх нь асуудлыг зохицуулж өгсөн харилцаа зохицуулалт байгаа юм аа гэж хэлэх байна аа иймд тэгээд энэ нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу л гэж хүсэх байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. М.А*******оос Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1888 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... алба хаах хугацааг сунгуулах тухай хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргасан, алба хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагыг биеийн эрүүл мэнд болон бусад байдлаар хангасан байхад худал үндэслэл зааж, алба хаах хугацааг сунгах тухай хүсэлтийг хүргүүлээгүй нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх нэхэмжлэгчээс тодруулсан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд,
3.1. М.А*******оос 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оод хандан “... хамт олонтойгоо дахин 1 жил хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул миний энэхүү хүсэлтийг хүлээн авч, алба хаах хугацааг 1 жилээр сунган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн хүсэлт гаргаж, хүсэлтдээ Эрүүл мэндийн хуудас, 2021, 2022, 2023 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудсыг хавсаргажээ.
3.2. Тээврийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэлд “... М.А*******ын хүсэлтийн дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасны дагуу насны дээд хязгаарт хүрмэгц чөлөөлөгдөх эсвэл алба хаах хугацааг дахин 1 жилээр сунгуулах хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэв” гэсэн байна.
3.3. Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн танилцуулгын Дүгнэлт хэсэгт “... сунгах боломжгүй буюу журамд заасан шалгуур үзүүлэлт хангахгүй 3 алба хаагч байна” гэж, Санал хэсэгт “... хугацаа хэтэрсэн 3 албан хаагчийн алба хаах хугацааг сунгахгүй саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжлан, шийдвэрлүүлэх, хавсралт-3” гэсний хавсралт 3-ын 2 дугаарт М.А******* багтжээ.
3.4. Цагдаагийн ерөнхий газраас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/439 тоот албан бичгээр алба хаах хугацаа сунгуулах хүсэлт гаргасан 90 алба хаагчийн мэдээлэл, холбогдох материалыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн гэх боловч хавсралт дахь жагсаалтаар 89 алба хаагчийн нэр хүргүүлснээс М.А*******ын нэр багтаагүй.
3.5. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/195 дугаар тушаалаар цагдаагийн байгууллагын алба хаах насны дээд хязгаарт хүрсэн хавсралтад заасан нэр бүхий 89 алба хаагчдын алба хаах хугацааг тушаал батлагдсан өдрөөс тооцож нэг жилээр сунгаж шийдвэрлэсэнд мөн нэхэмжлэгч М.А******* багтаагүй байна.
3.6. Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.М*******ээс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/109 тоот мэдэгдэх хуудсаар М.А*******од “Та Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан алба хаах насны дээд хязгаарч хүрч, алба хаах хугацаа сунгуулахаар хүсэлт гаргасан боловч цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас таны алба хаах хугацааг сунгахаас татгалзсан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Албанаас чөлөөлөх, халах /код 911/ журам”-ын 911.4.1 дэх хэсэгт заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дотор харьяа алба, газар, хэлтэст ирүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
3.7. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1888 дугаар тушаалаар М.А*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон албанаас чөлөөлж, цагдаагийн хурандаа цолыг хадгалуулан, Монгол цагдаа медиалаар шагнаж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн.
4. Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэлээр цагдаагийн алба хаагч тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй бөгөөд алба хаах насны дээд хязгаар нь:”, 91.1.3-т “цагдаагийн ахлах цолтой алба хаагч 55 нас”, 91.2-т “Энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүртэл жилээр сунгаж болно” гэж заасан нь ахлах цолтой цагдаагийн эрэгтэй алба хаагч хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө 55 нас хүрсэн үедээ тэтгэвэр тогтоолгож болох эрх олгосон агуулгатай, хэрэв хүсвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэрээр үргэлжлүүлэн тэтгэврийн нас хүртэл ажиллаж болох агуулгатай, алба хаагчийн хувьд эрх олгосон заалт байна.
5. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу цагдаагийн алба хаагчаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх журмыг
5.1. Цагдаагийн албаны тухай хуулийн 91.3-т “Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, дахин 1 жилээр сунгуулах тухай хүсэлтээ насны дээд хязгаарт хүрэх хугацаа болохоос 3 сарын өмнө гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг албанаас чөлөөлөхөд саад болохгүй”, 91.4-т “Энэ хуулийн 91.3-т заасны дагуу цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг цагдаагийн төв байгууллага хүлээн авч, саналын хамт дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна. Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хүсэлт, саналыг хянан, 30 хоногийн дотор сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ” гэж,
5.2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/147 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацаа сунгах журам”-ын 1.2-т “Цагдаагийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах хугацааг сунгахад дараах шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ:”, 1.2.1-д “эрүүл мэндийн хувьд тэнцсэн байх”, 1.2.2-т “сүүлийн гурван жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ нь В буюу түүнээс дээш байх”, 1.2.3-т “цагдаагийн албанд мэргэшсэн байдал болон ажлын дадлага туршлагатай”, 1.2.4-т “ажиллаж буй нэгжийн санал дэмжсэн байх”, 1.2.5-д “ёс зүйн зөрчил гаргаагүй байх” гэж, 2.3-т “Цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь энэ журмын 2.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авч даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, алба хаах хугацааг сунгах талаарх санал болон алба хаах насны дээд хязгаарт дараа онд хүрэх алба хаагчдын судалгааг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны дотор цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид албан бичгээр хүргүүлнэ”, 2.6-д “Цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж нь цагдаагийн алба хаах хугацаа сунгах хүсэлт гаргасан алба хаагчдын судалгааг гаргаж, тухай бүр нь цагдаагийн төв байгууллагын даргын зөвлөлд танилцуулан, гарсан шийдвэрийг саналын хамт дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгжид жил бүрийн 6 дугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ” гэж журамлажээ.
6. Нэхэмжлэгч М.А******* нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 55 нас хүрсэн байна.
7. Хуулийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь М.А*******ын үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг дэмжихгүй гэж шийдвэрлэсэн боловч энэ талаарх саналаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлээгүй, шийдвэрлүүлээгүй атлаа маргаан бүхий Б/1888 дугаар тушаалыг гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэхээр байна. Тодруулбал,
7.1. Дээр дурьдсанчлан цагдаагийн алба хаах насны хязгаарт хүрсэн алба хаагчийг өөрийнх нь хүсэлтээр цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрэгжүүлэхээр, харин Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх заалтын дагуу цагдаагийн төв байгууллага зөвхөн хүсэлтийг хүлээн авч үргэлжлүүлэн ажиллуулах эсэх санал гаргахаар хуульчилжээ.
7.2. Гэтэл хариуцагч нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж М.А*******ыг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж дээрх 3.6 дахь хэсэгт дурьдсан мэдэгдлийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан захиргааны илт хууль бус шийдвэр болсон байна.
7.3. Хэдийгээр нэхэмжлэгч нь дээрх 2024/109 тоот мэдэгдлийг хүлээн аваад эс зөвшөөрч маргаагүй байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу уг мэдэгдэл нь гараагүйд тооцогдох тул мэдэгдэлтэй холбогдуулан маргаагүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... мэдэгдэлтэй маргаагүй, ажлаас чөлөөлсөн шийдвэртэй маргах эрхээ алдсан” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
8. Дээрхээс үзвэл, хариуцагч нь илт хууль бус захиргааны актад үндэслэж маргаан бүхий актыг гаргасан байх тул илт хууль бус актын үр дагаварыг арилгах, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах үүднээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны Б/1888 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Хариуцагч талаас нэхэмжлэгч М.А******* нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/147 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацаа сунгах журам”-д заасан алба хаах хугацаа сунгахад харгалзах, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэргэшсэн байдал, ажлын дадлага туршлага, ёс зүйн зөрчил гаргаагүй байх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тухайд маргаагүй.
10. Харин дээрх журмын 1.2.4-т заасан “ажиллаж буй нэгжийн санал дэмжсэн байх” шалгуурыг хангаагүй, ажиллаж буй нэгжийн санал нь Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд Цагдаагийн ерөнхий газар учраас ерөнхий газрын дэмжсэн санал авч чадаагүй нь уг шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь буруу байна.
11. М.А******* нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам, тээврийн хэлтсийн даргаар ажиллаж байсан байх тул түүнийг шууд удирдлагаар хангах зохион байгуулалтын нэгжид Тээврийн цагдаагийн албыг ойлгох бөгөөд уг нэгжээс үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжсэн санал гаргасан нь даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдов.
12. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг сунгуулах журамд заасан шалгуурууд хангасан гэж үзэхээр байхын зэрэгцээ түүний алба хаах хугацааг сунгуулах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлээгүйн улмаас үргэлжлүүлэн ажиллах эрх нь зөрчигдсөн, улмаар хүсэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлэхэд цагдаагийн байгууллагад ажиллаж байх шаардлага тавигдаж байх тул нэхэмжлэгчийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам, тээврийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
13. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.
14. Дээр дурьдсан үндэслэлүүдээр М.А*******ын Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.1.3, 91.2, 91.4, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А*******оос Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1888 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.А*******ыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам, тээврийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.
2. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ